Сойзны талаар та юу мэдэх вэ?


Амны хөндийн эрүүл ахуйн хэрэглэгдэхүүнийг үндсэн болон туслах гэж ангилдаг. Сойз нь амны хөндийн эрүүл ахуйн үндсэн хэрэглэгдэхүүн юм. 

Сойзны бүтэц : Толгой, Хүзүү, Бариул хэсгээс тогтдог.
Толгой нь ажлын хэсэг бөгөөд 2–3 эгнээ үстэй, сойзны үс нь байгалийн гаралтай эсвэл нейлон материалаар хийгдсэн байдаг. Мөн сойзыг үсээр нь хатуу, дунд зэргийн, зөөлөн гэж ангилдаг.
Хүзүү нь толгой бариулыг холбосон хэсэг.
Бариул нь гарт барихад эвтэйхэн байхаар хийгдсэн байх бөгөөд халтирахаас сэргийлсэн зөөлөвч хийгдсэн байдаг. Мөн насны онцлогт тохируулсан янз бүрийн хэлбэр хэмжээтэй байдаг. 

Ангилал: Механик болон электрон гэж ангилдаг байна.
Механик сойзыг бид өдөр тутамдаа хэрэглэдэг бөгөөд гарын хөдөлгөөн сайн байх хэрэгтэй. Иймээс энэ нь хөгжиж электрон сойз гарахад нөлөөлсөн байна.
Хамгийн анхны электрон сойз нь 1960-аад оны сүүлээр АНУ-д танилцуулагдсан ба энэ нь баттерейгаар ажилладаг зөвхөн толгой нь чичирч хөдөлдөг байсан байна. Орчин үеийн электрон сойз нь маш олон үйлдэлтэй ухаалаг болон хөгжсөөр байна.
Сойзны сонголт хувь хүн бүрт зориулсан маш чухал зүйл шүү. Дэлгүүрт ороод хамгийн эхэнд гартаа таарсан сойзыг авчихаж болохгүй. Хэрвээ та буйлны үрэвсэлтэй бол, хэрвээ та гажиг заслын аппарат зүүсэн бол гээд маш олон зүйлээс шалтгаалан та сойзоо сонгох хэрэгтэй. Гэхдээ энд нийтлэг хэдэн сойз сонгох аргыг санал болгоё :)

  • Сойзны үсний хэмжээ таны үүдэн хоёр шүдний өргөнтэй тэнцүү эсвэл чигчий хурууны толиотой адил хэмжээтэй байх хэрэгтэй. Толгойн хэмжээ том байлаа гээд таны шүдний бүх гадаргууг цэвэрлэж чадна гэсэн үг биш. Харин ч жижиг байг тусам сайн цэвэрлэж чадна.
  • Бариул нь уян биш байх хэрэгтэй.
  • Хэрвээ таны шүд, буйл эрүүл бол зөөлөн үстэй сойз нь шүдний өнгөрийг бүрэн цэвэрлэж чаддаггүй байна.
  • Хүүхэд, эсвэл жижиг шүдтэй хүмүүс сойзны үсний өндөр намхан сойз сонгож хэрэглэх нь тохиромжтой.
  • Хатуу үстэй сойзыг хиймэл шүдтэй хүмүүс зөвхөн хиймэл шүдэндээ зориулан сонгох хэрэгтэй.

Сойзны хадгалалт: Сойзоо хэрэглэсний дараа босоогоор нь хатаах хэрэгтэй. Мөн бусдын сойзтой хамт нэг дор хадгалаж болохгүй. Яагаад гэвэл сойзоор дамжин олон өвчин халдварлах магадлалтай байдаг. Битүү саванд удаан хадгалах нь бактери үржих таатай нөхцөл бүрдүүлдэг байна.

Сойзны хэрэглээ: 3–4 сар болоод сойзоо солих хэрэгтэй. Элэгдэж сарайсан сойз таны шүдийг цэвэрлэж чадахгүй шүү. Угаагаад ч хэрэггүй!


Cойзны цэвэрлэгээ: Урсгал усанд сайн угаахаас гадна ам зайлах бактерийн эсрэг уусмалаар угааж болно.
Эцэст нь СОЙЗ хамгийн нэгдүгээрт шүү.

 

Мэдээ бэлтгэсэн, нийтлэлч: Х.Ариунчимэг
 

Бусад мэдээ

Сойзны талаар та юу мэдэх вэ?
Та сойзны үүрэг, бүтэц, ач холбогдол, хэрхэн хадгалах, сойзны сонголт, цэвэрлэгээний талаар дараах зүйлсийг зайлшгүй мэдэх хэрэгтэй тул танд зориулж энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.
2020-02-06 21:48