Шүдний эмчилгээний үед хөгжим сонсох нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдгийг судалсан судалгаа

Өмнөтгөл 

Шүдний эмчилгээний үед болон эмнэлгийн орчинд байх нь хүмүүст олон янзын сэтгэл хөдлөлийг бий болгодог. Сэтгэл түгшилт, таагүй, тухгүй байдал эмчилгээ хийлгэх үед ихэвчлэн илэрдэг байна. Энэ нь үйлчлүүлэгчийг эмчтэй ойлголцоход хүндрэлтэй байдал үүсгэдэг. Айдас түгшүүртэй хүмүүсийн хувьд шүдний эмчид очих нь хүндрэлтэй байдаг учир ихэнхдээ очихоос айж аль болох хойшлуулдаг. Үр дүн нь яаралтай тусламж авах хүртлээ хүндрүүлэх, амны хөндийн эрүүл мэнд хэт доройтох, сэтгэл түгшилт, айдас, өөрийгөө бусдаас доогуур, сул дорой байдлаар мэдрэх зэрэг сэтгэл зүйн болон бие махбодийн хувьд олон сөрөг үр дагаварт хүргэдэг. Иймээс сэтгэл түгших эмгэгтэй үйлчлүүлэгчийг цаг тухайд нь оношлох, зөв арга хэмжээг авч эмчилгээ хийх нь чухал байдаг. Тэр утгаараа шүдний эмчийн хувьд үйлчлүүлэгчийн зан төлөв, сэтгэл зүйн байдлыг үнэлэн, тохирсон эмчилгээний арга хэрэглэх чадварт суралцах зайлшгүй шаардлагатай.[1]

Хөгжим нь бидний эргэн тойрон, хүрээлэн буй орчинд үргэлж байдаг салшгүй нэг хэсэг бөгөөд цусны даралт (BP), зүрхний цохилт (HR), амьсгалын хэмнэл, булчингийн хүч, зүрхний хавхлагын болон арьсны хариу урвал, эндорфины үйлдвэрлэл зэрэг биологийн хариу урвалд нөлөөлдөг болохыг тогтоосон. Мөн ямар төрлийн хөгжим сонсож байгаагаас хамааран бие махбодийг тайвшруулах эсвэл эрчимжүүлэх нөлөө үзүүлдэг.

Тайвшруулах хөгжим нь сэтгэл түгшилт, өвдөлт, булчингийн чангарал, стрессийн төвшинг бууруулдаг. Ингэснээрээ мэдээ алдуулагч, өвчин намдаах эм бага хэрэглэх, үйлчлүүлэгчийг сатааруулах нөлөө үзүүлдэг. Сэргээх хөгжим сонсох нь бие махбод болон сэтгэл санааны хувьд хүнд сэдээлт болж өгдөг ба нөхөн сэргээх, хөдөлгөөн заслын эмчилгээний үед үр дүнтэй байдаг.[2]

Зорилго 

Хэсгийн авагддаг шүдэлбэр буюу согог заслын эмчилгээ хийлгэж буй үйлчлүүлэгчийн сэтгэл түгшилтийн төвшинг хөгжим сонсгох замаар бууруулах.

Зорилт

-  Хэсгийн авагддаг шүдэлбэр хийлгэж буй үйлчлүүлэгчид чихэвч ашиглан намуун, тайвшруулах хөгжим сонсгох замаар хөгжмийн эмчилгээний үр нөлөөг үнэлэх
-  Хөгжим нь эмчлүүлэгчийн зан байдал, эмчилгээнд хэрхэн нөлөөлдөг эсэхийг судлах.

Арга аргачлал

Судалгаанд хамруулах шалгуур

18-45 насны үүдэн эсвэл араа бүлэг шүдний согогтой, согогийг хэсгийн авагддаг шүдэлбэрээр сэргээх боломжтой байх

Судалгаанаас хасах шалгуур

18-аас доош насны, ямар нэг системийн эсвэл мэдрэлийн эмгэг өвчтэй, сонсголгүй хүмүүсийг хамруулахгүй.

Хэрэглэсэн материал

Систол (SBP), диастолын (DBP) даралтыг автомат цусны даралт хэмжигчээр (Omron SEM 1), захын цусны хүчилтөрөгчийн хэмжээг пульс-оксиметрээр хэмжсэн . Шүдийг бэлтгэхэд шаардлагатай хэрэгслүүд мөн iPad Music System (Sony Co.) чихэвч зэргийг бэлтгэсэн.

Арга зүй

Үйлчлүүлэгчийн сэтгэл түгшилтийн зэргийг  үзэх сорил нь Норман Корагийн Dental anxiety scale (DAS) аргаар тооцоолж, цусны даралт (SBP, DBP,HR) (гемодинамик хувьсагч) –ийг эмчилгээний өмнө үзэж тэмдэглэсэн. Үйлчлүүлэгчдийг 2 бүлэгт  санамсаргүй байдлаар хуваасан. Хяналтын буюу I-р бүлэгт (хөгжим сонсгохгүй) амны хөндийг эмчилгээнд бэлтгэж эхэлсэн. Бэлтгэж дууссанаас хойш 1 цагийн дараа буюу хэв авсаны дараа цусны даралт, зүрхний цохилтыг хэмжсэн. Харин II-р бүлэг (хөгжим сонсгож) шүдийг бэлтгэж эхэлсэнээс хэв авах хүртэл чихэвч ашиглан тайвшруулах хөгжмийг сонссон. Ашигласан хөгжмийн төрөл нь өөр өөр байсан (жишээ нь: ардын, сонгодог, орчин үеийн, бүүвэйн дуу г.м). Эдгээр бүлэг хүмүүст даралт, зүрхний цохилтыг 1 цагийн дараа буюу хэв авсаны дараа тэмдэглэгдсэн. 
Норман Корагийн DAS нь 4 зүйлээс бүрддэг бөгөөд тус бүр үйлчлүүлэгчийг 1-5 оноонд үнэлдэг. 

Дөрвөн төрлийн нөхцөл байдалд байхад асууж үнэлсэн:  

⦁    Маргааш шүдний эмчид үзүүлэхээр цаг авсан
⦁    Хүлээлгийн өрөөнд хүлээж буй үед
⦁    Эмчилгээний өмнө unit дээр суух
⦁    Хэв авсаны дараа unit дээр суух

 Сэтгэл түгшилтийн гурван төвшин байдаг.  

⦁    9-12 оноо сэтгэл түгших байдал бага
⦁    13-14 дунд зэргийн
⦁    15-20 өдөр зэргийн айдастай

Үр дүн

Үйлчлүүлэгчдийн насны ялгаа 
I-р бүлгийнхний (хөгжимгүй) насны ялгаа , долоо нь ≤ 20 нас, дөч нь 20-40 нас, долоо нь 40-45 насны хүмүүс байжээ. Харин II бүлэгт (хөгжим сонссон) гурав нь ≤20 нас, дөч нь 20-40 насны, долоо нь >40 настай [График 1].

Үйлчлүүлэгчдийн хүйсийн ялгааг тооцож үзсэн нь
I бүлэгт (хөгжимгүй) нийт 25 эрэгтэй, 25 эмэгтэй  байсан бол II бүлэгт (хөгжимтэй)  23 эрэгтэй, 27 эмэгтэй байсан    [График 2].

Dental anxiety scale
I бүлэгт (хөгжимгүй) 50 өвчтөний 17 нь бага зэргийн, 8 өвчтөн дунд зэргийн ,25 өвчтөн эмчилгээ хийлгэхээс өмнө өндөр зэргийн түгшүүртэй байсан. Харин II бүлэгт (хөгжимтэй) 50 өвчтөний 9 өвчтөнд сэтгэлийн түгшүүр бага, 22 өвчтөн дунд зэрэг,19 өвчтөн эмчилгээний өмнө өндөр зэргийн түгшүүртэй байсан [График 3].

 

Хэлцэмж

Зуу гаруй жилийн өмнөөс л хөгжим нь тархины долгионуудад хүчтэй нөлөө үзүүлж, хүнийг гүн тайвшралын байдалд оруулдаг болохыг олж тогтоосон. 
Шүдний эмчилгээ дундаас шүд авах болон чулуу түүх үед хамгийн их айдас, түгшүүр үүсгэдэг.[3]

Энэхүү судалгааны үр дүнг доорх баримтаар нотолно.
Хөгжим сонсоогүй I бүлэгт гемодинамикийн өөрчлөлт илэрсэн. Систолийн цусны даралт 24%, диастолын цусны даралт 28%, зүрхний цохилт 48%-аар тус тус буурсан. Хөгжим сонссон буюу II бүлэгт систолийн цусны даралт 26%, диастолын цусны даралт 24%, зүрхний цохилт 50%-аар тус тус буурсан.
Мөн эмч өвчтөний сэтгэл зүй болон эмчлэгдэх байдлыг үнэлэхэд, I бүлэгт (хөгжимгүй) 24% нь эмчлэгдэх боломж өндөртэй, 44% нь дунд зэрэг, 32% нь бага боломжтой байсан байна. II бүлэгт (хөгжимтэй) 52% нь эмчлэгдэх өндөр боломжтой, 46% нь дунд зэрэг, 2% нь эмчлэгдэх боломж бага байсан. Дээрх тоон үзүүлэлтийг эмч амны хөндийг эмчилгээнд бэлтгэхээс эхлэн, хэв авах хүртэл үйлчлүүлэгч хэрхэн өөртөө нь харилцан, ойлголцох байдлыг харж тооцож гаргасан. Мөн хөгжмийн тайвшруулах, сэтгэл түгших байдлыг бууруулах шинж чанар нь тухайн хүний нас, хүйснээс хамаардаггүй болохыг баталсан. Сэтгэл түгшилтийн бууралтыг 2 төрлийн шалтгаантай холбож үзэж болно. Эхний шалтгаан бол өвчтөн сонсголоороо дамжуулан анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай үед нүдээ аньдаг. Энэ нь шүдийг бэлтгэхэд хэрэглэддэг үзлэгийн багаж, бор, хэвний халбага зэргийг харах боломжгүй учир анхаарлаа тухайн багажинд төвлөрүүлэн өөрт нь ирж буй өвдөлт, эвгүй мэдрэмж, амт, үнэрийг түр хугацаанд мартагдуулдаг байна. Хоёр дахь шалтгаан бол хөгжим сонсох нь шүдийг өрөмдөхөд үйлчлүүлэгчид мэдрэгддэг тааламжгүй дуу чимээг багасгадаг. Эдгээр үр дүнгүүдээс тооцож үзэхэд согог заслын эмчилгээнд хөгжим нь эерэг нөлөө үзүүлж, айдас түгшүүрийг багасган эмчилгээний үр дүнг нэмэгдүүлдэг байна.  

Дүгнэлт

1.    Хэсгийн авагддаг шүдэлбэр хийлгэж буй үйлчлүүлэгчид хөгжим сонсгох замаар, сэтгэл түгшилтийн төвшинг бууруулсан.
2.    Шүдийг бэлтгэх үеэр хөгжим сонсож байсан бүлэг хүмүүст эмчилгээнд оролцох оролцоо сайжирсан.
3.    Дунд болон өндөр зэргийн түгшүүртэй өвчтөнүүдийн хөгжим сонсох нь  айдас, түгшилтийг бууруулахад ихээхэн нөлөөлсөн.
4.    Хөгжмийн эмчилгээнд нөлөөлөх байдал нь нас болон хүйснээс хамаардаггүй.

Ном зүй

1.    Iorgulescu G. Music therapy in dental medicine. Int J Music Perform Arts 2015;3:19-24. 
2.    Corah NL, Gale EN, Illig SJ. Assessment of a dental anxiety scale. J Am Dent Assoc 1978;97:816-9.    
3.    Kim YK, Kim SM, Myoung H. Musical intervention reduces patients' anxiety in surgical extraction of an impacted mandibular third molar. J Oral Maxillofac Surg 2011;69:1036-45.
 

Бусад мэдээ

Шүдний гажиг заслын эмч (Orthodontist)
Шүдний гажигийг засах нь маш нарийн оношлогоо, тооцоолол шаарддаг тул ердийн ерөнхий мэргэжлийн нүүр амны эмч энэ ажилбарыг гүйцэтгэх боломжгүй юм. Иймд шүдний гажиг засах гажиг заслын ортодонт эмчийг төгсөлтийн дараах 2 жилийн сургалтаар бэлтгэж эрх олгодог. Эдгээр бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь шүдний гажигийг оношлох, эмчилэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах чадвартай болж төгсдөг.
2020-07-24 17:25
Шүдний тулгуур эдийн эмч (Periodontist)
Зарим нүүр амны ерөнхий мэргэжлийн эмч өөрийн туршлагадаа үндэслэн буйл болон ясны эдийн зарим өвчнийг эмчилдэг боловч ерөнхийдөө олон улсын жишгээр бол энэ төрлийн нарийн мэргэжилтнүүдийг төгсөлтийн дараах 2-3 жилийн сургалтаар бэлтгэдэг.
2020-07-24 17:23
Шүдний сувгийн эмчилгээний эмч буюу Эндодонтын эмч
Энэ мэргэшлийн эмч нь шүдний доторх сувагт байрлах зөөлөн эдийг эмчилэх чиглэлээр ажилладаг. Олон улсын практикт баклаврын сургалт дүүргэсний дараа дахин 2 жил энэ чиглэлээр суралцаж байж эмчлэх эрхийн лиценз авдаг.
2020-07-24 17:21