Тусгал ярилцлага: АШУҮИС-ийн Нүүр ам судлалын эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч Ж.Одхүү "Мэс засал өөртөө зарчимтай. Тэр зарчмуудийг л баримталдаг"

 

Бүх уншигчиддаа сайхан нартай өглөөний мэнд дэвшүүлье. Манай Shud MN веб сайт ярилцлагын булангаа нээгээд хэдийнэ 5 сарыг ардаа үджээ. Энэ хооронд та бүхний сонорыг мялааж, мэдлэг мэдээллээр хангах олон сонин ярилцлагууд хүрсэн болов уу. Мөн олон ч сайн эмч нарыг энэхүү буландаа оруулж нэрийг нь сайтынхаа энгэрт мөнхрүүлжээ.

Харин энэ удаагын дугаарт АШУҮИС Нүүр ам судлалын эмнэлгийн мэс заслын тасгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ж.Одхүүг урилаа. Ярилцаад сууж байхад байсхийгээд утас нь дуугарах бөгөөд зөвлөгөө авахаар залгаж буй хүмүүс бололтой, эмчилгээний сайн тал, хүндрэлийг л яриад байх. Өөрөө ч бас тайлбарлаад яриад л байх бололтой. За тэгээд олон зүйл нуршилгүй ярилцлагаа эхлүүлье, Түүнийг ямархуу эмч гэдгийг та бүхэн уншаад ойлгоно бизээ.


Таны мэргэжилийн карьер хаанаас эхэлсэн бэ?

1990 онд Анагаах ухааны дээд сургуульд элссэн. 1995 онд төгсөөд шууд Нэгдүгээр эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын тасагт ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш алдаатай, оноотой 21 жилийг өнгөрүүлсэн байна. 

Нэгдүгээр эмнэлэгт 16 жил ажиллаад тасгийн эрхлэгч болсон. 3 жил 8 сар орчмын дараа Зөвлөх эмч хийж эхлээд 2016 оны 4-р сард ажлаа хүлээлгэж өгсөн. Карьер гэвэл ерөөсөө л ийм, богинохон. Эмч, тасгийн эрхлэгч, зөвлөх хийсэн. Тэгээд 5-р сарын 16 наас 32-ийн тойрогт байрлах Нүүр ам судлалын сургуулийн харьяа эмнэлгийн мэс заслын тасагт эмчээр ажиллаж эхлээд 4 дэх жил нь болж байна.

Яагаад мэс заслын эмч мэргэжилийг сонгож суралцах болов?

Тухайн үед эмчээр орсон бүх л хөвгүүд мэс засалч болвол гоё гэж боддог байсан. Тэр л зан даа. 1990 оны намар шүдний ангид орчихоод анагаахын анги руу орно гэсэн бодолтой байсан ч эрүү нүүрний мэс засалч гэх мэргэжил байдаг гэдгийг мэдээд шилжихээ больсон. 

Би чинь цэргийн алба хаагаад 4 жилийн дараа их сургуульд орсон. Үеийнхэн минь надаас 2, 3 жилийн өмнө төгсөөд ажил, амьдралаа эхлүүлж байлаа. Тэр үед ах маань 4 дүгээр курс байсан. Бас л төгсөөд шууд 1-р эмнэлэгт ажиллаж эхэлсэн. Бид хоёр хамт 21 жил ажилласан. Одоо анестиологийн хэсэгт ажиллаж байгаа. Хуучин яаралтай, унтуулга, эрчимт эмчилгээ хамт хийдэг байсан бол одоо тус тусдаа функц болоод салсан том хэсгүүд болоод явж байна.

 

 

Мэс заслын эмч байхын сайхан тал нь юу вэ?

Мэс заслын эмч мэдээж ажиллагаа ихтэй. Оношилгоо, арчилгаа гэх мэтээр маш их ажил ордог ч гэсэн үр дүнг ойрхон хардаг. Зарим нэг өвчин мэс хүрээд удаагүй байхад л сайжирч эдгэрч эхэлдэг учраас гоё санагддаг. 

Ямар нэг хүн өвчнийхөө улмаас шаналж байгаад мэс засал болон бусад эмчилгээ хавсарч хийсний дараагаар илт сайжирч байгааг харах бидэнд үнэхээр сайхан байдаг. 

Муу үр дүнг ч гэсэн хурдан харна гэсэн үг үү?

Тэр нь их хэцүү, шаналгаатай. Маш их шаналгаатай. Гэхдээ нэг юмыг ойлгох хэрэгтэй. Тэр өвчин мэс хүрэхээс өөр аргагүй түвшинд хүрсэн учраас л мэс засал эмчилгээ хийж байна гэсэн үг. Зарим тохиолдолд мэс хүрээд ч болохгүй байх магадлал нь өндөр үе байна. Тэгсэн ч бид мэс заслаа хийх л ёстой. Хийгээд алдах уу, аврах уу. Хийхгүй алдах уу. 

Энэ төгсгөлийн шатанд шийдвэр гаргалт бас их чухал. Муу үр дүн гарах магадлалтай нөхцөлд шийдвэр гаргах нь бүр чухал. Ер нь энэ шийдвэр гаргалт гэдэг бол аль ч эмчид байх ёстой ур чадваруудын нэг. 

Мэс заслын эмч их стрессдэг гэнэ, энэ тал дээр таны бодол?

Хүний амь настай холбоотой ажил хийнэ гэдэг амаргүй, стрессдэж л таараа. Гэхдээ мэс заслын эмчид хандаж хэлэхэд хэзээ ч битий хуучир, хэзээд шинэ юм шиг бай, шаналдаг бол шанал, унших ёстой бол унш, сурах ёстой бол сур. Хуучин юм шиг аашлаад эхэлвэл хэнэггүй болдог. Үхэлд дасаж болохгүй. Мэс засалд хүн алдаж болно гэхдээ бүх зүйл дуустал өөрт байгаа бүх бололцоог ашиглах ёстой. Бүгдийг дайчлаад алдаж байгаа бол давашгүй хүчин зүйл юм. Бид бурхад биш биздээ. Бид нар эмч. Тэгэхээр бид нар ур чадвараа байнга өсгөж байвал давашгүй хүчин зүйл багасна. 

Ер нь маш өндөр түвшинд очсон давашгүй хүчин зүйл байсаар л байна. Хэрвээ бид нар түвшин бага байвал давашгүй хүчин зүйл их л байна. Тийм болохоор бид ур чадвараа байнга өсгөн мэддэг чаддаг бүхнээ бусаддаа хуваалцах хэрэгтэй. Тэгсэн цагт л хамтдаа давах болно. Хүний чадсан юмыг чадах гэж оролдох хэрэгтэй. Оролдлого, хичээл зүтгэл. Муу юмандаа дасаж болохгүй, үхэл бол хамгийн хүнд зүйл. 

Тань дээр хүнд тохиолдол гарсны дараагаар стрессээ яаж тайлдаг вэ? ер нь яаж тайлвал зүгээр вэ?

Дараа нь ийм тохиолдол ирвэл би аварч чаддаг болох хэрэгтэй гэсэн бодлоор урагшлах хэрэгтэй. Дараагийн хүнийг аврахад аяндаа тайлагдаад явчихна шүү дээ.

Өөртөө болон хажуудахдаа урам өгөөд бусдаас урмын үг сонсож тайлдаг. 

Хамгийн ажиллах дуртай багаж тань юусан бол? 

Бүгдэд дуртай. Миний өмнө зохиогоод бүгд нэртэй устай болчихсон. Тэд нар зохиочихсон. Мэс заслын шинжлэх ухаан тэгж хөгжөөд над дээр ирсэнд би маш их баяртай байдаг. Та нарт багаж зохиож өгөхгүй байгаа нь харин хөгийн байгаа байхгүй юу. Тэд нар ингээд хөгжүүлээд ирээдүйн зовлонг арилгаад өгчихсөн байна. 

Та өөрийн мэргэжилтэй холбоотойгоор ямар зарчим баримталдаг вэ? 

Мэс засал өөртөө зарчимтай. Тэр зарчмуудийг л баримталдаг. Ингэж болохгүй гээд заагаад өгчихсөн. Тэрийг л баримталдаг. Харин өвчтөн үзэх гэдэг бол өөр ойлголт. Мэс засал бол өөрөө техник шүү дээ, би зохиогоогүй. Тэд нар бүгдийг зааж өгсөн. Тэрийг бид муутгахгүйг хичээж шинэ юм орж ирвэл шингээхийг л хичээдэг. Яагаад гэвэл Монголд хийгдэж байгаа хагалгаа цөөхөн болохоор бид шинэ зүйлс зохиох бололцоо бага байдаг. Одоо Эх Нялхас эмнэлгийн Аянга эмч шинэ зүйл хийгээд, нэрээ үлдээх гээд явж байгаа нь их дэвшил юм.  

Харин өвчтөн үзэх гэдэг нь бүүр эдгээд гараад явсны дараах зүйл юм. Энэ бол урт хугацаанд үргэлжилдэг үйл явц. Харин хагалгаа бол техник, онол болон ур чадвар. Гэхдээ онол болон ур чадвар үргэлж нэг түвшинд байж, зэрэг дээшлүүлэх хэрэгтэй. Энэ нь мэс заслын эмчийн онцлог.

 

 

Хувь хүнийхээ хувьд баримталдаг зарчим гэвэл?

Бусдын мөрдөж байгаа зүйлийг дагах, түүндээ нийцүүлэхийг хичээдэг. Өөрөө юм зохиох гээд дагуулаад явахаар асуудлууд үүсдэг. Өвлөөд ирчихсэн юмыг муутгахгүй сайн авч явах л хэрэгтэй. Харин сурсан бага юмаа ингэдэг тэгдэг гэж худлаа ярих шаардлагагүй.  Анагаахын шинжлэх ухаан өөрөө өргөн байхад сайнаар хүлээж аваад тэрнээс өргөн болгож дамжуулахыг хичээх энэ чинь л зарчим. Тэр байгаа юмыг зөрөөд муутгаж болохгүй. Тэгэхээр аливаа нэг баримталдаг зарчмыг дагаж мөрдөх л чухал. Дагаж мөрдөхийг ямар ч юман дээр хичээдэг. 

Хууль ч тэр муу байж болно тэгсэн ч бид мөрдөх ёстой. Хууль муу байна гээд гараад орилоод байж болохгүй. Энийг чинь анархизм гэдэг шүү дээ. Өвчигнөөд байж болохгүй. Муу хууль байвал хэдүүлээ нэг арга зохиогоод нөлөөлөөд сайн хууль болгохыг хичээх хэрэгтэй. Бидний үзсэн муу зүйлийг дараагийн үедээ үзүүлж болохгүй, улам сайжруулах хэрэгтэй.

Амралтын цагаа юу хийж өнгөрөөж байна вэ?

Тоглоно, тэгээд телевиз үзнэ. Хааяа ном шагайна. Ном шагайна шүү номыг уншдаггүй.

Тоглоно гэж та юу тоглодог вэ?

Хөл бөмбөг л тоглоно. Баг дэмжихээ болиод 30 жил болж байна. Том хөл бөмбөгийг бүхэлд нь дэмжиж байна. Бүгд гоё байгаасай, бүрэн бүтнээрээ. 

Хүүхэд байхдаа Италийн багуудыг дэмждэг байсан. Гэхдээ тэр үед телевиз гардаггүй спорт сонины тойм зэргээс л хардаг байлаа.

1978 оны Дэлхийн аваргын үед би 2-р ангиа төгсөж байсан болохоор сайн санадаггүй юм.

Харин 1982 оны дэлхийн аваргыг би сайн санадаг. 52 тоглолтоос 48 нь гарсан санагдаж байна. Зарим нь шөнө гарч байсан. Нойр зүйрмэглэсэнээс болоод заримыг нь санадаггүй юм. Гадаад тоглолтууд Оросын ТВ-ээр дамжиж гардаг.

1994 оны Америкт болсон дэлхийн аварга, их муу дамжуулсан тоглолтуудаа хоёр ТВ 26 26гаар нь хувааж гаргасан. Зарим нь гараагүй. Тийм болохоор шөнө “Монгол TВ” дээр очиж “Цэнхэр гариг” нэвтрүүлгийн Тамиртай хамт тоглолт үзэж байсан. Зарим нэг тоглолт дээр сэтгүүлчид ирээд тэд нартай хамт үзээд л.

1998 оны дэлхийн аваргыг өөрийн биеэр очиж үзэн хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлсэн. 

Та мэргэжилийнхээ дурсамжтай үеэс хуваалцаач. 

Одоо эндээс холдохгүй байгаа нь өөрөө дурсамж юм. Ингээд чамд яриад байгаа чинь тэр чигтээ дурсамж юм бишүү. Яагаад сайхан үеийг нь дурс гэдэг юм бэ. Сайхан муухай бүгд л минийх байхгүй юу. Бүгд л миний дурсамж. Тэр чинь л энэ мэргэжилд дурлаж байгаа хэрэг байхгүй юу. 

Манай нүүр амны чиглэлийн салбар дотор өөрчилж шинэчлэхээр ямар асуудал байна вэ?

Эрүү нүүрний суурь тусламжийг өргөе гэж бодож байна. Одоо байгаа түвшинээс бага ч гэсэн ахиулая. Гэхдээ ганцаараа биш олуулаа. Олуулаа эхний шатруу ахиулаад өгвөл хоёрдох шатруу хэд нь нуруугаа тавьчихна. Тэр нь цааш цаашдаа ахих боломж бусдадаа олгоод явна. Ингэж чадвал бид богино хугацаанд  дээшээ гарч чадна.

Улаанбаатарт шүдний эмнэлэгийн тоо олширч байгаа та энэ тал дээр ямар бодолтой байна вэ? 

Зүгээр шүү дээ. Шүд эрүү нүүрний салбарыг Анагаах ухааны бусад салбарынхан хараад эднийх мундаг шүү гээд бахархах түвшинд л болмоор байна шүү дээ. Бид нар зөвхөн өөр хоорондоо өрсөлдөх биш хамтын бизнесээр бусад анагаахын олон салбарт эднээс дуурайх юм байгаа шүү гээд л ийм сайн үлгэр дуурайлал авахаар л байлгамаар байна. Тэхдээ энэ маш хэцүү. Бүгд л дор бүрхнээ хичээж яг бодитоор ажиллаж харуулмаар байна. 

Олон эмнэлэг нээгдээд муу эмчилгээ хийгээд нэр хүндээ унагаад байгаа юм бишүү?

Үгүй ээ, атаархагчид л тэгж байгаа юм. Тэгвэл тэр яриад байгаа хүмүүс эмнэлэгүүдээ засал даа. Би ер нь алийг нь ч муу гэж хардаггүй. Зүгээр л бид нар хэм хэмжээгээ мөрдөх зарчимтай байх гэдэг жижиг асуудлаа шийдэж чаддаг болох хэрэгтэй (мөнгө төгрөг оролцуулахгүй). Жишээ нь тэр хүмүүсийг сургалтанд хамруулая. Сайн нь очоод заагаад л өг. Ер нь эр хүмүүс унаж байгаа нэгнийг дэвслээд хэрэггүй. Би өөрөө тийм мундаг зөвлөгч биш ч бид өөрөө өөрсдөө дотороо бодож үзэх хэрэгтэй. Хүнийг муулахаасаа өмнө би өөрөө юу билээ гэж бодож үзээрэй.

Шүдний сургуулиуд ч олон болсон...

Өөрсдөө хичнээн эмнэлэг байгуулсан болоод хүний юмыг муулаад байдаг юм. Би өөрөө байгуулж чадахгүй болохоор хувийн эмнэлэгийг муулж чадахгүй. Харин би эмчээ боломжын хийх гэж их хичээдэг. Сурсан юмаа хүмүүст өгөе гэж боддог, чадах чинээгээрээ боломжоороо хүргэхийг зорьдог. 

Танай нэг нийтлэгч хүн хэлсэн биздээ. Ямар ч сайн хүнийг муу сургалт эвдэлдэггүй. Тэр хүн угаасаа сайн бол өөрөө сураад хөгжөөд явчихна. Одоо яг та нарын дээд боловсрол ийм шүү дээ. Мэдэхгүйгээ сурах биш яаж мэдэхгүй юмаа олж авах вэ гэдэгт сургах хэрэгтэй. Энэ бол орчин үеийн акидемик сургалтын систем. 

Монгол хүнд хамгийн сайн таардаг эмийн хэрэглээний талаар зөвлөөч.

Тийм юм байхгүй, бүх дэлхийн эм таарна. Монгол хүн өөр биш.

Амны хөндийд буюу бохир ертөнцөд хагалгаа хийгдэж байна. Янз бүрийн бактериуд байна. Халдвар бүхий газар хагалгаа хийгдэхэд заримдаа асуудал үүсдэг болохоор, зөвхөн бидэнд биш дэлхийд асуудал үүсгээд байхаар нэг талын зөвлөмж, зааврыг дагаж мөрддөг. Жишээлбэл Америкийн шүдний холбоо зүрх судасны холбоотой хамтран Antibiotic Prophylaxis гэж гарган зөвлөмж маягаар өгч байгаа. Та тэрийг дагаж болно мөрдөхгүй ч байж болно. Тэхдээ тэд бүх судалгааг хийж энэ эм хамгийн тохиромжтой гэдгийг гаргаж ирсэн учраас би түүнийг нь л дагаж мөрдөж байгаа. Өөрөө зохиохын оронд хүмүүс тэнд судалчихаад бидэнд өгч буй зөвлөмжийг л мөрдүүлмээр байгаа юм. Америкт хийсэн судалгаагаар нийт шүдний эмч нарын 8% нь яг дагаж мөрддөг гэсэн. 30% нь хааяа дагаж мөрддөг. Бага юм шиг санагдавч энэ маш өндөр тоо юм шүү. 

Тэр зөвлөмжийн талаар хуваалцаач

2 жилийн өмнө 2018 онд тэнхимийн эрхлэгчидийн хурлаар танилцуулсан. Нүүр ам судлалын эмнэлэг дээр энийг хэрэглээсэй гэж бодож байгаа. Бэлэн байгаа зүйлийг орчуулаад энэ тэнд наагаад, хадчихвал... Жишээ нь антибиотикийн хэрэглээний талаар манай хагалгааны хэсгийн үүдэнд наачихсан байвал хүмүүс уншаад ойлголттой болчихсон орж ирнэ шүү дээ. Бид нар өвчтөнүүдийнхээ хандлагыг нь өөрчилмөөр байгаа юм. Энэ чинь ганц холбооны арифметик биш байхгүй юу. Зүрх судасны холбоотой хамтарч гаргасан зөвлөмж. Энэ зөвлөмжийг дагах эсэх нь тухайн эмчийн л дур.

Бид нар аймар эрсдэлтэй ажил хийдэг шүү дээ. Зөвлөмж байгаа ч гэсэн бид нар эрсдэлд өртдөг. Зөвлөмж байгаад бид асуудалд өртвөл энэ чинь давагдашгүй хүчин зүйл байх магадлалтай байхгүй юу. Та зөвлөмжийг мөрдөхгүй байж байгаад эрсдэлд өртчихвөл та бүүр л их асуудалд орно. Зөрчилийн хууль чинь хатуу болохоор эмч нар их хүнд байдалд орж байгаа. Маш их хатуу хууль хэрнээ эмч нарыг юу ч хийлгэхгүй болгочихож байгаа юм. Бид өөрсдийнхөө бодсоныг сайн хийхийн тулд шинжлэх ухаанч арга хайж эрэлхийлэх хэрэгтэй. Ингээд л болохгүй гээд байвал бид нар алсдаа хүний шүд үзэхээ болих байх. Тэгээд гадаад Солонгос Хятадад шүдээ үзүүлэх болно шүү.

Таныг олон эмнэлэг дээр зөвөлгөө өгж байхыг харсан. Шүдний эмч нарт энийг л хэлчих юмсан гэх зөвөлгөө гэвэл..?

Би туслах л гээд байгаа юм. Зарим нэг дээр үнэ төлбөр ч авдаггүй. Яагаад гэвэл тэнд байгаа асуудлыг тэнд нь шийдээд өгвөл тэр эмнэлэгт л хэрэгтэй. Ямар ч эмнэлэг байж болно. Тийм учраас би олон эмнэлэг дээр дуудахаар нь очдог. Тэгж яривал (өөрийгөө жаахан магтчихая) миний утас Монголд эмч нар дундаас хамгийн олон зөвөлгөө өгсөн утас ч байж магадгүй. Дан ганц шүдний эмч биш Монголын анагаах ухаанд бүх салбарын эмч нарт байж магадгүй шүү, Би тоглоомоор хүртэл мэс засалчын утас хэзээч тасрах ёсгүй гэж хэлдэг. Сүлжээгүй газар л миний утас тасардаг байх. Өөрөө санаачлагаараа тасалдаггүй. 

Би бол урд байгаа юмыг ном журмынх нь дагуу хий гэж зөвлөе. Тэгэхийн тулд бид нарт ихэнх зүйл дээр зураг авах л хэрэгтэй болж байгаа юм. Монголд бол цөмийн энергийн газраас бид нарт рентген зургийг багасгахыг зөвлөж байгаа. 

Бид нарт байгаа юмыг яг номын дагуу хийвэл асуудалд бага өртөнө шүү. Хамгийн гол нь яг ингэж үзнэ гэвэл тэгэж л үзэх хэрэгтэй. Тэрэнд нь рентген зураг ав гэсэн бол авах л хэрэгтэй. Тэгэх юм бол бид асуудалд бага өртөнө. Бид нар энийгээ мөрдөхгүй жижиг жижиг асуудалд өртөөд л байвал бид нарын хийдэг юмны хүрээ багасаад л байна. Тэгвэл орон зайгаа өөр бусдад тавьж өгнө гэсэн үг. Тэр нь гадны хүмүүс. Дандаа дүрэм баримталж бага багаар зогсолтгүй урагшлах хэрэгтэй. Удирдамж/guideline сайн гаргах хэрэгтэй. Стандарт бол нэг ч зүйл орхигдуулахгүй, зөрчилгүй хийх ёстой зүйлийг хэлдэг. Эмчилгээн дээр стандарт байвал биднийг хайрцаганд оруулна.

Ярилцлагын сүүлийн хэсэгт таниас асуух нэг зүйл байна. Нэгдүгээр төв эмнэлгээс гараад яагаад АШУҮИС-ийн НАССургуульд орж ажиллаж эхэлсэн бэ?

Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах цаг болсон байх, гэж бодсон.

Манай дараа дараагийн ярилцлагад хэнийг санал болгох вэ?

Энэ ярилцлагад санал болгох олон эмч нар байна. Тэдний нэг болох ЭХЭМҮТ-ийн Эрүү, нүүрний мэс заслын тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, зөвлөх эмч Г.Аянгатай ярилцвал бас л олон сонирхолтой зүйл хэлэх байх шүү.

Recommindation/Зөвлөмж 
Guideline/Удирдамж 
Standart/Стандарт 
Ярилцлагыг маань шимтэн суугаа эмч нар та бүхэнд хэрэг болох байх гэж үзээд дээр дурьдсан зөвлөмжийг Ж. Одхүү эмчээс авч зураг хэлбэрээр хавсаргалаа. 


 

Бусад мэдээ

Тусгал ярилцлага: АШУҮИС-ийн Нүүр ам судлалын эмнэлгийн Мэс заслын тасгийн эмч Ж.Одхүү "Мэс засал өөртөө зарчимтай. Тэр зарчмуудийг л баримталдаг"
Бүх уншигчиддаа сайхан нартай өглөөний мэнд дэвшүүлье. Манай Shud MN веб сайт ярилцлагын булангаа нээгээд хэдийнэ 5 сарыг ардаа үджээ. Энэ хооронд та бүхний сонорыг мялааж, мэдлэг мэдээллээр хангах олон сонин ярилцлагууд хүрсэн болов уу. Мөн олон ч сайн эмч нарыг энэхүү буландаа оруулж нэрийг нь сайтынхаа энгэрт хаджээ. Харин энэ удаагын дугаарт АШУҮИС Нүүр ам судлалын эмнэлгийн мэс заслын тасгийн эмч, Тэргүүлэх зэргийн эмч Ж.Одхүүг урилаа. Ярилцаад сууж байхад байсхийгээд утас нь дуугарах бөгөөд зөвлөгөө авахаар залгаж буй хүмүүс бололтой, эмчилгээний сайн тал, хүндрэлийг л яриад байх. Өөрөө ч бас тайлбарлаад яриад л байх бололтой. За тэгээд олон зүйл нуршилгүй ярилцлагаа эхлүүлье, Түүнийг ямархуу эмч гэдгийг та бүхэн уншаад ойлгоно бизээ.
2020-04-26 22:58
Woodpecker брэндийн зайнаас халуун хэмжигч худалдаанд гарлаа
Электрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Европ руу экспортонд гаргадаг Олон улсын чанарын EN ISO13485:2012/AC2012、ISO 9001: 2008 сертификатыг хангасан сайн чанарын Woodpecker үйлдвэрийн халуун хэмжигчийг санал болгож байна.
2020-04-15 10:27
"Тусгал" ярилцлага: Dental Art шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг "Зүрхнээс гарсан бүхэн зүрхэнд хүрдэг"
Ярилцагын буланд гажиг заслын мэргэжилээр мэргэшсэн эмчийг удаан хугацаанд хайсны эцэст бид “Dental Art” шүдний эмнэлгийн захирал Ч. Ганчимэг эмчийг урилаа. Тэрбээр “Orthodent” эрүү нүүрний гажиг заслын төвөөс ажлын гараагаа эхлүүлсэн бөгөөд одоо Монголд цөөхөн тооцогдох гажиг заслаар данасан эмнэлэг байгуулан ажиллаж байна. Зорилготой, тууштай эмчийн жишиг болсон түүний ярианаас уншигчид маань олон сонирхолтой зүйлсийг ойлгох болов уу. Эмч нарын нэр цууриатаж, сайтын минь сав дүүрсээр.
2020-03-29 23:39