Шүдний ховил битүүлэх ломбо буюу сийлант гэж юу вэ?

Сийлант гэдэг нь шүдний цоорлоос сэргийлэх зорилгоор байнгын бага араа болон араа шүдний зажлах гадаргууд тавьдаг хуванцар хамгаалалт, ломбо юм.

Ховил битүүлэх ломбыг шүдэнд яагаад хэрэглэдэг вэ?

Бага араа болон араа бүлгийн шүднүүд нь зажлах гадаргуудаа гүнзгий ховил хонхор ихтэй байдаг бөгөөд тэдгээр ховилуудад хоол хүнсний зүйлс хуримтлагдаж, угаагдах боломжгүйн улмаас шүд цоорох өвчинд өртөх эрсдэл өндөр байдаг. Эдгээр ховилууд нь зарим нь хэт гүнзгий байдаг бол зарим нь хэт гүнзгий мөртөө хэт нарийхан буюу ердөө сойзны ганц үс орохоор зайтай байх нь бий. Ийм нарийн гүн ховилд тогтсон шүдний өнгөрийг цэвэрлэх бараг боломжгүй байдаг. Иймд энэ хэсэгт өнгөр хуримтлагдан нян үржиж нянгийн бодисын солилцооны бүтээгдэхүүн болох хүчил ялгарч шүдний пааланг түлж гэмтээснээр паалан цоорч хөндий үүсдэг. Тэгвэл сийлант нь эдгээр ховил хонхорыг битүүлж өгсөнөөр шүдний ховилд өнгөр тогтож нян үржих боломжгүй болно.

Сийлантыг хэзээ тавиулах нь зүйтэй вэ?

Сийлантыг сүүн ба байнгын шүдэнд хэрэглэж болно. Байнгын шүдний хамгаалалтын зорилгоор нэгдүгээр араа шүд буйлнаасаа цухуйж гарч ирсэний дараа хамгийн анх тавиулах нь зүйтэй гэж үздэг. Энэхүү нэгдүгээр араа шүд нь сүүн шүднүүдийн ард байх хоосон орон зайд ургадаг. Шүдний зажлах гадаргууг сийлантаар хааж өгсөнөөр шүд цооролд өртөх эрсдэл арилна. Үүний дараа бусад араа ба бага араа шүднүүд шинээр ургах болгонд сийлант тавиулах нь зүйтэй.

Сийлантыг бага араа ба араа шүднүүдийн л зөвхөн зажлах гадаргууд хэрэглэх үү?

Смйлантуудыг ихэнхдээ бага араа, араа шүднүүдийн зажлах гадаргууд тавьдаг нь энэ гадаргууд гүн гүнзгий ховил хонхор байдагтай холбоотой. Гэхдээ сийлантыг бусад бүлгийн шүднүүдэд ч мөн хэрэглэж болно. Хэрэв шүднүүдэд гүнзгий ховил хонхор байх л юм бол түүнийг сийлантаар таглаж өгөх нь зүйтэй. Хүүхдийн сүүн араа шүднүүдэд ч гүн ховил хонхор байдаг тул шүдний эмч нар сүүн шүдэнд сийлант хэрэглэдэг.

Сийлантыг насанд хүрсэн хүмүүс хэрэглэж болох уу?

Болно. Насанд хүрсэн хүмүүсийн шүдэнд цооролд өртөх эрсдэлтэй гүн гүнзгий ховил хонхор байвал сийлантаар таглаж өгөх хэрэгтэй.

Сийлант шүдэн дээр хэр удаан тогтох вэ?

Сийлантуудыг 1970-аад оноос шүдний салбарт ашиглаж эхэлсэн. Маш олон эмнэлзүйн туршилт судалгаагаар энэ нь шүдний цоорлоос сэргийлдэг болох нь тогтоогдсон байдаг. Сийлант нь шүдэнд удаан хугацаанд тогтох чадвартай нь олон туршилтаар батлагдсан. Технологийн зарим хүчин зүйлсийн улмаас сийлант унавал солиулж дахин тавиулж ч болно.

Сийлант хэрэглэж байгаа үед фтортой оо давхар ашиглах хэрэгтэй юу?

Тиймээ. Фтортой оо ашиглах хэрэгтэй. Учир нь сийлант нь зөвхөн шүдний зажлах гадаргууг л хамгаалж тавьсан байдаг. Фтортой оо нь шүдний  бүх гадаргууг хамгаалж цооролд өртөхөөс сэргийлж өгдөг сайн талтай

 

Бусад мэдээ

Шүд цоорох өвчний хүндрэл шүдний зөөлөн эдийн үрэвсэл pulpitis гэж юу вэ?
Шүдний хатуу эдэд үүссэн цоорол даамжирч хөнөөлт нян бактери ба тэдгээрийн ялгаруулж буй хорт бодисууд шүдний доторх хөндийрүү нэвтэрч судас мэдрэлийн багц, зөөлөн эдийг гэмтээн үрэвсүүлэх эсвэл гадаад хүчин зүйлс, цочруулын улмаас шүдний зөөлөн эд цочирч гэмтсэний улмаас үүсэх үрэвсэлт өвчнийг шүдний зөөлцийн үрэвсэл буюу пульпит гэж нэрлэдэг. Шүдний зөөлц буюу pulp нь шүдний цөгцний хөндий болон сурвалжийн сувагт байрладаг. Зөөлц нь мэдрэлийн ширхэг, судас, тунгалгийн зангилаанаас бүрдэнэ. Хэрэв шүдний цоорлыг цаг тухайд нь бага байхад нь л эмчлүүлээгүй бол халдвар цааш дамжин шүдний хөндийд байх судас мэдрэлийн багцад халдварлан үрэвсүүлнэ.
2020-05-20 08:50
Шүдний ховил битүүлэх ломбо буюу сийлант гэж юу вэ?
Сийлант гэдэг нь шүдний цоорлоос сэргийлэх зорилгоор байнгын бага араа болон араа шүдний зажлах гадаргууд тавьдаг хуванцар хамгаалалт, ломбо юм.
2020-05-05 08:52
Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд фторын ашиг тус
Сүүлийн жилүүдэд сошиал медиагийн хөгжлийг дагаад хүмүүсийн дунд толгой эргэм эргэлзээтэй аль нь зөв нь мэдэгдэхгүй мэдээлэл тархах болсоны нэг нь фторын тухай ойлголт юм. Нэг талаар оо, сойз, амны хөндийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдааны компаниуд телевиз радиогоор өдөр бүр фтор агуулсан бүтээгдэхүүний ашиг тусын талаар сурталчилж байхад нөгөө талд сошиал медиа дээр фтор агуулсан оогоор шүдээ угаах нь эрүүл мэндэд хортой фторгүй оогоор угаах нь сайн гэсэн суртал ухуулга хүчтэй явж байгаа харагддаг. Энэ асуудал дээр мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгөхөд, фтор бол шүдний эрүүл мэндэд зайлшгүй чухал бодис юм.
2020-04-29 09:25