Хэлний piercing буюу хэлээ цоолж гоёл зүүхийн эрүүл мэндийн эрсдэл юу вэ?

 

Бие, нүүрээ цоолж ээмэг зүүх piercing хийх нь body art урлагийн нэгэн төрөл болон хөгжөөд байгаа энэ үед хэлээ цоолж гоёл зүүх нь залуусын анхаарал татсан түүний нэг түгээмэл хэлбэр болоод байна. Гэхдээ хэлээ цоолж piercing хийх нь илүү түгээмэл байгаа ч үүнийг мөн амны хөндийн бусад хэсгүүд буюу уруул, хацар, хөвч зэрэгтээ цоолохтой хавсран хэрэглэх нь мөн элбэг байдаг. Залуу бага насны хүмүүс хэлээ цоолж piercing хийх нь cool харагдуулдаг гэж үздэг ч энэ нь эрүүл мэндийн ямар эрсдэлтэй болох талаарх мэдлэг мэдээлэл хомс байна. Иймд хэл болон амаа цоолж piercing хийхийн өмнө шүдний эмч болон эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөгөө авах нь зүйд нийцнэ. 
 
Хэлээ цоолж piercing хийлгэхэд танд эрүүл мэндийн ямар эрсдлүүд учирч болох вэ?
 
1.Халдвар
Piercing хийх гэдэг нь эрүүл эдийг цоолж гэмтээх тул зүслэг хийх, зүүгээр хатгуулахын нэгэн адил өвдөлт, үрэвсэл, халдвар үүсэх эрсдэлийг тойрохгүй. Амны хөндийн бол нян бактериар хамгийн элбэг биеийн хэсэг юм. Иймд piercing-ийн дараа зарим төрлийн нянгууд үржин олширч халдварын голомт үүсгэх боломжтой. Мөн piercing хийж зүүж байгаа метал гоёл нь хүний биеийн цус, эдийн шингэнтэй харьцаж байгаа тул цус болон эдийн шингэнээр дамжин халдварладаг ямар ч төрлийн халдварт өвчин тусах магадлалтай. Үүнд юуны түрүүнд цусаар дамжин халдварладаг вируст гепатит, эндокардит хамаарна. Мөн герпес вирус болон ХДХВ-ийн халдвар ч авах боломжтой. 
 
2.Хаван хавдар
Азгүй тохиолдолд piercing хийсэн хэсэгт том хэмжээний хаван хавдар үүссэний улмаас амьсгалын замыг таглаж амьсгалахад хэцүү болж болзошгүй. British Dental Journal сэтгүүлд 25 настай эмэгтэй хэлний piercing хийлгэснээс 4 хоногийн дараа Ludwig’s angina (хэлэн доорх хэсэг маш хүчтэй үрэвсэл үүсэх) үүссэн тохиолдлыг тайлагнасан өгүүлэл нийтлэгдсэн байдаг. Энэ тохиолдолд юм идэж уух болон ярих боломжгүй болдог. 
 
3.Цус алдах
Хүний хэл нь цусны судсаар маш баялаг эрхтэн юм. Энэ нь өөртөө гүний байрлалтай артери ба венийн судсууд агуулдаг тул хэлний piercing-ийн дараа маш их цус алдахад хүргэж болзошгүй. 
 
4.Мэдрэл гэмтээх
Хэл нь мэдрэлийн судлаар мөн маш баялаг. Иймд piercing хийсний дараа тэр хэсэг мэдээ алдаж мэдээгүй болдог. Энэ нь хэдийгээр түр хугацааных байх боловч мэдрэлийн судлыг хүчтэй гэмтээсэн үед мэдрэл дахин сэргэхгүйгээр үйл ажиллагаагаа алдаж амтлах ба хүрэлцэхүйн мэдрэхүй байхгүй болно. 
 
5.Буйл шамрах
Хэлний piercing-ийн хатуу материал буйлны зөөлөн эдтэй байнга шүргэлцэж даралт учруулбал буйлны тэр хэсэг гэмтэж шамралт үүсдэг. Шүдний буйл ийнхүү шамрах нь шүдний тулгуур эдийн өвчин үүсэх томоохон шалтгаан болно. Үүний улмаас тухайн шүдээ авхуулахаас өөр аргагүй байдалд хүрч болзошгүй. 
 
6.Шүд цуурч эмтэрэх
Хэлний булчин нь маш хүчирхэг булчин юм. Энэ нь ярих, зажлах, хоол идэх, залгих үйл ажиллагаанд оролцдог. Гэтэл хэлэн дээрээ piercing хийсэн хатуу материалтай зүйл нь хэлний үйл ажиллагааны явцад шүдний гадаргууг хүчтэй цохиж гэмтээж, хагарал, цуурал, эмтрэл үүсгэж болзошгүй. Ийнхүү шүд эмтрэх нь тэр хэсэгт хэт мэдрэгшил үүсч янгинаж өвдөх шалтгаан болох төдийгүй шүд цоорох өвчин үүсэх таатай нөхцөл болно. Улмаар шүдийг өрөмдөж ломбодож, бүүр болохгүй бол авах эрсдэл үүснэ. 
 
7.Шүдэнд үзлэг, эмчилгээ хийхэд саад бэрхшээл болно
Шүдний үзлэг, эмчилгээ хийхэд саад болоод зогсохгүй рентген зураг авахад зургийн алдаа гарах шалтгаан болно.
 
8.Piercing-ээ залгих, амьсгалын замд орж бөглөрөх эрсдэл
Хэлэнд тогтоосон piercing гэнэт салж анхаарал болгоомжгүйгээр залгигдах, бүр аюултай нь амьсгалаар дамжин уушинд нэвтэрч шигдэж орох аюултай. Ингэсэн тохиолдолд хоол боловсруулах эрхтэн болон амьсгалын эрхтэн тогтолцооны ноцтой өвчин эмгэг хүрч хүндрэл үүсгэж болзошгүй. 
 

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Бусад мэдээ

Гоо сайхны хагалгаа хийлгэхэд зайлшгvй анхаарах таван асуудал
Хэрэв та гоо сайхны мэс заслын тухай сонирхож байгаа бол аль ч төрлийн хагалгаа байсан хамаагүй анхаарах ерөнхий зvйлсийг нэрлэе.
2020-07-25 15:05
Шүдний хугарал
Зарим нэг улс оронд бараг хоёр хүүхдийн нэг нь хүүхэд насандаа үүдэн шүдээ хугалж байсан тохиолдол бүртгэгдсэн байдаг. Энэ нь гэр бүлийн хувьд томоохон асуудал дэгдээх бөгөөд хүүхдийн гадна төрхөнд сөргөөр нөлөөлдөг. Харин насанд хүрэгчдийн хувьд шүдний хугарал харьцангуй цөөн тохиолдно. (Манай улсын хувьд насанд хүрэгчдийн дунд харьцангуй өндөр хувьтай байдаг нь архины зүй бус хэрэглээтэй холбоотой)
2020-07-23 21:12
Шүдний зуулт, зуултын гажиг, хэрхэн эмчлэх вэ?
Зуулт гэдэг нь эрvv ба хоншоорын /дээд эрvv/ шvдний эгнээнvvдийн гололсон хоршихуйн тєлєвтєє єєр хоорондоо харьцаж байгаа байрлал юм.
2020-07-23 20:42