Шүдний гоо сайхны эмчилгээний Veneer ба Lumineer брэндүүд хоорондоо ямар ялгаатай вэ?

Яралзсан цагаан, тэгш сайхан шүдтэй болохыг хүссэн хэн бүхэн шүдний гоо сайхны эмчилгээний салбарын брэнд бүтээгдэхүүнүүд болох Veneer, Lumineer-ийг ашиглан шүдээ хүссэн төлөв байдлаараа бүтээлгэж болно. Мөн шүд шарлалт, шүд хоорондын завсар заалхай, багаахан хэмжээний шүдний гажгийг ч Veneer, Lumineer-ийг ашиглан засаж болно. Гэхдээ өвчтөн үйлчлүүлэгчдийн дунд Veneer ба Lumineer бүтээгдэхүүнүүдийн ялгааны талаарх мэдлэг мэдээлэл хомс байдгаас шалтгаалан шүднийхээ нөхцөл байдалд тохируулан яг алийг нь сонгохоо мэдэхгүй байх нь элбэг. Тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу

Veneer ба Lumineer-ийн хоорондын төсөөтэй байдал

  1. Шүдний зөвхөн үүдэвчийн гадаргуу, нүдэнд харагдах хэсгийг л бүрдэг
  2. Шүдний гоо сайхны бага хэмжээний согогийг засахад зориулагдсан
  3. Шүдний цөгцийг уртасгаж, бага зэрэг гажгийг засах үйлчлэлтэй
  4. Шүдний өнгөний өөрчлөлтийг далдлах чадвартай
  5. Арчлахад хялбар, ашиглахад бэрхшээлгүй
  6. Юу хүссэнээ идэж уухад саад болохгүй
  7. Төрөлхийн шүд мэт ямар ч ялгаагүй харагдана
  8. Үнэ өртгийн хувьд ойролцоо


Veneer ба Lumineer-ийн хоорондын ялгаатай байдал

Veneer
Шүдний үүдэвч гадаргууд наадаг нимгэн (0.5 мм орчим) шаазан наалт. Ихэнхдээ хоёр удаагийн ирэлтээр бүрэн хийж дуусгана. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийн тулд шүдний үүдэвч гадаргууг алмазан бороор заавал өөлж засах шаардлагатай. Эхний удаагийн ирэлтээр шүдийг өөлж засаад, шүдний хэв авч, өнгө тохируулна, зураг авна. Үүний дараа жинхэнэ veneer-ийн оронд танд түр хугацааны хуванцар материлаар хийсэн Veneer хийж өгнө. Хоёр дахь удаагийн ирэлтээр жинхэнэ шаазан Veneer-ийг шүдэнд тусгай зориулалтын бонд цавуугаар наагаад зарим нэг өнгө хэлбэрийн тохиргоо хийж бэлэн болно.

Veneer эмчилгээг хийхэд шүдний гадаргууг заавал өөлж засдаг тул шүдний паалан бүрхүүл нимгэрч, тугалмай эд ил гарсанаар шүд хэт мэдрэг болж янгинаж болзошгүй. Veneer гоо сайхны брэндийн ашиглалтын дундаж хугацаа 10 жил. Гэхдээ тухайн хүний арчилгаанаас хамаарч хагарч эвдэрч болзошгүй.

Давуу ба дутагдалтай тал
Veneer нь төрөлхийн шүднээс ялгарахгүй харагддаг, өнгөө хувиргадаггүй, эдэлгээ сайтай. Шүдний өнгийг хүссэн байдалд тохируулан гаргах боломжтой. Дутагдалтай тал нь түүнийг нэгэнт л хэрэглэсэн бол буцаах боломжгүй. Учир нь таны шүдний пааланг нэгэнт өөлж авсан байх тул заавал түүн дээр Veneer наах шардлагатай. Мөн халуун хүйтнийг мэдэрч янгинаж өвдөж болзошгүй.

Lumineer
Энэ төрлийн бүтээгдэхүүн нь Veneer-тэй харьцуулахад илүү нимгэн (0.2 мм). Lumineer бэлтгэхийн тулд шүднээс маш бага хэмжээгээр өөлж засах, эсвэл өөлөхгүй ч байж болно. Шүднээс өөлж авахгүй бол мэдээж мэдээ алдуулах тариа хэрэглэхгүй, өвчин эмзэглэл байхгүй. Хэдийгээр шүд өөлж засдаггүй ч энэ бүтээгдэхүүнийг ашиглан эмчилгээ хийлгэхэд ба хоёр удаагийн ирэлт шаардлагатай. Эхний өдөр хэв аваад өнгө тохируулаад явуулна. Дараагийн ирэлтээр lumineer-ийг наана.

Lumineer хэрэглэхэд шүдийг өөлж засах шаардлагагүй тул шүдний паалан бүрэн бүтэн байна. Энэ утгаараа энэ эмчилгээ нь шүдэнд аюул осолгүй. Ямар нэгэн асуудал гарсан Lumineer-ийг аваад хаяцан ч шүд өмнөх хэлбэр хэмжээндээ үлдэнэ. Ашиглалтын хугацаа нь мөн 10 болон түүнээс дээш жил. Гэхдээ мэдээж хагарч гэмтэж болзошгүй тул анхаарал болгоомжтой хэрэглэх шаарддагатай.

Давуу ба дутагдалтай тал
Энэ нь Veneer бүтээгдэхүүнтэй харьцуулахад эдэд бага хор хохирол учруулдаг (minimally invasive) гэдгээрээ маш том давуу талтай. Эдэлгээ хангалттай сайтай бөгөөд өнгө тогтвортой. Гэвч зарим нэгэн дутагдалтай тал байгаа нь энэ нь маш нимгэн тул шүдний өнгөний өөрчлөлтийг хангалттай хэмжээнд далдалж чаддаггүй тул төрөлхийн шүд мэт харагдаж чадахгүй. Шүдний гадаргуугаас өөлж авдаггүй тул шүдэн дээр давхарлаж шүдийг бандгар зузаан харагдуулдаг. Шүдний хэлбэр хэмжээнд нөлөөлсөнөөр ярих ба хоршихуйн үйлд саад учруулж болзошгүй. Lumineer-ийн ирмэг буйлны хэсэгт шүдний гадаргуугаас овойж ялгарсанаараа өнгөр тогтох, буйлны үрэвсэл үүсэх шалтгаан болно.

Дээр дурдсанчлан шүдний гоо сайхны эмчилгээний энэхүү хоёр брэнд бүтээгдэхүүн хоёул өөр өөрийн давуу болон дутагдалтай талтай болохын хувьд тухайн үйлчлүүлэгчид алийг нь сонгож хэрэглэхийг зөвхөн эмчлэгч эмч шүдний нөхцөл байдалд тохируулан сонгох боломжтой гэдгийг анхааралдаа авна уу.

 

 

 

 

Бусад мэдээ

Шүдний гоо сайхны нөхөн сэргээх эмчилгээний салбар Esthetic Dentistry
Ямар ч хүн бусдын өмнө "өв тэгш” харагдаж үүнийгээ найз нөхөд болон бусдаар хүлээн зөвшөөрүүлэх дуртай байдаг. Хүмүүс биеийн ихэнх хэсгээ далдалсан гадуур хувцас өмсдөг тул биеийн хэсгүүд тэр бүр анзаарагдахгүй болсон болохоор хүний биеийн маш цөөхөн зарим хэсэг л олон нийтийн анхааралд өртдөг. 
2020-07-23 21:09
Эмэгтэйчүүдийн 74% нь эрүүл сайхан шүд “Sexy” харагдуулдаг гэж үздэг гэнэ
Уг нь бол орчин үеийн соёлт хүн төрөлхтний дунд нэгэнт хэвшиж тогтсон дүрмээр бол амны хөндийн эрүүл ахуйн арчилгаа нь хүн бүрийн өдөр тутамдаа зайлшгүй хийж гүйцэтгэж байх ёстой зүйлсийн нэг юм. Гэвч хүн болгон амны хөндийн эрүүл мэнддээ харилцан адилгүй анхаардаг бөгөөд зарим нэг хүмүүст энэ тал дээр илүү түлхэц үзүүлэх шаардлагатай байдаг.
2020-07-21 16:36
Шүдний тусламж үйлчилгээний зах зээл хэрхэн өөрчлөгдсөн бэ?
TECH GURU DAILY технологийн мэдээллийн вебд шүдний тусламж үйлчилгээний зах зээлд сүүлийн жилүүдэд гарсан өөрчлөлтийг хөндлөнгийн шинжээчийн зүгээс харж бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна
2020-07-21 14:49