FDI тандалт судалгааны хүрээнд амны хөндийн эрүүл мэндийн зарим нэг буруу ойлголт, дадал хэвшил байгааг илрүүлж зөвлөмж гаргалаа

Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн өдрийн хүрээнд Дэлхийн Шүдний Эмч Нарын Холбоо (FDI World Dental Federation) олон нийтийн дундах амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшилтэй холбоотой буруу ойлголтуудыг тодруулах зорилгоор нийт 12 улсын 12849 хүнийг хамруулсан онлайн тандалт судалгаа явуулсан бөгөөд онлайн судалгааны үр дүнд амны хөндийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн өгдөг зөвлөгөө ба хүмүүсийн амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийн талаарх ойлголтын хооронд томоохон зөрөө байгааг олж илрүүлсэн байна.

Найман улсад явуулсан судалгаагаар судалгаанд хамрагдагсадын бараг талаас илүү хувь нь хоол идсэнийхээ дараа шууд шүдээ угаах нь амны хөндийн эрүүл мэндэд тустай гэж ойлгож байлаа. Ялангуяа ийм буруу ойлголт Бразил (84%), Мексик (81%), Египт (62%), Польш (60%) улсуудад өндөр байжээ. Энэ асуудалтай холбоотойгоор FDI хоол идсэний дараа хамгийн багадаа л 30 минут хүлээж байж шүдээ угаах нь пааланг сойзоор гэмтээхгүй байхад тустай гэж зөвлөж байна. 

“Энэхүү судалгааны үр дүнд амны хөндийн эрүүл мэндийн тухай мэдлэг мэдээлэл ба бодит байдалд арчилгаа хийх хооронд маш том ялгаа байгааг олж илрүүллээ” гэж FDI-ын Ерөнхийлөгч Dr Patrick Hescot хэлж байна. “Бид Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдрөөр хүн бүр амны хөндийн эрүүл мэндийн байдалдаа анхаарлаа хандуулж амны хөндийн арчилгааны зөв дадал хэвшилтэй болох, эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх, шүдний эмчид байнга очиж хяналтанд байх зэрэг нь амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахад чухал зүйл юмаа гэдгийг ойлгож аваасай гэж хүсэж байна. Эрүүл шүд ба амны хөндий нь бидэнд ярих, инээмсэглэх, үнэрлэх, амтлах, мэдрэх, зажлах, залгих зэрэг үйлдлүүдийг өвчин эмзэглэлгүйгээр гүйцэтгэх боломж олгодог. Амны хөндийн эрүүл мэнд сайн байна гэдэг нь тухайн хүний амьдралын чанарын үзүүлэлт өндөр байгааг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм” гэж хэллээ.

Ихэнх улс орнуудын судалгаанд хамрагдагсад шүдээ угаасны дараа амаа усаар зайлах нь чухал гэсэн буруу ойлголттой байлаа. Энэ буруу ойлголт нь мөн Бразил (77%), Өмнөд Африк (75%), Мексик (73%), Энэтхэг (67%), Канад (67%) улсуудад өндөр байна. Тэгвэл FDI энэ асуудал дээр шүдээ угаасны дараа амны хөндий дэх фторыг зайлуулахгүйн тулд амаа усаар зайлах хэрэггүй гэж зөвлөж байна.Фтор нь шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой бодис юм.

Энэтхэг (52%), Өмнөд Африк (49%), Бразил (48%), Польш (42%) улсуудын судалгаанд хамрагдагсадын бараг тал хувь нь жимсний шүүс уух нь газтай ундаанаас дээр гэсэн ойлголттой байлаа. Гэвч үнэн хэрэг дээрээ жимсний шүүс нь ч их хэмжээний сахар агуулдаг тул шүд цоорох өвчний шалтгаан болдог. Иймд энэ асуудал дээр FDI сахар агуулсан ундааны хэрэглээн дээрээ хяналт тавьж аль болох бага хэрэглэж эрүүл, орц найрлагыг нь тэнцвэржүүлсэн хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна. 

Амны Хөндийн Эрүүл Мэндийн Дэлхийн Өдөр аргар хэмжээний зохион байгуулах хорооны дарга  Dr Edoardo Cavalle “Амны хөндийн эрүүл мэндийн талаар аль болох эрт ойлголт, дадал хэвшилтэй болох нь амны хөндийгөөс шалтгаалах өвчин эмгэгийг мэдрэхгүйгээр урт удаан наслах боломж олгоно” гэж үзэж байна.

Онлайн судалгаагаар олж илрүүлсэн бусад чухал зүйлүүдэд:

Судалгаанд хамрагдагсадын 77 хувь нь жилд хамгийн багадаа нэг удаа шүдний эмч дээр очих нь амны хөндийн эрүүл мэндэд тустай гэдэгтэй санал нийлж байсан ч ердөө 52 хувь нь л шүдний эмч дээр очдог байна.

Судалгаанд хамрагдагсадын 28 хувь нь спирт агуулсан ундаа хэрэглэх нь амны хөндийн эрүүл мэндэд тустай гэж үзэж байсан байна.

 

Энэхүү судалгааг YouGov судалгааны байгууллага FDI-ийн захиалгаар гүйцэтгэсэн бөгөөд судалгааны санал асуулга 2017 оны 1-р сарын 20-31 хооронд явагдсан байна.

Бусад мэдээ

Нүүр амны мэс заслын эмч нарын багийн орчуулсан “Нүүр амны өвчин” ном таны гар дээр очиход бэлэн боллоо
Ж.Одхүү эмчээр ахлуулсан Нүүр амны мэс заслын эмч нарын орчуулгын багийн анхны ном шүдний эмнэлгүүдийн гар дээр очиход бэлэн боллоо. Энэхүү ном нь шүдний эмнэлэгүүдэд тохиолддог эрсдэлтэй өвчлөлүүдийг товч тодорхой агуулсан болно.
2020-12-02 12:20
Коронавируст (COVID-19) цар тахлын дэгдэлтийн энэ цаг үед шүдний эмнэлэгт үзүүлэх нь аюултай юу?
Коронавируст (COVID-19) цар тахлын дотоодын голомтот дэгдэлтийн улмаас нийтээр хөл хорио тогтоон багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүмүүсийн хувьд тэр тусмаа шүд нь өвдөж хавсан хүмүүс томоохон бэрхшээл тулгарсаар байна. Нэг талаас өвчин эмгэгийн улмаас шүдний эмнэлэгт зайлшгүй очих болоод байгаа ч нөгөө талаас коронавирусын халдвар авах вий гэсэн болгоомжилол хэн бүхэнд байна. Тэгвэл энэ талаар тодруулахаар Oral Care шүдний эмнэлгийн захирал, АШУҮИС-н Нүүр ам судлалын сургуулийн ахлах багш АУ доктор Ч.Гантөмөрөөс ярилцлага авлаа.
2020-12-02 10:22
“Шүдний эмнэлгийн орчинд коронавируст (COVID-19) халдварын сэргийлэлт, хяналтын ерөнхий удирдамж”-н дагуу өгөх зөвлөмж
ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн санаачилгаар боловсруулсан “Шүдний эмнэлгийн орчинд коронавруст (COVID-19) халдварын сэргийлэлт, хяналтын ерөнхий удирдамж”-ийн төсөл хэлэлцэгдэж 2020 оны 11 сарын 27 өдөр зөвлөлийн хурлаар батлагдлаа. Уг удирдамжийн төслийг АШУҮИС-н Нүүр ам судлалын сургуулийн эрдэмтэн багш нар боловсруулсан бөгөөд 2020 оны 11 сарын 25 өдөр Нүүр ам судлалын сургууль, мэргэжлийн зөвлөлийн гишүүд, хувийн хэвшлийн энэлгүүдийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн хурлаар, 2020 оны 11 сарын 27 өдөр АШУҮИС, Нүүр Ам Судлалын сургуулийн Эрдмийн зөвлөлөөр тус тус хэлэлцэгдэж давхардсан тоогоор Нүүр Ам Судлалын салбарын 20 гаран эрдэмтэн докторууд, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд гар бие оролцсоноороо манай улсын шүдний эмнэлгийн өнөөгийн орчинд хэрэгжиж болох практик удирдамж боллоо.
2020-11-30 10:15