Тусгал ярилцлага: Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал Б. Батбаяр "Нэг хэвэнд цутгасан мэт хэлбэрээ бид өөрчлөх хэрэгтэй"

 

Намар болж навчис алтрах цагаар манай Shud MN улирлын анхны дугаараа уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагын зочноор бид Нүүр ам судлалын сургуулийн захирал Б. Батбаяр эмчийг урилаа. Тэрбээр сургуулийнхаа төгсөлтийн дараах сургалтын төвд эмчээр ажлын гараагаа эхэлж, НАСС-ын Нүүр Амны Мэс Заслын тэнхимд багшилж байгаад докторантурт сурч ирээд тэнхимийн эрхлэгчээр ажилласан туршлагатай багш, эмч юм. 


Та өөрийн ажил амьдралын түүхээс товч танилцуулаач?

1999 онд тухайн үеийн Анагаахын их сургуулийн Шүдний ангийг төгссөн. Тэр үед Финландын байгууллага болон Анагаахын их сургууль хамтран “Нүүр амны эрүүл мэнд” гэх төсөл хэрэгжүүлж байсан. Шүдний эмч, нүүр амны эрүүл ахуйч, шүдний сувилагч гэсэн чиглэлээр Америк сургалтын стандартаар бэлтгэж байсан. 1997 онд эхэлсэн энэ төсөл нь 3 жилийн хугацаатай байгаад сүүлийн жилд нь орж суралцах боломж нээгдсэн юм. Төслийн удирдагч нь Салла Салменкиви гээд Финланд хүн, ихэвчлэн гаднаас багш нар ирж хичээл орж байсан. Мундаг багш байсан, монголоор ярихыг нь сонсвол бараг монгол хүн байна гэж андуурхаар сайн ярьдаг байсан. Манай улсад халдвар хамгаалал гэх ойлголтын суурийг нь тавьсан хүн гэхэд хэлсдэхгүй байх. 

Төсөлд хамрагдахаар 5 хүн шалгалт өгч гурвыг нь шилсэн. Нэг жил тэр хүнийг дагалдаж суралцаад 2000 онд сургалт төсөл дууссан. Тэр үед Оюунбат багш НАСС-ийн захирал байсан. Тэгээд дахин шалгалт авч зургаан хүнээс гурвыг нь эмчээр авч, нэг сувилагч, нэг рентген техникч гээд 5 хүний бүрэлдэхүүнтэй Төгсөлтийн дараах сургалтын төв байгуулагдсан. Шалгалт өгсөн хүмүүс дундаас төсөлд хамрагдсан нь би байсан учир тэрхүү сургалтын төвийг хариуцаад, эмчээ давхар хийгээд ажилласан. Энэ маань дараа дараагийн эмч нар ажиллаж, сайжруулж явсаар өнөөдрийн НАСС-ийн ШЭНЭмнэлгийг бий болгосон. 

2004 оны 12 сард тухайн үеийн Нүүр амны мэс заслын тэнхимийн эрхлэгч АУ-ны доктор Л.Давааням багш маань намайг дуудаад тэнхимд багшаар ажиллах санал тавьж, 2005 оны 01 сараас мэс заслын тэнхимд дадлагажигч багшаар орсон. Тэнхимдээ багшаар ажиллаж байгаад 2009 оны намар Солонгосын Сөүлийн Үндэсний их сургуульд докторантурт явсан. 2014 оны хавар төгсөж ирээд сурсан мэдлэг чадвараа бусадтай хуваалцаж, сургуульдаа хувь нэмрээ оруулахаар эргээд мэс заслын тэнхимдээ багшилсан. Үндсэндээ сүүлийн хорин нэгэн жилийн хугацаанд үргэлж сургуультайгаа холбоотой байлаа. Төгсөлтийн дараах сургалтын төвийг байгуулж, эмч-дарга гэсэн ажлаар ажлын гараагаа эхлээд улмаар НАМЗ-ын тэнхимдээ дадлагажигч багш, багш, ахлах багш, тэнхимийн эрхлэгч гэсэн шат дарааллаар явж байна. Одоо Нүүр ам судлалын сургуулийнхаа захирлаар ажиллаж эхэлж байна даа.

 

 

Таны өөртөө баримталдаг зарчим юу вэ?

Аливаа хүнтэй мэдлэг, боловсрол, албан тушаал, шашин шүтлэг харгалзахгүйгээр нэг түвшинд хүндэлж харьцах нь миний хамгийн гол баримталдаг зарчим. Ер нь ямар нэг сэдвээр хүнтэй ярилцаж байхдаа аль болох сонсохыг хичээдэг. Бусдын санаа бодлыг сонсох нь эргээд хаана, юун дээр алдсан, зөв, буруу эсэхийг эргэцүүлэхэд минь дэм болдог. Мөн ямар нэг асуудал дээр эерэг хандлагатай, шудрага байхыг хичээдэг. Сөрөг сэтгэлгээ нь үргэлж болж бүтэхгүй, дутагдалтай талыг хардаг учраас хүнийг урагш бус хойш чангааж байдаг. 

Эмнэлгийн нөхцөлд буюу эмчилгээний үед баримталдаг зарчим ямар ч эмчилгээ хийж байлаа гэсэн том, жижиг гэж ялгахгүй хянамгай, чанартай хийхийг эрмэлздэг. Бидэнд байдаг нэг дутагдал нь өдөр болгон нэг зүйлээ давтаж хийсээр байгаад тэр давтагддаг үйлдэлдээ өгөх ач холбогдол нь багасаад ирдэг. Ач холбогдол багасахаар эмчилгээ хийж байхдаа алдаа гаргах эрсдэл өндөр болно. Тэгээд эмч хүний гаргасан алдаа эрүүл мэндийн хохирол учруулдаг учраас ганц тэр үйлчлүүлсэн хүн бус цаана байгаа гэр бүлийг нь эдийн засаг болоод сэтгэлзүйн давхар хохиролд оруулдаг, аюултай. Тиймээс нэг өнгөц цоорол бүхий шүд ломбодсон ч гэсэн сэтгэлээсээ, хариуцлагатай, хянамгай хийх нь бидний гол зорилго зарчим байх ёстой юм шүү.

 

 

Ажлын өдрүүд яаж өнгөрдөг вэ?

Ер нь их завгүй, олон ажил амжуулах гэж гүйсээр байтал 5 өдөр дорхоноо өнгөрчихдөг. Би багш бас эмч хүн. Дээр нь Монголын эрүү нүүрний мэс заслын нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын эрүү нүүрний гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгийн тэргүүний ажлыг хийдэг. Оюутан суралцагчиддаа лекц, хичээлээ орох, үзлэгээ хийх, сургалтууддаа бэлдэх гээд ажлууд цуврана даа.

Амралтын өдрүүдэд...

Амралтын өдөр ч гэсэн ажиллаж байна. Үзлэг, хагалгаагаа хийж байгаа, мөн нийгэмлэгийн холбогдолтой сургалтууд амралтын өдрүүдээр явагддаг, сайн дурын бусдад туслах үнэ төлбөргүй аянуудаа хийх гээд амрах өдөр цаг гардаггүй дээ.  Хил хаагаагүй, коронавирүс эхлээгүй байхад амралтын хэдхэн өдрийг ашиглаад гадагшаа сургалт, семинар хурлуудад явдаг байлаа. Одоо тийм боломж байхгүй тул чөлөө зав гарвал ном, судалгааны өгүүлэлүүд шагайж өөрийгөө хөгжүүлэхийг оролдож байгаа. “Бадрал сан” гээд сайн дурын үйл ажиллагаа явуулдаг сангын тэргүүнээр ажиллаж байна. “МБЖ” гэмтэл согог заслын эмнэлэгтэй гэрээ хийгээд тухайн эмнэлгийн хагалгааны өрөөг ашиглан Ортогнатик мэс заслуудаа тэр эмнэлэг дээр хийдэг. Тиймээс багшийн, эмчийн, нийгэмлэгийн, сайн дурын гээд маш олон ажлууд зэрэгцэж ар араасаа хийгдэж явагддаг учраас миний хувьд амралтын өдөр гэсэн ойлголт одоогоор байхгүй байгаа.

Нийгэмлэгийнхээ талаар дэлгэрэнгүй танилцуулаач?

Эрүү нүүрний мэс заслын нийгэмлэг маань онлайнаар олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөөд, одоо тухайн хурал дээр юу яригдах, ямар платформ ашиглах, хэзээ болох тал дээр Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд маань уулзаад ярилцаад явж байна.

Харин Эрүү нүүрний гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэг маань эмч нарт чиглэсэн сургалтууд хийдэг. Ихэвчлэн эрүү нүүрний мэс заслын болон арьсны эмч нар хамрагддаг. Энэхүү сургалт нь нийт 6 сарын хугацаатай. Хөтөлбөрийн эхний хэсэг нь мэсгүй гоо сайхан буюу ботокс, филлер, коллагентэй утсаар нүүрийг өргөх, үрэвслийг арилгах, хоёр дахь нь имплантийн хэсэг, дараа нь эрүүний эмгэгийн үеийн эмчилгээ, оношилгоо, сүүлд нь нүүр ам судлалын дүрс оношилгоо буюу CBCT, CT, MRI нүүр амны судлалын салбарт яаж хэрэглэгддэг вэ гэх байдлаар явдаг. Өндөр төлбөртэй ч тодорхой хэмжээнд маш сайн үр дүн өгдөг учраас жил ирэх тусам хэзээ сургалт эхлэх вэ би сууна шүү гэх эмч нарын хүлээлт бий болж байна. Онолын мэдлэг түлхүү өгч, дадлага сайн хийлгүүлдэг учраас сургалтанд суух эмчийн тоог араваас хэтрүүлэхгүй гэдэг ч яаж ийгээд хорь гарчихдаг, ачаалал ихтэй явагддаг.

 

 

Сайн дурын ажлууд хийж байгаа харагддаг, энэ талаараа яриач.

БНСУ-д суралцаж хугацаанд тэнд оюутнууд өөрсдөөсөө мөнгө нийлүүлээд шахмал түлш худалдаж аваад ар гэрийн гачигдалтай, өндөр настай, өрх толгойлсон гэх мэт янз бүрийн айлд, өвөл эхлэх хүйтрэх цагаар тараах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах гээд сайн дурын ажлуудыг жил бүр байнга хийдэг байсан. Тэгээд 2014 онд доктороо хамгаалж ирээд эх орондоо сайн дурын ажлыг эрчимжүүлье гэж бодсон. Монголд сайн дурын үнэ төлбөргүй хийгдэж байгаа ажлуудыг харахаар дандаа гадныхан хийж байсан. Тэгээд яагаад Монгол хүн Монгол хүнийхээ төлөө ингэж үнэ төлбөргүй сайн дурын хүмүүнлэгийн ажил хийж болохгүй юм бэ гэж бодоод гажиг заслын Г. Ганжаргал багштай хамтраад залуучууд бид нар эхлүүлье гээд анх Архангай аймгийн Батцэнгэл суманд манай талаас санхүүжүүлэлтийг нь гаргаад “Монгол хүн Монгол хүнийхээ төлөө” гэсэн уриан дор шүдний эмч, эмчилгээ дутагдалтай хөдөө орон нутагт шүдний эмчилгээ үйлчилгээг хүргэх ажлаа эхлүүлсэн дээ. 

Өнгөрсөн хугацаанд Архангай, Хэнтий, Дорнод, Завхан, Төв, Булган аймгууд болон Улаанбаатар хот зэрэгт давхардсан тоогоор 60 мянга гаруй хүүхэд, хүмүүст энэ үйлчилгээгээ хүргэсэн байна. Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт иж бүрэн хүүхдийн шүдний кабинет байгуулсан. 2017 онд манай “Ц.Бадрал сан” маань Монголын тэргүүний хүмүүнлэгийн байгууллагаар шалгарч байсан. Ер нь хүн, тэр тусмаа залуучууд, оюутнууд маань аль болох өөрсдийн боломжоор сайн дурын хүмүүнлэгийн үйл хэрэгт оролцож байх хэрэгтэй. Одоо дэлхийн шилдэг их сургуулиуд оюутнууддаа нэг семестерт хамгийн багадаа нэг удаа сайн дурын хүмүүнлэгийн ажилд оролцсон байж дараагийн семестертээ дэвшин суралцдаг болгох шаардлага тавьдаг болчихлоо шүү дээ. 

 


 

Мэсийн чиглэлээр нарийссан эмч болгонд ашиглах дуртай багаж байдаг даа.

Тэгэлгүй яахав. Өөрийн хэрэглэдэг багажнууд тусдаа байж байдаг. Энэ багажнууд дотроос хамгийн ашиглах дуртай гэхээсээ хамгийн их ашиглагддаг багаж нь хямсаа болон зүү баригч. Ямар стандартын зүү ашиглаж байгаагаас хамаараад зүү баригчаа сонгодог. Олон төрлийн зүү хавчиж ашиглаад байвал зүү баригч хурдан эвдэрч зүүгээ сайн барихаа байдаг гэх мэт асуудлууд их гардаг тул өөрийн ашигладаг багажиндаа өөр хүн хүргэх дургүй байдаг, ер нь хүргэдэггүй дээ.

 

 

Та сүүлийн үед ямар ном уншиж байна?

Эмнэлэгийн дотоод зохион байгуулалт болон менежментийн талаар бичсэн “Эмч, эмнэлэгийн мэргэжилтэн биш ч эмнэлэгт ажилладаг” гэсэн ном уншиж байна. Энэ ном 2019 онд Солонгосын анагаахын энэ салбартаа бестсэллер болсон ном. Би хэдий эмч ч гэсэн эмнэлгийн байгууллагад ажилладаг. Эмч хүн бол мэргэжилийнхээ ажлыг буюу эмчилгээгээ хийдэг, сувилагч ялгаагүй сувилахуйн ажлаа хийдэг. Цаана байгаа бусад асуудал нь эмнэлэгт орхигдчихдог. Тэр ажлуудаа хэн, хэрхэн, яаж хийх вэ? Жишээ нь: эмнэлэг дээр үйлчлүүлэгч ирээд цаг олдохгүй байна, гаднаас эмчилгээ хийж байна, даатгал болохгүй байна гэх мэтээр бухимддаг. Материал нь хангалтгүй эсвэл бүртгэлийн систем нь муу, эмнэлэгт хэвтэх дараалал нь тодорхой бус бас нээлттэй бус. Гурав хоног эмчлүүлээд гарах байтал 10 хоночихдог, сүүлийн хоногт эмчилгээ байхгүй хэвтэн эмчлүүлж байгаа хүнтэй ч би таарч байсан. Тэгэхээр энэ бүх асуудлаас болоод эмнэлэг өөрөө доголддог, хүлээлт үүсгэдэг, үйлчлүүлэгчид хүндрэл учруулдаг. Үүнийгээ дагаад эмч сувилагч хоёрын ачаалал ихэсдэг, ажлын байрны стресс үүсдэг, үйлчлүүлэгчийн стресс үүсдэг. Энэ хоёр стресс мөргөлдөөд нөгөө эрүүл мэндийн салбар тэр чигээрээ доголддог. Энийг яаж шийдэх вэ гэдэг талаар бичсэн ном юм. 

Номын зохиогч нь энэ чиглэлээр эмнэлгүүдэд очиж сургалт хийдэг профессор хүн. Намайг өнгөрсөн жил коронавирус дэгдэхийн өмнөхөн урьж уулзаад сургалтаа танилцуулаад, би сургалтанд нь сууж, өөртэй нь ярилцаж эмнэлэгийн байгууллагын талаар олон зүйлсийг ярилцаж нэлээдгүй зүйлийн талаар шинэ, сэргэг мэдээлэл авсан. Үйлчлүүлэгч хаанаас ороод, хэн дээр түрүүлж очиж, ямар үйлчилгээ аваад хаагуур гарах хүртэлх, мөн өрөө, тасалгаа, тоног төхөөрөмжийн байршил гэх мэт олон зүйлс дурьдсан ном. Нэг уншчихсан. Одоо хоёр дахь удаагаа онцгой гэж үзэж байгаа сэдэв, сэдвээр нь эргэн уншиж байна. Ширээний ном болсон доо.

 

 

Манай салбарт нийтдээ 5 сургууль шүдний эмч бэлдэж байна. Энэ тал дээр таны байр суурь юу вэ?

2019 онд Солонгост, Сөүлийн үндэсний их сургууль дээр очоод харж байхад, 7 давхар барилга, 4-5 давхарт нь сургалт, судалгааны хэсэг байдаг, дахиад 4 тусдаа барилгатай, оюутны дотуур байртай байсан. 4+4 болон 5 жил гэсэн хоёр сургалтын хөтөлбөрөөр суралцдаг. Нийт бакалаврын түвшний оюутан 150, резидентүүд 120, мастер, докторууд нийлээд бүгд 350 орчим. Тэгсэн мөртлөө тэр 150 оюутныг их байна гэж үзэж байсан. Ер нь Монголд ч биш Солонгосд ч ялгаагүй шүдний эмч нарын тоо их байна гэж үзээд элсэлтийн тоог багасгах тал дээр арга хэмжээ авч эхэлж байгаа.

Монголд бол нэг улсын сургууль, дөрвөн хувийн сургууль элсэлт авч байна. Энэ жил “Этүгэн” 350, “МҮИС” 200 орчим, “Ач” сургууль 45, Манай сургуулиас 150 оюутан шүдний эмчээр төгсөхөөр суралцаж байна. Уг нь бол нэг хүнд ноогдох шүдний эмчийн тоо Монголд бараг 2 элсэлтээр л хангагдчихаж байгаа. Гэхдээ жил ирэх тусам элсэлтийн тоо нэмэгдээд л байна. 
“Элсэлтийн тоо ийм их үед багшлах боловсон хүчний хүрэлцээ ямар байна вэ? Хэрхэн хичээлээ заах вэ?

Тэгэхээр оюутны сургалтын чанар, бэлтгэгдэж гарч байгаа эмч нарын чанарын асуудал маш хурц тавигдаж байгаа. Олон эмч нар төгсөх тусам шүдний эмчийн нэр хүнд унаж байгаа. Хаанаас, хэнийг ч сугалаад авах боломжтой бараа шиг болж байна. Энэ байдлыг засахгүй, энэ маягаараа дахиад 5-10 жил явах юм бол саяхан монгол хэл уран зохиолын багш нар зах дээр зогсож байна гэдэгтэй ижил шүдний эмч нар маань жолооч, худалдагч хийчихсэн зах дээр зогсож байхыг үгүйсгэх аргагүй. Энэ байдал руу бид өөрөө өөрсдийгөө түлхэж байна.

Элсэлтийн тооны асуудал дээр дан ганц шүдний эмч нарийн хийх ажил биш болчихож байгаа. Үүнд төр засаг тэр тусмаа боловсролын яамны оролцоо өндөр байх ёстой. Гэхдээ тэглээ гээд бид нар зүгээр суугаад байж болохгүй, мэргэжлийн холбоодуудаараа нэгдээд энэ асуудлын талаар төр засагт дуу хоолойгоо хүргэх ёстой. Сургуулиудын элсэлтийн тоо, сургалтын баазын стандарт дээр анхаарах, тодорхой шаардлага тавих зэрэг хүсэлтүүдийг манай мэргэжлийн холбоодууд маань хамтраад асуудлаа тавих хэрэгтэй. 

Таны харж байгаагаар нүүр ам судлалын салбарт сайн тал болон өөр тулгамдаж байгаа асуудал юу байна?

Нэг үеэ бодвол манай шүдний эмч нарын ур чадвар үнэхээр сайжирсан. Европ, Америк, Азийн өндөр хөгжилтэй орнуудын шүдний эмнэлгүүдтэй танилцаад явж байхад манай улсын халдвар хамгаалал, ариутгал ижил түвшинд байсан. Зарим газруудаас бараг илүү ч юм шиг санагдсан. Эмчилгээний арга техник, ур чадварын хувьд бол боломжийн, сүүлийн үед бас хувийн эмнэлгүүд маань тоног төхөөрөмж, хэрэглэж байгаа материал дээрээ нилээд анхаарч байна. Дэлхийн бренд болсон материал, дэлхийн бренд болсон тоног төхөөрөмжүүдийг хэрэглэж байгаа эмнэлгүүдийн тоо бас их болсон байна. 

Тулгамдсан асуудал гэвэл түрүүн хэлсэн эмчийн тооны асуудал. Хоёрдугаар асуудал бол сувилагч, эмчийн туслах, шүдний эрүүл ахуйч нарын асуудал. НАСС маань шүдний эмчийн туслах, шүдний эрүүл ахуйч бэлтгэж байсан, 2 жилийн өмнөөс шүдний эмчийн туслахын элсэлт сургалтыг зогсоосон байна. Одоо дахин эхлүүлэхээр холбогдох асуудлуудыг ёудалж байна. Гэхдээ ажлын байран дээр гараад ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны шатлалын ялгаа гэж алга байна. Гурван жил сурч байгаа нүүр амны эрүүл ахуйч, нэг жил сурч байгаа шүдний туслах хоёр маань төгсөөд ижил ажлын байран дээр очиж байгаа. Цалингийн систем, хийх ажил нь хүртэл ижил болчихоод байна. Тодорхой бус ийм байдлаас болоод мэргэжил нь үнэгүйдэж, нүүр амны эрүүл ахуйчаар сурах сонирхолтой оюутан залуусын тоо багасаж байна. Тэр утгаараа шүдний сувилагч, нүүр амны шүдний туслах, эрүүл ахуйч, шүдний техникч бэлдэх энэ асуудлыг илүүтэй хөгжүүлэх, зөв гольдролд нь оруулах, ажлын байрны тодорхойлолтуудыг нь гаргаж, шатлал, чиг үүргийг тодорхой болгож өгөх тал дээр нилээд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Захирлын албан тушаалыг аваад таны харж байгаагаар Нүүр ам судлалын сургуульд ямар асуудал байна вэ?

Би дотор нь багш байсан хүн тодорхой асуудлуудыг мэдэж байгаа. Энэ ажлыг хүлээж аваад салбар тэнхимийн багш мэргэжилтнүүдтэйгээ уулзаад анзаарч харахад, манай сургууль нэг хэвэнд цутгасан мэт болчихсон юм уу даа гэж санагдсан. Нэг хэвэнд цутгасан хэлбэрээсээ болоод хүмүүсийн маань ажиллах урам зориг жаахан муу байна уу гэж би анзаараад байна. Энэ маань сургалт, эмнэл зүйн үндсэн үйл ажиллагаанд нөлөөлөөд, өнөөдөр манай НАСС-д байгаа тэр боломжит бололцоогоо 100 хувь ашиглаж чадахгүй байна. Тэгэхээр энэ баригдмал нэг хэвэнд цутгасан хэлбэрээс нь гаргаж хүн болгонд ажиллах урам зориг өгч, ажиллах нөхцөлийг бүрдүүлж, байгаа боломжийг тултал нь ашиглаж тэрний үр дүнг суралцагч нартаа хүртээхийн төлөө явна гэж бодож байна. 

 

 

Оюутнуудын тал дээр...

Өмнө нь багш хийж байхад надад бодогддог байсан зүйл нь дадлагын хичээлийг үр дүнтэй хийлгэх явдал байсан. Тэр утгаараа сургуулийн хүрээнд дадлага хийх нөхцөлийг бүрдүүлэх, сайн дадлагажуулах, дадлагын хичээлийг өндөр гүйцэтгэлтэй явуулах тал дээр илүү анхаарч ажиллана. Шүдний эмч гэдэг гар нь сайн хөдөлж, дадлагажиж байж аливаа эмчилгээний үйлдлүүдийн дадал суудаг. Их ном уншаад, онолын хувьд сайн бэлтгэгдээд гарын дадал муу байвал эмчилгээний чанар муу болно. Өөрөөр хэлбэл онол дадлага хамт явах ёстой. 
Мөн бусад сургуулиудтай харьцуулахад оюутнуудын номын сан маань харьцангуй жижиг санагдаж байгаа. Оюутан, залуу насны сурч боловсрох, хөгжих бүхий л цаг мөч номын санд өнгөрдөг. Тэгэхээр сургуулийнхаа номын санг томруулж, суралцагч нартаа хүртээлтэй болгох тал дээр анхаарч ажиллана гэж бодож байгаа.

Гадагшаа хэрхэн хамтарч ажиллая гэж бодож байна?

Бид хуучин Япон, Солонгос, Тайван, Сингапур гэх мэт улсуудтай харилцаатай байсан. Сүүлийн хэдэн жил янз бүрийн шалтгааны улмаас энэ харилцаа зогсонги байдалд орчихсон байгаа. Тэгэхээр Азийнхаа уламжлалт харилцааг сэргээх, цаашлаад европын орнуудын мэргэжилийн холбоотнуудтай холбогдож хамтарч ажиллах, гаднаас зочин профессорууд урьж сургуульдаа ажиллуулая гэж бодож байгаа. Эхний ээлжинд Япон болон Куба-аас профессоруудыг ажиллуулахаар ярилцаад эхэлчихсэн байна. Энэ маань корона вирусын хоригноос болоод удаашралтай байж магадгүй ч хийгдэх ёстой ажлын минь нэг нь. Үүнээс гадна энд сурч, ажиллаж байгаа залуучуудаа гадны сургууль руу урт болон богино хугацаагаар сургах, энэ асуудал дээр анхаарч ажиллана.

Залуу мэргэжилтнүүдэд хандаж таны өгөх зөвлөгөө юу вэ?

Хамгийн гол нь сайн суралцах, манай залуучуудын хувьд суралцах гэдэг асуудал жаахан төвөгтэй. Нэг ийм яриа байдаг, та зааж бай, би хийж байя гэдэг өөрөөр хэлбэл эхний жаахан юм сонсоол, эхний жаахан юм сураад тэрүүгээрээ мөнгө олох гэж оролдож байгаа, энэ маань эргээд бүх шүдний эмч нарт хүндээр тусаж байгаа өөрт нь ч мөн адил. Аливаа зүйлийг хичээнгүй, сайн эцсийг нь хүртэл сурна гэдэг чухал чадвар шүү. 

Зөвхөн залуучууд гэлтгүй эмч нар маань гадагшаа явж байх хэрэгтэй. Бидний зааж байгаа зүйлс нэг л зарчим дотор явж байгаа. Миний хувьд хоригноос өмнө байнга гадагшаа явдаг байсан. Сардаа нэг удаа заавал явдаг, харин жилдээ багадаа нэг удаа гадагшаа кадавар дээр очиж дадлага хийдэг, ямар нэг сургалтанд заавал хамрагддаг. Азийн хурлуудад заавал очиж илтгэлээ тавих үедээ тавиад, оролцоод явдаг. Энэ нь шинэ юм харах, мэс заслын онолын талаар шинийг сонсох, сүүлийн үеийн арга техникүүдийг мэдэж авах, хийгдсэн судалгааны материал унших, эмчилгээний чиг хандлага юун дээр яваад байна гэх мэт олон талын мэдээлэл авах боломжийг нээж өгдөг. Дээр нь гадны олон мэргэжилтнүүдтэй танилцаж тэднээс үг сонсож, өөрийнхөө үзэл бодол, мэргэжлийн талын зүйлсээ ярилцаад, хуваалцаад авдаг гээд маш олон давуу талыг өгдөг. 

 

 

Манай дараа дараагийн ярилцлагад хэнийг санал болгох вэ?

Чадварлаг, залуу эмч нарын төлөөлөл "Empire Dent" шүдний эмнэлгийн Б. Энхбаатар эмч. Олон сонирхолтой зүйлсийг ярих байх даа.

Таньд Нүүр ам судлалын сургуулийн захирал болсонд баяр хүргээд цаашдын ажил үйлст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Баярлалаа. Мэдээж манай салбарт тулгамдаж буй олон асуудлууд байна. Гэхдээ үүнийг засч залруулахад хэзээд оройтохгүй. Тиймээс өмнөх байсан нөхцөл байдлаа эвдээд бие биетэйгээ нэгдэж, илүү нээлттэй, эвсэг баг хамт олон болж бүрэн дүүрэн өөрийгөө дайчилж өндөр түвшинд хамтран ажиллахыг уриалж байна. Ингэснээр манай сургуулийг төгсөж буй боловсон хүчнүүд хүчтэй чадварлаг болж, Монголын НАС-ын салбарынхаа хөгжлийг дараагийн түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна.

Бусад мэдээ

Хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд Лантуун дохио ТББ хамтран Ид шидийн орны хүүдүүдэд шүдний тусламж үйлчилгээг 16 нас хүртэл үнэ төлбөргүй үзүүлэхээр боллоо
Монголын нүүр ам судлалын салбар, хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд Лантуун дохио ТББ хамтран, “Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвд асран хамгаалах үйлчилгээ авч буй хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн иж бүрэн тусламж үйлчилгээг үзүүлэн урт хугацаанд хамтарч ажиллахаар боллоо.
2020-10-19 08:50
Нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайдтай ажлын уулзалт хийлээ
Өнгөрсөн Пүрэв гариг буюу 10-р сарын 8 өдөр Монголын нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай ажлын уулзалт хийлээ. Уг уулзалтаар Нүүр ам судлалын салбарын төлөөлөл Эрүүл мэндийн сайдад тус салбарт тулгамдаад буй 5 асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт өргөн байрьсан бөгөөд уг асуудлуудад:
2020-10-11 22:52
Тусгал ярилцлага: Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал Б. Батбаяр "Нэг хэвэнд цутгасан мэт хэлбэрээ бид өөрчлөх хэрэгтэй"
Намар болж навчис алтрах цагаар манай Shud MN улирлын анхны дугаараа уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагын зочноор бид Нүүр ам судлалын сургуулийн захирал Б. Батбаяр эмчийг урилаа. Тэрбээр сургуулийнхаа төгсөлтийн дараах сургалтын төвд эмчээр ажлын гараагаа эхэлж, НАСС-ын Нүүр Амны Мэс Заслын тэнхимд багшилж байгаад докторантурт сурч ирээд тэнхимийн эрхлэгчээр ажилласан туршлагатай багш, эмч юм. 
2020-10-11 22:20