“Шүдний эмнэлгийн орчинд коронавируст (COVID-19) халдварын сэргийлэлт, хяналтын ерөнхий удирдамж”-н дагуу өгөх зөвлөмж

ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн зөвлөлийн санаачилгаар боловсруулсан “Шүдний эмнэлгийн орчинд коронавруст (COVID-19) халдварын сэргийлэлт, хяналтын ерөнхий удирдамж”-ийн төсөл хэлэлцэгдэж 2020 оны 11 сарын 27 өдөр зөвлөлийн хурлаар батлагдлаа. Уг удирдамжийн төслийг АШУҮИС-н Нүүр ам судлалын сургуулийн эрдэмтэн багш нар боловсруулсан бөгөөд 2020 оны 11 сарын 25 өдөр Нүүр ам судлалын сургууль, мэргэжлийн зөвлөлийн гишүүд, хувийн хэвшлийн энэлгүүдийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн хурлаар, 2020 оны 11 сарын 27 өдөр АШУҮИС, Нүүр Ам Судлалын сургуулийн Эрдмийн зөвлөлөөр тус тус хэлэлцэгдэж давхардсан тоогоор Нүүр Ам Судлалын салбарын 20 гаран эрдэмтэн докторууд, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд гар бие оролцсоноороо манай улсын шүдний эмнэлгийн өнөөгийн орчинд хэрэгжиж болох практик удирдамж боллоо. Уг удирдамжийг боловсруулах явцад Япон, АНУ, БНСУ зэрэг дэлхийн тэрүүлэх улс орнуудын COVID-19 үед баримталж буй зарчим, удирдамжуудыг харьцуулан судлаж өөрийн орны нөхцөл байдалд тохирох зүйл заалтуудыг сонгон авсан байна.

Тус удирдамж нь одоогоор ЭМЯ-нд өргөн баригдаж Эмнэлгийн тусламжийн удирдах газар болон яамны харьяа байгууллагуудаар хянагдаж батлагдах шатандаа явж байна. Энэ процедур нь тодорхой хугацаа шаардаж магадгүй тул ЭМЯ, Нүүр амны мэргэжлийн зөвлөлийн үүднээс шүдний эмнэлгүүдэд зориулан зарим асуултуудад хариу өгөх зөвлөмжийг хүргүүлж байна.

 

COVID-19 цар тахлын бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед шүдний эмнэлэгт ямар хамгаалах хувцас хэрэгсэл хэрэглэх вэ?

Энэ асуудал дээр Япон, БНСУ, АНУ зэрэг дэлхийн тэргүүлэх улс орнуудыг харьцуулан судлаж үзэхэд тухайн улс орнуудад халдварын эрсдэл өндөр байгаа ч өвчтөн, үйлчлүүлэгч болгон дээр нэг удаагийн хувцас хэрэгсэл, тэр тусмаа тахлын хувцас өмсөж байгаа тохиолдол байхгүй байна. Иймд бид дараах тохиолдлуудад ямар ямар хувцас хэрэгсэл өмсөж болохыг хүснэгтлэн үзүүллээ.

COVID-19 цар тахлын үед халдвар хамгааллын ямар дэглэм баримтлах вэ?

Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед ч бид ЭМ сайдын 537-р тушаалд заасны дагуу суурь халдвар хамгааллын дэглэмээ баримтлана. Үүнд нэмэлтээр зарим зүйлсийг зааж өгсөн бөгөөд

8.1 Халдваргүйжүүлэлт хийхдээ хувийн хамгаалах хэрэгсэл (Ус нэвтэрдэггүй бээлий, нэг удаагийн маск , нэг удаагийн урт ханцуйтай халат юмуу дахин ариутгах боломжтой даавуун халат, ус нэвтэрдэггүй хормогч, нүдний шил) хэрэглэнэ

8.2 Үйлчлүүлэгчийн үзлэгийн өрөөнд орсон зам дагуух хаалганы бариул, хүлээлгийн сандал, ресепшны ширээ, эмчилгээний өрөөний сандал зэрэг орчны бүх гадаргууг журмын дагуу халдваргүйжүүлнэ.

8.3 Халдваргүйжүүлэгч бодисыг шүршихгүйгээр нэг удаагийн алчуур эсвэл цэвэр алчууранд шингээх, эсвэл нэг удаа хэрэглэхэд зориулан бэлтгэсэн цаасан бэлдэцэнд шингээн хэрэглэнэ

8.4 Нэг удаагийн зориулалттай салфетька ашиглаж байгаа тохиолдолд коронавирусын эсрэг үр дүнтэй эсэхийг эхлээд нягталж зааврыг унших хэрэгтэй

8.5 Орчны халдваргүйжүүлэлтийн өмнө болон дараа өрөөний агаар сэлгэлт хийнэ.

8.6 Сэжигтэй ба батлагдсан тохиолдолд эмчилгээ хийсний дараа үзлэгийн өрөө ба эмнэлгийн орчинд ЭМ сайдын халдвар хамгааллын 537-р тушаалд заасны дагуу цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийсний дараа халдваргүйжүүлэлт ариутгалын тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага дуудаж орчны халдваргүйжүүлэлт хийлгэж тэмдэглэл хөтлөнө

 

Үйлчлүүлэгчийг хүлээн авахдаа ямар зарчим баримтлах вэ?

Үйлчлүүлэгчтэй аль болох алс зайнаас харьцаж утас юмуу мессенжерээр цаг олгох бөгөөд цаг олгохдоо тухайн хүнийг халдварын эрсдэлтэй эсэхийг тодруулна. Утас болон мессенжер чат ашиглан лавлахад үйлчлүүлэгчид коронавируст (COVID-19) халдварын дээрх шинж тэмдэг илэрсэн бол, халдвартай нь батлагдсан тохиолдолтой ойрын хавьталд орсон зэрэг мэдээллээ үнэн зөв өгсөн бол шүдний эмчилгээний захиалгат цагийг өөрчилж, шаардлагатай мэдээ, мэдээллийг утсаар болон мессенжер чатаар алс зайнаас өгч коронавируст (COVID-19) халдварын сайн дурын шинжилгээнд хамрагдаж коронавируст (COVID-19) халдвар сөрөг гэсэн баталгаа гаргуулж ирэхийг зөвлөнө.

 

Эмнэлгийн хувьд ямар бэлтгэлтэй байх ёстой вэ?

Коронавируст (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх ерөнхий удирдамжид нийцүүлэн байгууллага бүр өөрийн нөхцөл байдалд нийцүүлсэн дотоод журмыг гаргаж болно. Ерөнхий удирдамж нь жижиг түвшний ч, хөдөө орон нутгийн ч аль ч эмнэлэг ашиглаж болохоор ерөнхий утгаар хийгдсэн тул хэрэв тухайн эмнэлгийн нөхцөл байдалд илүү өндөр халдвар хамгаалал баримтлах шаардлагатай бол үүнийг дотоод журмаар зааж өгч боловсруулж болно. Эмнэлэгийн эмч, ажиллагсдад Коронавируст (COVID-19) халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, гарын эрүүл ахуй, хамгаалалтын хувцас хэрэгсэл бэлдэх, өмсөх, устгах дүрмийн талаар сургалт явуулах,  нөхцөл байдал бүрт тохирсон хувийн хамгаалах хэрэгслийг зөв сонгох, хэрэглэх хугацаа, өмсөхөд анхаарах зүйлс, мөн хамгаалах хэрэгслийг өмсөх, тайлах үед халдвар авахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах хэрэгслийг зохих  ёсоор нь ариутгах, устгах асуудлуудыг багтаасан дотоод сургалт зохион байгуулна. Халдвараас урьдчилан сэргийлэх удирдамж, дотоод журмын хэрэгжилтийг тогтмол шалгана (гарын эрүүл ахуй, орчны халдваргүйжүүлэлт, хамгаалах хувцас хэрэгслийн ашиглалт, үзлэгийн өрөөний тоног төхөөрөмжийн халдваргүйжүүлэлт, ариутгал, орчны цэвэрлэгээ гэх мэт) Эмнэлэгийн дотоод хяналтын багийн ажилтан эмч, ажиллагсдад коронавируст (COVID-19) халдварын хяналт тавьж, тухай бүрт шаардлагатай арга хэмжээг авна

  • -Хэрэв ажиллах явцдаа халуурах, амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрвэл халдвар хамгааллын ажилтан эмнэлгийн удирдлагад нэн даруй мэдэгдэж, шаардлагатай мэдээ, мэдээллийг өгсөнөөр коронавируст (COVID-19) халдварын сайн дурын шинжилгээнд хамрагдаж коронавируст (COVID-19) халдвар сөрөг гэсэн баталгаа гаргуулж ирэхийг зөвлөх
  • - Эмнэлэгийн эмч, ажиллагсадын биеийн халууныг өглөө, өдөр тогтмол шалгаж байх

 

Эмнэлгийн дотоод орчинд ямар дэглэм баримтлах вэ?

Эмнэлгийн дотоод орчинд эмч эмнэлгийн мэржгэжилтнүүд ойроос харьцахаас болгоомжилж, нэг газар бөөгнөрөхгүй, хүн хоорондын зай авна. Эмнэлэг дотор байнга маск зүүнэ. Гарын эрүүл ахуйг дээд зэргээр сахина. Үйлчлүүлэгч хооронд 1 метрээс дээш хол зай барина.

 

Хүлээгийн өрөөнд ямар дэглэм баримтлах вэ?

Хүлээгийн өрөөний үүдэнд үйлчлүүлэгчийг орж ирэхэд биеийн халуун үзээд, гарыг халдваргүйжүүлсэний дараа коронавируст (COVID-19) халдварын асуумжийн хуудас бөглүүлнэ. Хүлээлгийн өрөөнд үйлчлүүлэгчийг маскаа авахгүй байхыг, эмнэлгийн ажилтантай заавал масктай байж харьцахыг анхааруулна. Хүлээлгийн өрөөнд хүн хоорондын зай авна, хүний гар хүрч болзошгүй таницуулга брошур тоглоом зэргийг авна. Хүлээгийн өрөөнд үйлчлүүлэгчийг угтан авах ажилтан нь журмын дагуу хамгаалах хувцас хэрэгсэл өмсөж зүүсэн байна. Үүнд: Дахин ариутгаж өмсөх боломжтой даавуун халат, маск, нүүрний хамгаалалт, үзлэгийн бээлий

 

Үзлэгийн явцад ямар дэглэм баримтлах вэ?

Үзлэгийн өрөөнд үйлчлүүлэгчид эмчилгээ хийх явцад баримтлах дэглэмийг ЭНГИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ, БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ гэж гурав ангилсан байгаа. Үзлэгийн өрөөнд баримтлах суурь зарчим ЭМ сайдын тушаалуудад батлагдсан байдлаар. Нэмэлтээр орсон зүйлсээс дурдвал:

Үзлэг эмчилгээ эхлэхээс өмнө ямар эмчилгээ хийхээсээ хамааран эмчилгээний төрөлд тохируулан хувийн хамгаалах хэрэгслийг сонгож өмсөх, Эмчилгээний өмнө үйлчлүүлэгчийг үзлэгийн сандал дээр суусны дараа зориулалтын халдваргүйжүүлэх уусмалаар амыг 1 минутаас багагүй хугацаанд зайлуулна, Түргэн болон удаан эргэлтийн өрмийн бариул, хэт авиан чулуу авагч ашиглахдаа цацах усны хэмжээг зүй зохист хэмжээнд тохируулж эмчилгээний өмнө болон эмчилгээний явцад ойр ойрхон шалгаж аерозоль аль болох бага үүсгэхэд анхаарах хэрэгтэй, Үйлчлүүлэгч бүрт өрмийн бариулыг ариутгаж сольж хэрэглэнэ, Эмчилгээ болгоны дараа шүлс соруулах хоолойг халдваргүйжүүлэх уусмалаар 2-3 мин хугацаанд тогтмол соруулж халдваргүйжүүлнэ, Орчны агаарт аэрозоль манацар үүсгэх эмчилгээний үйлдлийн дараа өрөө тасалгааны агаар сэлгэлт хийсний дараа, 537-р тушаалын дагуу цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийнэ, Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийснээс 15 мин дараа дараагийн үйлчлүүлэгчийг оруулна

СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ, БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ-д эмчилгээ хийсний дараа тусламж үзүүлсэн эмч, эмчийн туслах мэргэжилтнүүд тусламж үзүүлсэний дараа байгууллагын дотоод хяналтын ажилтан эсвэл байгууллагын удирдлага шаардлагатай мэдээллээр ханган, коронавируст (COVID-19) халдварын сайн дурын шинжилгээнд хамруулна

Сэжигтэй ба батлагдсан тохиолдолд эмчилгээ хийсний дараа үзлэгийн өрөө ба эмнэлгийн орчинд ЭМ сайдын халдвар хамгааллын 537-р тушаалд заасны дагуу цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийсний дараа халдваргүйжүүлэлт ариутгалын тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага дуудаж орчны халдваргүйжүүлэлт хийлгэж тэмдэглэл хөтлөнө. Энэ үед мананцар халдваргүйжүүлэлтийг ашиглаж болно.

 

Мананцар үүсгэх халдваргүйжүүлэлтийн тухайд

Япон улсын удирдамжаас харахад мананцар үүсгэн халдваргүйжүүлэх ажилбарыг шинжлэх ухааны хангалттай хэмжээний нотолгоо байхгүй учир ашиглахыг зөвлөхгүй гэсэн байна. мөн хэрэглэж байгаа бодис нь хүний амьсгалын эрхтэн болон нүдний салст, арьсанд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэсэн учир, нөгөө талаас төхөөрөмж болон бодисын олдоц бүх эмнэлгийг хангах хэмжээнд зах зээлд байхгүй байгаа тул удирдамжид тусгайлан зааж өгөөгүй болно.

 

Маскны тухайд

Эмнэлгийн зориулалтын нэг удаагийн маск болон N95 шүүлтүүртэй маскыг зааж өгсөн байгаа. N95-н хувьд зөвхөн сэжигтэй болон батлагдсан тохиолдолд эмчилгээ хийхэд ашиглана.

 

Хамгаалах хувцас хэрэгсэлийн өмсөх болон тайлах зааварчилгаа, ашиглах хугацааг удирдамжид зааж өгсөн бөгөөд түүнийг ягштал баримтлахыг хүсье.

 

ЖИЧ: Энэ мэдээлэл нь зөвхөн эмнэлгийн байгууллагуудад мэдээлэл өгөх зорилгоор нийтэлж буй мэдээлэл бөгөөд удирдамж биш тул удирдамжийн тодорхой хэсгүүдийг л тусгасан тул та бүхэн бэлэн болсон удирдамжаас дэлгэрэнгүй зааварчилгааг авна уу. 

 

Бусад мэдээ

"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал болно
"Becoming a Dentist" VIRTUAL SPEAKER SERIES II цуврал Нүүр ам судлалын мэргэжилтнүүд, оюутнуудад зориулсан цахим арга хэмжээ 2021.01.29-2021.02.01 болно
Уржигдар 14 цаг 39 минутад
Япон монгол эрдэмтдийн КОВИД-19 форум боллоо
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгууллаа. Тус форумын нээлтийг ЭМ сайд Т.Мөнхсайхан хийх байсан ч яаралтай хурал гарсан тул ЭМ сайдын зөвлөх профессор О.Чимэдсүрэн багш форумыг нээж үг хэллээ.
2021-01-18 15:15
КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форум болно
Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Японы Тохоку Их Сургууль, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль хамтран КОВИД-19 цар тахлын үед Нүүр ам судлалын салбарт баримтлах дэглэм, хариу арга хэмжээний чиглэлээр Япон ба Монголын эрдэмтэдийн туршлага солилцох форумыг 2021 оны 1-р сарын 12 өдөр зохион байгуулах гэж байна. Тус форумын үйл ажиллагаанд Япон талаас КОВИД-19 хариу арга хэмжээний чиглэлээр Ази номхон далайн бүсийн орнуудад зөвлөх чиглэлээр ажилладаг олон улсад нэр хүнд бүхий профессорууд урилгаар оролцоно
2021-01-05 12:16