Миний ажлын арга барил: Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн орлогч дарга Б. Өнөрбилэг "Халдвар хамгаалал гэдэг ёс зүйн дээд эрэмбэ"

НАС-ын салбарт өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулаад явж буй олон эмч, багш, мэргэжилтнүүд бий. Энэ удаагийн дугаарт бид тэдгээрийн нэг болох Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв-ийн орлогч дарга Б. Өнөрбилэгийг урилаа. Тэрээр ном их уншидгаараа алдартай бөгөөд орлогч дарга болсноосоо хойш удирдлагын баг, хамт олонтойгоо хамтран 27 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.

 


Өөрийн ажил амьдралын түүхээс хуваалцаач?

Ухаан орсон цагаасаа л эмнэлгийн орчинд өсөж торнисон. Тэр утгаараа багаасаа энэ мэргэжилийг сонгож орно гэсэн хүсэл мөрөөдөлтэйгөөр 1999 онд нийслэлийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийг төгсөж шалгалт өгөөд ЭМШУИС-ийн НАС-ын сургуульд элсэж орсон.  Их инээдтэй юм болсон. 1999 оны 6-р сарын сүүлээр ЭЕШ болоод оноогоо ч харалгүй өөртөө итгэлтэй хүн олон улсын Химийн Олимпиадад орохоор Орос Улсын Якут руу явчихсан. Намайг ЭЕШ өгөх үед шүдний эмчийн анги дээр хоёрхон оюутны хувиар байсан. 10 хоноод иртэл хувиар сонгогдсон, бүх зүйл дуусчихсан байсан. Тэгэхээр нь Боловсролын яамны сайдаас, олон улсын олимпиадад Улсаа төлөөлж амжилттай оролцсон гэсэн бичиг аваад Ц. Лхагвасүрэн захирал дээр ороод зөвшөөрөл аваад А. Гүрбадам багштай уулзаж байж шүдний ангид орсон. Миний хувьд энэ мэргэжил маш их үнэ цэнэтэй. 

ЭМШУИС-ийн НАСС-ийг 2004 онд төгсөхдөө аль чиглэлээр цааш явахаа урьдчилаад тооцоолчихсон байсан. Сонголтонд минь хамгийн их нөлөөлсөн хүн бол ангийн багш болох АУ-ны доктор, профессор Л. Мөнгөнцэцэг багш, мөн Н. Пүрэвжав багш нар маань. Нийгмийн идэвхи сайн, багш нартайгаа их ойр байсан болохоор Шүд Эрүү Нүүрний Эмгэг Судлалын Төв-д тасгийн эрхлэгчээр орсон. Тухайн үед Амны Хөндийн Үндэсний Хөтөлбөр дөнгөж батлагдаж байсан болохоор би энэ хөтөлбөрийн анхны урьдчилан сэргийлэлт болон хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн болж орсон. Тэр үед захирлаар Н. Пүрэвжав багш маань ажиллаж байсан. Энэ хүн миний амьдрал, мэргэжилд нөлөөлсөн нөлөө маш их. Ингэж ажил, амьдралын гараа минь эхэлсэн. Хүүхдийн эмч, урьдчилан сэргийлэх тасгийн эмч, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнгээр 2009 оныг дуустал ажилласан. Тэгээд ер нь цаашаа клиникээр явж, гартаа оруулах нь зөв юм байна гэж үзээд 2010 онд гэр бүлийн хүнтэйгээ хамтарч, барууны шүдний эмнэлэгийн стандарт буюу 6 гарын ажилбартай ажилладаг өндөр зэрэглэлийн эмнэлэг байгуулсан. 

Маш их хичээж, шаргуу ажилладаг байлаа. Тэгтэл харамсалтай зүйл болсон. 2013 онд өвдөөд, хэвтэрт орсон, бараг л үхэх дөхсөн. Монголд хагалгаа хийх боломжгүй гэж оношлогдсон. Тэгээд тухайн үед Тайваньд докторантад суралцаж байсан ангийн маань анд, одоо Шүдний Холбооны Гүйцэтгэх Захирал, АУ-ны магистр Т. Учралтай ярилцаад Тайван руу очиж дөрвөн удаа хагалгаанд орсон. 2014 оны эхээр хагалгаа маань дуусаад 5 сард ирсэн бөгөөд хараа өөрчлөгдсөн гэсэн шалтгааны улмаас ажиллах боломжгүй болсон. Гэтэл 2015 оны дундуур гэртээ хүүхдээ харсхийгээд сууж байтал Б. Амарсайхан багш залгаад “Л. Хэнтий багш нь шүдний төвийн захирал болсон. Чи орлогчоор очиж ажилла” гэж урам зориг өгсөн. Багштайгаа уулзаад хүн үзэхгүй, удирдлагын менежментийн ажил хийх юм байна гэж ойлголцоод одоог хүртэл шүдний төвийн орлогч даргаар ажиллаж байна. 

Хэрвээ би шүдний анги төгсөөгүй бол үхэх эсвэл тахир дутуу болох байсан. Энэ мэргэжилийг эзэмшсэн учраас эрүүл саруул явж байна гэж боддог. Алтан аяганаас ус уусан гэж манай найз намайг шоглодог. Үнэхээр ч тийм. Зөвхөн би өөрөө энэ хэцүү үеийг даван туулсан биш гэр бүл, ах дүү, хамаатан садан, найз нөхөд бүгд санаа зовж, надад тусалсан. Амьдрал чинь угаасаа тийм гинжин хэлхээ, нэг нэгнээсээ хамаарсан, мөч болгон нэг нэгэнтэйгээ холбоотой мэт санагддаг. Гэнэт таслагдаад шинээр амьдрал эхэлдэггүй. Өглөө болгон дараагийн өдрийн өглөөг холбодог. 10 жилийн болон багын найзууд, мөн хамгийн их тус болж хандив өргөсөн хүмүүс бол дандаа Нүүр Ам Судлаач Нийгэмлэгийн нөхөд, багш нар байсан. Тэр байтугай Т. Учрал маань Тайваньд байхдаа хагалгаа хийх эмчийг олох гэж 10 эмнэлгийн 20-иод эмчтэй уулзсан байсан. Би энэ шүдний ангид орж энэ хүмүүстэй учраагүй, сайн найзуудтай болоогүй бол магадгүй одоо тэргэнцэр дээр байж байх байсан. Тэгэхлээр намайг тойрон хүрээлж өдий болгосон энэ бүх мэргэжлийн хамт олон, ангийн найз нөхөд, нүүр ам судлаач оюутны нийгэмлэгийхэн, гэр бүлийнхэндээ гүн талархал илэрхийлж байна.

Ажил амьдралын минь хамгийн сайхан үе гэвэл 2000 онд Нүүр Ам Судлаач Оюутны Нийгэмлэгийг хэсэг оюутнуудтай хамтран 2-р курсдээ байгуулсан. Багш нар ч сайн дэмжиж нэг дуугаар өлгийдөж авсан. Тэгээд энэ нийгэмлэгт байхдаа бусдын өмнөөс хариуцлага хүлээх, нийгэмтэй харьцах, өөрийгөө илэрхийлэх тал дээр сайжирч эмч хүнд эрдэм шинжилгээ, судалгаа чухал гэдгийг ойлгож суралцсан. Хамгийн сайхан нь нэг насны найзуудыгаа олсон. 12 залуу бүгд нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүд байсан. Бид нийлж ажлыг яралзуулдаг байлаа. Өнөөдөр бүгд манлайлагч болоод хувийн эмнэлэг байгуулаад, зарим нь багшлаад салбараа яг л өнгөлөөд явж байна даа. 

Их мэрийдэг байж. Гадагшаа явахдаа доод тал нь 6 кг дээд тал нь 12 кг жин хаядаг байсан. Анх 2011 онд имплантийн чиглээр суралцахаар Солонгос улсруу хоёр удаа явсан. 2012 онд ХБНГУ-руу явсан. Улмаар ирэнгүүтээ Тайван явж байсан. Сүүлд Солонгос болон Хятадруу явж суралцсан гээд нийт 8 улсын 30-аад эмнэлэг дээр дадлага хийсэн байна. 

Гэр бүл маань маш сайн дэмжиж заавал явах ёстой, нүдээ нээх ёстой, суралцах ёстой гэж шаардлага тавьдаг байлаа. Гадагшаа явах болгонд өөрийн мөнгөөр явдаг, тэгээд яах вэ, 1 доллар төлсөн тэрийгээ 3 доллар болгох зорилготой хоролхож, шаралхаж хичээнгүйлдэг байсан. Бүгд мэднэ дээ. Тэрнийхээ үрээр маш олон гадаадын сайн багш, найз нөхөд, танилуудтай болсон. 

Клиникийн хувьд эхнэрээрээ дамжуулж Финлянд багш Салло Салмонкович, бусад Тайвань багш нараас их зүйл суралцсан. Эдгээр хүмүүсийг би өөрийнхөө бурхан гэж боддог. Нөгөө талаас эмч хүн ямар байх ёстойг ах эгч хоёроосоо үлгэрлэсэн, удирдахуйн ухаан, арга барилыг Н. Пүрэвжав багш маань бий болгосон. Суурийг нь тавьж өгөн намайг зөв зүгт хөтөлсөн, судалгаа шинжилгээний ажилд дуртай болгосон. Л. Мөнгөнцэцэг багштай ойр байсны тусламжтайгаар Шүдний төвд ажиллаж эхэлсэн, Бусдын сайн сайхны төлөө зүтгэх, өөрийгөө золиослох гэдэг зан чанарыг Б. Амарсайхан багшаас харж өөртөө тусгаж авсан, сайн мэргэжилтэн байхад уйгагүй унших ёстой гэдгийг Н. Оюун багшаас ойлгосон. Эр хүн байж, хэлсэн ярьсандаа эзэн болох, гаргасан шийдвэртээ иртгэлтэй, жинхэнэ эмч хүн ямар байх ёстой гэдгийг Л. Хэнтий багшаасаа суралцсаар байна. Туулсан амьдрал хичээл зүтгэл нь гайхалтай хүн. Намайг дандаа хайр ивээл, ерөөлөөр дүүрэн хүмүүс тойрдог. Эдгээр хүмүүсээс маш их инерги, мэдлэг, мэдээлэл авсан үргэлж талархаж баярлаж явдаг. 

Ажлын арга барил, баримталдаг зарчим?

Би удам угсааныхаа гуравдах үеийн эмч. Тэгээд бага байхаас үзэл бодолд минь сууж, хүмүүжилд нөлөөлсөн нэг зүйл байдаг нь “Хийж буй ажлаа гүн ухамсарлах ёстой” гэдэг үг. Энэ нь Dental Group-ийг үүсгэн байгуулагч Сала Саланкович багшийн тодорхойлсноор хийж буй ажлаа ухамсрын түвшинд биш итгэл үнэмшил, шашны түвшинд хийх ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл аливаа нэг зүйлийг аргалаад өнгөрөөлгүй тухайн ажлын ач холбогдол цар хүрээ, дараа нь гарах үр дагавар ямар байх вэ гэдгийг тооцоолж хийх ёстой. Ийм нэг зарчим баримталдаг.

Н.Оюун багшийн хэлсэн гоё үг бий. “Ухамсар оюун бодолдоо битгий захирагд яагаад гэвэл оюун бодол, тархи глюкозоос хамаарна”. Хүн амьтнаас ялгаатай нь сэтгэл зүрх, итгэл үнэмшил гэж байдаг. Хамгийн сүүлд үхдэг. Тэр итгэл үнэмшилийн түвшинд мэдлэг, хандлага, дадлага гурвыг гаргах ёстой. Тэр утгаараа би олон зүйлийг мэдээд оромдох гэдэггүй, нэг зүйлийг тултал нь хийж олон талаас нь бодож, олон зүйл шингээж гарах үр дүнгээ тооцоолдог. Ер нь эмч мэргэжлийг сонгохдоо хувь хүн өөрөөсөө золиос гаргах шаардлагатай гэж боддог. Яагаад гэвэл эмч мэргэжил гэдэг хүнлэг, хүний төлөө амьдардаг, асар их ухамсартай сонголт. Би бусдын төлөө хариуцлага үүрнэ гэж бодож ордог мэргэжил шүү дээ. Эргэн тойронд маань эмч нар олон байсан болохоор үүнийг сайн ойлгосон байж магадгүй. 

Ажлын өдрүүд хэрхэн өнгөрдөг вэ?

Клиник дээр суудаг байхад нэг л хэвийн өнгөрдөг байлаа. Ядартлаа ажиллана, орой нь мэдэхгүй байсан зүйлээ тэмдэглэнэ. Гэр бүлийн маань хүн шүдний эмч. Тэгээд хоёулаа номоо хараад л, байнга ярилцдаг байсан. 

Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвд ороод удирдах ажил хийж байхад ажлын өдрүүд янз бүр өнгөрнө. Нийтлэг гэвэл өглөө эхнэр хүүхдээ хүргэж өгнө. Ажил дээрээ ирээд гомдол санал шийдвэрлэнэ. Уурлаж, бухимдсан, сэтгэл таагүй хүмүүс байвал уулзаж тайлбарлана. Заримдаа нүүрлүүгээ нулимуулна, есөн шидийн л юм болдог. Тасгийн эрхлэгч болон удирдах зөвлөлийнхэнтэй тулгамдсан асуудлын талаар ярилцана. Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Хотын Захиргаа, Эрүүл Мэндийн Яам, Шүдний Холбоо зэрэгт цаг гаргана. Гадаад харилцаа буюу Олон Улсын Зээл Тусламж, Хөтөлбөр, төслүүд дээрээ очиж ажиллана. Заримдаа судалгаа шинжилгээн дээрээ сууна. Эмч нартаа хичээл заана. Эмч нар хичээл орж байгаа бол орж сууж харна. Замбараагүй мэт боловч дандаа төлөвлөгдсөн ажлууд байдаг. Тийм онцлогтой л ажилладаг даа. Сүүлийн 4 жилд Л. Хэнтий багшийн  удирдлагын баг хамт олон маань нийт 27 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эмнэлэгт төвлөрүүлжээ. 

Энэ олон ажлыг хэрхэн амжуулж байна вэ?

Ерөөсөө л өөрийгөө болон гэр бүлээ золиосолж байгаа юм. Н.Оюун багшийн гоё үг байдаг. “Чи хэрвээ тухайн үед авч байгаа цалин, хангамжиндаа тохируулж ажиллаж байвал чи зүгээр л өөрийгөө алж байгаа шүү” гэж. Хангамж, цалин маань их биш ч хийж буй ажилдаа сэтгэл гаргадаг. 

Би өөрөө тийм ч цэгцтэй хүн биш. Тэгэж ч ажиллахыг боддоггүй. Ерөнхий цаг тохирсон уулзалт, ажлуудаа амжуулна, гэхдээ хажуугаар нь гэнэт ажлууд цохиж орж ирэх нь олонтаа. Тэр утгаараа ямар нэг ажлыг цаг удааж сунжруулалгүй, шууд тэр дор нь шийддэг. 

Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж, юунаас стрессээ тайлж байна вэ?

Найзуудтайгаа уулзаж юм ярьж суудаг. Нийгэм, эдийн засгийн тухай юу л ярьдаг тэрийг л ярилцаж суудаг. Мөн киноны асар хоббитой. Өдөрт заавал нэг кино үзэж байж унтдаг. Эхнэр, хүүхэд маань орой 10 цаг гээд унтана, тэгээд шөнийн 12, 1 цаг хүртэл уншдаг, Номнуудаа дандаа 00-д сууж уншдаг. Яагаад гэвэл 00-д ном уншиж байгаа хүн бүрэн тусгаарлагддаг, хэн ч садаа болохгүй. Тэгээд гарч ирээд кино үздэг, бүх төрөл жанраар нь үздэг. Энэ маань бүр дадал болчихсон. 
Гэхдээ нас дагаад тэгэж байна уу, сүүлийн үед зав л гарвал эхнэр хүүхэддээ цаг заваа зарцуулж байгаа. Гэр бүлээрээ хамт байж, цагийг өнгөрөөх, салхинд гарах, аялалд явах нь сайхан санагддаг. 

Таны авч байсан хамгийн сайн зөвлөгөө юу вэ?

Яг зөвлөгөө гэхээр биш ч Louis Brandeis гээд шүүгч хүний хэлсэн үг бий: “Эрх чөлөө, сайн сайханд учрах хамгийн том аюул бол юу ч мэдэхгүй мөртлөө сайхан сэтгэл агуулсан хүмүүсийн цаана оршдог”. Энэ бол эмч хүмүүс бидэнтэй маш их холбоотой үг шиг санагддаг. Муу, муухай санаатай эмч эмнэлгийн ажилтан гэж байдаггүй. Бүгд л тусалчих юмсан, эмчилчих юмсан гэсэн бодолтой байдаг. Гэтэл тэр хүн хангалттай боловсроогүй, мэдлэг, дадал хуримтлуулж амжаагүй байгаагаас болоод өвчин тараах, хүндрүүлэх аюултай. Буруу эмчлээд, амь нас, эд эрхтэнд нь аюул учруулвал яах вэ. 

Би өөрөө бол тийм хандлагад дургүй. Эмчилгээг ч чаддаг болох гээд, гажиг ч хийх гээд, хиймэл шүд ч хийх гээд, имплант ч хийх гээд байгаа нь худлаа мэт санагддаг. Нэг салбар нь барагдахгүй байна. Маш их мэдээлэл, арга, технологиуд нэвтрээд нэг насаар үзсэн ч барагдахааргүй их байхад энэ үг л их тохирох мэт санагддаг. Эрх чөлөө,  сайн сайханд учрах хамгийн том аюул бол юу ч мэдэхгүй/дутуу мэдлэгтэй/ хүн.

Улсын эмнэлэгт ажиллахын онцлог тал нь юу вэ?

Ажиллахад хэцүү зүйлс зөндөө. Мэдээж төсөв мөнгөний хүрэлцээгүй байдал. Мөн дураараа менежмент хийж болдоггүй, асар их хууль дүрэмд захирагддаг. Тэр утгаараа манай удирдлагын баг өөрсдөө толгойгоо ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ сул тал нь манай багийн хувьд давуу тал болж эхэлсэн. Гадны төсөл, санхүүжилт хандиваар маш олон ажил хийсэн. 27 төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Өөр арга байгаагүй. Өөр нэг сайхан тал нь хувийн эмнэлэг шиг түрээс яах вэ, ажилчдын цалин яах вэ, бизнесийн зээлтэй байсан бол тэрийгээ яах вэ гэж толгойгоо гашилгахгүй, улсаас бэлэн өгчихдөг. Тэр цагийг судалгаа шинжилгээ, төсөв хөтөлбөрийг яаж наашаа татаж, оролцуулж хүнээ яаж сургах вэ гэж толгойгоо ажиллуулж өнгөрөөдөг. Манай багийн хэрэгжүүлсэн том төслүүдээс дурьдвал Гэрэлт Цамхаг төслийг ангийнхаа найз Т. Учралттай нийлээд, Л. Хэнтий багшийнхаа дэмжлэгтэйгээр хийсэн. Солонгос, Тайвань, Хятад улсуудад манай эмнэлгээс тэтгэлэгтэйгээр давхардсан тоогоор 50 гаруй хүн 1-ээс 3 сарын хугацаатай явж суралцсан байна. Герман, Швейцари, Недерланд-ийн эмч нараас бүрдсэн явуулын баг сүүлийн гурван жил ажиллаад дөрвөн аймгаар зөөврийн эд зүйлсийн тусламжтайгаар 20мянга гаруй хүүхдүүд үзэж, эрүүлжүүлсэн байна. Солонгосын хөрөнгө оруулалтаар алсын зайн оношлогооны төвтэй болсон. Мөн шүд угаалтын тэмцээнийг маш өндөр түвшинд зохион байгууллаа. Одоо Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв Эмнэлэг маш өөр болсон, бүрэн дижиталчлагдсан. Стратеги төлөвлөгөөгөө гаргачихсан маш сайн ажиллаж байгаа. 

Хүн амын дундах шүдний өвчлөл өндөр байгаад ямар байр суурьтай байдаг вэ? Хэрхэн өөрчлөх хэрэгтэй гэж боддог вэ?

Би арай өөр бодолтой. Шүдний өвчин жил ирэх тусам ихсээд байна гэж ярьдаг. Үнэндээ үгүй. Жил ирэх тусам буурч байгаа. Би Шүд Амны Хөндийн Эрүүл Мэндийн Үндэсний Хөтөлбөрт анхнаасаа байсан болохоор тоо баримтын тал дээр байнга мэдээлэлтэй байдаг. Анх насанд хүрсэн хүмүүсийн дунд шүд цоорох өвчний тархалт 86%-тай, эрчим 3.6% –тай байсан. 2011 онд хийсэн судалгаагаар 65% болж багассан. Яг 0-8 насанд маш бага бууралттай байна. Энэ бол хүүхдийн өсөлт хөгжилтэй холбоотой, эцэг эхээс хамаарч байгаа юм. 

Хүмүүс ихсээд, үзүүлэх хүн буурахгүй байна гэдгийг өөр шалтгаантай гэж бодож байна. Сүүлийн 20 жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин нэмэгдсэн. Эдийн засаг ч тодорхой хэмжээгээр сайжирсан. Тэр хэмжээгээрээ хүмүүсийн ахуйн амьдрал, эрүүл мэндийн боловсрол дээшилсэн. Өвчлөл нэмэгдээд шүдний эмнэлэгт ирээд байгаа биш, ард иргэдийн эрүүл мэндийн боловсрол сайжраад шүдний эмнэлэгт хандах хандлага ихсэж байгаа юм шүү дээ. Нөгөө талаар манай салбар өсөж хөгжөөд, эмнэлэгт шүдээ үзүүлэх ёстой гэсэн мессежийг ард түмэнд хангалттай сайн өгч байна. Энэ бол асар сайн үзүүлэлт. Ард иргэдийн боловсрол сайжирч шүдээ үзүүлэх шаардлагатай юм байна, эрт эмчлүүлэх шаардлагатай юм байна гэдэг ойлголттой болж, хүмүүс их үзүүлж манай салбар хөл дээрээ босч ирж байна. Шүдний эмчийн эрэлт хэрэгцээ өндөр болж байна. 

Одоо юун дээр тулж ажиллаж байна?

Манай эмнэлэг бүрэн онлайн болох гэж байна. Яг үүн дээр л тулж ажиллаж байна. Цаг авах, үйлчилгээ үзүүлэхэд бүрэн онлайнаар хийх боломжтой болгох тал дээр төвлөрч байна. Software хөгжүүлдэг компанитай хамтарч ажиллаж байгаа. 

Мөн манай эмнэлгээс 2020 ондоо багтаад Тайвань улсын олон улсын эмч нарын багт орж, ядуу буурай африкийн орнуудаар эмчилгээ хийж явах санаатай байна. Манай талаас нэг эмч нэг сувилагч явна гэсэн тооцоотой байгаа. Энэ талын бэлтгэл ажил маш сайн хангагдаж байна. Мөн МУИС-ийн Биологийн Тэнхимтэй хамтраад шинэ органик ам зайлах уусмал гаргах тал дээр хамтарч ажиллаж байгаа бөгөөд энэ уусмалын суурь дээр нилээн ахаарч байна. 

Хэр их уншдаг вэ? Сүүлд уншсан судалгааны өгүүлэл, ном?

Ерөөсөө л намайг тодорхойлдог зүйл бол унших. Тэрийг маань бүгд мэднэ дээ. Дотны найз нар маань “Ихмэдэгч” гэж хочилдог. Уншихгүй бол би өөрийгөө мэдэрдэггүй. Байнга уншина. Practical Infection Control In Dentistry гээд миний ширээний ном байна. Саринпай болтол нь уншсан. John Molliner, Jeniffer Hurt гэх мэт мундаг хүмүүс байдаг. Мөн John Miller-ийн Operative Dentistry гээд энэ хоёр номыг байнга хардаг. Би цаашдаа шүдний эмнэлгийн халдвар хамгаалал, бүтэц зохион байгуулалтаар мэргэшинэ гэж бодож байгаа. Одоогоор гадаад, дотоодын 7 сургалтанд энэ чиглэлээр хамрагдсан байна. 

Манай эхнэр Н. Оюун багш дээр резидентэд суралцаж байсан. 5 жил явсан. Маш их уншуулж шахдаг, асар өндөр шаардлага тавьдаг. Эхнэрээрээ дамжуулж багшаас суралцдаг байлаа. Шөнө орой хамт сууж их уншдаг байсан. Тийм хүмүүсийн ачаар дэлхийн хаана ч очсон нэр баастахгүй, аль ч эмчээс дутахгүй мэдлэгтэй байна. 
Судалгааны өгүүлэл байнга уншина. МУИС-ийн Биологийн тэнхимтэй хамтарч  ам зайлах органик уусмал хийх гэж байгаа, түүнтэйгээ холбоотой paper-ууд их харж байна. Судалгааны тал дээр тухайн үед юу шаардлагатай байна, тэрийгээ уншдаг.

Ер нь маш их унших шаардлага гарч байна. Шүдний эмнэлэг халдвар дамжуулах эрсдлийн зэргээр өндөрт ордог шүү дээ. Халдвар хамгаалал гэдэг ёс зүйн дээд эрэмбэ. Энэ тал дээр их шүүмжлэлтэй ханддаг. Шүдний эмнэлгийн халдвар хамгаалал гэхээр ариутгал гэсэн ойлголттой байдаг. Нийгэм тийм ойлголттой, хамгийн харамсалтай нь манай шүдний эмч, сувилагч нар өөрсдөө тийм ойлголттой байна. Энэ маш буруу зүйл. Эмнэлэг байгуулахад суурь зүйл нь халдвар хамгаалал байхгүй юу. Өндөр хэмжээний хариуцлага, их сул хандаад байгаа харагддаг, энэ тал дээр чадах юм байвал дуу хойлоогоо хүргье, чадах юм байвал хийе гэж бодож семинар зохиож байгаа. 

Мэргэжилийн юмнууд уншихаас гадна нийгэм, түүх сонирхож уншдаг. Сүүлд “Зөвлөлт гүрний мөхөл” гээд ном уншиж дуусгасан. Баабар, Цэнддоо, Сүхбаатар гуайн номнууд байнга уншдаг. Түүх бол хүн төрөлхтний ирээдүйгээ харах хичээл гэж ойлгодог. Нийгэм судлал чиглэл рүү бас их харна, нийгмийн байгууламж ямар байдаг, ардчилсан, коммунист, фашист нийгэм ямар байр байгууламжтай байсан, яаж хүн төрөлхтөн энэ сорилтуудыг даван туулсан талаар судалдаг, маш сонирхолтой. Эхнэртэйгээ хамт, нүдээ муудтал уншина. Уншихгүй бол байж чаддаггүй. Мэдээ, мэдээлэл өдөр тутмын сонин бүгдийг нь харна. Гадаадын сайтуудаас дэлгэрэнгүй үзнэ. Багаасаа унших дуртай. Гэрийн маань хамгийн үнэтэй хэсэг бол ахын минь бэлэглэсэн том номын шүүгээ, дүүрэн номтой. Сүүлийн үед Hospital Management нилээн харж байгаа. Машинд явж байхдаа подкаст сонсож байна. Youtube дээрээс хичээл үзнэ. Өөрөө шүүрч чадвал бүх л зүйл нээлттэй байна. Мэдээлэл гэдэг далай шиг, шанагаар, хундагаар, халбагаар, пепиткээр юугаар хутгаж авах нь өөрийн савны л хэмжээ байх. 

Залуу хүмүүст хандаж хэлэх таны зөвлөгөө?

Маш их хэлэх зүйл байна гэхдээ товчлоод хэлэхэд нэгдүгээрт өөрийгөө таних хэрэгтэй. Би яг хэн бэ? гэдгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таних хэрэгтэй. Жишээ нь: яг ямар темпраменттэй хүн юм тэрийгээ ойлгох ёстой. Ажиглаад байхад холерик темпраменттэй хүн гажиг заслын эмч болох гээд өөрийгөө зовоогоод яваад байгаа харагддаг. Тэгэх хэрэггүй. Чи ямар зан характертай, ямар төлөвшилтэй хүн гэдгээ эхлээд олох ёстой. Нүүр ам судлал олон салбарласан байна. ХНАС, гажиг засал, согог засал гэх мэт. Салбар бүр өөрийн онцлог темпрамент зан төлөв шаарддаг. Эхлээд энийгээ мэдээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт өөрөө хэр их тэвчээртэй, өөрийн төрөлхийн зан чанар, төлөвшсөн байдал ямар вэ гэдгийг ойлгох. Магадгүй эмч болоход төлөвшөөгүй, эмч болоход дэндүү хурц характертай, сонирхолгүй хүн байвал өөрийгөө ч зовоож өрөөлийг ч хорлох хэрэггүй байх гэж бодож байна. Гуравдугаарт заавал гадаад хэлтэй байх. Үгүй бол энэ их өрсөлдөөн дунд мэдээлэл сайн олж авч чадахгүй. Мэдээлэл байхгүй бол мэдлэг олж авах процесс байхгүй. Мэдлэггүй бол хандлага байгаад нэмэргүй. Мэдлэг, хандлага хоёр нийлж чадахгүй бол дадал хэрэг байхгүй. Энэ гурав байхгүй бол сайн эмч болох, энэ салбарт сайн ажиллах талаар яриад хэрэггүй.

Үүн дээр нэмээд асуухад яавал сайн эмч болох вэ? гэж өөрөө бодож байна?

 -  Ажилдаа чин сэтгэлээ зориулах, үзэж байгаа хүмүүсээ өөрийн гэр бүлийн хүн мэт бодож эмчлэх, цалин мөнгөнд дурлаж ажиллахгүй байх болов уу. Мөнгөнд дуртай байж болно. Мөнгөний төлөө ажилладаг сайн эмч нар зөндөө байна. Энэ бол муу биш мэт санагддаг. Үйлчлүүлэгчдээ дээд зэргийн үйлчилгээ үзүүлээд, сайн эмчилгээ хийгээд яагаад өндөр төлбөр авч өөрийгөө үнэлж болохгүй гэж. Ажиглаад байхад сайн эмчийг дагасан хүн сайн эмч болдог юм байна. Хөдөлмөрч байдал, хичээнгүй байдал, уйгагүй байдал, сайхан сэтгэл, амбиц өндөртэй байх бол дараагийн асуудлууд. Яг эмч болох гэж байгаа хүн сайн эмчийг дагавал сайн эмч болно. Ерөөсөө л нууц нь тэр гэж боддог. 

Манай дараа дараагийн буланд хэнийг санал болгох вэ?

Хөдөлмөрч, шинжлэх ухаанлаг, нийгмийн байгууламжын талаар цэгцтэй зөв ойлголттой, байнга шинэлэг зүйлсийг эрэлхийлдэг, манай нүүр амны гажиг заслын салбарын том төлөөлөгч АУ-ны доктор  Г. Ганжаргал багшийн ажиллах арга барилтай танилцмаар байна.
 

Бусад мэдээ

Миний ажлын арга барил: 86 настай ахмад шүдний эмч С. Цагаан "Насаараа сурлаа, Насаараа ажиллалаа"
Олон хүний хүсэлтийн дагуу булангийнхаа энэ удаагийн дугаарт 86 настай шүдний эмч С. Цагаан гуайг урилаа. Тэрбээр 2019 оны зургаан сард сүүлийн эмчилгээгээ хийсэн бөгөөд төрөл бүрийн сургалт, семинаруудад үргэлж хамрагдаж, шинийг ирэлхийлж, шинээр нээгдсэн эмчилгээ бүрийг харж уншиж явдаг мэргэжил нэгт нөхдүүд нь түүнийг андахгүй биз ээ.
2020-01-20 17:11
Миний ажлын арга барил: Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн орлогч дарга Б. Өнөрбилэг "Халдвар хамгаалал гэдэг ёс зүйн дээд эрэмбэ"
НАС-ын салбарт өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулаад явж буй олон эмч, багш, мэргэжилтнүүд бий. Энэ удаагийн дугаарт бид тэдгээрийн нэг болох Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв-ийн орлогч дарга Б. Өнөрбилэгийг урилаа. Тэрээр ном их уншидгаараа алдартай бөгөөд орлогч дарга болсноосоо хойш удирдлагын баг, хамт олонтойгоо хамтран 27 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
2020-01-13 18:52
Миний ажлын арга барил: Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч Денис Скуратов "Ямар ч ажил хийсэн бай гүйцэд, дуустал нь хий"
2020 оны эхний дугаараар бид Хавдар судлалын үндэсний төвийн толгой, хүзүүний мэс заслын тасгийн эмч С. Денис-ийг урилаа. Тэрбээр хэдий нүүр амны эмч мэргэжилээр төгссөн ч толгой хүзүү, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр нарийн мэргэшиж, одоогоор Нөхөн сэргээх мэс заслын нийгэмлэгийн гишүүн төдийгүй Монгол улсдаа энэ салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэрийг оруулж байгаа нэгэн билээ.
2020-01-06 19:11