TFT хөтөлбөр шинэчилэлтийн багийн хурал боллоо
26-Sep-2014 432 0.0 0

Өнөөдөр НАСС дээр НАСС-ийн Хөтөлбөр шинэчилэлтийн баг (TFT )-ийн тайлангийн хурал боллоо. 2013 оны 3-р сарын 23 өдөр болсон "Нүүр Ам Судлалын Сургуулийн өнөөгийн байдал хөгжүүлэх арга зам” семинарын хүрээнд НАСС-ийн сургуулийн Хөтөлбөр шинэчилэлтийн баг томилогдсон бөгөөд бүрэлдэхүүнд нь тэнхим тус бүрээс 2 багш оролцож багийг НАСС-ийн эмнэлгийн дарга М.Соёлмаа, зөвлөхөөр Ионсей их сургуулийн профессор И Чин Гук нар ажилласан билээ.

 


Тус баг нь өнгөрсөн 3 сарын хугацаанд НАСС-ийн сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөр, оюутнуудын залшгүй хийх гардан үйлдлийн жагсаалтыг судлаж, гардан үйлдлийн норматив хэрэгждэг эсэх, хэрэгжихгүй байгаа бол яагаад хэрэгжих боломжгүй байгаа талаар хэлэлцэж гадаадын ижил төстэй сургуулиудын оюутны гардан үйлдлйин нормативуудын талаар мэдээлэл цуглуулж түүнийгээ үндэслэн НАСС-ийн сургалтын орчны яг өнөөгийн нөхцөлд ямар гардан үйлдэл хийх чадвартай оюутан бэлтгэж гаргах боломжтой байгаа талаар тэнхим болгоны багш нарын санаа бодлыг тусгасан "Оюутны заавал хийх ёстой эмнэлзүйн гардан үйлдлийн нормативыг” гаргаж тус тусын тэнхмийн хурлаар хэлэлцүүллээ.

TFT-ийнхэн профессор И Чин Гукийн хамт оройн хоол идэнгээ ажлаа ярилцаж байгаа нь

Өнөөдөр тэнхим болгоны тус тусдаа боловсруулсан Эмнэлзүйн нормативаа нэгтгэж тайлан байдлаар НАСС-ийн нийт багш нарын хурлаар оруулж хэлэлцүүллээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд Ионсей Их Сургуулийн профессор Сөн Жон Ли хүрэлцэн ирж Шүдний сургуулийн сургалтын хөтөлбөрийн талаар НАСС-ийн сургуулийн багш нарт лекц уншлаа.

Багийн тайланг танилцуулсаны дараа багш нарын дунд нээлттэй хэлэлцүүлэг явагдсан бөгөөд нэгэнт Эмнэлзүйн гардан үйлдлийн норматив батлагдвал сургалтын чанарт маш том дэвшил гарна гэдэгт бүгд санал нэгтэй байлаа. Гэвч эдгээрийг хэрэгжүүлэхэд зөвхөн НАСС болон багш нараас шалтгаалахгүй маш олон хүндрэл гарах бөгөөд сургалтын орчин, материалын хангамжыг шинэ төвшинд төлөвлөж ЭМШУИС-аар шийдүүлэх талаар багш нар саналаа хэллээ. Хамгийн энгийн жишээгээр л уг Эмнэлзүйн норматив хэрэгжиж эхэлсэнээр НАСС-ийн оюутнууд жилд 250-350 ш бүрээс, 500-700 ш шахмал шүдэлбэр хийх шаардлагатай болох бөгөөд үүнд шаардагдах материал, тоног төхөөрөмжийг ЭМШУИС-аас гаргуулах болж байгаа юм. Үүний зэрэгцээ энэ хэмжээний шүд ломбодох, шүд авах гэх мэтчилэн зардал өсөх тул энэ асуудлыг ЭМШУИС-ийн удирдлагад тавьж санхүүжилтийн асуудлыг шийдүүлэх шаардлагатай гэж багш нар үзэж байна.


Шинэ тутам тулгамдаж буй нөхцөл байдал НАСС-ийн төгсөгчдийг ажлын байран дээр нь үнэлэх үнэлэмж буурч буй зэргийг шийдвэрлэхэд урьдын адил семинар давамгайлсан сургалт биш эмнэлзүйн тохиолдолд тулгууралсан сургалт шаардлагатай байна гэдэг дээр бүх багш нар санал нэгтэй байлаа.
Гэсэн хэдий ч үүнийг шийдвэрлэх нь Сургалтын төлбөрийг төрөөс хязгаарладаг өнөө үед хүндрэлтэй байгаа бөгөөд оюутнуудыг сургалтын төлбөрөөс гадуур материалын зардал авдаг байх мэтчилэн олон арга зам хайж энэхүү асуудлыг шийдэх ёстой гэсэн саналууд гарч байлаа.

Энэхүү хурал нь НАСС-ийн хувьд ажил олгогчдын зүгээс тавьж буй төгсөгчдийн чадварыг дээшлүүлэх хүрээнд хийж буй сүүлийн жилүүдэд болоогүй "түүхэн” гэж хэлж болохуйц асуудал дэвшүүлсэн хурал боллоо.
Багш нарын хурлаар Хөтөлбөр шинэчилэлтийн багийн тайланг амжилттай болсоныг үнэлсэн бөгөөд цаашид энэхүү тайланг ЭМШУИС-д өргөн барих, ЭМШУИС-ийн удирдлагаар асуудлыг шийдвэрлүүлэх үүргийг НАСС-ийн захиргааны зөвлөл хүлээснээр Хөтөлбөр шинэчилэлтийн багийн ажил өндөрлөлөө.


2013 оны 6-р сарын 06 өдөр


Tag:семинар, НАСС

Бусад мэдээлэл:






avatar