Энхийн манаанд зогссон аав охин хоёр
27-Sep-2014 1462 0.0 0

Монгол Улсын гавьяат эмч, ЭМШУИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн тэнхмийн эрхлэгч, доктор профессор Н.Пүрэвжав, түүний охин тус сургуулийн Нүүр амны согог гажиг заслын тэнхимийн багш, анагаах ухааны доктор П.Жавхлан нарыг "Удам залгамж” буландаа урьж, ярилцлаа. 


-Шүд, нүүрний эмгэг судлалын төв ч өдөр бүр ачаалалтай ажиллах юм аа. Та өдөрт хэчнээн хүн хүлээн авч үздэг вэ?
-Манай эмнэлэг 30 гаруй эмчтэй, өдөрт 300-400 гаруй хүн үйлчлүүлдэг болохоор ачаалал ихтэй ажилладаг. Улаанбаатар хотод шүдний эмнэлэг цөөнгүй байдаг ч манайхыг зорьж ирдэг хүн олон. Нэг эмнэлэг ингэж ачаалалтай ажиллах нь эрүүл мэндийн салбарын менежментийн буруу бодлоготой холбоотой. Хувийн эмнэлэг иргэдэд төлбөртэй үйлчилгээ явуулна, улсын эмнэлэг үнэ төлбөргүй, даатгалаар үйлчилнэ гэсэн заалт бий. Монголчууд үнэгүй юманд нугасгүй гэж ярьдаг даа. Тиймээс хүмүүс үнэгүй үйлчилгээ рүү хошуурч, эмчлүүлэхээр ирж байна шүү дээ. 


-Та Монголын анхны шүдний хувийн эмнэлгийг байгуулсан шүү дээ. Эмнэлэг байгуулах санаа хэрхэн төрсөн бэ ?
-1990 онд ОХУ-д докторын зэрэг хамгаалаад иртэл Монгол зах зээлд шилжиж, олон хүн ажилгүй болж, гудамжинд гарсан байлаа. Орост байхдаа Горбачёвын өрнүүлсэн өөрчл өн байгуулалтыг нүдээрээ харж, тэр тухай уншиж судалсан. Тэр үед би 38 настай байж. Монголын залуус ардчиллыг дэмжиж эхлэхэд би нэгдсэн. Гэхдээ улс төрийн байр сууринаас бус, эзэмшсэн мэргэжилдээ тулгуурлаж, ажил, үйл хэргээрээ дэмжсэн юм шүү. Тэр үед надад Монгол Улсад хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбар байгуулж, ажиллах нь зүйтэй гэж мэргэжил нэгтэй найз нөхөд маань зөвлөсөн. Тэд "Бүх үйл ажиллагаа төрийн нуруун дээр явдаг социалист системийг халж, олон нийтийн байгууллагын нуруун дээр төрийн зарим үйлчилгээг явуулах хэрэгтэй. Та өөрийнхөө үйл ажиллагааг үүн рүү чиглүүлээч” гэсэн. Тухайн үед ардчиллыг дэмжсэн хүн ажлаасаа шууд халагддаг байлаа. 1992 онд ажлаасаа халагдсаны дараа шавь нартайгаа хамтарч, хувийн эмнэлэг байгуулсан.
Монголын эмч нарын нийгэмлэгээс тусдаа буурь засаж, шүдний техникч, эмч, эрүүл ахуйг мэргэжилтнүүдийг нэгтгэсэн олон нийтийн байгууллагатай болъё гэж шийдэн, багш нартайгаа зөвлөлдсөний эцэст Монголын шүдний мэргэжилтний холбоо байгуулав. Шүдний эмнэлэг байгуулсан миний түүх их сонирхолтой. Тэр үед бэлэн мөнгө өнөөгийнх шиг байсангүй. "Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар бид хоёр орос цэргийн ангид хэдэн шил архи, хивстэй очоод л би шүдний кабинетийг багажтай нь, Л.Хүрэлбаатар эмийн аптекийг нь авч байлаа. Түүнээс хойш андын маань удирдсан байгууллага шилдгээр шалгарч, Монголын эрүүл мэндийн салбарт тэргүүлж байна. Байгууллагаа зөв удирдаж өнөөгийн өндөрлөгт хүргэж чадсан найзаараа бахархдаг. Найзынхаа Төрийн шагналын найранд уригдах үедээ би энэ дурсамжаа хошигнож ярьсан шүү. 


-Таныг өвөөгийнхөө тухай ном бичиж байгаа гэж сонслоо?
-Манай өвөө 1902 онд төрсөн, Ч.Лувсандагва хэмээх оточ, маарамба хүн байсан. 1973 онд аравдугаар ангиа дүүргэх жил өвөөдөө "Би АУДС-ийн хуваарь авлаа, эмч мэргэжилтэй болно” гэж хэлэхэд "За болж дээ, миний хүү. Манайхан дотор хүмүүст тус хүргэх хүн хэрэгтэй байсан юм. Өвөө нь олонд тусалж, насны эцэст хүрлээ. Миний орыг чи одоо залгаж ав. Сургуульдаа хурдан очиж, сайн сур” гэж хэлсэн. Өвөөгийн минь энэ үг надад хэлсэн хамгийн сүүлчийн захиас байв. Өвөө минь нутгийнхаа эрдэм номтой хувилгаадтай судар солилцож, нууцаар уншина. 
Хүн, амьтны хөл хөдөлгөөн татрахаар өвөө унших судруудаа надаар үүрч дүүрүүлж авчруулдаг байв. Хааяа сониуч зан хөдөлж, өвөөгөөсөө "Таны номыг сонирхож үзье” гэж гуйхад "Миний хүү энэ номыг үзэх арай болоогүй байна. Өөрт хэрэгтэй номоо эхлээд үз. Чиний үзэж буй ном, энэ судар хоёрт нэг зүйлийн тухай өгүүлсэн байгаа. Өвөө нь судар уншсаар номын учрыг олсон. Миний хүү эрдэм сайн сурч, ном уншвал хожим учрыг нь олж, ойлгох болно. Номын буян чамд хэзээ нэгэн цагт мэдрэгдэнэ” гэж хэлдэг байв. Өвөөгийн хэлснээр би өөрийгөө одоо л номын хүчийг олж, учрыг нь ойлгосон гэж боддог. 


-Өвөөгийнхөө эрдмээс өвлөсөн үү?
 -Намайг хүүхэд байхад өвөө эмийн ургамал түүж, тан бэлддэг байв. Өдөр судар харж байгаад л Отгонтэнгэр ууланд гарч, эмийн ургамал түүхээр хэд хоног явна. Ургамлаа хатаасны дараа надаар нунтаглуулж нүдүүлнэ. Өвөөг минь зорьж, ирдэг хүн олон байсан даа. Тэр дундаа хүүхдийг анагаах эрдэмд гаргууд хүн байсан. Би өвөөгийнхөө эрдмийг өвлөж аваагүй ч эмийн ургамлаар жор найруулан, эмчилгээнд хэрхэн хэрэглэдэг байсан талаар ном бичиж байгаа. Өвөөгөөсөө эмчилгээнд хэрэг болох чухал зүйлүүдийг асууж байх минь яав даа гэж хааяа харамсдаг юм. Амьд сэрүүн байхдаа бидэнд цөөн хэдэн судар үлдээж, үлдсэнийг нь Отгонтэнгэр ууланд хүн олж мэдэхээргүй газар нуусан. Бид одоо ч олж чадаагүй. Өвөө маань хоньчин болж, хэлмэгдүүлэлтээс аврагдсан юм шүү дээ. Гандсан дээлтэй, ганц цагаан морьтой, шилбүүр бариад хонь хариулдаг байсан. Хаашаа явах, хэнтэй уулзахыг нь хүртэл байнга хянана. Тийм их дарамт дунд өвөө минь олон жил амьдарсан даа. 


-Та хүүхдүүдээ эмч болгох гэж багаас нь бэлдсэн үү?
-1992 онд хувийн эмнэлэг байгуулаад л охин, хүү хоёроо эмч болгохоор зорьсон. Тэр үед хувийн эмнэлэгт ажиллах эмч олддоггүй байлаа. Охин маань долоо, хүү тав, бага охин хоёрдугаар ангид сурдаг байсан. Зуны амралт эхлэнгүүт гурван хүүхдэдээ цагаан халаад өмсгөөд, багаж угаалгаж, цэвэрлүүлнэ. Том охиноо АУДС-ийн оюутан болоход амралтаа авсан сувилагчийн оронд цалингүй ажиллуулдаг байв. Эмчийн ажлын зовлон, жаргалыг эртнээс мэдрэг гэж ажиллуулдаг байсан нь хожим хүүхдүүдэд минь хэрэг болсон. Би ач, зээ нараа эмч болгоно гэж боддог. 

 

-Та яруу найраг сонирхож, шүлэг бичдэг болсон тухайгаа яриач? 
-Би амьдралдаа гурван удаа сэтгэл хөдөлж баярласан. 1992 онд ажлаасаа халагдчихаад ном бичлээ. Тэр үед хуушуур 100 төгрөг байв. Нэг хуушуурын үнээр нэг номоо зарна гэж бодоод "Зажилж идвэл хоол, залгиж идвэл хор” нэртэй 10 мянган ном хэвлүүллээ. Тэгсэн хүмүүс хуушуур авч идээд, номыг маань худалдаж авдаггүй ээ. Тэр ном хүн, хүний гар дамжиж явсаар хөгжмийн зохиолч, гавьяат багш Л.Галмандахад очиж л дээ. Л.Галмандах "Цахиур цухуйлаа” шүлгэнд маань ая хийж, сургуулийнхаа Д.Болорцэцэг гэдэг охиноор дуулуулсан. Тэр охин ЭМШУИС-ийн 65 жилийн хүндэтгэлийн ойн баярын концерт дээр энэ дууг дуулахад Ц.Лхагвасүрэн захирал сургуульдаа урилгаар сургах санал тавьсан. Одоо Д.Болорцэцэг эмч мэргэжлээр суралцаж байна.

 


-Та бас зээдээ зориулж "Ач минь, зээ минь” дууны шүлэг бичсэн гэл үү?
-Тийм ээ. Анхны зээгээ хараад өвөө боллоо гэж сэтгэл догдолж их баярласан. Том охин маань ээж болж, намайг өвөө болгоход сэтгэл догдолж, их баярласан. Том охиноо төрөхөд нь зээгээ ардын эмч Б.Жав, клиникийн I амаржих газрын зөвлөх эмч М.Энхтуяа нартай хамт эх барьж авсан. Зээгээ час хийтэл уйлахыг сонсоод, догдолж зогсох мөчид "Ач минь, зээ минь” дууны мөр орж ирсэн. Энэ дууг "Улаанбаатар” чуулгын гоцлол дуучин Д.Баасанжав дуулсан. Дараахан нь ээждээ зориулж "Бурхан од ижий минь” шүлэг бичсэн. Энэ шүлгэнд төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал агсан ээждээ зориулан ая хийхэд, Завхан аймгийн хөгжимт драмын театрын гавьяат жүжигчин Х.Оюунцэцэг дуулж олны хүртээл болгосон.

 

-Аав тань таныг эмч бол гэж ятгасан уу, эсвэл өөрийнхөө хүслээр мэргэжлээ сонгов уу?
-Миний хүүхэд нас эмнэлгийн орчинд өнгөрсөн. Аавынхаа ажил дээр очиход эм, эмнэлгийн үнэр танил дотно гоё санагддаг байж билээ. Аав намайг өглөө цэцэрлэгт хүргэж өгчихөөд, орой ажил дээрээ дагуулж ирнэ. Шүдний эмч мэргэжлийг сонгох эх суурь хүүхэд байхад ингэж тавигдсан даа. Би ажилдаа дуртай. Аавынхаа мэргэжлийг өвлөсөндөө баярладаг. 

 


-Эмчийн мэргэжил сайхан ч амрах завгүй ажилладаг. Хааяа шантрах тохиолдол гардаг уу?
-Би ЭМШУИС-ийг дүүргээд л мэргэжлээрээ ажилласан. Оюутны ширээний араас дөнгөж боссон надад эхэндээ туршлага дутаж, сандрах зүйл бишгүй тулгардаг байв. Тийм үед аав маань дэргэд байж, эмч хүн сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэж, ажилдаа яаж хандах талаар зөвлөдөг байлаа. Надад хүнтэй зөв харилцах соёлоос эхлээд аливаа зүйлд шинжлэх ухаанч байдлаар хандах тал дээр зааж сургасан зүйл их. Би аавынхаа ажлын арга барил, туршлагаас одоо ч суралцсаар яваа. Аав маань "Эмч хүн хүнлэг, энэрэнгүй байх ёстой. Үйлчлүүлэгчээ хүндэлж, эелдэг зөөлөн харилц. Хүний шүдийг үзэж байхдаа аман дээр нь лантуу тавьсан мэт сэтгэгдэл төрүүлж болохгүй. Гараа өд шиг хөнгөн байлгаж, хурдан, шуурхай үйлчилбэл үйлчлүүлэгчид тань таатай санагдана” гэж захидаг. Хүн үзэж байхдаа аавынхаа хэлсэн үгийг санаж, сайхан сэтгэгдэл төрүүлэх юмсан гэж хичээдэг. Эмч хүн өвчтөнөө эдгэхийг харах тэр мөч хамгийн сайхан. Тэдний "баярлалаа” гэдэг үг эрч хүч, урам өгдөг юм шүү дээ. 

 

-Өвөөгөө оточ, маарамба байсан тухай ааваасаа сонсчихоод ямар бодол төрж байв? 
-Аав маань нагац өвөг Ч.Лувсандагва, авга өвөг Б. Дарам нарыг гайхалтай эрдэм номтой хүн байсныг бидэнд сонирхуулж ярьдаг байв. Өвөө минь хошуу нутагтаа алдартай оточ, маарамба байсан гэдэг. Аюулт өвчнөөс олон хүн аварч, эдгээсэн болохоор нутгийнх нь олон ачтанаа хэмээн бодож, зургийг нь хоймортоо бурхан мэт залдаг байсан гэнэ лээ. Өвөөгийнхөө тухай анх сонсчихоод "Би алтан гартай, эрдэм номтой, сайхан сэтгэлтэй өвөөтэй байсан байна шүү дээ” гэж их бахархаж байлаа. 

 


-Сургуулиа дүүргээд аавынхаа эмнэлэгт ажилд орсон уу?
-Сургуулиа дүүргэсний дараахан нэг их том ачаа нуруунаасаа авсан мэт санагдаж билээ. Амраад удаагүй байтал аав "Миний охин одоо ажилдаа ор” гэсэн. Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв эмнэлэгт нүүр амны ерөнхий их эмчээр орж, ажил, амьдралынхаа гарааг эхэлж байлаа. 2007-2011 онд Япон улсад докторантурт суралцаж, анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.

 


-Аав тань хутагт хувилгаадын өлгий нутагт төрснөөрөө бахархдаг юм билээ?
-Завхан аймгийн Шилүүстэй сум аавын маань төрсөн нутаг. Бидэнд аав нутаг ус, ураг төрөл, ах дүүсийнхээ талаар их ярьдаг. Хүнийг хараад л аль нутгийн, ямар үндэс угсаатай болохыг аялгаар нь сайн мэднэ. Үндэснийхээ түүх соёл, ёс заншлаар их бахархдаг. ЭМШУИС-ийн сургалтын албаны декан А.Гүрбадам багштай найз. Хоёулаа бөхийн хорхойтой. Бөхчүүдээс Б.Бат-Эрдэнэ аварга, Ц.Цэрэнпунцаг гарьд, улсын харцага Ц.Дамдинтай ойр дотно нөхөрлөдөг. Жил бүр аварга, гарьдын ахалж гарсан бөхийн галаар зочилж, бөхчүүдтэй наадмын тухай сонирхолтой яриа өрнүүлдэг. Уртын дуунаас "Эр бор харцага”, "Ар хөвчийн унага” дууг дуулах дуртай. Алдарт дуучин П.Адарсүрэнгийн дууг байнга сонсоно. Амьд сэрүүн байхад нь уулзаж явсан гэдэг. Бид хүүхэд байхдаа аавынхаа нутагт очдог байв. Аав маань Отгонтэнгэр хайрхан, Очирваань уулын бэлд төрж, өвөр хормойд нь тоглож өссөн тухайгаа сонирхуулан ярьж, дагуулж очдог байсан нь одоо ч мартагддаггүй юм. Нутгийнхаа Анида хэмээх хувилгааныг шүтэж, эрдэм ном, авьяас билгийг нь эрхэмлэн дээдэлж ирсэн. 

 

-Н.Пүрэвжав эмчийг аймаг болгонд шүдний эмнэлэг байгуулж, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад багагүй хувь нэмэр оруулсан гэж сонссон?
-Аав маань 1998-2002 онд амны хөндийн эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг Эрүүл мэндийн яамны ерөнхий мэргэжилтэн байхдаа боловсруулсан. Мөн Монголын шүдний холбооны даргаар ажиллаж байхдаа аймаг, сум, Улаанбаатар хотын гэр хорооллын сургуулиудад Тайванийн шүдний холбоотой хамтарч, шүдний иж бүрэн кабинет нээж байлаа. Мэргэжлийнхээ дагуу томоохон судалгааны бүтээлүүд туурвиж, гарын авлага, ном болгож хэвлүүлсэн гээд яриад байвал их зүйл бий. Ер нь эрүүл мэндийн салбарт аавын маань хийсэн ажил, оруулсан хувь нэмэр их. 

 

-Аавынхаа ямар зан чанараар бахархдаг вэ?
-Шударга зантай, олонтой нээлттэй харилцдаг. Шүүмжлэхээсээ илүү сайн зөвлөгч. Хааяа нэг зэмлэсэн үг нь жинтэй. Сэтгэлээс тэр бүр амархан мартагдахгүй. Хүний алдаа, дутагдлыг нүүрэн дээр түс тас хэлчихнэ. Өөрийн гэхээсээ бусдын хүүхдэд өөрийн сурсан эрдэм, туршлагаасаа харамгүй хуваалцахыг эрхэмлэдэг.

 

-Ээж тань аавтай чинь адилхан Пүрэвжав нэртэй гэсэн байх аа?
-Тийм ээ. Ээжийг минь Б.Пүрэвжав гэдэг. Завхан аймгийн Ургамал сумынх. Математикийн багш мэргэжилтэй, ШУТИС-д багшилдаг. Манай ээж тайван зантай, аливаа зүйлийг нухацтай удаан бодож шийдвэр гаргадаг. Би аав, ээжийнхээ аль алиных нь занг дуурайсан. Надад аавын шударга, ээжийн юманд хүлээцтэй ханддаг зан байдаг. Намайг бага байхад хүмүүс манайх руу залгаад Пүрэвжавтай ярья гэхээр өөдөөс нь аавтай юу, ээжтэй юү гэж асуудаг байлаа. Заримдаа асуухаасаа залхуураад аавтай л ярих байлгүй гээд утсаа өгөхөөр ээжийн шавь нар залгасан байдаг юм. Би айлын том охин, хоёр дүүтэй. Дүү Зөнбилэгт шүдний эмч мэргэжилтэй, эхнэр нь бас шүдний эмч. Япон улсад докторантурт суралцаж байгаа. Дүү Золбоот харилцаа холбооны салбарт ажилладаг.

 Г.БАТЦЭЦЭГ


"ӨНӨӨДӨР СОНИН"


Tag:н.пүрэвжав, Ярилцлага, п.жавхлан

Бусад мэдээлэл:






avatar