2013 он нь Нүүр Ам Судлалын салбарын хөгжил дэвшил, амжилтын жил байлаа
27-Sep-2014 0.0 0

 2013 оны төгсгөлд 2013 онд Нүүр Ам Судлалын салбарт гарсан хөгжил дэвшлийн талаар Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны Ерөнхийлөгч АУ доктор, проф Б.Амарсайхантай ярилцлаа

Shud.mn - 2013 онд шүдний салбарын хувьд ямар ололт амжилттай жил байсан бэ?

Б.Амарсайхан: Нэгдүгээрт 2013 он нь манай нүүр ам судлалын салбарын хувьд хөгжил дэвшил,  амжилтын жил байлаа. Энэ онд Монголын Шүдний Мэргэжлийн холбоодуудын хөгжлийн бодлого цэгцэрч үйл ажиллагаа нь бойжиж анх бий болж байсан үеээ бодвол дэлхийн түвшинд алхахуйц хэмжээний хөгжлийнхөө өндөр шатанд хүрч ирлээ. 

Энэ онд Шүдний Холбоодын ажлуудаас дурдвал Амны хөндийн Эмгэг Судлаачдын Холбооны гишүүн 17 эмч японд очиж Амны Хөндийн Биологчдын 55-р симпозиумд оролцож хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцсон бол Эрүү Нүүрний Мэс Заслын Нийгэмлэгийн гишүүн 20 гаран эмч, мэс засалчид Япон, Солонгос орнуудад айлчилж Японы Эрүү Нүүрний Мэс Засалчдын Холбооны 59-р их хуралд оролцохын зэрэгцээ БНСУ-ын Гуанжу хотод болсон Эрүү нүүрний болон нөхөн сэргээх мэс засачдын 52-р Их хуралд оролцож хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. 

Өнгөрсөн 4-р сард Монголын  Нүүр Амны Согог Заслчдын Холбоо өөрийн гишүүдийн хамт МИАТ компаний онгоц хөлөглөн БНСУ-ын Чежүд болсон Азийн Согог Засалчдын том хуралд оролцоод ирлээ. 

Монголын Имплантын холбоо болон бусад холбоодын хувьд хөгжлийнхөө суурийг зөв тавьсан төдийгүй хөгжил дэвшлийнхээ үсрэнгүй шатанд орсон гэж үзэж байна. Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны бүрэлдэхүүнд байдаг энэ нарийн мэргэжлийн 17 холбоод нь дэлхий ертөнцийн хөгжил дэвшилд монголынхоо салбаруудыг аваачих нэлээн дорвитой том том алхамуудыг тус тусдаа хийсэн гэж үзэж байгаа. 

$IMAGE2-leftҮүнээс гадна монголын нийт шүдний эмч нарын дунд эрх зүйн зөрчил, эмчийн эрх зүйтэй холбоотой асуудлууд гарах болсонтой холбоотой Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбооны дэргэд Ёс зүйн байнгын хороог шинээр байгуулж холбооны дэд ерөнхийлөгч, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонгоор удирдууллаа. Мөн Холбооны дэргэд Халдвар хамгааллын хороог бас байгууллаа. Энэ хороог Монголын шүдний сувилагчдын холбооны тэргүүн М.Энхтайван удирдан ажиллаж байна. 

Энэ жилийн хувьд монголд зохион байгуулсан хамгийн том хурал нь Дэлхийн Шүдний Эмч нарын Холбоотой хамтарсан 9-р их хурал байлаа. Уг хурлын зэрэгцээ Монгол улсад шүдний эм материалын үзэсгэлэн худалдаа "Mongolian Dental Show-2013”-ыг анх удаа жинхэнэ утгаар амжилттай хийлээ. 

Энэхүү хийсэн бүтээсэн ажлын талаар мэргэжил нэгт эмч нар, хамтран ажиллагч байгууллагууд маань сэтгэл өндөр байгаа. Гэхдээ холбоодын санаачлан хийсэн энэ олон ажлуудыг тайлагнан дүгнэх нь МШМХ-ы ерөнхийлөгч миний ажил юм.  

Хоёрдугаарт: Монголын шүдний салбарт 90-д оноос хойш хуримтлагдсан тулгамдсан асуудлууд бий. Үүнээс монголын шүдний эмнэлгүүдийн халдвар хамгаалал, эмчийн ёс зүй, монголын шүдний эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн төлөвлөлтийн асуудал, шүдний эмчтэй багаар ажилладаг (Шүдний техникч,  нүүр амны эрүүл ахуйч,  шүдний сувилагч) гэх мэргэжилүүдийн хүний нөөцийн төлөвлөлтөнд анхаарах чухал үе ирж байна. 

Яагаад вэ гэвэл сүүлийн уилүүдэд шүдний эмчийн тоо монгол улсад асар хурдацтай өсөж байгаа боловч монгол улсын хэмжээгээр шүдний эмчийн жилийн дундаж хэрэгцээ нь ердөө л 40-50 эмч байдаг байна. Төгсөгчдийн тоо бол одоо дэлхийн дунджаас хамаагүй их болж ямарч төлөвлөлт тооцоо бодлого байхгүйгээр  жилд дунджаар 150-160 эмч төгсөн гарч байна гэдэг нь бид хэн хүнгүй бодох төлөвлөх ёстой чухал асуудал болжээ. 

$IMAGE3-leftӨнгөрсөн 9-р сард болсон Шүдний мэргэжилтнүүдийн 9-р их хурал дээр ЭМШИУС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн захирал Г. Ариунтуул болон Ач Анагаах Ухааны Сургуулийн Шүдний тэнхмийн эрхлэгч Ц.Норовпил багш нарт шүдний эмчийнхээ тоог одооноос багасгах бодлого явуулах шаардлагатай байгааг, мөн одооноос ингэж төлөвлөхгүй бол манайд шүдний эмчийн тоо ямарч зохицуулалтгүй олон болж байгааг хэлсэн байгаа. Энэ асуудлыг аль аль талдаа маш ухаалагаар хүлээж авах ёстой юм. Яг энэ асуудлын төлөө дуу хоолой нь болох ёстой байгууллага бол Монголын Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоо юм. Өндөр хөгжилтэй орнуудад  бол Шүдний Холбоо нь л санал гаргаж  оюутнуудын тоог багасгах, хувийн болон хувьсгалын 2 талд харилцан ойлголцлыг өрнүүлдэг. 

Мөн монгол улсад хэрэглэж буй шүдний эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн баталгаатай байдал одоо бидэнд тулгамдсан асуудал болж байна. Одоо ч гэсэн монгол эмч нар бүгдээрээ Хятадын үзэсгэлэнгээс шүднийхээ эм материал,  тоног төхөөрөмжийгхудалдан авсаар байгаа.  Тэгвэл бид монгол улсдаа шүдний эм материалаа худалдаж авах үйл ажиллагааг нь дэмжих, багаж, тоног төхөөрөмжийг импортолж буй компаниудтайгаа хамтарч ажиллаж монголдоо шүдний материал, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг сонгодог утгаар нь зохион байгуулах гадны компаниудыг албан ёсоор урьж материал, тоног төхөөрөмжийн худалдаа , сервисийг нь хийдэг тэр системрүү явах эхлэлийг нь тавиад байна. Одоо бол бид ганц наконечник буюу өрмийн хошуу эвдэрлээ гэхэд бүгдээрээ Хятададлуу очиж засуулахаас аргагүй байдалд л байна. 

$IMAGE4-left$Мөн Монгол улсын шүдний салбар гадны хөрөнгө оруулалттай гадны эмнэлэгүүд сүүлийн үед олширлоо.  Энэ асуудал дээр Монголын шүдний нийт эмч нар нэг үзэл бодолтой, нэг зорилготой, нэг үзэл санаа бодолтой  тэдний эсрэг дуу хоолойгоо гаргаж тэмцэх ёстой. Саяхан л гадны хөрөнгө оруулалттай эмнэлэг гэж дуулддаг байсан бол одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр монгол улсын зар сурталчилгааны хууль дүрмийг зөрчин эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн үйл ажиллагааг сурталчилдаггүй байтал улаан цайм сурталчилгаагаар зогсоо зайгүй бөмбөгдөх боллоо. Энэ нь манай эмч нарын үйл ажиллагаа явуулах зах зээлийг булааж байгаа нь яваандаа манай нүүр ам судлалын салбарыг чадавхигүйжүүлэх, салбарын хүний нөөцийн төлөвлөлтөнд хохирол учруулахуйц хэмжээнд хүрлээ. Сүүлийн үед төгсөгчид гадны хөрөнгө оруулалттай эмнэлгүүдрүү хошуурах болсон нь дотоодын эмнэлгүүд мэргэжилтэнгүй болж болохуйц хүнд байдалруу даамжирч болзошгүй. 
Иймд бид шүдний эмч мэргэжилтнүүд хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм. 

Дээр дурдсан асуудууд нь зөвхөн шүдний холбоодынудирдлагуудын ажил  төдий биш монголын нийт шүдний эмч нарын гийтийн бодож, санаж, сэтгэх ажил юм. Иймд бүгдээр Шүдний холбоодоо тойрон нэгдэж нягтрах хэрэгтэй. Энэ бүх хугацаанд манай шүдний холбоо өөрийн хэдхэн итгэлтэй гишүүдийнхээ татвараар л үйл ажиллагаа явуулж байснаас биш төр засгаас ямарваа нэг санхүү эдийн засгийн элдэв янзын дэмжлэг авч байсангүй. Харин ч сайн хүмүүсийн удирдлагаар явж байсан гэж хэлэх байна. Иймд та бүхнийг шүдний холбоондоо элсэж үйл ажиллагааг нь дэмжихийг уриалж байна.  


$IMAGE5-leftДөрөвдүгээрт: Монголын шүдний салбарын хувьд эртнээс л хүмүүс  бие биендээ шүүмжлэлтэй ханддаг байсан. 1970, 80-аад оны үе нь шүдний салбар нь хамгийн хэцүү, хэл амтай бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй тийм үе байсан. Тэр үеийн удирдлагуудаас хамааралтай олон зүйлүүд байсан байх, бас тэр үеийн хүмүүсийнхээ онцлогоос хамаарсан ч байдаг байх. 

Харин одоо бол монголын шүдний салбарынхан бид нар урдаа тавьсан  том зорилготой, хийх ажил ихтэй байгаа учир бие биенийхээ сайн мууг хэлэлцэж цаг алдах биш илүү алсыг харан ажиллах хэрэгтэй байна. Шүдний салбарыг удирдаж байсан хэн хүнд сайн хэлэх юм ч байгаа, шүүмжлүүлэх юм ч байдаг учир бид бие биенээ аль болох хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй. 

Эртний нэг номонд ингэж хэлсэн байдаг нь надад таалагддаг. Ямар хүнийг сайн хүн гэх вэ? гэж нэгэн тосгоны мэргэн хүнээс асуухад бүх хүмүүс сайн гэдэг хүн бол сайн хүн биш. Харин сайн хүмүүс нь сайн гэж хэлдэг муу хүмүүс нь муу гэж хэлдэг хүнийг сайн хүн гэж хэлдэг юмаа гэсэн гэдэг. Тийм учраас энэ салбарыг удирдаж явж байгаа миний хувьд ухаалаг хүмүүс нь сайн гэж хэлж байгаад баярладаг, харин муу хүмүүс муу хэлэх нь сонсогдвол би үүн дээрээс олон зүйлүүдийг олж харж дүгнэлт хийдэг.  

Ер нь бүх хүмүүсд сайн шүү гэж хэлүүлэх бол хоосон магтаал байдаг гэж ойлгодог. Энэ салбартаа урьдын алдаанаасаа суралцаж илүү их өөдрөг, илүү их ирээдүйгээ харсан үйл ажиллагааруу явж байгаа.

2013 онд миний хувьд бас нэг онцлог зүйл байсан нь тодорхой цаг хугацаанд шүдний салбарт зарим ажлуудыг давхар хийдэг байсан бол энэ жилийн 9-р сараас эхлээд дан ганц Шүдний Мэргэжилтнүүдийн Холбоог удирдаж явах ажилтай болсоноор ажил үүргийн хуваарилалт заагууд нэлээн сайн тодорхой болж ирлээ гэдгээрээ ололттой он жил байлаа. 

Шүдний салбарын хүрээнд монгол улсын шүдний нийт эмчийн эрх ашгийг хамгаалах, ёс зүйн талаар, халдвар хамгааллын талаар, монголын шүдний эмч нарын хамтын ажиллагааг дэлхийн түвшинд гаргах нь миний ажил болж байна. Харин Монгол улсад шүдний чиглэлээр эрдэм судлал, сургалтын үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх нь тухайн сургалтын байгууллагын ажил болж байгаа учраас миний ажил үүргийн зааг маань тодорхой боллоо гэж хэлж байгаа юм. 


Shud.mn: Та нийт эмч, сувилагч, нүүр ам судлалын мэргэжилтнүүддээ хандаж юу хэлэх вэ?

Б.Амарсайхан: Бидэнтэй хамтран зүтгэж Монгол улсын Эрүүл Мэндийн нэр хүндтэй салбар, бидний ирээдүйн амьдралын баталгаа болж яваа энэ салбарынхаа төлөө хүчин зүтгэж мэдлэг чадвар, оюун ухаан, өөрсдийнхөө нөр их хөдөлмөрийг зориулж явж байгаа нийт шүдний эмч нар маань хувьд 2013 он ажил хөдөлмөр, өндөр бүтээлээр дүүрэн өнгөрөөлөө. 

2014 оны хувьд бидэнд бас маш олон шинэ зүйлүүд, шинэ мөрөөдлүүд, шинэ санаагаар дүүрэн байх болтугай гэж ерөөл дэвшүүлье. 

2014 оны хувьд бидний төлөвлөж буй хоёр том ажлаас дурьдахад 2014 оны 6 сард бүгдээрээ онгоц хөлөглөн Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод болох Ази Номхон далайн шүдний хуралд оролцож үзэж, өөр улс орны хөгжилтэй танилцаж хамтдаа маш их олон зүйлүүдэд суралцаж, мэдээлэл солилцож, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх маш том сургалт болох учраас нийт эмч нараа хамт яваарай гэж уриалж байна. 

2014 оны 9 сарын 12, 13 нд Дэлхийн уруул тагнайн сэтэрхийн ээлжит хурлыг Монголын эрүү нүүрний мэс заслын нийгэмлэг, Монголын шүдний мэргэжилтний холбоотойгоо хамтарч хийх гэж байгаа бөгөөд үүнд идэвхтэй оролцоорой.  

Мөн салбарын мэдээллийг эх үүсвэр болох shud.mn facebook, twitter хаягуудад хандан мэдээлэл авахын зэрэгцээ өөрсдийнхөө үзэл бодол саналыг чөлөөтэй илэрхийлж байхын зэрэгцээ Шүдний холбоотойгоо идэвхитэй хамтарч ажиллах байгаарай гэж хүсэх байна. 

 Shud.mn: Цаг заваа гарган ярилцлага өгсөнд баярлалаа.


Tag:Б.Амарсайхан, АШУҮИС, Ярилцлага, МШМХ-ы ерөнхийлөгч, МШМХ

Бусад мэдээлэл:






avatar