Үйлчлүүлэгчид маань биднээс юу хүсдэг вэ?
12-Oct-2014 1556 0.0 0

Үйлчлүүлэгчид маань эмч нараас, бидний үйлчлгээнээс маш их зүйлийг хүсэн хүлээж, бусад орны эмнэлгийн үйлчилгээтэй харьцуулан дүгнэж байгаа тул бид цаг үргэлж шинийг эрэлхийлж, яавал үйлчлүүлэгчээ баярлуулж, сэтгэл ханамжийг өгөх вэ? Гэдгийг бодох хэрэгтэй болсон байна.

Орчин үед шүдний эмч эмчилгээ үйлчилгээндээ доорх 5 зарчмыг бармтлах хэрэгтэй

Үүнд:

  1. Өвдөлтгүй
  2. Баталгаатай, чанартай
  3. Хурдан
  4. Цөөхөн ирүүлэх
  5. Хямд байх

1. Өвдөлтгүй эмчлэх

Гүн биш цоорлын хөндийг орчин үеийн эргэлт өндөртэй, усан өрмийн машин хэрэглэн хурц алмазан бороор өрөмдөхөд хүртэл ч тэр бүр үйлчлүүлэгчид аятайхан биш байдаг байна. Иймд шүдний эмнэлгийн практикт мэдээ алдуулалтыг өргөн хэрэглэж, өвдөлтгүй мэдээ алдуулах аргыг төгс эзэмших хэрэгтэй юм. Манай үйлчлүүлэгчдийн дунд шүдний эмчилгээ өвддөг, тариа хийхэд өвддөг гэсэн ойлголт одоо хүртэл байсаар байгаа ба энэ нь шүдний эмчид ирэхээс зайлсхийх, өвчнөө хүндрүүлэх нэгэн шалтгаан болж байна.

Мэдээ алдуулалтыг өргөн хэрэглэхгүйгээр хүүхдийн шүдийг эмчилнэ гэдэг ямар хүндрэлтэйг эмч бүр мэдэж байгаа.

Иймд манай эмнэлэг, ялангуяа хүүхдийн практикт мэдээ алдуулалтыг хэрэглэж дадасанаар үзүүлдэг хүүхдийн тоо эрс нэмэгдсэн юм.

Мэдээ алдуулж шүд эмчлэх нь үйлчлүүлэгчдээ ч эмчдээ ч амар боловч нөгөө талаар мэдээ алдуулагч эм тарианд их харшдаг болсон өнөө үед цаана нь дандаа “аюул” дагалдах боломжтой гэдгийг эмч нар юу эс андах билээ.

Ялангуяа харшил өгч шоконд орох нь мэдээ алдуулагчийг хоёр дахь удаа хэрэглэх үед олонтоо гардаг гэдгийг сүүлийн үед гадаадын хэвлэл номонд бичих боллоо. Иймд мэдээ алдуулалтыг хэрэглэхээсээ өмнө харшлын асуумжийг сайн авч, шаардлага гарвал тусламж үзүүлэх бүрэн чадварыг эзэмшсэн, эм бэлдмэлийг гарын дор бэлтгэсэн байх шаардлагатай байдаг.

Мэдээ алдуулалтыг хийхээс өмнө амны салстыг мэдээ алдуулдаг гель, уусмалыг заавал хэрэглэх нь зүйтэй. Хэрэглэх хэрэгтэйг бид хэдийгээр мэддэг ч хэрэглэж буй эмч цөөхөн байгаа учраас үүнийг давтан сануулах хэрэгтэй гэж бодлоо. Өнгөц мэдээ алдуулдаг эм бэлдмэлийг хэрэглэснээр зүүгээр хатгахад хүүхэд ч хүртэл өвдөлтийг бага мэдэрдэг болохыг бидний туршлага харуулж байна.

Мэдээ алдуулалтыг хийхдээ зориулалтын төмөр тариур, хялгасан зүү, 1,8, 1,6 мл-ээр савлагдсан тарилгын мэдээ алдуулагч уусмал хэрэглэх нь зүйтэй. Бид нэлээд хэдэн жилийн өмнө мэдээ ладуулахын тулд хуванцар 2,0, 3,0 граммын тариур хэрэглэж байсан боловч бүдүүн зүүгээр тарихад ихэд өвдөлттэй басны улмаас үр дүнд хүрч чадаагүй юм. Төмөр тариурын зүүний хэмжээ нь 30G, урт нь 21, 25 мм бол өдөр тутам хэрэглэхэд ихэд тохиромжтой. Орчин үед мэдээ элдуулдаг уусмалыг хэрэглэх болсноор үндсэндээ дамжуулах мэдээ алдуулах аргаас татгалзан нэвчүүлж мэдээ алдуулах аргад шилжсэнээр богино зүү (30G, 21 mm) хэрэглэж болох бөгөөд эрүүний 6, 7, 8-р шүдний эмчилгээний үед л тухайн хүний эрүүний ясны онцлогоос нь хамааран дамжуулах мэдээ алдуулалтыг хийх үед урт зүү хэрэглэх шаардлага гардаг.

Дээр дурдсан зүйлүүдийг хэрэглэж эмчилгээ хийхэд өндөр өртөгтэй мэт боловч эцсийн дүнд үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйд сайнаар нөлөөлж өвдүүлэхгүй учраас л дараа дараагийн эмчилгээнд заавал ирэх болдог.

Мэдээ алдуулалт хэрэглэж эмчилж байгаа үед үйлчлүүлэгчид таагүй мэдрэмж бага ч эмний үйлчилгээ гарсны дараа шүд нь өвдөх, хөндүүрлэж болох тухай тайлбарлаж өвчин намдаагч эмийг биеийн кг жинд нь тохируулан яаж уух, хэдэн цаг үйлчлэх, жолоо барьж болох эсэх г.м-ийг хүртэл нарийн тайлбарлаж өгөх шаардлагатай.

Үйлчлүүлэгч маань эмчилгээний дараа ихэнхдээ ажлаа хийхээр төлөвлөсөн байдгийг анхаарч бидний хийсэн эмчилгээ ажилд нь аль болох нөлөөлөхгүй байхаар эмчилгээний дараах асуудлыг бодох ёстой. Бид ингээгүй эмчилгээ дууссан л бол “миний ажил дууссан” гэж хайнга хандсаны дүнд янз бүрийн хүндрэл гарч ирэх нь цөөнгүй. Ж нь: Доод сүүн араануудыг мэдээ алдуулалт хийж эмчлээд хүүхэд мэдээ алдсан уруул, завьжаа хазахгүй байх, энэ тухай эцэг эхэд нь сайтар ойлгуулж (бүр ийм хүндрэлийг зургаар үзүүлэх хэрэгтэй) явуулахгүй бол дараа өдөр нь маш том хавдаж эцэг эхийн зүгээс маш гомдолтой ирэх нь олнтаа.

Шүд авсан, мэдрэлийн эмчилгээ хийлгэсэн хүнд өвчин намдаах эмийг өгч явуулахгүйн улмаас тэр өдрийн ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх жишээтэй.

2. Баталгаатай чанартай эмчилгээ

Өнөөдөр Улаанбаатар хотод оллон тооны шүдний эмнэлэг ажиллаж байгаа бөгөөд шүдний тусламжийн хүртээмж хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хангалттай болсон байна. Өнөөдөр үйлчлүүүэгчид маань хаана чанартай, баталгаатай, өвдөлтгүй, түргэн шуурхай үйлчилдэг, хямд эмнэлгийг сонгон үйлчлүүлэх нь олон болжээ.

Эмч үйлчлүүлэгчид аливаа эмчилгээг хийхээс өмнө тухайн хүний амны хөндийн байдал, ямар эмчилгээг хэдэн удаа ирж байж, яаж хийх, эмчилгээний эцсийн үр дүн юу болох, эмчилгээний явцад тооцоолоогүй зүйл гарч болох эсэхийг сайтар, цаг заран тайлбарлаж тухайн хүний юу хүсэж ирсэнийг сайтар мэдэж, харилцан зөвшилцөж өөрөөр нь сонголт хийх боломжийг нь олгож зөвшөөрсөний дараа эмчилгээг эхлэх нь зүйтэй.

Гэтэл өнөөдөр шүдний эмч нар энэ бүхнийг дутуу хийснээс өөрийн бодсонооро л эмчилгээ хийгээд, тэд хоноод ир гээд л явуулчих хандлагатай байгаа нь үйлчлүүлэгчийн санаанд хүрэхгүй, үл ойлголцох байдал үүсч хүнд ажилбарыг мэргэжлийн өндөр түвшинд хийсэн ч үр дүн нь талаар болох явдал цөөнгүй байна.

Чаратай эмчилнэ гэдэг сайн материалыг зааврынх нь дагуу зөв хэрэглэн, нэгэнт эмчлэгдсэн шүдэнд болж өгвөл дахин дахин эргэж гар хүрэхгүйгээр “төгс” эмчлэх зорилт тавина гэсэн үг юм. Гэхдээ мэдээж тухайн шүдний гэмтсэн байдал, цоорлын хөндийн том, жижиг, ямар материалаар яаж ажилласан, тухайн шүдний сувгийн муруй, тахир гээд биднээс хамаарахгүй олон зүйл бий боловч эмч бүр дээрх зорилгод татагдан ажиллавал таны үйлчлүүлэгч өдрөөс өдөртнэмэгдэн эмчилгээний үр дүн сэтггэл ханамжтай байх болно. Гэхдээ өөрийн хийсэн эмчилгээний талаар эмчилгээ дуусаны дараа толинд харуулан тайлбарлаж  цаашдаа тухайн шүдний “хувь заяа”-ны талаар юуг анхаарах талаар зөвлөгөө өгөх шаардлагатай. Ж нь: Том цоорлын хөндийд өөрөө хатуурагч юм уугэрлээр хатуурагч материалаар хичнээ сайн ломбодсон ч материалын агшилтын улмаас ломбонд өөрчлөлт орж болох, ломбо хагарах, шүдний завсар идэх юм орох, гэ.м таагүй ямар нэгэн зүйл гарч болохыг хэлж хэрэв тийм тохиолдолд дараагийн эмчилгээний үе шат болгонд юуг хийхээ хэлж явуубал өвчтөн тань таньдп илүү их итгэх болно. Хиймэл шүд хэзээд хиймэл шүд шүү гэдгийг ойлгуулах нь чухал. Химэл шүдийг бүрэн суугаагүй үед нь хазаж хагалчихаад таны хийсэн шүд хагарчихлаа гээд байх жишээтэй. Иймд эмчилгээний зориулалттай болохоос хуванцар юм шүү, хүч өгвөл хугарч, хагардаг гэдгийгтайлбарлан гарын үсэг зуруулж зөвшөөрлийг нь авдаг байх хэрэгтэй.

Ж нь: Блэкийн 2-р ангиллын цоорлын үед хуванцар, амальгам ломбо, зоомол шигтгэмэл гэх мэт аргаар эмчлэгдэх боломжтойг хэлж тус бүрийн давуу тал үэн, эмчилгээний дараах баталгааг тайлбарлаад харин юугаар яаж эмчлүүлэхээ өвчтөн өөрөө сонгож байвал зүйтэй.

Ялангуяа эмчилгээний чанарын асуудал гэдэг нь өдөр бүр бидний ажлын ихэнх хэсгийг зонхилон эзэлдэг сувгийн эмчилгээнд ихээхэн хамааралтай.

Сувагт ажилласан эхний эмчийн үйл ажиллагаанаас тухайн шүдний “хувь заяа хамаарах” нь бий. Иймд нэгэнт сувагт орсон бол сувгийг болж өгвөл орой хүртэл нь нээж өргөсгөж ломбодох асуудлыг өөрийн эмчилгээний гол зорилго гэж ойлгох хэрэгтэй. Нэг өдөр бүх сувгийг нээхгүй байж болно. 2-3 удаа ирүүлээд эцсийн дүнд бүх суваг л нээгдэж чанартай ломбодогдож байвал өвчтөний ирэх тоо яльгүй олон ч эмчилгээний алсын үр дүн сайн байж юм хазахад өвдөх хөндүүрлэх зүйл байхгүй байж болно. Дутуу ажилласан суваг байнга л бидний чадваргүйг сануулан өвчтөний аманд тодорхой хугацааны дараа таагүй байдлыг үүсгэдэг юм. Ер нь орчин үед сувгийн сайн багаж, эм уусмал, сувгийн урт хэмжигч, рентген ашиглан анхнаасаа нээгдэхгүй суваг гэж ховор болсныг эмч нар анхаарах нь чухал юм. Гэхдээ нэгэнт зөөлцийг занданшуулах, борцлох аргаар эмчилсэн шүдний сувгийг нээж өргөсгөх нь нэлээд хүндрэлтэй, заримдаа боломжгүйг бас хэлэх нь зүйтэй. Эцэс нь чадах зүйлээ чанарын өндөр түвшинд хийх зорилго тавин ажиллахыг эрхэмлэх нь чухал.

3. Хурдан эмчлэх

Эмчилгээний хугацаа богино байх, ам ангайх хугацааг аль болох богино байлгах хэрэгтэй.

Энэ хугацааг богино байлгахын тулд тухайн өвчтөнийг ирэхэд нь амны хөндийн байдлыг картанд бүртгэж, эмчилгээний төлөвлөгөөг хийж, тухайн өдрийн эмчилгээгхийхийн өмнө тухайн хүнд шаардлагатай эм багажийг хэрэглэх дарааллын дагуу бэлдсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн хүнд юу хийхээ урьдчилан төлөвлөж бэлтгэл хангаснаараа “орон дээрх цаг”-ийг богиносогох ач холбогдолтой. Тогтмол хийгддэг ажилбарын хувьд энэ нь онцын ялгаагүй боловч цаг, материал шаардсан хиймэл шүд, сувгийн эмчилгээг төлөвлөж бэлтгэлтэй ороогүйгээс 2 дахин их хугацаа зарах нь бий. “Орон дээрх хугацаа”-г багасгахын тулд эмч сувилагчийн багийг сайтар бүрдүүлж, чадваржуулж, 4 гарын системээр хоршин ажиллавал богино хугацаанд их зүйлийг хийж амждаг. Иймд орчин үеийн жишгээршүдний мэргэшсэн эрүүл ахуйчийг орчин үеийн түвшинд бэлтгэх, сургах, дадлагажуулах асуудал чухал байна. Бид энэ чиглэлээр Японы Кобе хотын Киодо хоршоо эмнэлэг дээр эрүүл ахуйчийг сурган дадлага хийлгэж Японоос удаа дараа энэ чиглэлийн мэргэжилтэнг урьж сургалт, семинар зохион байгуулсан нь бид өнөөдөр эрүүл ахуйчгүйгээр үзлэг хийх гэдэг нь төсөөлөхийн аргагүй зүйл мэт бодогддог болсноос үзэхэд ойлгомжтой юм.

4. Үйлчлүүлэгчдийг аль болох цөөхөн ирүүлэх

Цөөн ирэлтээр олон шүд, амны хөндийн эрүүлжүүлэлтийг хийхийг зорих.Энэ нь ба чухал зарчим юм. Бид нэг эм тавиад л 7 хоноод ир гээд араа шүдний сувгийн эмчилгээ хийхэд л нэг хүнийг бараг сар явуулдаг. Эцэстээ үлйчлүүлэгч маань ажилтай, завгүйн улмаас, заримдаа залхсанаас эмчилгээгээ төгс гүйцээгээгүй байх нь бий. Иймд нэгэнт ирсэн үйлчлүүлэгчийг хүнд,  хугацаа шаардсан ажилбар биш л бол дор хаяж хоёр шүд эмчлэх, тэр хүнд тухайн ирэлтээр юу хийж боломоор бүх л зүйлийг амжуулж хийхийг зорих хэрэгтэй. Энэ тухай анх номер авч цаг тохирох үед л хэлэх нь зүйтэй. Ж нь : 6 настай хүүхдэдамны угаалтыг нь шалгаж, шинэ ургасан  шүдэнд хамгаалах гель “Sealant” хийх ч юмуу, дараа нь ойролцоо 1-2 шүдэнд эмчилгээ хийх зэрэг урьдчилан сэргийлэлт болон эмчилгээг байнга хослуулан хийх нь зөв. Зөөлцийн болон холбоосын үрэвсэлтэй нэг шүдэнд цагаа зарж байх үед шинэ шүд нь цоорчих нь элбэг байдаг. Нэг шүдний тухайд ирэлтийг нь цөөрүүлэхийн тулд зөөлцийн эмчилгээний витальный аргыг практикт өргөн хэрэглэх хэрэгтэй. Ингэж нэг хүнд 40 минутаас 1цаг зарцуулж нэг удаагийн ирэлтээр олон шүд эмчлэх нь 20-30минут зарж олон удаа ирүүлсэнээс эдийн засгийн хувьд ч эмнэлэгтээ хавьгүй ашигтай байдаг. Энэ хэрэглэсэн багаж материалыг халдваргүйжүүлж ариутгахад мөн л хугацаа мөнгө зарна шүү дээ. Ер нь олон үзэхдээ гол биш нэг хүнийг ч гэсэн эмчийн зүгээсээ “би энэ хүнд чадах бүхнээ хийлээ” гэж өөрөө өөртөө баярлахуйц эмчилгээ хийдэг болсон цагт  та өөрийгөө зах зээлд алзахгүй гэж бодож болно. Түүнчлэн шүдний эмнэлгийн хөдөлмөр зохион байгуулалтанд онцгой анхаарах шаардлагатай. Нэг эмч ажиллаж буй хувийн эмнэлэгт ядаж 2 туслахтай байх нь чухал бөгөөд нэг сувилагчийн цалинг хэмнэн ганцхан туслах ажиллуулсанаар бид нэг үйлчлүүлэгчид зарах хугацаа уртсаж ажлын бүтээмж буурч буйг тэр бүр хүлээн зөвшөөрөхгүй нэгэн ч бий.Нэгэнт хүн оруулж ирээд суулгасан л бол эмчилгээг дундаа ямар нэг шалтгаанаар саад гаргахгүйгээр зохион байгуулж эмч, сувилагч, өвчтөнөөс хөндийрөхгүйгээр үзлэгийг дуусгах нь чухал. Энэ үед бусад өвчтөнтэй харьцах, эмнэлгийн дотоод бусад асуудлыг нөгөө сувилагч гүйцэтгэж байна. Ингэвэл л бид үйлчлүүлэгчээ  хүндэтгэж чадаж буй хэрэг бөгөөд үйлчлүүлэгч тань танд сэтгэл хангалуун байх болно.

  1. Шүдний эмчилгээний өртгийг хямдруулах

Шүдний эмчилгээг хямдруулна гэдэг нь гадаадаас бүх эм материалаа худалдан авдаг манай орны хувьд боломж муутай, ьааруухан чанартай юмаар ажиллах гэж ойлгогдож болох боловч эмч сувилагчийг чадваржуулах, бага хугацаанд олон ажил хийх чадавхтай болгож дадлагажуулах, хэрэглэж буй эм материалд нь аль болох арвич хямгач тооцоотой хандана гэсэн үг юм.

Ж нь: Ердийн чадавхтай эмч араа шүдний зөөлцийн үрэвслийн үед мэдээгүйжүүлж мэдрэлийг бүтнээр нь авах үед 40 минут орчим зардаг бол өндөр мэргэжлийн эмч сайн бэлтгэлтэй, сайн туслахтай, сайн багаж хэрэглэн үзэхэд 18 минут зарах жишээтэй.  Ингэснээр нэг цагт үзэх үйлчлүүлэгчийн тоо нэмэгдсэнээр орлого ч нэмэгдэж эмчилгээний үнэ хямдрах нөхцлийг бүрдүүлдэг.

Ер нь өнөөдрийн бидний үйлчилгээнд ажлын үеийн хувцаслалт, үс засалт, харьцаа хандлага, ёс зүйн хэм хэмжээг дээд зэргээр сахих шаардлага хэзээ хэзээнээс илүү өндөр тавигдаж буйд анхаарч ажиллах хэрэгтэйг та бүхэнд зөвлөж байна.

Та бүхний ажилд амжилт хүсье.

Бэлтгэсэн:

Энэрэл-дент эмнэлгийн захирал

М.Ичинхорлоо  

 


Tag:Шүдний эмчилгээ, м.ичинхорлоо, практик менежемент

Бусад мэдээлэл:






avatar