Иргэдийн эрүүл мэндийн боловсролын төлөө
15-Oct-2014 772 5.0 0

Сайн байна уу. Юуны өмнө shud.mn сайт шинэ дүр төрхтэй болсон явдалд баяр хүргье. Миний ажиглалтаар сүүлийн нэг сарын хугацаанд өөрчлөлт хийх шиг боллоо. Энэ удаагийн шинэчилэлтийн ач холбогдол нь юунд байна вэ

Сайтыг нээснээс хойших нэлээд хэдэн жилийн хугацаанд хийж амжаагүй байсан зүйлээ хийж зарчмын хувьд нэлээд өөрчиллөө. Урьд нь цаг зав багатай болохоор ингэж жаахан өөрчилчихье дөө гэж бодохоос өөрцгүй байлаа. Мэргэжлийн бус болохоор алдаа оноо ч их гаргасан байх. Нэлээд эмх замбараагүй байсан. Одоо бол харин нэлээд эмх цэгцтэй боллоо гэж бодож байна.
Нөгөө талаар сайтын ямар болох нь тэр бүр бусдад  бол хамаагүй байх л даа. Хааяа орж харахад л ямарч байсан яахав дээ гэж бодох байх. Гэхдээ миний энэ удаагийн шинэчилж хийгээд байгаа зүйл бол нүүр амны эмч мэргэжилтнүүд маань өөрсдийн хүссэнээр мэдээ постлох боломжтой болж байгаад оршино. Урьд нь бол хаалттай байсан учир зөвхөн админ л мэдээ оруулах боломжтой байлаа. Одоо хэн хаанаас ч сайтад бүртгүүлээд эсвэл Facebook, Twitter аккаунтаа ашиглаад мэдээ мэдээлэл оруулах боломжтой. Мэдээ мэдээлэл постлох нь facebook, twitter-ийг арай гүйцэхгүй л дээ. Гэхдээ л хэн бүрэнд ойлгомжтой хялбархан болсон. Бас нэг зүйл нь гар утсан дээрээс ялангуяа iphone зэрэг жижиг дэлгэцтэй утсан дээрээс уншихад тохиромжтой болголоо. Сайтын статистикийг харахад ихэнх хүмүүс гар утаснаас тэр тусмаа iphone-оос хандаж байгаа нь харагддаг.

Миний хувьд бас html оролдож нухдагийн хувьд технолгийн талаар бас түүнийг хийхэд ямар их хөдөлмөр ордогийг гадарлаад байна л даа. Харин бусдын хувьд юу л бол. Та ингэж их юм болж юм хийдэг тэгээд та бид 2-оос өөр мэдээ оруулах хүн байгаа юм уу үнэндээ.

Наадах чинь харин гол асуудал юм л даа. Одоохондоо бол алга л байна. Гэхдээ байх болов уу гэж л бодож байна. Эрүүл мэндийн тогтолцоо болохоо байлаа. Манай салбар шиг сөнөсөн газар алга гээл амтай бүхэн нь л шүүмжлэх юм. Тэгсэн мөртөө энэ болохгүй байгаа юмаа өөд нь татах талаар хэн ч юу ч хийхгүй л яриад л яваа харагдах юм. Харанхуйг зүхэж суухаар нэг ч болов лаа асаа гэсэн үг байдаг шүү дээ. Тэр лаа чинь энэ байна шүү дээ. Энүүгээр дамжуулаад үгээ хэл л дээ. Бүх боломж нь байна. Энүүгээр дамжуулаад өвчтөнүүдээ, монголын иргэдээ гэгээрүүл л дээ. Юу нь болохгүй байнаа. Гадаадын эмч нар ороод ирлээ эсвэл өвчтөнүүд нь гараад явчихлаа, монгол хүмүүс нэг л бишээ эсвэл монгол эмч нар нэг л бишээ гээд голын 2 талд бие биелүүгээ юм шидээд суух.
 Би өнгөрсөн хугацаанд шүдний салбарт болсон ихэнх хуралдааны арын эгнээнд сууж байхдаа нэг зүйлийг ажиглаж байсан. Хурал эхлэхээр хэн нэгнээсээ өрсөөл дуу дуугаа авалцаал аймаар ухаантай үгээр шүүмжилдэг. Хурлын дунд хэсгээс авхуулаад нэг хэсэг эмч нар маш их гомдоллодог. Тэгээд хурал тарахад өрөөнд ямар ч шийдэл үлддэггүй.  Асуудлаа ихэнх нь мартаал хувь хувиа хөөгөөд явдаг. Ард нь НАС-ын хэдэн багш үлдээл хамаг субботникыг нь хийгээл үлддэг. Өнөөдөр Монголын нийгэм тэр чигээрээ шүүмжилэгчидээр дүүрчихэж. Харамсалтай нь хийдэг хүн алга. Ярьдаг хүмүүс олон байгаа ч голдиролдоо орсон нэг ч салбар алга. Манайх ч адил. Талын нэг тарчихсан цөөхөн монголчууд чи хий, би хий, тэр хийнэ биз гээл нэгэндээ найдацгаагаал суудаг. Цаг хугацаа урсаал байдаг.

Тэгэхээр одоо яахав?

Яах эсэхийг шийддэг хүн нь би биш. Яах эсэх нь ч чи бид 2-ын асуудал биш. Гол нь хоёулаа сайтынхаа л тухай яримаар байна. Миний хувьд тэр асуудалруу орж “глобал” юманд толгой өвтгөнөөс сайтынхаа тухай ярих нь илүү кайфтай. Би энэ сайтаараа дамжуулж залуу эмч нартаа юм хэлж өгмөөр санагдаж нэлээд материалууд орчуулж бэлдсэн. Одоо туршилтын журмаар ганц нэгийг оруулж үзээд бас л урам хугарах хандлагатай.
Өнөөдөр дэлхийн хэмжээгээр сошл медиа хүчээ авсан нь олон талаар сайн талтай ч хүмүүсийг юм уншихаас улам ихээр холдуулж байх шиг ажиглагдаж байна. Богинохон зураг хөрөгтэй зүгээр нэг мааз мэдээлэл төдий зүйл постлохоор маш их хандалт авах юм. Зөндөө олон лайк дараад ч байх шиг. Тэгсэн мөртөө мэдээлэл өгөхүйц жаахан урт онолын зүйл агуулсан мэдээлэл тавихаар бараг уншихгүй. Сонин байгаа биз. Тэгэхээр одоо маазраал сельфидээл суусан нь дээр ч юм уу.
Хажууд суугаа энэ гадаадуудаа харахаар өдөр шөнөгүй л ном уншиж нухаж харагдах юм. Өглөө 8 гэж ирээл орой 11 гээл гэрлүүгээ харьтлаа зөвхөн ном, шинжлэх ухааны өгүүлэл, сэтгүүлийн шүүмж уншаад, дээр нь клиниктээ ажиллаад өөрийгөө цэнэглэж суугаа энэ хүмүүсийг харахаар,  цаг хором тутамд сельфигээ постолж суугаа монголчуудаа бодохоор нэг л сонин байгаа биз. Энэ Японыг өндөр хөгжилтэй баян, технологийн орон л гээд байдаг худлаа байхаа. Манайханаас долоон дор утас энэ тэр барих юм. Ухаалаг утастай ухаалаг царайлсан хүмүүс бараг харагдахгүй юм. Ажлын цагаар сошл сайт нээчихсэн хүн ширхэг ч харсангүй. Зөвхөн өөрийгөө хөгжүүлж, маш их уншиж, урдах ажлаа л хийх юм.

Танд тэгээд энэ судалгаа энэ тэрийнхээ хажуугаар ингэж өөр юм хийх зав гарч байгаа юмуу. Миний ойлголтоор бол та ч бас өөрийнхөө юмаа хийхгүй монголчуудтайгаа адилхан дэмий юм хийгээл суугаад байгаа юм бишүү

Нэгдүгээрт би энэ хийж байгаа зүйлээ огт дэмий зүйл гэж бодохгүй байгаа. Хэн нэгэн хөндлөнгийн хүнд бол хэрэггүй зүйл хийгээд цаг нөхцөөгөөд байгаа мэт харагдаж болох. Миний хувьд би энэ зүйлээ хэзээ нэгэн цагт НАС-ын салбарын үнэт капитал болно гэдэгт итгэлтэй байгаа. Энэ сайт маань олон монголчуудад туслах тэдний эрүүл мэндийнхээ төлөө зөв сонголт хийхэд тусалдаг дотны туслагч нь болно гэж бодож байгаа. Энэ сайт эмч өвчтөн 2-ыг холбож өгдөг гол гүүр нь болно. Мэдээллийн эрин зуунд орц болгоны хаалга шагайгаад эмнэлэг эрээд тэнээд явдаг завтай хүн улам л цөөрч байна. Тэд enter дараал сонголтоо хийдэг цагт ирчихсэн байна. Энэ сайт олон эмч нарыг хооронд нь холбож мэдлэг чадвараа хоорондоо хуваалцдаг, өөр хоорондоо ном эрдэмээ хаялцдаг талбар болно. Эмч нар өрөөндөө сууж байгаад шаардлагатай материалаа аль ч улс орноос сонгон захиалдаг болно. Бээжингийн үзэсгэлэн дээр хөлсөө цувуулах шаардагагүй болно.Олон хүн үр ашгийг нь хүртэнэ. Би үүнийг ингэж л харж байгаа.
Хоёрдугаарт хийх хүнд арга олддог хийхгүй хүнд шалтаг олддог гэж үг байдаг. Өнгөрсөн хугацаанд би энэ салбарт маш сайн гүйцэтгэгч байж бусдын итгэлийг алдалгүй багш нарынхаа өгсөн захиа даалгаварыг цаг тухайд нь аль болох өндөр чанартайгаар өөрийн гараар хийсээр л ирсэн. Би шалтаг тоочиж сууж үзээгүй. Үнэгэн заль гаргаж ард нь үлдэж яваагүй. Юмыг хийвэл сэтгэлээрээ өөрийнхөө чадлаар аль болох өндөр түвшинд гүйцэтгэхийг зорьдог. Хэн нэгнээс магтаал горьдож үүнийг хийж байгаагүй. Зөвхөн өөртөө кайфтай өөрийгөө л хүндлэсэн үүднээс. Би шүдний технологийн салбарт орсон. Жаахан самардаал орхисон. Надад түүнээс авсан туршлага үлдсэн. Төлөвлөж байгаа зүйл ч бий. Одоо би судалгаан дээр өглөөний нарнаас үдшийн бүрий болтол сууж байна. Нэг хэдхэн өгүүлэл, текст орчуулаад постолчиход тийм ч их цаг гарздаад байгаа юм алга. Би судалгаагаа төлөвлөгөөний дагуу бүх зүйлийг хийгээд л явж байгаа. Энд чинь бүх зүйл төлөвлөгөөний дагуу явдаг онцлогтой. Онгод орохоороо 100 хуудас онгодоо дуудахгүй бол тал хуудас гэх юм байхгүй.

Эвгүй өнцгөөс асуусанд уучлаарай. Сайтыг харахад үндсэндээ их аятайхан болж. Одоо танд яг юу хийх дутуу байна вэ

Нэгэнт одоо сайт бол технологийн хувьд нэлээд гайгүй болсон. Одоо түүнийг ажиллуулах л үлдэж. Мэдээж явцын дунд бага зэрэг апдейт хийгээл явна. Харин ажиллуулах тал дээр би НАС-ын хамт олондоо хандаж хамтран ажиллахыг уриалмаар байна.
Миний хийж байгаа зүйл бол энэ салбарын л тусын төлөө юмаа. Тэрнээс би гэдэг хүн үүнийг өмчилж аваад дарж хэвтчихээд та нарыг ашиглаад байх тухай асуудал оогт байхгүй шүү гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Та мэдээллээ өөрийн нэрээр өөрийн зурагтайгаа оруулах бөгөөд хүссэн үедээ өөрийн аккаунтаа устгах постоо арилгах нь зөвхөн таны л эрх юм. Энэ сайт бол нээлттэй эхийг дэмжиж ажиллах болно. Та сайтад өөрт байгаа илүү бараагаа тавьж зарж борлуулж болно. Та зөвхөн хүн эмчилж орлого олохоос өөр ганц нэг товшилт хийгээд байгаа зүйлээ бусаддаа хуваалцаад нэмэлт орлого олж яагаад болохгүй гэж. Танд манай сайтын маркет булан туслах болно. Та хүн хүлээх зуураа сайтан дээр ганц нэг хүнд зөвлөгөө өгчихөд тийм ч их цаг зарцуулахгүй байхаа. Үйлчлүүлэгчид тань таниас дараа нь бодитоор зөвлөгөө авах гээд хайгаад очих болно. Зарим нэг мэдэхгүй чадахгүй байгаа зүйлээ асуувал хэн нэгэн мэддэг чаддаг хүн нь хэлээд өгөх байлгүй дээ.
Надтай адил гадаад дотоодод сурч буй олон залуус байна. Буцаж очоол салбартаа бужигнуулаад өгөх тухай ихэнх нь бодож байгаа байх. Цаг хугацаа алдалгүйгээр одооноос салбартаа өөрийгөө таниулж байсан нь дээр юм бишүү. Цаг минут тутам л ухантаад суудаггүй байлгүй дээ. Хэн нэгэнд хэрэг болох мэдээлэл уншсан бол түүнийгээ эмч нартайгаа  хуваалцчихаж бас болох. Танд талархах хүмүүс тэр хэмжээгээр л нэмэгдэх байх. Гэх мэтчилэн эрвийх дэрвийхээрээ тал талаасаа оролцоод явбал энэ сайт амилна. Энэ сайт амилбал ач тусыг нь тал бүр хүртэх болно. Гомдоллох юм тэр хэмжээгээр цөөрнө. Бид нэгдэж юм хийж чаддаг болохоо мэдэрнэ. Бид нийт дундаа бахархах юмтай болно. Энэ бол тийм ч холын бас хэцүү зүйл биш байгаа биз дээ.

Таны мөрөөдөл сайхан л юм. Биелэх болтугай.
Энэ бол зүгээр л яриад өнгөрөх мөрөөдөл биш. Энэ ажил болоход маш ойрхон зүйл. Ганцхан сэтгэл л хэрэгтэй. Эцсийг нь үзтэл явна даа. Хамгийн гол нь өнөөг хүртэл энэ сайтыг дэмжиж ирсэн салбарын нийт хамт олон нийт шавь нартаа л найдлага тавьж байна даа. Ганц мод гал болдоггүй ганц хүн айл болдоггүй гэсэн ардын мэргэн сургаал бий. Бүгдээрээ өрөө өрөөндөө бухимдаж энэ тэрийг  шүүмжилж бидний өмнөөс болохгүй асуудлуудыг минь хэн нэгэн аврагч шийдээд өгөх юм шиг гар хумхин суухаа больё. Бүгдээрээ асуудлуудаа өөрсдөө шийдэцгээе. Бүгдээрээ өвчтөнүүдээ уриалан дуудья. Тэдэндээ орчин үеийн эмчилгээний арга барилын талаар мэдлэг олгож монголын анагаах ухаан аль түвшинд хүрсэнийг монгол эмч юу хийж чаддагийг харуулья. Нийгэм даяараа гутаан доромжилж байгаа монголын эрүүл мэндийн салбар дотор ядаж ганц ч салбар эрүүл зөв хөгжлийн шатанд яваа шүү гэдгээ харуулья. Бидэнд хийж амжуулсан, бахархам амжилт, технологийн дэвшил зөндөөн байгаа. Ганцхан түүнийгээ бусдад сурталчилах л дутаж байна. Цөмөөрөө дор бүрнээ байгаа мэдээллээ хоорондоо солилцьё. Эмч болгонд өөрийн туршлага өвөрмөц арга барил бий. Мэдэхгүй зүйлээ мэдэж авцгаая. Намайг тэр тэгчих болов уу гэсэн нүүдэлчин монгол,прагматик, ичимхий бүрэг зангаа орхиё. Танд заагаад өгчих сайхан сэтгэлтэй, мэдлэг, чадвартай зөндөө олон эмч нар энэ салбарт бий.

Сайхан санаачлага байна. Ярилцлагын төгсгөлд та салбарын нийт хамт олондоо хандаж хэлэх үг байна уу
“Бидний улс эв саналаа нэгтгэн нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зүгт зориглон хөдөлвөөс бид үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй чадахгүй гэх зүйл үгүй болж цэнгэлийн манлайд хүрэхийг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ “ хэмээсэн Их жанжиныхаа үгийг санаж дор бүрнээ хичээцгээе. Хамтын ажиллагааг дэмжиж байгаа хүмүүс shud.mn сайтын facebook, google+ аль ч мессенжерээр саналаа ирүүлэх боломжтой шүү. Үйл ажиллагааг минь дэмжиж байгаа бол энэхүү мэдээллийг share хийж бусаддаа түгээгээрэй гэж хүсэх байна.

Ярилцсанд баярлалаа


Ярилцсан Shud.mn сайтын админ
АШУҮИС-ийн НАСС- оюутан
Б.Болорхуяг

 


Tag:Ч.Гантөмөр

Бусад мэдээлэл:






avatar