3Shape-ийн Зөвлөх алба бүтээгдэхүүний хөгжүүлэлтэнд туслана
28-Oct-2014 518 0.0 0

Копенгаген, Дани улс: Шүдний технологийн салбарын 3D дижитал төхөөрөмжийн глобал үйлдвэрлэгч 3Shape дэлхийн өнцөг булан бүрээс 12 шилдэг мэргэжилтнүүдийг цуглуулж зөвлөх алба байгуулаад байна. Энэхүү зөвлөх албаны үүрэг нь компаний үйлдвэрлэж буй дижитал төхөөрөмжүүдийн чиглэл хандлагыг тодорхойлж бүтээгдэхүүний хөгжил, дэвшилийн талаар зөвлөгөө өгч компанийг өвчтөнд сайн үйлчилгээ үзүүлэх зорилгодоо хүрэхийн тулд илүү ихийг хийж бүтээхэд туслах гэнэ.


Тус алба нь The 3Shape Dental Advisory Board нэртэй бөгөөд 3Shape компанийг өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний технологийн шийдлийг сайжруулж боловсронгуй болгоход туслаж дижитал технологийн салбарын шилдэг мэргэжилтнүүдтэй холбож өгөхийн зэрэгцээ яг шүдний эмчид ямар төхөөрөмж хэрэгцээтэй байгаа талаар бодит дүн шинжилгээ хийж өгөх юм байна.
“Бидний зорилго бол нүүр амны тусламж үйлчилгээг хөгжүүлж боловсронгуй болгох асуудал юм. Зөвлөх багийг бүрдүүлсэнээр бид цаашид энэ салбарт тогтвортой тэргүүлэгч эгнээнд байх асуудалд нэг алхам ч болов дөхлөө гэж бодож байна” гэж 3Shape компаний Ерөнхийлөгч, CEO  Flemming Thorup хэлж байна.


Зөвлөх албаны анхны уулзалт энэ сарын эхээр Копенгагенд боллоо. Уг уулзалтанд оролцохоор дижитал технологийн салбарын шилдэг мэргэжилтэн, зөвлөгч Dr Jonathan Ferencz АНУ-аас иржээ. 2 өдөр үргэлжилсэн энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын зорилго нь 1. Дижитал технологи ашиглан хийгдэж буй эмчилгээ үйлчилгээнийхээ туршлагаас хуваалцах 2. Шүдний эмчийн өдөр тутмын эмнэлзүйн тохиолдолууд болон ажлын туршлагад үндэслэсэн дижитал төхөөрөмжийн эрэлт хэрэгцээг тодорхойлох 3. Шүдний технологийн салбарын инноваци, хөгжил дэвшил, судалгаанд дэмжлэг үзүүлэх 4. Дижитал төхөөрөмжийн талаарх мэдлэг, боловсрол олгох үйл ажиллагаа өрнүүлэхэд чиглэгдлээ.


“Сүүлийн хэдэн жилд шүдний эмчийн тусламж үйлчилгээ маш их хувьсаж өөрчлөгдөж байгааг бид бүхэн харж байна. Энэхүү өөрчлөлтийг удирдаж байгаа гол хүчин зүйл нь дижитал төхөөрөмжүүд юм. Дижитал төхөөрөмжүүд нь эмчид илүү үр дүнтэй, өндөр нарийвчилалтай, нягт нямбай ажиллах боломж олгож байна. Зөвлөх албаны бүтээл нь өвчтөний тусламж үйлчилгээг илүү сайжруулан боловсронгуй болгоход туслах бөгөөд 3Shape-ийг технологийн салбарын нэр хүндтэй тэргүүлэгч байхад гол түшиг тулгуур болно. Энэ 2 өдрийн зөвлөлдөх уулзалт нь 3Shape-ийн хүсэл тэмүүллийг мэдрэх, мэргэжилтнүүдийн санал дүгнэлтийг зөвхөн сонсоод өнгөрөх биш бидний санааг ажил хэрэг болгож нүүр амны тусламж үйлчилгээг шинэ түвшинд гаргах сайн бүтээгдэхүүний шийдэл бүтээхэд амлалт өгүүлэхэд оршино” гэж технологийн салбарын шилдэг мэргэжилтэн  Ferencz өгүүлж байна.


3Shape Dental Advisory Board  нь одоогоор шүдний эмч болон лабораторийн захирал зэрэг 11 хүний бүрэлдэхүүнтэй юм байна. Гишүүд нь Австрали, Бразил, Дани, Франц, БНСУ, Испани, Швейцари, АНУ зэрэг улсуудын төлөөл ажээ. Зөвлөх албаны уулзалт цаашид 2 жилд нэг удаа болох бөгөөд 3Shape-ийн бүтээгдэхүүний хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн чиглэлээр 4 хэсгээс бүрдэх төлөвлөгөө гаргаж өгнө.


Технологийн мэргэжилтэн Ferencz 3Shape-ийн бүтээгдэхүүнийг технологийн үйлдвэрлэлийн магнат Apple фирмтэй зүйрлэж байна. “Миний бодлоор бол 3Shape-ийн бүтээгдэхүүний хэрэглэгч нар Apple-ийн бүтээгдэхүүний хэрэглэгчид түүндээ хэр их дуртай байдаг шиг л дуртай байдаг. 3Shape хэрглэгчдээ яг Apple шиг инновациар удирдан чиглүүлж байна. Яг Apple шиг эдний бүтээгдэхүүнүүд ашиглахад амархан, ашиг тустай, хоорондоо нягт уялддаг, бас гадна үзэмж нь ч гоё” гэж хэлсэн байна.

 


Tag:үйл явдал, технологи, CAD/CAM, хиймэл шүд

Бусад мэдээлэл:






avatar