Шүдний материал сонгоход юуг харгалзан үзэх нь зөв бэ?
11-Ноя-2014 0.0 0

Шүдний сайн материал сонгох гэдэг нь нэлээд бэрхшээлтэй асуудал юм. Ихэнх үйлдвэрлэгчид тухайн материалын баглаа боодол дээр материалын бат бөх чанар болон бусад шинж чанаруудыг хэвлэсэн байдаг төдийгүй материалын тухай танилцуулга болон зааварчилгааг дагалдуулан өгдөг. Гэвч тэдгээр танилцуулгандаа тухайн материалын шинж чанаруудын тухай ихэвчилэн богино хугацааны эмнэлзүйн туршилт судалгааны баримтуудыг хавсаргасан байх нь элбэг тохиолддог.

Гэтэл тухайн компаний бичсэн тэр баримтууд нь  хэр үнэн магадлалтай вэ? Түүнээс ч илүүгээр эдгээр хавсаргасан баримтууд нь ямар хэрэгтэй юм бэ? Материал дээр дурдсан олон үзүүлэлтүүд нь магадгүй материал судлаачийн хувьд уг баримтанд тулгуурлаж материалын тухай ерөнхий төсөөлөл авахад хэрэг болж болох юм. Гэтэл ердийн эмч түүнээс ямар мэдээлэл авах вэ. Түүнд тухайн материалын шинж чанарыг туршиж мэдэх багаж зэмсэг бий билүү? гэхчилэн асуудлууд урган гарна.


Иймд практикийн эмч нарын хувьд материалыг сонгохдоо компаний өөрийн гаргасан танилцуулгаас илүү тухайн материалын тухай нийтлэгдсэн эмнэлзүйн туршилт судалгаа (Clinical trials)-ны баримтуудыг шүүж үзэх нь илүү итгэлтэй зөв эх үүсвэр юм. Нэр хүндтэй компаний танилцуулга нь илтгэл төрүүлэхүйц байж болох ч уг материалын тухай бичсэн судлаачдын тоймыг заавал шүүж үзэж байх нь чухал юм.


Түүнчилэн тухайн материалд итгэл төрүүлэх нэг чухал үзүүлэлт нь стандартын байгууллагын зөвшөөрөл юм.


Шүдний материалын стандарт
Шүдний материалын стандартчилал нь бусад  аж үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийн стандартын нэгэн адил хөгжиж ирсэн. Энэхүү стандарт нь бид бүхний өдөр тутам ашиглаж буй материалын шинж чанарын үзүүлэлтийг зааж байдаг. АНУ-ын хувьд бараа бүтээгдэхүүний стандартыг American National Standards Institute (ANSI) байгууллагын зүгээс хянаж мөрдүүлэх үүрэгтэй бол шүдний эм материал, тоног төхөөрөмж, эмчилгээ үйлчилгээний стандартын асуудлыг Америкийн Шүдний Холбоо (American Dental Association) төлөөлөн ажилладаг.

Харин Америкийн Шүдний Холбоо дотроо энэ асуудлыг  Council on Scientific Affairs буюу Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн зөвлөл хариуцан ажилладаг юм байна.


Энэхүү мэргэжлийн зөвлөл нь шүдний салбарт ашиглагдаж буй материалуудын найрлага, шинж чанарыг зориулалтын лабораторид өндөр шалгуурын дор үнэлж чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнүүдэд Америкийн Шүдний Холбооны Зөвшөөрлийн Дардас олгодог. Энэхүү дардас нь 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хугацаа дуусмагц тухайн бүтээгдэхүүн дахин Шүдний холбооны чанарын шалгалтанд орж байж зөвшөөрлөө сунгуулдаг байна. Түүнчилэн хэдийгээр Шүдний холбооны дардас авсан ч гэсэн тухайн бүтээгдэхүүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр сурталчилах бол мөн Америкийн шүдний холбооноос зөвшөөрөл авах шаардлагатай.


Зарим төрлийн шүдний материалуудад Америкийн шүдний Холбооны зүгээс физикийн болон механик шинж чанарыг тусгасан өвөрмөц шалгуур үзүүлэлт шаардах бөгөөд түүнийг specifications гэдэг. Үүний үр дүнд энэхүү өвөрмөц үзүүлэлт нь маш олон шүдний материалуудад хөгжиж боловсронгуй болсон. Хэрэв тухайн материал нь Америкийн Шүдний Холбооны Дардас эзэмших зөвшөөрөл авсан нь баримтаар нотлогдож байгаа бол хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сайн чанарын материал болохыг илтгэнэ.


АНУ-аас бусад улс орнуудад бараа бүтээгдэхүүний стандартчилах асуудлыг ихэвчилэн Засгийн газрын харьяа байгууллагууд хариуцан ажилладаг. Улс орон бүр өөрийн тусгай шалгуур үзүүлэлт шаарддаг тул энэхүү асуудлыг хялбар дөхөм болгох үүднээс Олон улсын Стандартын Байгууллага (International Standards Organization (ISO) өөрийн гишүүн орнууддаа нэгдсэн нэг стандарт

мөрдүүлдэг. ISO нь Шүдний эм материал, тоног төхөөрөмжийн стандартыг Дэлхийн Шүдний Холбоо FDI World Dental Federation-ы удирдамжийн дагуу гаргаж мөрдүүлдэг.
Түүнчилэн шүдний маш олон материалууд дээр Европын Холбооны CE тэмдэглэгээ тавигдсан байхыг харж болно. Энэхүү  Conformité Européenne тэмдэглэгээ нь тухайн бүтээгдэхүүн Европын стандартыг хангаж Европын Холбооны улсуудад худалдаалах зөвшөөрөл авсан болохыг илтгэнэ. CE тэмдэглэгээ нь мөн тухайн бүтээгдэхүүн ISO стандартыг хангасан гэсэн давхар утга агуулна.


Tag:Шүдний материал, практик менежемент, технологи

Бусад мэдээлэл:






avatar