Уурхай дагасан имплантын тухай бодол
13-Jan-2015 729 0.0 0

Ном унших зуур тааралдсан сонирхолтой баримтыг тэмдэглэж авахын ялдамд нэгэн бодол орж ирсэнээ хуваалцъя.
2007 оны судалгаагаар дэлхийн хэмжээний шүдний тусламж үйлчилгээний зах зээлийн нийт багтаамж 92,8 тэрбум долларт эргэлдэж байсан байна. 2006 онд явуулсан судалгаагаар имплантын зах зээлийн өсөлт мөн онд 15%-д хүрж энэ нь 2 тэрбум доллараар үнэлэгдэх болсон байна. Нийт өсөлтийн 42% буюу 750 сая доллар нь Европын зах зээлд хамаарагддаг гэнэ.


2008 онд Millennium Research Group-ийн явуулсан судалгаагаар АНУ-ын хэмжээнд 1,4 сая  имплант суулгах хагалгаа хийгдсэн бөгөөд өртөг нь 2,3 тэрбум доллар хүрсэн байна. Эндээс харахад 2012 он гэхэд нийт 2,8  сая имплантын хагалгаа хийгдэж 4,5 сая нэгж имплант суулгана гэж тооцсон байна.  2014 оны байдлаар 3,5 сая хүрсэн нь гарцаагүй. Энэ бол цагаан дээр хараар бичигдсэн баримт. Энэ судалгаан дээрээ үндэслэн имплантын зах зээлийн бүх зүйлсийг тооцоолоод төлөвлөөд биччихсэн байна лээ.


Хөгжлийн дээд эрэмбэд яваа улсууд ингэж судлаад төлөвлөөд явах юм. Гэтэл манай улсад ямар байдаг вэ? Залуу эмч нар одоо бүгд имплантологист болно гэж хошуураад мэс заслын резидентэд хэдэн арваараа чихэлдэж байх шиг байна. Ирээдүйрүү жаахан харж үзсэн үү?


Монгол улсын эдийн засагт уул уурхайн бум болж байсан 2010 онд гадаадын нэг эмчийн хэлж байсан "цээжний" тооцоог би энд дурдья.  Тэр үед монгол удахгүй Азийн Эмират болно Улаанбаатар удахгүй Дубай болно гэсэн гоё магтаалын үгэнд монголчууд умбаж шинэ баяны цээжний өвчинөөр бялхацгааж байсан цаг. Эдийн засгийн өсөлт 2011 онд 17,5% хүрч дэлхийг гайхуулж байлаа.
Тэр үед эдийн засгийн энэ өсөлтийн хурдаар бол ойрын хугацаанд монгол хүн амын 0,1 хувь нь  имплантын тухай мэддэг имплант хийх төлбөрийг төлөх чадвартай болно. Энэ нь дарж тооцоход 2000 хүн. Монголчууд шүдээ эрт авхуулдаг араа байдаггүй тул нэг хүнд дунджаар 4 имплант зооно гэж тооцоход 8 мянган нэгж имплант хэрэгтэй. Энэ нь 8 сая доллар болно гэж байлаа. Хоолны ширээний ард болсон яриа. Монголчуудыг мэдэхгүй гадаад хүний үг л дээ. Тоогоор бол тийм ч манай баячууд буруу зөрүү аргаар олсон мөнгөөрөө имплант зоолгохоос урьдаар өөр юманд зарцуулдаг учир 50%-дахад 4 сая доллар. Бас овоо л мөнгө юм гэж бодож байлаа.  Тэр цагаас хойш нүүрснээс олсон мөнгөнийхөө эрүүл мэнддээ зарцуулах хэсгээ баячууд маань Солонгос  Синга эмч нарт нэлээдийг нь тушаачихсан байгаа байхаа. Чемодантангууд ирэх нь ч ирсэн манайхан өөрсдөө очиж ч тушаасан.  Одоо нүүрс болон уул уурхайн орлогоос маш бага мөнгө үлдчихсэн болов уу. Имплант хийлгэх нэг нь хэдий нь хийлгээд аваа биз. Гэтэл эдийн засгийн хямрал нүүрлээд хэн бүхэн мөнгөө хэмнээд эхэллээ.  Макро эдийн засгийн байдлыг харахад Монголчууд сонгуулийн энэ хугацааг дуустал наанадаж 17 он хүртэл нар үзэх янзгүй байна. Монголын нэртэй бүх хөрөнгийн биржийн индексүүд уруудсан байдалтай байна гэх юм.


Шүдээ ломбодоол хиймэл шүдээ шавж суух минь л өлзийтэй юм байна гэж бодлоо. Мөн үү?

 


Tag:шүдний имплант, шүүмж

Бусад мэдээлэл:






avatar