Бид ярихаас илүү хийж бүтээх, авахаас илүү өгч сурах хэрэгтэй байна
14-Jan-2015 2429 5.0 0

Саяхан Эвада эмнэлгийн захирал Б.Энхбаатар хүмүүнлэгийн ажлын шугамаар Африкийн Руанда улсруу яваад ирсэн нь манай салбарын хувьд шинэлэг сонирхолтой үйл явдал тул түүнтэй уулзаж энэ талаар дэлгэрүүлэн ярилцлага авлаа.


Юуны өмнө Африкийн орнуудад хүмүүнлэгийн ажлын чиглэлээр яваад ирсэн танд нүүр ам судлалын салбарын хамт олны өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Манай салбарын хөгжил дэвшлийн нэг гэрч болж олон улсын хүмүүнлэгийн багт оролцон алс холын улс оронд яваад ирсэн нь бахархал төрүүлж байна. Ингээд энэ талаар зарим нэг асуулт асууя. Та энэ хүмүүнлэгийн ажилд ямар байгууллагын шугамаар оролцоод ирсэн тухайгаа бидэнтэй хуваалцана уу.
За баярлалаа .Юуны өмнө бид бүхэнд ийм сайхан Вэб хуудасаар дамжуулан олон төрлийн мэдээлэл цаг алдалгүй хүргэдэг танай хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.  Америкт байдаг Давид гэдэг эмч найз маань бид Африкруу эмчилгээний хүмүүнлэгийн ажил хийх гэж байгаа шүдний эмч хэрэгтэй та тусалж болох уу гэж надад хүсэлт тавьсан юм. Ерөнхийдөө Америк , Өмнөд Солонгос, Монгол, Уганда, Свазиланд, Танзаниа гэх зэрэг улсаас эмч нар нийлж хүүхэд, дотор, мэдрэл, шүд гэсэн чиглэлээр  7 хоног тусламж үйлчилгээ үзүүлсэн. Шүдний чиглэлийг нь би хариуцан ажилласан юм.  Африкийн Руанда улсын хилийн бүсд байдаг Гисени гэдэг тосгонд очсон юм. Энэ тосгон нь Ардчилсан Конго Улстай хиллэдэг хөгжил буурай тосгон байна лээ.

Таныг мэдээж Ази болон Европын орнуудаар олон удаа аялаж, суралцаж явсаныг тань мэдэх юм. Африк бол манай улсаас алс хол орших өөр нэгэн ертөнц. Африкт очоод төрсөн сэтгэгдэлээсээ хуваалцана уу.


За тухайнд үед Эбола хурц халдварт өвчин ид тархаж байсан учираас 23 цаг онгоцон дотор нисэхдээ жоохон айдастай л байлаа. / инээв/  Тэхдээ халдварын голомт хол байсан. Урьд манай улсаас энхийг сахиулахаар олон л хүмүүс явж байсан, миний хувьд зорилго өөр байсан болохоор  сэтгэл хөдөлсөн олон зүйлүүдтэй нүүр тулж байлаа.  Тухайлбал бид гисени явах замд автобусаар уулын оройгоор 4 цаг орчим явсан. Замдаа түр амс хийхэд олон хүүхдүүд гуталгүй өмсөх хувцасгүй надаас цэвэр усны сав гуйж байхад миний сэтгэл тэдний төлөө үйлчлэх зүрхийг улам хурцалж байлаа.  Тэр хүүхдүүд магадгүй Ази царай анх удаа харсан байх. Би бас Монгол оронд төрж өссөндөө бахархаж байлаа.

Манай улсад гадны эмч нар хүмүүнлэгийн шугамаар ирж байхыг л бид мэдэх юм. Харин манай улсаас өөр улс оронд энэ чиглэлээр явж байгаа нь сонин байна л даа. Тус улсын хүн ам хэрхэн хүлээж авч байгаа талаар таны сэтгэгдэл

Тиймээ миний хувьд залуучууд бид одоо ярихаас илүү хийж бүтээх, авахаас илүүгээр хүмүүст чаддаг зүйлээрээ тусалж боломжоороо өгч сурах хэрэгтэй байна.  Гисени тосгоний хүн ам маш өндөр сэтгэгдэлээр хүлээн авсан. 1994 онд Руанда улсад их хэлмэгдүүлэлт болж  омогууд нь дотороо хагаралдаж  2 сарын дотор сая гаруй хүн нас барж олон хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртсөн. Улмаар ДОХ өвчин ихсэж  хүн амын 20% хүрсэн юм. Намайг шүдний эмчилгээ хийж байхад ДОХ халдвартай нилээн хэдэн эмэгтэйчүүд үзүүлж байлаа.  Хүн амын амны хөндийн байдлын хувьд цоорол гэмтэлийн гаралтай цөгцний хугарал их байсан.  Тухайн тосгон 2-3 сая хүн амтай ч шүдний хувийн эмнэлэг нэг байх жишээний.  Шүдний мэргэжилтэн бэлтгэх сургууль байхгүй. Манай багийн 2 дахь монгол хүн хувиараа бизнес эрхлэгч Батжаргал гэдэг залуу 1000 аад ширхэг нярайн малгай бэлдэж тухайн тосгоны эх барих эмнэлэгт хандивласан.  Тэр малгайг бас манай гэртээ хүүхэдээ харж байгаа монгол эхчүүд бэлдсэн юм. Учир нь Нярайн нас баралт зулайгаар салхи авсантай холбоотой байдаг юм байна лээ.

Эвада эмнэлэг шүдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай салбарын цорын ганц гэж болох эмнэлэг. Танай эмнэлэг хүмүүнлэгийн чиглэлээр ямар ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар танилцуулна уу

За манай эмнэлэг нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд  хөдөө орон нутаг, хүүхэд өндөр настаны асрамжын газар, шорон хорих ангиудаар үзлэгийн баг байгуулж явж ирсэн. Мөн Хайр гэдэг нэртэй салбар эмнэлэг байгуулж эмзэг бүлгийн хүмүүст шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлж ирсэн. Бид бас боловсролыг дэмжиж ажилладаг учир манай эмнэлэг дээр оюутан залуучууд резидент эмч нар их ирдэг л дэ. Бид хүмүүнлэгийн ажил хийхийн тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаарддаг учираас эмнэлэг мааны илүү хичээнгүй ажиллах шаардлага гардаг да. Хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.  Энэ онд бид Эмнэлэгийн үзлэгийн багаараа Дэлхийд ядууралаар 6 д ордог Африкийн Малави гэдэг жижиг улсруу явах төлөвлөгөөтэй байгаа.

 

Манай улсын нийгмийн хүнд хэцүү салбарт ихэвчилэн гадныхан тусламж үзүүлж байгаа харагддаг. Бид өөрсдөө ийм төрлийн ажлууд зохион байгуулан хийх боломжтой байдаг уу? Ямар нэг бэрхшээлтэй асуудал тулгардаг уу?

Боломжтой, маш их боломжтой.  Монголчууд бид чинь яг цагаа тулхаараа сэтгэл нэгдээд ажилбал маш их зүйлийг хийж чаддаг гэж би итгэдэг. Ялангуяа одоогийн нийгэмд  баян хүмүүсийг нийгэмийн хүмүүнлэгийн ажилд өдөөн татах ажилыг залуучууд бид зохион байгуулах хэрэгтэй. Дэлхий бусад орнууд бүгд ийм замаар нэг нэгэндээ тусалж байна. Одоо биднийг дэлхий харж байгаа шүү дээ.  Яахав гадны улсаас сурах юм их байгаа харин тэднээс сурсан зүйлээрээ эх орондоо хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Манай шүдний холбоо ч бас энэ талын арга хэмжээг зохион байгуулах хэрэгтэй. Гадаад гэхээсээ илүүгээр монголчууд бие биендээ тусалж байхад янз бүрийн хяналт шалгалт багатай л байх.  Ер нь Хүмүүнлэгийн ажил гэхээр зарим нэг зүйлээ золиослоно гэсэн үг энэ л бэрхшээл байх.

Сайхан үйлс санаачлан мэргэжлийн чиглэлээрээ олон түмэнд сайн үйлсийг түгээж яваад Shud.mn сайтын өмнөөс талархал илэрхийлж цаашдын тань ажилд амжилт хүсье. Салбарын хамт олондоо зориулж хэлэх зүйл байна уу?

Манай шүдний салбар яг хөгжилийн ид үедээ явж байна. Одоо өөрсдийн хийж чадах зүйлийг заавал гаднаас тусламж гуйх шаардлагагүй өөрсдөө хөдөлмөрлөж боловсорч хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Өнөөдөр гадагшаа шүдээ эмчлүүлэхээр явж байгаа мянга мянган үйлчлүүлэгчдийг бид эх орондоо үлдээх хэрэгтэй итгэл төрүүлэх хэрэгтэй. Ингэж байж л манай салбар улам хөгжинө шүү дээ. Гаднаас олон эмч нар орж ирж байна. Бид зах зээлээ хамгаалахын тулд өөрсдөө хүчирхэг байх хэрэгтэй л гэж бодож байна да. Нийт салбарын хамт олондоо шинэ оны мэнд хүргэе бас  эрдэмтэн багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Танай хамт олонд ч бас ажлын өндөр амжилт хүсэн ерөөе

Ярилцсанд баярлалаа


Tag:эвада эмнэлэг, Ярилцлага, Б.Энхбаатар

Бусад мэдээлэл:






avatar