Блог: Шинжлэх ухааны талаар төрсөн бодол
28-Jan-2015 5.0 0

Японд ирээд бараг нэг жил болох гэж байгаа юм байна. Наритагийн онгоцны буудалд бууснаас хойш энэ сургуулийн босго алхаснаас хойш танин мэдэхүйн, сорилтын, ахиц дэвшлийн, үзэл бодолын өөрчилөлтийн нэг жил өнгөрөх гэж байна.

Япон бол манайхаас маш өөр орон. Соёлын, харилцааны, үзэл бодлын, технологийн гээд олон зүйлээрээ тэс өөр ертөнц. Японд нэг хоёр удаа ирээд буцах нэг өөр, харин дунд нь орж сурж хөдөлмөрлөж, ажиллаж амьдарч үзэх өөр гэдгийг бодитоор нь мэдэрч явна.

Энд олон зүйл нуршилгүй Японы шинжлэх ухаан тэр тусмаа Анагаах ухааны судалгааны талаар өөрийн төрж буй мэдрэмж олж мэдсэн зүйлсээсээ санал бодлоо хуваалцах үүднээс энийг бичиж байна.

Бид л мэддэггүй болохоос дэлхий ертөнц аль эртнээс нэгэнт тогтсон хөдөлмөрийн хуваарьтай юм байна. Даяаршиж буй ертөнцөд хэн нь юу хийж амьдрахаа нэгэнт хэлэлцэж тохироод бараг дууссан гэнэ.  Үе үе дэлхийн Их найм, Их хорь гээл уулзаал чуулаал байгаа харагддаг нь энэхүү хөдөлмөрийн хувиараа тохирох бас бус хүчний тэнцвэрийн асуудлаадаа л хэлэлцэх гээд байгаа нь тэр юм байх. Хөдөлмөрийн хуваарийн дагуу өндөр технологийн бүтээгдэхүүнүүдийг Америк, Япон, Европын орнууд үйлдвэрлэдэг бол дэлхийн хүнд үйлдвэрүүд Хятадад ихэнх нь байрлаж үйл ажиллагаа явуулдаг гэнэ. 90-ээд онд Америк Япончууд өөрсдийн чухал шаардлагагүй ихэнх хүнд үйлдвэрүүд хааж Хятадлуу нүүлгэсэн нь нэгийг бодогдуулах.

Үүнтэй адил шинжлэх ухааны судалгааны ажил ч өөрсдийн хөдөлмөрийн тогтсон хуваарьтай юм байна. Япон бол анагаах ухааны салбар дотроо суурь шинжлэх ухааны судалгааны чиглэлээрээ дагнан өөрийн имижийг бүрдүүлсэн орон юм байна.  Ихэнх анагаах ухааны хүрээнд хийгдэж буй эд эрхтний бүтэц зүйн болон молекул биологийн, биоинженерчилэлийн, генетикийн суурь томоохон даацтай судалгаануудыг Япончууд хийдэг болох нь судалгааны өгөгдөлийн санг ухаж үзэж гарч ирэх судалгааны материалуудаас харж болно.  

Харин Япончуудын хийсэн энэхүү суурь судалгааны өгөгдөлийг ашиглан шинэ технологи боловсруулагчид нь бас өөр нэг улс тухайлбал Америк, Европын тэргүүлэх орнууд бололтой. Америк, Япон, Европын тэргүүлэх улсууд бол тасарсан дээд түвшний судалгаа явуулагчид. Судлаачдын мэдлэг чадварын хувьд ч. Судалгааны лабораториудын хүчин чадлын хувьд ч. Судалгааны хамарч буй хүрээний хувьд ч энгийн монгол хүн, монгол эмч яг үүнийг ойлгоход үнэхээр бэрх учир зүгээр л тасарцан гэээд тодорхойлчиход л болно.

Харин гуравдагч орнууд буюу судалгаагаараа тэдний түвшинд хүрээгүй орнууд юу хийдэг вэ?

Тэд эдгээр өндөр хөгжсөн орнуудын судлаачдын боловсруулсан технологиудыг амьдралд дээр шалгаж эдгээр технологи болон эм урвалж материалуудынх нь клиник туршилтыг (Clinical Trial) хийж өгдөг. Бас бэлэн болсон технологийг бизнес болгон хөгжүүлэгчид ч байна. Тухайлбал Солонгос, Сингапур, Тайланд энэ чиглэлд маш соргог авхаалжтай ажиллаж мөнгө хийж байгааг бид нүдээрээ харж байна.

Бид тэгтэл хаана нь байна вэ?

Бид одоохондоо аль ангилалд нь хамаарагддагаа ч мэдэхгүй ангайгаад сууж байна. Яг суух ч биш юмаа чиглэл чиглэлд л сарвалзаж яг голыг нь олохгүй өөрсдийн явах арга замаа олохгүй л хий эргэлдээл байцгааж байна. Цаасан дээр бол бичсэн төлөвлөсөн гоё гоё зүйл зөндөө л байгаа харагддаг. Яг бодит амьдрал дээр бид нэгдсэн зорилго үгүй болохоор хүн бүгд л дурын юмаа хийж дурын юмаа ярьдаг байх. Одоо бид нийтээрээ хорвоо ертөнцийн хөдөлмөрийн хувиарын аль ангилалд нь хамаарагдаж боол нь болох уу ноён нь байх уу ? гэдгээ тохирч авмаар юм шиг. Нэгэнт ноён нь болж чадахгүйгээс хойш нрён зангаа дарж Ази хавиар байгаа боолчууд юуг хийж байгааг анхааралтай ажиглаж тэр чиглэлд улс нийтээрээ ч шинжлэх ухаанаа ч хөгжүүлмээр юм шиг байна. Нэг захирал Монгол улс дэлхийд тэргүүлэх суурь шинжлэх ухааны тоног төхөөрөмж худалдаж авч байгаа гэж ярихыг сонсоод гайхаж л суулаа. Түүнийг ажиллуулах мэргэжилтэн нь бий билүү? Байгаад ажиллуулаад судалгаа гаргалаа гэхэд аваргууд биднийг хүлээн зөвшөөрөх үү? Атмануудын хийдэг ажлыг урдуур нь орж булаацалдаад суух бидэнд тэд дуртай байх уу? Боломж олгох уу?

Их сургуулийн 4-р курсын оюутнууд дунд орж ирчихсэн бужигнуулж буй том яриатай бага ангийн хүүхдийг гайхаж хардаг шиг л учираа мэдэхгүй монголчуудын үйлдэл болгоныг тэд гайхаад хараад байх шиг. Зарим нэг нь худлаа хөөргөөд ч байх шиг. Соёлт ертөнцийн дүрмийг эхлээд судлаж ойлгож нэгэнт усыг нь уусан бол ёсыг нь дагаж сурах нь бидний эн тэргүүний зорилт юм байна.

Хувийн бодлоо хуваалцахад ийм байна.


Tag:шүүмж, шинжлэх ухаан

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar