20 шүдийг нэгэн зэрэг авсанаас болж өвчтөнийг үхэлд хүргэсэн гэдэг шалтгаанаар нэгэн эмчид эрүүгийн хэрэг үүсгээд байна
06-Мар-2015 0.0 0

HARTFORD, Conn., USA: АНУ-ын Коннектикут мужийн нэгэн шүдний эмчийг 64 настай эмэгтэйн үхлийн дараа түүний үхэлд буруутай хэмээн шүүхээс эрүүгийн хэрэгт татаад байна. Уг эмэгтэй имплант эмчилгээний явцад түүний 20 шүдийг авах мэс ажилбарын үед гэнэт амьсгал нь зогссон бөгөөд хэдийгээр эмнэлэгт хүргэсэн ч амь насыг нь аварч чадаагүй байна.

Enfield-ийн цагдаагийн газрын шийдвэрийг үндэслэн хоёрдугаар сарын 17 өдөр Dr. Rashmi Patel эмчийг батлан даалтанд гаргасан байна. Одоогоос яг нэг жилийн өмнө Dr. Rashmi Patel эмчийн өвчтөн Judith Gan Бейстейт Анагаах ухааны төвд удаан хугацаанд үргэлжилсэн шүдний эмчилгээний явцад тайвшруулах эмчилгээний хүндрэл гэсэн оноштойгоор нас барсан юм.

Hartford Courant сонинд мэдээлсэнээр Patel эмч уг эмэгтэйгийн 20 шүдийг авч нэлээд хэдэн имплант суулгах мэс заслын үеэр гэнэт хүндрэл гарсан гэнэ. Хэдийгээр түүний нэг сувилагч нь ажилбарыг цаашид үргэлжлүүлэх нь өвчтөний эрүүл мэндэд аюултай болохыг анхааруулсан ч эмч түүнийг үгийг тоогоогүй болох нь тодорхой байна. Коннектикутын Эрүүл Мэндийн газрын шинжээчдийн дүгнэлтээр амны хөндийн шүднүүдийг бараг бүхэлд нь авах мэс ажилбарын явцад хүчил төрөгчийн дутагдал үүссэн нь  амсгалын болон зүрх судасны системийн үйл ажиллагааны алдагдалд хүргэж үүний улмаас өвчтөн үхэлд хүрэх шалтгаан болсон гэж үзсэн байна. Хэдийгээр эмчийн нэг туслах асуудал хүндэрсэнийг мэдэн 911-т дуудлага өгсөн боловч өвчтөн аль хэдий нь амьсгал хураасан байсан гэж шинжээчийн дүгнэлтэнд тэмдэглэгджээ.

Мужийн сонинд мэдээлсэнээр бол уг эмэгтэй угаасаа биеийн ерөнхий эрүүл мэндийн нэлээд асуудалтай байсан бөгөөд шүдний эмчид очихоос 6 сарын өмнө инфаркт болж байсан гэнэ. Иймд түүний сүүлийн 2 жилд хийлгэж байсан эмийн эмчилгээ нь ийнхүү мэдээ алдуулалтын явцад сөрөг нөлөө үзүүлж үхэлд хүргэх шалтгаан болсон гэж үзэж байгаа юм байна.

Уг эмэгтэйн үхэл болон бас бусад шалтгаануудыг үндэслэл болгон Коннектикут Мужийн Шүдний эмч нарын  Зөвлөл 2014 оны 12-р сард хуралдаж  Patel эмчийн эмчлэх эрхийн лицензийг хураан авсан байна. Тус зөвлөлийн албан ёсны мэдээллээс харвал уг эмчийн тайвшруулах эмчилгээ хийх эрхийг насан турш хассан бөгөөд харин шүдний эмчилгээ хийх эрхийг 5 жилийн хугацаанд тэнсэн харгалзсаны дараа ахин сургалтанд хамруулан олгож болно гэж үзсэн байна.

 Patel эмчийн хувьд өөрийгөө буруу эмчилгээ хийсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Түүний өмгөөлөгч Paul Knag “Patel эмч өөрийг нь буруутгаж байгаа үндэслэлийн эсрэг маргаан өрнүүлж байгаа бөгөөд түүнийг цагаатгах болно” гэж хэлсэнийг  Hartford Courant веб хуудас иш татан мэдээлжээ.

Гэвч Patel эмчийн хувьд энэхүү алдаа нь анхных биш юм байна. Түүний эмнэлэг  Enfield болон Torrington-д салбаруудтай бөгөөд урьд нь бас иймэрхүү асуудал гаргаж байсан нь Эрүүл мэндийн газрын шалгалтаар тогтоогдсон байна. 2013 оны 12-р сард бас нэг өөр өвчтөнд эмчилгээний сттандарт зөрчсөний улмаас тайвшруулах эмчилгээний явцад амьсгалын замд марль орж бүтэлт үүссэний улмаас  өвчтөнийг эмнэлэгт хүргэж амь насыг нь аварч байсан байна. Иймээс 2 жилийн өмнө түүнийг эмчийн алдаа гэсэн үндэслэлээр шүүхэд дуудаж байсан боловч удалгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Энэ удаа 25000USD-ийн барьцаа авч Patel эмчийг шоронгоос суллаад байгаа бөгөөд Энфелвдийн дээд шүүх 3-р сарын 5 өдрөөс хэргийг шүүх юм байна.


Tag:үйл явдал, эмчийн алдаа, эрхзүй

Бусад мэдээлэл:






avatar