Холливудын эмч Dr.Bill Dorfman: Өөрсдийгөө од хэмээн төсөөлцөн тэр ихэмсэг хүмүүстэй ажиллах нь тийм ч амар биш
09-Mar-2015 0.0 0

Dr.Bill Dorfman бол Америкийн хамгийн алдартай шүдний эмч нарын нэг. Тэрээр теливизийн гоо сайхны олон төрлийн шоунд шүдний эмч нарын төлөөлөл болон байнга оролцдог тул олон нийтийн дунд маш их алдар нэртэй болсон бөгөөд түүний Лос Анжелест байдаг эмнэлгийн Oscar-ын шагналынхтай төст улаан хивсэн дээгүүр Anthony Hopkins, Hugh Jackman, Britney Spears, Anne Hathaway нарын зэрэг Холливудын одууд болон урлаг соёлын олон алдартнууд алхан өнгөрсөн байдаг. Бид түүнтэй уулзаж Холливудын одуудтай ажилладаг олон нийтэд алдар нэртэй шүдний эмч байх нь ямар байдаг талаар тодруулга авахыг хүссэн юм.

 

Dorfman эмчээ, та бол Discus Dental компаний үүсгэн байгуулагч. Иймд таныг шүдний салбарт ZOOM технологийг бэлэглэгч гэж нэрлэж болох уу?

Dr.Bill Dorfman. Энэ бол зөвхөн надад ноогдох гавьяа бишээ. Үүний төлөө бүхэл бүтэн баг ажилласан. Хэрэв эцсийг нь хүртэл чин үнэнчээр хэлэх юм бол энэхүү аппаратыг миний бизнес түнш маань эхнээс нь авхуулаад маш сайн бэлтгэсэн байсан. Энэ төхөөрөмжийг олон нийтэд хүргэх үйл ажиллагаанд миний оруулсан хувь нэмэр гэвэл би үүнийг  Extreme Makeover шоунд ашиглаж сая сая үзэгчдийн өмнө гаргаж ирсэн. Хүмүүс ихэвчилэн богино хугацаанд үр дүн нь гардаг зүйлд дуртай байдаг нь ажиглагддаг. ZOOM-ийг гарч ирэхээс өмнө маш олон ийм төрлийн төхөөрөмж байсан. Жишээ нь бидний ашиглаж байсан  BriteSmile гэх мэт. Гэвч бид хамтран маш сайн шүд цайруулах төхөөрөмж бүтээж чадсан гэдэгт итгэлтэй байна. Мэдээж миний ачаар энэ төхөөрөмж олон нийтэд хүрч гайхамшигтай гэж болохуйц амжилт гаргаж хамгийн өргөн хүрээнд тархаж чадсан.               

Өөрийн амжилтын түүх хэрхэн эхлэж хэрхэн өөрийн бизнестэй болж байсан тухайгаа бидэнд хуваалцахгүй юу?

Сургуулиа төгссөний дараа ажил хөдөлмөрийн гараагаа анх Швейцари улсаас эхлэж байлаа. Тэнд Lausanne хотын нэгэн эмнэлэгт ажиллаж байлаа. Дараа нь Лос Анжелестаа буцаж ирээд шүдний гоо сайхны чиглэлээр мэргэшсэн нэгэн алдартай эмчийн эмнэлэгт туслах эмчээр хоёр жил орчим хугацаанд ажилласан. Үүний дараа өөрийн эмнэлгийг нээж түүнийг хөгжүүлэхийн төлөө ажилаж эхэлсэн. Эхэндээ надад маркетингийн бусдаас онцлог гэх ямар ч санаа байхгүй байсан бөгөөд богино долгионы радиогоор л реклам явуулдаг байлаа. Гэвч аажимдаа өвчтөнүүдийн хүрээ маань өргөжин тэлсээр өнөөгийн энэ амилтанд хүрсэн.

Сүүлийн үед хэн гэдэг алдартай хүний шүдэн дээр ажиллаж байгаа бол. Мөн таны анхны алдартай үйлчлүүлэгч чинь хэн байсан тухайгаа бидэнд сонирхуулахгүй юу?

Миний хамгийн анхны алдартай үйлчлүүлэгч бол Америкийн алдарт усан спортын тамирчин, жүжигчин Esther Williams байлаа. Esther Williams болон бид эртнээс найз нөхдийн харьцаатай байсан бөгөөд энэ харьцаа маань удаан хугацаанд үргэлжилсэн. Хамгийн сүүлд гэвэл саяхан бид жүжигчин Katy Perry-ийн сая долларын өртөг бүхий шүдний винир эмчилгээг дуусгаж хүлээлгэн өгөөд байна. Яг энэ виниртэйгээ тэрээр Dark Horse кинонд зураг авхуулсан байгаа. Тэрээр эмчилгээндээ маш их сэтгэл хангалуун байгаа.

Одууд ихэвчилэн ааш авир ихтэй байдаг уу?

Бид бүхэнд байнга тохиолдож байгаа асуудлуудаас харахад хүн хэдий чинээ нэр алдар ихтэй байна төдий чинээ ихэмсэг, түрэмгий байдаг нь ажиглагддаг. Өөрсдийгөө од хэмээн төсөөлцөн тэр ихэмсэг хүмүүстэй ажиллах нь тийм ч амар биш.

Өөрийг тань алдартнуудын шүдийг цуглуулдаг гэдэг үнэн үү? Зөвхөн цуглуулах бус хэзээ нэгэн цагт тэдгээрийг eBay-гээр худалдаалах гэнэ гэсэн яриа сонссон.

Энэ худлаа. Нэг удаа алдартнуудын талаарх мэдээллээр дагнан ажилладаг TMZ сэтгүүл надаас энэ тухай асуухаар нь тоглоомоор тиймээ цуглуулдаг гээд хариулчихсан юм. Энэ асуудал бол эмч гэдэг миний мэргэжлийн хариуцлагад огт тохирохгүй зүйл л дээ. Би зүгээр л тухайн сэтгүүлийн редакцийн мэдээллийн хөгжилтэй байдлыг дэмжихийг л хүссэндээ тэгж хариулсан юм.

Таны үйлчилүүлэгчид таниас өвөрмөц биелүүлэхэд түвэгтэй зүйл хүсэж шаарддаг уу?

Үйлчлүүлэгчид маань надаас байнга л зурагтаар гарч байгаа элдэв сонин зүйлсийг хийж өгөхийг хүсдэг. Тухайлбал цус сорогчийн соёо, зэрлэг араатны шүд, төмөр шүд гэх мэт зүйлсийг авагддаг хэлбэрээр хийж өгөхийг шаардана. Нэг удаа нэгэн эмэгтэй үйлчлүүлэгч маань надаас бүр үнэнээсээ урт авагддаггүй соёо хийж өгөхийг хүссэн. Гэвч би түүнд хийж өгөхөөс татгалзсан. Би ийм төрлийн зүйлийг үйлчлүүлэгчдээ хийж өгөхөөс байнга татгалздаг бөгөөд хэзээ ч хийж өгөхгүй гэж боддог.

Өөрөө  яагаад Extreme Makeover шоунд оролцохоор шийдсэн бэ? Зураг авах явцад ямар нэгэн хүндрэл бэрхшээлтэй зүйл тохиолдож байсан уу?

Би хүнд ямар нэг зүйлсийг ч болов хэлж тайлбарлаж өгөх дуртай. Өнөөдөр телевиз бол мэдлэгийг түгээх маш хүчирхэг зэвсэг юм. Энэ бол шүдний эмчийн хувьд өвчтөндөө шаардлагатай мэдээллийг дамжуулах гайхамшигтай боломж гэж боддог. Бид өөрсдөд олдож буй богинохон цаг хугацаанд өөрсдийн юу чаддагаа харуулах боломжийг энэ нэвтрүүлэг олгодог.

Та бол хангалттай олон нийтэд ил байдаг хүн. Телевизийн нэвтрүүлгийн зэрэгцээгээр олон нийтийн төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцож байгаа харагддаг. Энэхүү нийгмийн идэвх тань таныг эмчийн үйл ажиллагаанаас чинь хөндийрүүлчихгүй байна уу?

Огтхон ч нөлөөлөхгүй байна. Энэ бол миний амьдралын хамгийн чухал хэсэг. Иймд би энэ үйл ажилагаандаа өөрийн хүүхдүүдийг аль болох байнга боломжгүй бол аль болох олон удаа татан оролцуулахыг эрмэлзэдэг. Түүнчилэн удахгүй телевизээр миний өөрийн бие даасан шоу хөтөлбөр   «Билл эмчийн шоу» нэртэйгээр гарч эхлэх болно. Энэ шоун дээр шүдний эмчид очоод амжилтгүй болсон өвчтөнүүдийн шүдийг сайхан болгоход тусламж үзүүлэх гол санаа агуулагдаж байгаа.

Янз бүрийн телевизийн шоунд оролцох, олон нийтийн идэвхтэй байх зэргээр шүдний эмч амжилтанд хүрч өөрийн үйлчлүүлэгчдийн хүрээгээ тэлэх боломжтой гэж та үзэж байна уу?

Телевиз болон нийгмийн сүлжээг зөв ашиглавал амжилтанд хүрэхэд туслах нь дамжиггүй. Гэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өртөх нь амжилтанд хүргэх гол хүчин зүйл биш юм. Сайн бүтээгдэхүүн гаргахын тулд хамаг хүчээ гарган ажиллах хэрэгтэй. Бидний хувьд сайн бүтээгдэхүүн гээд байгаа нь өвчтөний инээмсэглэл юм. Таны өвчтөн хэн ч байсан түүнд сайн бүтээгдэхүүн гаргаж өгөхийн тулд сөхөрч унатлаа ажиллах нь амжилтын маань гол хүчин зүйл юм. Түүнээс гадна бас нэг чухал зүйл нь бүхий л амьдралынхаа туршид суралцаж өөрийгөө байнга хөгжүүлж байх явдал юм.

 

 

 


Tag:шүдний гоо засал, Ярилцлага

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar