Герман улсын амны хөндийн эрүүл мэндийн тогтолцоо Европын бусад орнуудаас илүү болох нь тогтоогдлоо
27-Mar-2015 713 0.0 0

BERLIN, Germany: Германы Шүдний эмч нарын институт Европын өөр хоорондоо ялгаатай эрүүл мэндийн тогтолцоонуудыг шүдний тусламж үйлчилгээний байдал дээр нь үндэслэн судлан үзсэн байна. Энэхүү EURO-Z-II нэртэй эрүүл мэндийн эдийн засгийн судалгаа нь Европын 6 орныг өөр хооронд нь харьцуулан судалсан бөгөөд энэ дотроос Германы эрүүл мэндийн тогтолцоо нь амны хөндийн эрүүл мэндийн үйлчилгээгээр тэргүүлэх эгнээнд төдийгүй эдийн засгийн хямралын үед хамгийн сайн тогтолцоо болох нь тогтоогдсон байна.

“Германы хүн амын амны хөндийн эрүүл мэндийн тогтолцоо нь хэдий нь хөл дээрээ баттай зогссон болох нь олон удаагийн судалгаануудаас харагдаж байгаа бөгөөд энэ нь өөрөө Германы эрүүлийг хамгаалах тогтолцооны өнөөгийн байдлыг илтгэн харуулж байна. Герман улсын хүн амын дийлэнх хэсэг (86%) нь хууль ёсны эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бол цөөн хэсэг (11%) нь хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдсан байдаг. Бидний бүтээсэн энэхүү тогтолцоо нь хямралыг давж гарахад сайтар бэлтгэгдсэн бөгөөд илүү дэвшилтэт хөрөнгө оруулалтын санд тулгуурласан байдаг тул хүн амд аюулгүй, орчин үеийн шүдний тусламж үйлчилгээг хүргэх боломжтой байгаа юм” гэж Германы Шүдний эмч нарын Холбооны Ерөнхийлөгч Dr Peter Engel хэлж байна.

EURO-Z-II судалгаа нь өөр хоорондоо үзэл баримтлалын ялгаа бүхий Европын 6 орныг хамруулсанаараа онцлог. Судлаачид Герман, Франц, Нидерланд улсын уламжлалт нийгмийн хамгааллын Bismarckian тогтолцоо, Их Британи болон Дани улсуудын татварт суурилсан Beveridge тогтолцоо болон Унгар улсын Semashko model, эдгээрийг хамтад нь нийлүүсэн Швейцарийн эрүүл мэндийн тогтолцоо зэргийг өөр хооронд нь харьцуулан үзсэн байна.

Герман улсын хувьд шүдний хамгийн олон төрлийн тусламж үйлчилгээ хууль ёсны эрүүл мэндийн даатгалд хамрагддаг бөгөөд нийгмийн хамгааллын тогтолцооноос зардалыг нь гаргадаг тул эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд илүү биеэ даасан байдалтай байна. “Бидний эрүүл мэнддээ зарцуулж буй зардал нь эдийн засгийг тогтвортой байлгахад нөлөө үзүүлдэг юм” гэж Шүдний Эрүүл мэндийн даатгалын үндэсний холбооны дарга  Dr Wolfgang Eßer тайлбарлаж байна. Түүнчилэн Германы эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь өвчтөнүүдэд хамгийн их ээлтэй бөгөөд Европын бусад орнуудтай харьцуулахад хамгийн их төлбөрийг даатгалаас нөхөн төлдөг. Судалгаанаас харахад Европын олон орнуудад нэлээд олон шүдний зайлшгүй тусламж үйлчилгээ,  ялангуяа хиймэл шүдний үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд огт хамруулдаггүй байна. Эдгээр орнуудад хиймэл шүдний үйлчилгээ авсан иргэд төлбөрөө өөрсдөө карманаасаа төлөхөөс аргагүй болдог гэж  Dr Wolfgang Eßer хэлж байна.

Анхны EURO-Z судалгаа нь 1999 онд хийгдсэн бөгөөд энэ жил түүнтэй харьцуулан EURO-Z-II судалгаа хийсэн байна. Хоёрдахь судалгааны аргачлал нь өмнөх судалгаатай адил бөгөөд өнөөгийн шүдний тусламж үйлчилгээний байдлыг 1999 оны төлөв байдалтай харьцуулсан байна. Харьцуулалтаар олон төрлийн өөрчилөлт гарсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь Эдийн засгийн болон Валютийн Холбоодтой холбоотой бөгөөд өнгөрсөн хугацаанд Европын зарим орнуудад шүдний тусламж үйлчилгээний төлбөрийн системийн реформ гарсан байна.

Энэхүү судалгаа нь “EURO-Z-II: Comparison of dental fees in Europe” нэртэйгээр Германы шүдний эмч нарын Институтын 34 дэх удаагийн монограф байдлаар хэвлэгдэн гарсан бөгөөд энэ талаар 3-р сарын 3 өдөр Берлин хотод болсон хэвлэлийн бага хурал дээр олон нийтэд мэдээлсэн байна.

 


Tag:Герман, практик менежемент

Бусад мэдээлэл:






avatar