Ирландын судлаачид шүд хавирах эмгэгийг эрт олж илрүүлэх ухаалаг зэмсэг бүтээлээ
22-Apr-2015 902 0.0 0

DUBLIN, Ireland: Мэргэжлийн нэр томьёогоор бруксизм буюу бид бүхний хэлж заншсанаар шүдээ хавирах эмгэг нь дэлхийн нийтийн хэмжээнд өргөн тархсан эмгэгт тооцогддог ба насанд хүрсэн 5 хүн тутмын нэг нь ийм эмгэгтэй байдаг тул бруксизмтай хүмүүсийн тоо тэрбумаар хэмжигдэх бөгөөд энэхүү эмгэг нь шүд элэгдүүлэх, шүдний ломбо болон бүрээс гүүрэлсэн шүдэлбэр зэрэг нөхөн сэргээх зэмсгүүдийг эвдэх томоохон шалтгаан нь болдог. Ихэнх шүд хавирах эмгэгтэй хүмүүс шөнийн цагаар л зөвхөн шүдээ хавирдаг тул өөрөө ч түүнийгээ мэддэггүй тул оношлох илрүүлэхэд хүндрэлтэй байдаг. Тэгвэл Ирландын судлаачдын баг нойрон дундаа шүдээ хавирдаг эмгэгийг илрүүлэхэд зориулагдсан SmartSplint хэмээх шинэ технологийг хөгжүүлж байгаа нь шүдний эмч нарт энэхүү эмгэгийг эрт илрүүлэх эмчилэх боломж олгож байна.

Энэхүү шүдээ хавирах эмгэгт зориулсан ухаалаг төхөөрөмжийг Дублины Trinity College-ийн SelfSense Technologies компаний баг хөгжүүлж байгаа ба тус компанийг Дублины Шүдний Их Сургуулийн профессор Brian O’Connell, Dr Padraig McAuliffe нарын санаачилгаар AMBER материалын судалгааны төвийн судлаачид болох Dr Ramesh Babu ба Dr James Doyle нар хамтран байгуулж Дублины Trinity College-ийг түшиглэн үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

“Шүдний эмч нарын хувьд шүдээ хавирах эмгэгтэй хүмүүсийг эрт илрүүлэх бараг боломжгүй бөгөөд олж илрүүллээ гэхэд аль хэдий нь шүдэн дээр ямар нэгэн эмгэг үүссэн байдаг. Тиймээс түүнийг илрүүлэх үед хэдий нь оройтсон байдаг гэсэн үг. Шүд хавирах эмгэгийг эрт илрүүлж оношлох, шүдийг гэмтээж эмгэг үүсгэхээс урьдчилан сэргийлэх асуудал нь гол түлхүүр хүчин зүйл юм. Сүүлийн үед шүдний өвчилөл болон буйлны үрэвсэлийг энгийн нэгэн сорилын тусламжтайгаар эрт олж илрүүлдэг болсонтой адил бидний энэхүү төхөөрөмж шүд хавирах эмгэгийг мөн эрт олж илрүүлэхэд нь туслана гэж бодож байна” гэж McAuliffe эмч хэлж байна.

Нойрон дундаа шүдээ хавирах эмгэг нь шүдэнд маш их ачаалал өгдөг. Шүд хавирч байх үед араа бүлгийн шүднүүдэд 100 кг хүртэл ачаалал өгдөг байна. Энэ нь архаг удаан явцтай учир аажимдаа нүүр орчимд эмзэглэх, толгой өвдөх шинж тэмдэг өгөхөөс гадна шүдний ломбо, бүрээс, зоомол, нүүрэвч түүнчилэн шүдний имплант суулгацыг гэмтээх эвдэх гол хүчин зүйл болдог.

Шүд хавирах эмгэгээс болж үүссэн шүдний эмгэг болон шүдэлбэрийн гэмтлүүдийг засч сэргээх нь зарлага ихтэй цаг хугацаа үрсэн ажил болдог. Хэдийгээр шүдэндээ хамгаалалтын зөөлөн жийрэг зүүснээр шүдэнд гэмтэл үүсэхээс сэргийлж болох ч ихэнх шүд хавирах эмгэг шөнө нойрон дунд тохиолддог тул тийм эмгэгтэйгээ хүмүүс мэдэхгүй байх нь элбэг гэж судлаачид хэлж байна. Зарим хүмүүс хамгаалах жийрэг зүүдэг ч түүнийг зааврын дагуу зөв хэрэглэдэггүйн улмаас шүдний болон шүдэнд зүүсэн зэмсгүүдийн гэмтэлд өртөж түүнийгээ засуулах гэж нэмэлт зардал гаргадаг.

SmartSplint ухаалаг төхөөрөмж нь өөртөө мэдрэгч сенсорууд агуулсан бөгөөд түүнийхээ тусламжтайгаар нойрон дунд шүд хавиралтын хүч болон давтамжийг бүртгэн авч уг эмгэгийг эрт олж илрүүлэхэд тусладаг байна. Төхөөрөмж нь шүд хавиралтын тухай бүртгэж авсан мэдээллээ гар утаснь аппликэшн улмаар веб сайтруу өөрөө илгээх бөгөөд түүнийг нь эмч ашиглаж тухайн эмгэгийн онцлогийг тогтоох боломжтой гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь тухайн эмгэгтэй хүмүүст өөрийн эмгэгийн талаарх мэдээллийг үнэн зөв авах шүдний эмч уг эмгэгийг эрт илрүүлж эмчилэхэд тус болох гэнэ.

SelfSense Technologies компани энэхүү гайхамшигтай сенсорынхоо лиценз эзэмших эрхийг саяхан авсан байна. Компаний төлөвлөж байгаагаар ирэх намраас уг төхөөрөмж Ирланд улсын хэмжээнд худалдаалагдаж эхлэх бол 2016 оноос эхлэн олон улсын хэмжээнд худалдаанд гарах гэнэ.


Tag:судалгааны тойм, бруксизм, Шүдний эмчилгээ

Бусад мэдээлэл:






avatar