АНУ 50 жилийн дараа анх удаа ундны усныхаа фторын хэмжээг багасгах шийдвэр гаргалаа
30-Apr-2015 0.0 0

WASHINGTON, USA:  АНУ-ын Эрүүл мэндийн төрийн захиргааны байгууллагууд шийдвэрээ эргэн харж өнөөдрөөс эхлэн ундны усны фторын хэмжээг хамгийн ихдээ 0,7 мг/л концентрацитай байлгах зөвлөмж гаргалаа. АНУ-ын хэмжээнд фторыг ундны усны зэрэгцээгээр шүдний оо, ам зайлагч шингэн зэрэгт маш ихээр хэрэглэдэг тул сүүлийн жилүүдэд фторын илүүдлийн улмаас хүн амын дунд шүд толботох өвчин буюу флюрозын тархалт ихсэх хандлагатай болсон нь Эрүүл мэнд, хүн амын үйлчилгээний газраас 1962 оноос хойш мөрдөх болсон зөвлөмжийг өөрчилөх шалтгаан болсон байна.  

1960 оны үеэс дэлхий нийтээр шүдний өвчнөөс сэргийлэх нэгэн чухал арга хэмжээ бол хүн амын ундны усыг фторжуулах гэж үздэг болсон тул АНУ-ын хувьд уг арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлсэн бөгөөд төд удалгүй АНУ-ын хэмжээгээр ундны ус фторжуулалтын бүх системүүд усан дахь фторын агууламжийг 0,8-1,2 мг/л концентрацитайгаар нийлүүлэх болсон байна. Энэ удаагийн шийдвэрийн дагуу фторын агууламжийг 0,1-0,5 мг/л хүртэл буулгах бөгөөд энэ нь ундны уснаас авч буй фторын хэрэглээг 25%-аар шууд буулгаж өгөх төдийгүй нийт хүн амын фторын хэрэглээг 14% хүртэл буулгах боломжтой гэж тооцсон байна.

Гэсэн хэдий ч 4-р сарын 27 өдрийн эрүүл мэндийн газрын шийдвэрээр фторын концентрацийн дээд хэмжээг 0,7 мг/л гэж тогтоож өгсөн нь түүний шүдний цооролд нөлөөлдөг сайн талыг авч үзэхийн зэрэгцээ флюрозын эрсдлийн давхар тусгаж энэ тунг сонгон авсан гэнэ. Судалгааны баримтуудаас харахад тухайлбал 1999-2004 оны Үндэсний эрүүл мэндийн тандалт судалгаа болон Хоол хүнсний хэрэглээний судалгаа зэргээс ундны усны фторжуулалт нь хүн амын дундах шүд цоорох өвчний тархалт болон хүндрэлийг маш сайн бууруулж өгсөн болох нь тогтоогдсон бол 1986-1987 оны Эрүүл мэндийн тандалт судалгаагаар 6-49 настай хүмүүсийн 20% нь ямар нэг хэмжээний шүд толботох өвчинд нэрвэгдсэн байна гэсэн дүгнэлт гаргасан байна.

Өнөөгийн байдлаар АНУ-ын хүн амын 75% нь фторжуулсан ундны ус хэрэглэж байна. 2012 онд Өвчний хяналт болон урьдчилан сэргийлэлтийн төвөөс хийсэн судалгаагаар  АНУ-ын хэмжээнд фторжуулсан ус хэрэглэгч хүн амын тоо 200 саяд хүрсэн бөгөөд нийт 12341 ундны ус түгээлтийн төвөөс фторжуулсан ус авахын зэрэгцээ өөр төрлийн ус фторжуулалтын системүүдээс ч фторт ус худалдан авдаг нь тогтоогдсон байна.  

Ундны усыг хиймэл аргаар фторжуулалтын сөрөг нөлөөний талаар хүн амын дунд төрөл бүрийн ойлголт байдаг ба фторын хэрэглээний илүүдэл нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн болгоомжилол их байдаг. Тухайлбал хүүхдүүдийн анхаарал дутмагшилийн хамшинж гэж нэрлэгдэх нэгэн төрлийн мэдрэл сэтгэцийн үйл ажиллагааны хөгжлийн саатлыг фторын хэрэглээтэй холбож үзэх болсон.

АНУ-ын ундны ус фторжуулалтын бодлогын уришигаар Европын олон орнууд тухайлбал Австри, Белги, Финланд, Герман, Швед улсууд ундны усыг фторжуулах системийг авч хэрэгжүүлээгүй байна. Гэвч Их Британи, Ирланд зэрэг Европын зарим улсууд 0,2-1,2 мг/л агууламжтай фторжуулсан ус хэрэглэдэг.   

Энэхүү тайлан нь "U.S. Public Health Service Recommendation for Fluoride Concentration in Drinking Water for the Prevention of Dental Caries," нэртэйгээр хэвлэгдсэн бөгөөд www.publichealthreports.org/fluorideguidelines.cfm хаягаар нэвтэрч үзэх боломжтой юм байна.


Tag:фтор, америк, үйл явдал

Бусад мэдээлэл:






avatar