АШУҮИС Азийн шилдэг 100 сургуулийн нэг болно
07-May-2015 5.0 0

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль дундаас АШУҮИС  анх удаа 2015-2024 он хүртэлх хөгжлийн бодлогоо тодорхойлжээ. Хэтийн төлөвлөгөөндөө тэд олон зүйлийг цогцоор нь багтааж өгсөн байна. Мөн Ази, Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн анагаах ухааны шилдэг 100 сургуулийн нэг болох зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Энэ талаар АШУҮИС-ийн Эрдэм  Шинжилгээ, Хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал   доктор, профессор Б.Амарсайхантай ярилцлаа.

“Алсын хараа үгүй бол ойрын зовлон их байна”...

-Элсэлт, төгсөлт зэрэгцэж байгаа энэ үед элсэгчдэд болон эцэг, эхчүүдэд таатай мэдээлэл дуулгах гэж байна. АШУҮИС нь хөгжлийн бодлого тодорхойлж, олон сайхан зүйлсийг төлөвлөжээ. Баримт бичгээ хэзээ батласан бэ. Мөн энэ бодлогыг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-АШУҮИС-ийн Удирдах зөвлөл 2015 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр АШУҮИС-ийн хөгжлийн бодлого  буюу 2015-2024 он хүртэлх  баримтлах зарчим, хэрэгжүүлэх үйл ажиллагааг  тодорхойлогч үндсэн тулгуур баримт бичгийг батлан гаргаад байна. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг дэлхийд таниулах, тэр дундаа  Азид таниулан хөгжүүлэх арга зам, бидний алсын хараа, эрхэм зорилгыг илүү тодорхой болгож өгсөн юм. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл, өнөөдөр бид зөвхөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль гэлтгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай монгол хүнийг,  монгол оюун ухааныг, Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилготой энэхүү хөгжлийн бодлогыг тодорхойлоод байна. Хоёрдугаарт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бас дэлхийн төвшинд гаргах зорилготойгоор хөгжлийн бодлогоо тодорхойлсон. Бидний эрхэм зорилго бол АШУҮИС-ийг Ази, Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн анагаах ухааны шилдэг 100 сургуулийн нэг байхад оршиж буй юм.

- АШУҮИС бол  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүн амд чанартай хүргэх чиг үүрэгтэй хариуцлагатай бөгөөд өндөр ёс суртахуунтай мэргэжилтэн бэлтгэдэг сургууль.  Тэр утгаараа сургалтын чанар, судалгаа шинжилгээний ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээ гээд хэтийн төлөвлөгөөндөө олон зүйлийг цогцоор нь багтааж өгсөн байх?

-Манай сургуулийн үйлчилгээ, үндсэн чиг үүрэг бол ерөнхийдөө гурав хуваагддаг. Нэгдүгээрт мэдээж, сургалтын үйл ажиллагаа орно. Хоёрдугаарт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил. Гуравдугаарт, эмнэлгийн тусламж үйлчилгээ ордог. Өөрөөр хэлбэл, бид гурван хөтлөгөө морьтой.  Тэгвэл саяхан л сургалтын гэгдэж  байсан их сургууль судалгааны их сургууль болон өргөжиж, хэтийн төлөвлөгөөндөө Азийн топ 100 сургуулийн нэг болно гэсэн зорилго тавьж байгаа нь бидний  их том зорилго юм. Бидний өвөг дээдэс, Их Эзэн Чингис хаан “Алсын хараа үгүй бол ойрын зовлон их байна” гэж хэлсэн байдаг. Түүн шиг бид алсын хараа, хүсэл зорилгоо хэдий чинээ том тавина, төдий чинээ том зүйлийг хүсч мөрөөдөж,  тэр хэрээр хийж бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн байх юм. Мөн одоо хийж бүтээсэн зүйлээ цаашид  илүү их хөгжүүлэх,  батжуулж бэхжүүлэх  чухал үе тохиож буй юм.

        АШУҮИС-ийн хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо бид  дэлхийн хэмжээнд хүрсэн, олон улсад нэр хүндтэй  их, дээд сургуулиудын жишиг шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан гаргасан. Тухайлбал, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрчимжсэн их сургууль яаж болох вэ. Боловсролын чанарыг яаж сайжруулах вэ. Бидний мэргэжлийн үйл ажиллагаа гэж тодорхойлдог эмнэлгийн тусламж үйлчилгээг  хэрхэн чанартай, хүртээмжтэй үзүүлэх вэ гэсэн бодлогын үндсэн чиглэлийг баримталж ажиллах юм. Бид нийт 27 шалгуур үзүүлэлтүүдийг гаргасан байгаа. Мөн 2024 он хүртэлх шалгуур үзүүлэлтүүдийн2024 он хүртэлх  тооцоолол судалгааг бас гаргасан. Өөрөөр хэлбэл, 2015 онд нэг багшид ногдох эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэд байх вэ. 2024 онд хэд болж ахих вэ. Мөн тухайн онд манай сургууль нийт хичнээн оюутантай байх вэ.  Хэдэн оюутан шинээр элсүүлэх вэ гээд бүх  эдийн засгийн тооцоо судалгааг  гаргаж өгсөн.

Оюутнуудынхаа тоог цөөлж, тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлнэ

-Дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэн гаргахын тулд сургалтын чанарыг сайжруулахад илүү түлхүү анхаарч ажиллах шаардлагатай.  Хөгжлийн бодлогынхоо хүрээнд оюутнуудынхаа тоог цөөлнө, сургалтын төлбөр, оюутанд олгодог тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн байна лээ. Энэ талаарх мэдээллийг  дуулгаач?

-Бид хөгжлийн бодлогынхоо хүрээнд дунд хугацааны стратеги төлөвлөгөөний шалгуур үзүүлэлтүүдийг ч бас боловсруулан гаргасан. АШУҮИС-ийн төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь, суралцагсдын сэтгэл  ханамжийн хувь ямар байх юм. Нэг кредит цагийн үнэлгээ хэд байх вэ зэргийг маш нарийн тооцож гаргасан. Жишээ нь, одоо АШУҮИС-ийн нэг кредит цагийн үнэлгээ 27 ам.доллар буюу  52 500  төгрөг байгаа. Үүнийг 2024 он гэхэд дэлхийн анагаахын их сургуулиудын жишиг үнэлгээ буюу кредит цагийн үнэлгээг 250 ам.долларт  хүргэнэ. Энэ нь  оюутны сургалтын төлбөр нэмэгдэж явна гэсэн үг. Анагаахын ухааны сургууль бол чанартай, хүртээмжтэй, өртөг өндөртэй боловсролыг эзэмшүүлдэг сургууль. Тиймээс бид оюутанд олгодог  тэтгэлгийн тоог нэмэгдүүлнэ. Сургалтынхаа төлбөрийн 20 хувь хүртэлх мөнгөн дүнг оюутнууддаа зарцуулдаг байх тэтгэлгийн системийг боловсруулан хөгжлийн бодлогодоо багтааж өгсөн.

-АШУҮИС-д гадаад, дотоодын олон төсөл хөтөлбөр хэрэгждэг байх. Сургалтын орчин нөхцөл, судалгааны лаборатори хэр сайжирч байна вэ?

-Мэдлэгт суурилсан эдийн засгийн өнөө үед АШУҮИС судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилсан оношлогоо, эмчилгээг хийж чаддаг чадварлаг боловсон хүчин, чадалтай эмч нарыг бэлтгэж гаргадаг байх ёстой юм.  Тиймээс сургалтын хөтөлбөрөө бид төгсөлтийн өмнөх буюу дараах гэж ангилдаг. Төгсөлтийн өмнөх сургалт буюу манай АШУҮИС-ийн  бакалаврын боловсролын сургалтын хөтөлбөр маань Ази Номхон Далайн Бүсийн анагаахын боловсролын магадлан итгэмжлэлээр орсон байгаа. Одоо бид үүндээ үнэлгээ хийгээд, цаашид энэ том зорилтдоо хүрэхийн тулд сургалтын хөтөлбөрүүдээ сайжруулах тал дээр илүү түлхүү анхаарч ажиллаж байна. Одоо бид Сөүлийн их сургууль, КОЙКА-тай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж эхэлж байна. Сургалтын орчин нөхцөлийг сайжруулах, боловсон хүчин багш нарыг чадваржуулах, оюутан суралцагсдаа мэдлэгжүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч байна.

           АШУҮИС-ийн  бусад их сургуулиас  ялгарах гол онцлог бол хүн амын эрүүл мэнд, амь настай холбоотой эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилж, эмчлэх  эмч мэргэжилтнүүдийг бэлтгэдэг учир  тэр хэрээр өндөр зардлыг шаарддаг. Жишээлбэл, нүүр ам судлаач их эмчийг  бэлтгэхэд нарийн мэргэжлийн 50 багш нараас гадна багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж шаардагддаг. Тэр бүх орчныг бэлтгэж байж сургалтаа явуулдаг. Төгсөлтийн дараах сургалтын хувьд,  резидент эмч нар маань нарийн мэргэжил эзэмшихын зэрэгцээ цалин аваад ажиллах боломжтой болсон. Эхний загварууд нь манай Нүүр ам судлалын сургууль дээр яваад эхэлсэн.

Бид мэдлэгийг баялаг болгоно

-Тэгвэл төр засгаас өгч байгаа дэмжлэг туслалцаа хэр байна. АШУҮИС дэргэдээ шинэ эмнэлэгтэй болох тухай сураг дуулдаж байснаа чимээгүй болчихсон. Энэ ажил ямар шатандаа яваа вэ. Газрын асуудал нь цэгцэрсэн үү?

-АШУҮИС төр засгаас асар их дэмжлэг туслалцаа авч байна. БСШУЯ-ны  5.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар саяхан бид дэлхийн жишигт хүрсэн судалгааны Анагаахын Судалгааны “Цөм” лабораторитой болсон. Одоо сургуулийн номын санг шинээр барьж байна. Удахгүй ашиглалтад орно. Хамгийн том хөрөнгө оруулалт нь Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар олон улсын стандарт шаардлагад нийцсэн их сургуулийн дэргэдэх эмнэлгийг Япон улсаас бидэнд барьж өгөхөөр болсон. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр нь батлагдаад, шийдвэр нь гараад явж байна. Ирэх есдүгээр сард шавь тавих ёслол нь болно. 2017 онд энэ эмнэлгээ  ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд их сургуулийн дэргэдэх эмнэлэг барих газрын асуудал маань шийдэгдсэн. Японы Засгийн газрын боловсруулсан техник эдийн засгийн үзүүлэлт батлагдчихсан. Япон улс бидэнд түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгэйгээр энэхүү ажил хэрэгжиж эхэлнэ.

       Энэ ажлын хүрээнд, Япон улсын анагаах ухааны  их сургуулиуд манай сургуулийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор их, дээд сургуулиудын консерциум байгуулсан байгаа. Одоогоор 10 гаруй их сургуулийн хамтарсан консерциумыг байгуулаад байна. Бид энэ ажлын хүрээнд жилдээ 60-70 багшийг багаар нь Японы их, дээд сургуулийн эмнэлгүүдэд  бэлтгэж  байна. Энэ мэтчилэн төр засгаас үзүүлж буй тусламж дэмжлэг их байна.  Мөн их сургуулийг кампус байдлаар хөгжүүлэх төр засгийн бодлого шийдвэр гарч, бүх зүйл тодорхой болоод байна. Монголд уул уурхайн салбар хөгжиж бид байгалийн баялаг, бүтээгдэхүүн дээр тулгуурлаж эх орныхоо хөгжлийг тодорхойлж байсан бол өнөөдөр монгол оюуныг баялаг болгох, монгол хүнийг дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадахуйц мэдлэг, чадвартай болгох энэ эхлэлийг  манай сургууль хамт тавилцаж байгаадаа  баяртай  байна.

- Танай сургуулийн хувьд, судалгаа шинжилгээний ажилд хэзээний гаршсан байгууллага. Төрийн байгууллага хоорондын  уялдаа холбоо хэр байна вэ. БСШУЯ, ЭМСЯ-тай хамтарсан  судалгаа шинжилгээг  хийдэг үү.  Төрийн ажилд тус дэм болох  ямар ажлыг хийж байна вэ?

-БСШУЯ, ЭМСЯ  бидний ажлыг дэмжиж, томоохон хөрөнгө оруулалтын дэмжлэг туслалцааг өгч байна. Бид ч бас салбарын эрдэм шинжилгээ, судалгааны зарим ажлаар тусалж байна. Тухайлбал, манай сургуулийн багш, судлаачид манай улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж  байгаа  асуудлын шийдэл гаргах бодлогын шинж чанартай томоохон судалгаануудыг хийлээ. ЭМСЯ-ны сүүлийн хорь гаруй жил ярьсан эмнэлэгийн тусламжийн чанар, хүртээмжийн үнэлгээ, эрүүл мэндийн ажилтаны  ажлын ачаалал, норм нормативын  тогтоох судалгаа, эмнэлэгийн тусламжийн өртөг тооцох судалгаа талаарх судалгааг хийгээд  бид хүлээлгэн өгсөн. Мөн бид том том байгууллагуудын энэ чиглэлийн захиалгат судалгаануудыг бас хийж өгч байна. Жишээ нь, Улаанбаатар хотын агаарын бохирдол, түүний эрүүл мэндэд  нөлөөлөх нөлөөллийн судалгааг манай сургуулийн эрдэмтэн, багш судлаачид бас хамтран хийж гүйцэтгээд байна. Энэ нь их, дээд сургууль, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны бүтээл маань бодлого боловсруулагчдад ажлаа төлөвлөхөд бас их тус дэм үзүүлж байна.

-Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиудын ихэнх нь оюутнуудынхаа сургалтын төлбөрөөр санхүүждэг. Тэгвэл АШУҮИС нь хөгжлийн бодлогынхоо хүрээнд энэ тогтолцоог эрүүлжүүлж, багш нарынхаа мэдлэг оюуныг баялаг болгохоор зорьж ажиллаж байгаа гэж сонссон. Энэ тухай?

-Манай сургууль мэдлэгийг баялаг болгох чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байна. Энэ жил дөрвөн гарааны компани байгуулагдсан. Гарааны компани гэдэг нь их, дээд сургуулийн багш нарын оюуны бүтээлийг баялаг болгодог, багш нарын хийсэн сурсан, мэдсэн нээсэн зүйлүүдийг бүтээл болгодог байгууллага юм. Одоогоор монголчуудын дунд түгээмэл байдаг ходоодны хеликобактерийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж  эхлээд байна.. Мөн Монголын хүн ам, олон мянган гэр бүлд тулгамдаад байгаа үргүйдлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Японтой хамтарсан “Өөжин  мед” гэдэг гарааны хамтарсан компанийг байгуулаад байна. Мөн монгол эм үйлдвэрлэлийн гарааны компани зэрэг нь мэдлэгийг баялаг болгодог, улс орны хөгжил, эдийн засагт үр өгөөжөө өгөх олон ажлыг бид хийж байна.

      Хөгжлийн бодлогын хүрээнд хийсэн бас нэг том өөрчлөлт нь санхүүжилтын асуудал. Саяхныг хүртэл АШУҮИС-ийн төсвийн орлогын бүрдүүлэлт 95 хувь нь оюутны сургалтын төлбөрөөс бүрддэг байсан. Тэгвэл 2024 он гэхэд бид оюутны төлбөрөөс хамааралтай бус болно. Манай сургууль  төсвийн бүрдүүлэлтийн 55 хувийг сургалтын төлбөрөөс, үлдсэн 45 хувийг үндсэн бус үйл ажиллагааны орлого  буюу гарааны компани, эмнэлэг, эрдэм шинжилгээ  бусад орлогоор бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл, бид орлогоо эмнэлгийн тусламж үйлчилгээнээсээ олдог, их сургуулийн эрүүл тогтолцоотой  болно гэсэн үг. Энэ бодлого хамгийн түрүүлж нүүр ам судлалын сургууль дээр  хэрэгжиж санхүүгийн хувьд харьцангүй биеэ даачихсан. Одоо тус сургууль нь санхүүжилтийн 50 хувийг эмнэлгийн үйлчилгээнээс олсон орлогоосоо, үлдсэн хувийг оюутны сургалтын төлбөрөөс олж байна. 

-Анагаахын сургууль дэргэдээ эмнэлэгтэй байна гэдэг хамгийн чухал зүйл. Тэгэхээр та яг одоо иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа  “Эрхэс” эмнэлэг болон шүдний эмнэлгийнхээ тухай товч мэдээлэл дуулгаач?

-Одоо  АШУИС-ийн дэргэд Анагаахын сургуулийн дэргэдэх “Их Сургуулийн Нэгдсэн эмнэлэг ” , Нүүр ам судлалын эмнэлэг буюу шүдний эмнэлэг болон хоёр сувилал үйл ажиллагаа явуулж байна. Энэ хоёр сувилал нь улирлын чанартай зуны улиралд үйл ажиллагаагаа явуулдаг.  Шүдний эмнэлэг, Их Сургуулийн Нэгдсэн эмнэлгийн тухайд  үйл ажиллагаа нь хэдийнэ жигдэрсэн. Гэхдээ энэ хоёр эмнэлэг нь мэдээж, БЗД-т шинээр баригдах эмнэлгийн дэргэд бол жижиг эмнэлэг юм.  Ер нь бол олон улсад их сургуулийн дэргэдэх эмнэлэгтээ их ач холбогдол өгдөг. Тэнд хамгийн сүүлийн үеийн техник технологи нэвтэрч, хамгийн чадварлаг доктор профессорууд ажилладаг. Манай эмнэлэгүүд одоогоор жижиг боловч мөн л анагаахын сургуулийн хамгийн чадварлаг эмч, доктор профессорууд ажиллаж байна. 

АШУҮИС нь гадаадын  190 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагаатай

-Их, дээд сургуулиудын хөгжилд гадаад харилцаа тун чухал нөлөөтэй.  АШУҮИС-ийн гадаад харилцаа хэр өргөн хүрээнд хөгжиж байна вэ. Мөн хөгжлийн бодлогодоо  багш, оюутан солилцооны асуудлыг ч хэрхэн тусгаж өгсөн бэ?

-Бусад сургуулиудтай харьцуулахад АШУҮИС бол гадаад харилцаагаа жинхэнэ утгаар нь  ашиглаж чаддаг сургууль. Одоо бид 24 улсын 190 гаруй их, дээд сургуультай хамтын ажиллагаатай байна.  Японы 26, Солонгосын 10 гаруй их дээд сургуультай хамтран ажиллаж байна. Өмнө нь бид нэрийг сонсоод сүрддэг байсан Харвардын их сургуультай хүртэл хамтын ажиллагаатай том төсөл хөтөлбөр эхлүүлээд явж байна. Хамтын ажиллагаа маань бодитоор хэрэгжиж байна. Мөн АШУИС дэлхийн шилдэг их, дээд сургуулийн доктор, профессоруудыг урьж ажиллуулдаг юм.  Өнөөдөр 10 гаруй улсын багш, судлаачид урилгаар ажиллаж байна. Өнөөдөр АШУҮИС-ын дипломыг АНУ, Европын Холбооны  улсууд хүлээн зөвшөөрч байна .Энэ нь элдэв сурталчилгаагүйгээр  нэгийг  хэлж  буй гэж  бодно.

-Багш, оюутан солилцооны тухайд?

- Гадаад, дотоодын богино урт хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтанд давхардсан тоогоор нийт 376 багш хамрагдсан байна. Энэ нь их сургуулийн нийт багш нарын 64.8% нь сургалтанд  хамрагдсан  байна. Оюутан солилцооны  хувьд   жилдээ 280-300  оюутан хамрагдаж  байна. 

Хэлэхэд таатай нэг  зүйл  бол  залуус гадаадын өндөр хөгжилтэй улс оронд эрдмийн зэрэг цол хамгаалчихаад тэндээ шингэх нь  их байдаг. Харин манай сургуулиас явсан залуус  Монголдоо төгссөн  сургуульдаа ирж, сурсан мэдснээ сургуулийхаа хөгжилд нэмэрлэдэг.  Энэ сайхан оюунлаг залууст хүсэл мөрөөдөл тэмүүлэл байна. АШУҮИС-иас жилдээ 30-40 залуус гадаадын өндөр хөгжилтэй улс оронд магистр, докторт суралцдаг. Жилдээ дэлхийн топ 500 гаруй их, дээд сургуульд эрдмийн зэрэг цол хамгаалсан мөн тооны  залуус эх орондоо ирж,  их сургуулийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

       Хөгжлийн бодлогын хэрэгжилтийг жил бүр Удирдах зөвлөлдөө тайлагнана

-Хөгжлийн бодлогоо 2015-2024 он хүртэл тодорхойлсон. Харин хэрэгжилтийг нь хэрхэн дүгнэх вэ. Мэдээж, хийж хэрэгжүүлсэн ажлаа явцын дунд дүгнээд явах байх?

-АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд хөгжлийн бодлогынхоо хэрэгжилтийг Их Сургуулийн Удирдах зөвлөлд жил бүр тайлагнахаар зааж өгсөн. Дөрвөн жил тутамд үнэлэлт дүгнэлт өгч байхаар тусгасан. Одооноос бид  хөгжлийн бодлогын хүрээнд ажлаа төлөвлөнө гэсэн үг. Тухайлбал, Шүдний сургуулийн багш нар энэ сард тэдэн эрдэм шинжилгээний бүтээл хийнэ. Эмнэлгээсээ тэдэн төгрөгийн орлого олох ёстой гээд бүгдийг тодорхой заагаад өгчихсөн байгаа.  Хий дэмий зүйлд цаг, заваа зарцуулахгүй бүх зүйл төлөвлөгдсөн болохоор бидэнд ч төлөвлөхөд амархан, багш нарт ч ажлаа хийхэд хялбар болж байгаа юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг сонирхож асууя. Ирэх хичээлийн жил тун цөөхөн элсэгчтэй. Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг ердөө 19300 хүүхэд төгсөж байгаа, их сургуулиудын хувьд өрсөлдөөн ихтэй  жил. Тэгэхээр та элсэгчдэд болон  эцэг эхчүүдэд сургуулийнхаа онцлог, давуу талуудаас дурьдаж, мэдээлэл дуулгахгүй юу?

АШУИС бол өөрийнхөө цар хүрээгээр улсын хэмжээнд эхний гуравт эрэмбэлэгддэг. Нийт 13 мянган оюутантай. 1000 гаруй багш ажилчинтай том их сургууль. Өмнө нь АШУИС-д элсэхдээ мэргэжлээ сонгодог байсан бол одоо суралцаж байх хугацаандаа буюу хоёр жил суралцсаныхаа дараа III курст орохынхоо өмнө мэргэжлээ сонгодог тогтолцоонд шилжсэн. Мэргэжлээ буруу сонгох тохиолдол олон хүүхдэд тулгардаг асуудал. Хэзээ хойно “Би буруу сонголт хийчихсэн” гэж харамсах тохиолдол ч цөөнгүй гардаг.  Тэгвэл одоо ерөнхий чиг үүрэгээ мэддэг, хандлагаа зөв тодорхойлчихсоныхоо дараа мэргэжлээ сонгодог болсон. “Би уламжлалтын эмч болно”, “Би шүдний эмч болно” гэсэн зөв сонголтыг хийхэд илүү хялбар болсон гэдгийг элсэгчдэд дуулгахад таатай байна. Дэлхийн жишигт хүрсэн судалгааны орчинтой, олон улсын стандарт шаардлагад нийцсэн их сургуулийн эмнэлэг,   Монголын  эрүүл мэндийн  салбарын нийт ажиллагсдын 95 хувийг  бэлтгэсэн туршлагатай шилдэг  хамт олон  зааж  сургана. Эцэст хүний  төлөө  гэсэн сэтгэлтэй хүн  сайн  эмч  болдог  учраас  мэргэжлээ  зөв сонгоорой.


Tag:Б.Амарсайхан

Бусад мэдээлэл:






avatar