Нийгмийн зүгээс учруулах сэтгэлийн дарамт нь шүдний эмгэг үүсэхэд нөлөөлдөг
19-May-2015 0.0 0

TEL AVIV, Israel: Сэтгэл түгшлийн хамшинж нь өнөө цагт дэлхийн хэмжээнд хамгийн өргөн хүрээг хамарсан сэтгэцийн эмгэгиийн нэг хэлбэр юм. Израйлын Тель Авивын Их Сургуулийн судлаачид хүмүүст нийгмийн зүгээс ирэх сэтгэлийн дарамт нь шүд хавирах эмгэг болох бруксизмыг үүсгэж улмаар шүдний элэгдэл, гэмтэл, эрүүний үений өвдөлт зовиурыг учруулж байгаа болохыг тогтоосон байна.

2012 онд явуулсан өргөн хүрээний судалгаагаар дэлхийн нийт хүн амын 7,3% нь сэтгэл түгшлийн хамшинжтэй болох нь тогтоогдсон бөгөөд тархалтаараа барууны орнуудад өндөр хувьтай байсан байна. Сэтгэл түгшлийн хамшинж гэдэг нь орчины хүчин зүйлсээс ямар нэг хяналтгүйгээр хэт их айдас түгшүүр, стресс мэдрэх сэтгэцийн эмгэг юм. Энэ нь их эрт эхэлдэгч амьдралынх нь турш үргэлжилж даамжиран хүндэрдэг.

“Энэ эмгэг нь мэдээж шүдний эмгэг биш л дээ. Гэхдээ шүдэнд маш уршигтай зүйл юм” гэж судлаач Winocur үзэж байгаа бөгөөд “Хэрэв бид энэ эмгэгийн талаар мэдлэгтэй бол хор уршигийг эрт зогсоож чадна. Сэтгэл судлаачид тухайн өвчтөн бруксизмтай гэдгийг олж илрүүлбэл шүдний эмчид мэдэгдсэнээр тухайн эмгэгийг тэр даруй нь эмчилэх боломжтой юм” гэж эмгэгийн эмчилгээний талаар дурдлаа.

Судлаачид судалгаандаа 30 –аас доош насны 75 эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийг хамруулсан бөгөөд эдгээрийн 40 хүн нь өөрсдийгөө нийгмээс тусгаарласан хэт их сэтгэл түгшлийн эмгэгтэй хүмүүс байсан байна. Эдгээр хүмүүсийн тэн хагас нь байнга сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэдэг гэнэ. Харин үлдсэн 35 нь хяналтын бүлэг бөгөөд сэтгэл түгшлийн хамшинжгүй хүмүүсийг сонгон авчээ. Эдгээр хүмүүсийн амны хөндийн байдлыг судлаж бруксизмын шинж тэмдэг байгаа эсэх, бохь зажлах, хумсаа мэрэх зэрэг ямар нэгэн буруу зуршилтай эсэх, эрүүгээ хөдөлгөж тоглодог эсэх зэрэг зүйлсийг үзэж үнэлгээ өгсөн байна.

Судлаачид нийгмийн сэтгэл түгшлийн эмгэгтэй хүмүүсийн 42,1%, хяналтын бүлгийн хүмүүсийн 28,6%-д нь шүдний элэгдэл байгааг илрүүлсэн байна. Эрүүгээ хөдөлгөж тоглодог хүмүүс сэтгэлзүйн эмгэгтэй бүлэгт 32,5% байгаа бол хяналтын бүлэгт 12,1% байна. Бруксизмын тохиолдол сэтгэлзүйн эмгэгтэй бүлгийн хүмүүсийн 42,5%-д тохиолдож байсан бол хяналтын бүлэгт зөвхөн 3% байсан байна.

Судлаачид сэтгэл түгшлийн эмгэг болон бруксизмын хооронд хамаарал өндөр байна гэж үзсэн байна. “Сэтгэл түгшлийн эмгэгийг сэтгэлзүйчийн тусламжтайгаар эмчилсэнээр бруксизмыг шүдний эмч нар илүү үр дүнтэй сайн эмчилэх боломжтой” гэж Шүдний сургуулийн Амны хөндийн нөхөн сэргээлтийн тэнхмийн судлаач Dr Ephraim Winocur үзэж байна.

Энэхүү судалгаа нь “Bruxism and oral parafunctional hyperactivity in social phobia outpatients” гарчигтайгаар  Journal of Oral Rehabilitation сэтгүүлийн 2-р сарын дугаарт хэвлэгдсэн байна.

 


Tag:судалгааны тойм, бруксизм

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar