Impression materials-Хэвний материалын тухай
19-May-2015 2449 0.0 0

Шүд болон шүдний эгнээний хэвийг ихэвчилэн шүдэлбэр болон шүд нөхөн сэргээх эмчилгээг шууд бус аргаар бэлтгэх үед ашигладаг. Хэвний материалын ямар төрлийг сонгох нь хийх гэж буй шүдэлбэрийн төрлөөс хамаарна. Тухайн шүдний болон шүдний эгнээний хэвийг нарийн тод гаргахын тулд зориулалтын өвөрмөц материалуудыг нүүр амны согог заслын практикт хэрэглэдэг.

Өндөр нарийвчилалтай нарийн хэв авах нь дараах тийм ч амар зүйл биш бөгөөд дараах төрлийн мэдлэгүүдийг шаарддаг.

  • Хэвний материал
  • Хэв авах техник болон багаж зэмсэг
  • Зөөлөн эдийн менежемент

Өнгөрсөн зууны 50-аад оноос шүдний салбарт маш олон төрлийн хэвний материалууд нэвтэрсэн бөгөөд  өнөө үед зарим нэг хэвний материалууд нь тухайлбал гөлтгөнө, полисульфид (резин суурьт), эргэдэг гидроколлойд, конденсацийн силиконе гэх мэт материалууд хэрэглээнээс шахагдаж гарч байна. Гэсэн хэдий ч та эдгээр материалуудыг сурах бичгээс, нэг бол нэлээд дээр үеийн ахимаг настай эмч нар, бас зарим нэг өвөрмөц зүйлд дуртай эмч нар хэрэглэж байхыг хаяахан харж болно.

Харин би энэхүү өгүүлэлдээ зөвхөн нүүр амны согог заслын салбарт хамгийн өргөн хэрэглэгддэг хэвний материалуудын тухай дурдах болно.

 

 

Dental compound

Dental compound нь thermodynamic material төрөлд хамаарна. Халаах үед зөөлрөөд амны хөндийн температурт хатуу байдалд шилждэг. Дулааны нөлөөгөөр уярдаг шинж чанартай тул материал дутсан үед нэмэх, засахад маш хялбархан. Гэвч бат бэх чанар муутай, амархан эвдэрдэг зэрэг нь түүний сөрөг тал болно.

Энэ материалыг стандарт хэвний халбагыг аманд тохируулж яанзалахад (customising stock trays) , бүрэн шүгүйдлийн үед завсрын хэв авахад (preliminary impressions), хэвний халбагыг эмжиж хэв авах зэрэгт ашиглана.

Zinc oxide eugenol paste

Zinc oxide eugenol паст хэвний материалыг эдэд тулгуурласан авагддаг бүрэн шүдэлбэрийн үед ашиглана. Уг материал нь шүдгүй хэсгийн зөөлөн эдийн гадаргуу болон хацрын ховилоор маш сайн урсаж хэвийг гаргах бөгөөд удаан хугацаанд эзэлхүүнээ өөрчилдөггүй тогтвортой шинж чанартай тул бүрэн шүдгүйдлийн үед хэв авахад маш чухал материал юм. Хэрэв хэвэн дээр ямар нэгэн асуудал байвал хэвийг дахин шинээр авалгүйгээр лавай нэмэх замаар засаж янзалж болдог.

Гэвч энэхүү материал нь шүдний ормонд гүн тээг байгаатохиолдолд хэв авахад тийм ч тохиромжтой бус. Мөн энэхүү материал нь өөрөө гашуун амт, үгэртэй тул ялагуяа эвгенолын харишлтай хүмүүст хэрэглэхийг хатуу хориглоно.

Эргэдэггүй гидроколлойд хэвний материал

Эргэдэггүй гидроколлойд хэвний материалууд дотроос хамгийн өргөн хүрээнд ашиглагддаг төлөөлөгч нь Альгинат юм. Альгинат хэвний материалыг засврын хэв авах, тусгай халбага бэлтгэхэд, эсрэг шүд, шүдний эгнээний загвар бэлтгэхэд, оношлогооны загвар бэлтгэхэд, шүдний гажиг заслын загвар бэлтгэхэд зэрэг олон тохиолдлуудад ашиглана. Альгинат хэвний материал нь үнэ өртөг хямд, ажиллах техник энгийн зэрэг сайн талтай ч эзэлхүүнээ амархан өөрчилдөг, хэв авсаны дараа түргэн хугацаанд загвар цутгахыг шаарддаг гэх мэт сөрөг талуудтай.

Поливинил силоксан (Polyvinyl siloxane)

Поливинил силоксан болон полиэфирийн төрлийн хэвний материалууд нь авагддаггүй шүдэлбэрийн практик, имплнат тулгуурт авагддаггүй шүдэлбэрийн үед хамгийн өргөн ашиглагддаг зөөлөн хэвний материалууд юм.

Поливинил силоксаныг ихэвчлэн А силикон буюу addition silicone нэрээр нь илүү мэддэг бөгөөд 1970 оноос эхлэн практикт нэвтэрсэн. Ийнхүү өргөн хүрээнд олон нийтэд түгэх болсон шалтгаанд түүний ашиглахад хялбар байдал (automix and cartridge delivery systems), өвчтөнд хэрэглэхэд тааламжтай байдал (үнэргүй, амтгүй) хэвийг нарийн тод гаргадаг, эзэлхүүнээ өөрчилөлгүй удаан хугацаанд тогтвортой чанар, дунд зэргийн нунжгай чанар, удаан хугацаанд хадгалах боломж, загварыг олон удаа цутгаж авах боломж, усан суурьтай халдваргүйжүүлэх уусмалтай зохицдог байдал, нунжгай байдал болон хэв авах болон хатууралтын хугацааг тохируулж сонгох боломжтой байдал зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.  

Түүнчилэн поливинил силоксан материалаар олон төрлийн хэв авах техник ашигланхэв авч болдог. Тухайлбал нэг шатлалт болон хоёр шатлалт хэв авах техник эсвэл дангаар нь эсвэл давхар хэв авах техник гэх мэтчилэн олон хувилбараар ашиглаж болно.

Поливинил силоксан материалын нэг сөрөг тал нь латекс бээлийтэй гараар зуурсан тохиолдолд латекстэй холилдмогц хатууралт нь удааширдаг. Үүнээс зайлсхийхийн тулд уг материалыг аль болох автомат миксерээр зуурах эсвэл хэв авах гэж буй шүдийг 3%-ийн устөрөгчийн хэт ислээр угааж өгөх хэрэгтэй. Түүнчилэн силикон материалууд нь гидрофоб шинж чанартай учир буйлан доогуур ирмэг нь байрлах subgingival crown бэлтгэхэд алдаа гарах магадлал өндөр байдаг.

Полиэфир

Полиэфирийн төрлийн хэвний материалууд нь авагддаггүй шүдэлбэрийн практикт хэрэглээгээрээ хоёрдугаарт ордог хэвний материал юм. Энэ төрлийн материалууд нь хэвийг нарийн тод гаргадаг, эзэлхүүнээ өөрчилдөггүй тогтвортой, амархан урагддаггүй, уян зөөлөн зэрэг сайн талуудтай. Бас нэг онцлог давуу тал нь эдгээр материалууд нь гипрофиль буюу ус өөртөө татдаг шинж чанартай тул буйлны гүн ховилоос хэв авахад тохиромжтой байдаг. Эрт үеийн төлөөлөгчид нь хатуу шинж чанартай эвгүй үнэр болон амттай байсан бол шинэ үеийн төлөөлөгчид нь уян зөөлөн шинж чанартай үнэр амтгүй болсон. Бас нэг сөрөг тал нь энэ материалаар авсан хэвнээс олон дахин загвар цутгах боломжгүй. Бас нэг анхаарах зүйл нь материал өөрөө гидрофиль шинж чанартай тул усанд уусдаггүй халдваржуулах бодисоор халдваргүйжүүлэх шаардлагатай.

Дижитал хэв авалт

Дижитал буюу виртуаль хэв авалт гэдэг нь тусгай зориулалтын сканнер программ хангамжийн тусламжтайгаар тухайн шүд болон очны эдийг хамруулан сканнердаж авдаг сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй хэв авалтын төрөл юм. Дижитал хэв авалт нь шууд амны хөндийгөөс сканнердах, авсан хэвнээс сканнердах, цутгасан загвараас сканнердах гэсэн төрлүүд байдаг. Сканнерпаж авсан мэдээллийг тусгай программ хангамж боловсруулан 3D дүрс болгох бөгөөд түүнийгээ интернэтээр лабораторилуу дамжуулах болмжтой байдаг.

Лабораторид CAD/CAM программ хангамжийн тусламжтайгаар шүдний техникч шүдэлбэрийн дизайн, зохиомжийг төлөвлөх бөгөөд бэлэн болсон файлыг зорогч машин (milling machine)-д дамжуулсанаар программын дагуу шүдийг зорж бэлтгэдэг.

Дижитал хэв авалт  нь уламжлалт хэв авалтын аргаас дараах давуу талуудтай

  1. Хэвний материал болон хэвний халбага ашиглах шаардлагагүй
  2. Авсан хэвийг дижитал файл байдлаар удаан хугацаанд хадгалах боомжтой бөгөөд шаардлагатай үед шүдэлбэрийг дахин бэлтгэхэд хялбар
  3. Эзэлхүүний өөрчилөлтөөс шалтгаалах алдаагүй

 

 

 


Tag:эмнэлзүйн практик, хэвний материал

Бусад мэдээлэл:






avatar