Судлаачид олон нийтийн дунд имплантын талаар бодит бус хэт өндөр төсөөлөл байдгийг олж илрүүллээ
16-Jun-2015 773 0.0 0

HONG KONG, China: Шүдний имплант тулгуурт авагддаг, авагддаггүй шүдэлбэрийн хэрэглээ хэсгийн шүдгүйдэл бүхий өвчтөнүүдийн дунд жил бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд имплантын үйлдвэрлэгчид болон шүдний мэргэжилтнүүдийн зүгээс имплантын ажилбарын тухай дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүрт нь гаргаж байдаг. Гэвч хүн амын дийлэнх хэсэг нь өнөөг хүртэл имплантын тухай хангалттай мэдээлэлгүйн улмаас түүний үйл зүйн чадамжийг хэт өндөрөөр төсөөлөх, үүний улмаас эмчилгээндээ сэтгэл ханамжгүй байх зэрэг сөрөг зүйлүүд гарч байгаа нь имплантын салбарт олон нийтийн төсөөллийн талаар өргөн хүрээний судалгаа хэрэгтэй байгааг илтгэж байна. Тэгвэл энэ чиглэлээр Хонг-Конгийн Их Сургуулийн судлаачид судалгаа хийсэн байна.

Энэхүү судалгааны зорилго нь имплантын талаарх олон нийтийн дундах ойлголтыг тодруулах түүнчилэн тэдний имплантын талаарх ойлголт нь эмнэлгийн тусламж эрэлхийлэх болон шийдвэр гаргах зан төлөвт нь хэрхэн нөлөөлж байгааг олж илрүүлэх байсан байна.

Судалгаанд 35-64 насны өмнө нь шүдний салбарт хамаарах ажил эрхэлж байгаагүй 28 хүнийг хамруулсан байна. Хүмүүсийг судалгаанд хамруулах шалгуурт нэгээс олон шүд авхуулсан байх, имплантын тухай сонсож байсан боловч хэзээ ч имплантын тухай шүдний эмчийн зөвлөгөө авч байгаагүй зэрэг үзүүлэлтүүдийг оруулжээ.

Судалгаанд хамрагдагсадыг дотор нь 6 бүлэгт хуваагаад шүдний имплантын тухай тэдгээрийн өөрсдийнх нь мэдлэг мэдээллийн талаар ярилцлага өрнүүлсэн байна. Ярилцлагын явцад хүмүүсийн бүх яриаг тухай бүрт нь таталган бичлэгээр буулган авч тэмдэглэл хөтлөн дараа нь түүнийгээ тодорхой сэдвүүдэд ангилан анализ хийжээ.

Судалгааны баг олон нийтийн имплантын талаар мэдээлэл авах суваг маш олон төрөл байгааг тухайлбал мэдээллийн самбар, сурталчилгааны материал, нийгмийн сүлжээ, болон хувийн харилцаа холбоо зэргээр мэдээлэл авдагийг илрүүлсэн байна.

Судлаачдын мэдээллээс харвал судалгаанд оролцогчид бүгдээрээ шүдний имплант нь өвчтөний гадна төрх болон шүдний үйл зүйг нөхөн сэргээж амьдралын чанарыг үлэмж дээшлүүлдэг гэдэгт итгэлтэй байна. Харин судлаачид “Эдгээр хүмүүс имплантыг шүдгүйдлийн ямарч тохиолдолд хэрэглэж болдог гайхамшигтай увдист зүйл мэтээр түүний үйл зүй болон үйл ажиллагааны хугацааны талаар хэт өндөр хүлээлт төсөөлөлтэй байдаг юм байна”  гэж онцлон тэмдэглэсэн байна. Түүнчилэн оролцогчид имплант суулгах эмнэлзүйн ажилбарын гүйцэтгэлийн талаар мөн хэт өндөр төсөөлөлтэй байдаг гэнэ. Гэсэн хэдий ч эдгээр хүмүүс имплант эмчилгээг хэт өндөр үнэтэй мөн имплант суулгахад мэс засал хийдэг дараа нь хүндрэл гарах эрсдэлтэй зэргийн улмаас лавшруулан судлаж үзээгүй байна.

Энэ бүгдээс дүгнэж үзэхэд олон нийтийн дундах имплантын талаарх мэдээлэл харилцан адилгүй боловч зарим нэг бодит бус төсөөлөл нийтлэг байдлаар оршин байгаа бөгөөд тэр нь тусламж үйлчилгээ хайх зан төлөв, шийдвэр гаргах процесст сайнаар эсвэл сөргөөр нөлөөж байна гэж судлаачид үзэж байна.  

Энэхүү судалгаа нь “Public perceptions of dental implants: A qualitative study” гарчигтайгаар Journal of Dentistry сэтгүүлийн 5-р сарын 8 өдрийн дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, шүдний имплант

Бусад мэдээлэл:






avatar