“How to Become a Unique Dentist” номны өмнөтгөл
17-Jun-2015 0.0 0

Шүдний эмч бол дур булаам мэргэжил. Энэ мэргэжил нь өөртөө шинжлэх ухаан, технологи, анагаах ухаан, урлаг, уран сайхныг төгс хослуулж чадсанаараа гайхамшигтай. Миний хувьд шүдний эмч байх нь үнэхээр сэтгэл ханамжтай байдаг бол бусдаас хосгүй шүдний эмч гэж хэлэгдэх нь төсөөлөхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлдэг.

Гэвч хэрхэн бусдаас өвөрмөц хосгүй төгс мэргэжилтэн болох вэ? Дэлхий даяар хэдэн сая шүдний эмч нар ажиллаж байгаа ч бусдаасаа ялгарах хосгүй зүйлийг бүтээж чадсан нь ердөө хэдхэн зуугаар л тоологдно.

Та бүхэн саяхан шүдний эмчийн дипломоо гардан авсан уу. Сургуулийн босгоор алхан гарч нүүр ам судлал хэмээх энэ том салбарт анхны алхамаа хийсэн үү. Тэгвэл одоо яагаад эсвэл яаж аваад шүдний эмч болчихсон чинь хамаагүй. Таны энэ салбарт хийх аялал хэдийнээ эхэлчихжээ.

Чи үнэхээр шамдан суралцаж байсан шаргуу оюутан байсан байж болно эсвэл байдаг л нэгэн байсан ч байж болно. Чи өөрийн мэргэжлээ чин сэтгэлээсээ дурлан олж авсан ч байж болно эсвэл зүгээр ирээдүйн амьдралын баталгаа болгож сонгосон ч байж болно. Одоо энэ огт хамаагүй! Энэ хоёрын аль нь ч чамайг сайн мэргэжилтэн байхыг тодорхойлж чадахгүй.

Сайн дүн сайхан амьдралын баталгаа эсвэл муу дүн энэ мэргэжилд огт амжилт гаргаж чадахгүй гэсэн үг биш.  Харин ганцхан бичигдээгүй хууль байдаг нь “Хэрэв чи үүнд үнэхээр дурлаж байвал чи хэзээ нэгэн цагт мастер мэргэжилтэн болж чадна” гэсэн энгийн дүрэм.

Бид бүхэн үргэлж өөрөөсөө илүү амжилттай яваа хэн нэгнийг үргэлж даган дуурайх дуртай. Зарим үед чи өөрийгөө тэдний оронд тавьж яг тийм болчихсоноор төсөөлдөг бол зарим үед “Би хэзээ ч энэ эмч шиг энэ профессор шиг болж чадахгүй. Надад ийм болох ямарч боломж алга” гэж урам хугарах үе ч гарна.

Дахин хэлэхэд энэ бол худал. Энэ бол чиний өөрийгөө бүрэн гүйцэд таньж чадаагүй байгаагийн л гадаад илрэл. Чи өөрөө хэн байхыг хүсэж байна түүндээ хүрч чадна. Харин чи цаг үргэлж би тийм болох ёстой гэж өөрийгөө хүчлэх нь ч чухал.  

Залуу байхад манай найз нар намайг “Мөрөөдөгч” гэж хочилдог байсан. Би тухайн үедээ мөрөөдөгч гэдэг үгийг хоосон зүйл мөрөөдөгч бодит бус этгээд гэдэг утгаар ойлгодог байсан тул үзэн яддаг байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүн мөрөөдөл итгэл найдваргүйгээр хэн ч биш болдгийг олж харсан. Мөрөөдөлгүй хүн бол харин жинхэнэ хоосон бодит бус этгээд юм.

Миний жоохон ч гэсэн олсон амжилт ололт бүр мөрөөдлөөс эхлэж бодол ухаанаар баяжиж, шургуу зангийн минь хүчинд бий болсон юм.

Залуу шүдний эмч нарын хувьд мэдлэг гэдэг зүйл хамгийн нэн тэргүүний байх ёстой зүйл юм. Ном унших нь чиний амьдралын салшгүй нэгэн хэсэг байх ёстой. Чи өөрийн чадлын хэмжээгээр хэдий чинээ их мэдлэг олж чадна төдий чинээ сайн хэрэг. Хэрэв чи шинжлэх ухааны талбарт нэвтрэн орвол улам ихээр шунан дурлах болно. Хэдий чинээ чи их зүйл уншина төдий чинээ чи илүү их зүйлд суралцах ёстой гэдгээ ойлгоно.

Хэрэв чи үзлэгийн сандлынхаа дэргэд үнэхээр аугаа нэгэн байхыг үнэхээр хүсч л байгаа бол чи заавал бусдын итгэл хүндлэлийг хүлээсэн бат тулгууртай байх ёстой. Шүдний эмч байхын хувьд чи өөрийн үйлчлүүлэгчийнхээ хүсч буй тэр мэдрэмжийг өгч чаддаг үйлдэл бүрээ бусдаас сайн гүйцэтгэж чаддаг байх хэрэгтэй. Чи өөрийн мэргэжлийн хайрлаж хүндэтгэдэг байх ёстой. Чи цэмцгэр харагдаж, цэмбгэр хийж,  эрхэмсэг мэдрэмжийг төрүүлэх ёстой.  Чи үнэхээр дээд түвшний элит мэргэжилтэн л юм бол чиний гадна төрх ч элит байх ёстой. Энэ бүхэн чинь чамд үйлчлүүлэгчидийн чинь итгэл хүндлэл дүүрэн харьцааг бэлэглэх болно.

Чи шүдний эмчийн сайн ажиллагаа бол багийн сайн ажилгааны үр дүн гэдгийг мэддэг байх ёстой. Иймд өөрийгөө багаар ажиллахад бэлтгэж өөрийн баг хамт олноо хайрлаж хүндэтгэж сурах хэрэгтэй.

Чи эргэн тойронд болж буй сургалт семинар, коференц, их хурлуудад аль болох боломжоороо хамрагдаг байх хэрэггтэй. Чи хувийн салбарт ажиллахыг хүсдэг эсвэл аль нэг мэргэшлээр мэргэшээд карьераа хөхөөр шийдсэн аль алинд нь ч хосгүй нэгэн байх мөрөөдлөө гээгээгүй л бол тийм болж чадна.

Чиний шүдний салбарт хийх их аялал хангалттай их алдаа эндэл, амжилт бүтээл, гутрал цөхрөл, гуниг баяраар дүүрэн байх болно. Гэхдээ энэ бүхний эцэст чи зорьсондоо хүрч нүүр дүүрэн инээмсэглэх боломжтой болно.

Энэ ном бол миний бодрол, туршлага, зөвлөгөөнүүдийн минь эмхэтгэл юм. Энэ бүхэн шүдний салбарт хийх миний урт удаан аялалын турш бүрэлдэн бий болсон бодролууд, миний болон миний найз нөхдийн маань туршлагууд, алдаа оноон дээр тулгуурласан зөвлөгөөнүүдээс бүрдсэн юм.

 

 

Египтийн Александра Их Сургуулийн профессор, Олон улсын имплант судлалын AOIA холбооны ерөнхийлөгч Prof. Dr. M.S. El-Attar-ын “How to Become a Unique Dentist” номноос хэсэгчилэн орчуулав


Tag:эмнэлзүйн практик, Шүдний эмч

Бусад мэдээлэл:






avatar