Ярилцлага: New York University College of Dentistry-ийн декантай хийсэн ярилцлага
28-Jun-2015 0.0 0

New York University College of Dentistry нь 1865 онд эх үүсгэвэр нь тавигдсан АНУ-ын хэмжээний эртний 3 шүдний сургуулиудын нэг юм.  Одоогийн байдлаар уг сургуульд дэлхийн 40 гаран орны 1600 гаран оюутнууд суралцаж байгаа нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх сургуулиудын нэгд тооцогдож байна. Уг сургуульд 300 гаран үндсэн багш мөн 700 гаран гэрээт багш нар ажиладаг бөгөөд тэдгээр багш нар нь өөрийн хувийн эмнэлэгт ажиллах боловч долоо хоногт нэг удаа тэнхмийн сургалтанд оролцож практикийн хичээлийг удирдан явуулдаг гэнэ.

Тус сургуулийн өнгөрсөн түүх, уламжлал, өнөөгийн байдлын талаар New York University College of Dentistry-ийн мэргэшүүлэх сургалтын декан Ken Beachem- тай ярилцлаа. Тэрээр тус шүдний сургуульд 35 жил ажиллаж нэгэн юм байна.

АНУ-ын хувьд шүдний эмч гэдэг хэр их түгээмэл мэргэжил юм бэ?

АНУ бол шүдний салбар өндөр хөгжсөн тэргүүлэх улс орнуудын нэг. Иймд Америк улс бол шүдний эмч нарын хувьд ажиллаж амьдрахад маш таатай улс юм. Гэхдээ уламжлалаараа бол шүдний эмч мэргэжил нь тийм ч түгээмэл мэргэжил биш юм. Гэвч сүүлийн жилүүдэд байдал өөрчилөгдсөөр байна. 20 жилийн өмнө манай сургуульд нэг хуваарь дээр 8 оюутан хүсэлт гаргадаг байсан бол 2013 он гэхэд 28 оюутан болсон байна. 20 жилийн өмнө нийт оюутнуудын дөнгөж 15% нь эмэгтэй оюутнууд байсан бол өнөөдөр 54% болсон байна. Тиймээс тэдний хувьд шүдний эмч гэдэг нь мэгэжлээ сонгоход нөлөөлөх хамгийн түгээмэл мэргэжлүүдийн нэгд тооцогдож байх шиг байна.

Яагаад шүдний салбарлуу ингэтлээ тэмүүлцгээх боловоо? гэвэл энэ нь тодорхой шалтгаантай. Шүдний эмч болсоноор өөрийн амьдралын тодорхой хэв маягийг бүрдүүлэх боломжтой байдаг. Чи хүсвэл долоо хоногийн 7 өдөр ажиллаж болно. Эсвэл заримдаа өөртөө цаг гаргаад түүнийгээ гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөдөө зарцуулж болно. Тэгвэл бизнесийн салбар хуулийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдэд ингэх боломж байхгүй. Цаг наргүй ажиллах хэрэгтэй болдог. Нөгөө талаар америкийн дундаж шүдний эмчийн орлого бусад салбарын мэргэжилтнүүдээс дор хаяж 5 дахин их байдаг. Тэгвэл энэ байдал шүдний салбарын мэгэжилтнүүдийг юунд хүргэвээ гэж харахаар өнөөгийн мэргэжилтнүүдийн 8-10 дахин их өссөн тоо харагдаж байна. Санхүүгийн бие даасан байдал бол шүдний эмч нарын хамгийн гол давуу тал юм.

Их сургуулийн сургалт хэр их үнэтэй байдаг вэ?

Сургалт бол дангаараа жилийн 70 000 доллар байдаг. Харин тухайн оюутны амьжиргааны зардал, хол хүнс, хичээлийн хэрэгсэл гээд тооцох юм бол өрхийн төсвөөс жилд багадаа л 90 000 гаран доллар зарцуулагддаг. Их мөнгө байгаа биз. Гэхдээ Америкийн боловсролын системд тодорхой онцлог бий. Тэр дагуу манай сургуульд сургалтын төлбөрийн тодорхой хөнгөлөлтүүд бий. Бид амжилттай суралцаж буй идэвх зүтгэлтэй оюутнуудад тэтгэлэг болон бусад сургалтын төлбөрийн хөнгөлөлтүүд өгдөг. Манай сургуулийн нийт оюутнуудын 20% нь маш сайн суралцдаг сурлага, спорт олон нийтийн ажлуудаараа амжилт гаргасан манлайлагч оюутнууд байдаг. Бид тэдэнд тэтгэлэг олгохын зэрэгцээ сургалтын төлбөрөөс чөлөөлдөг.

Яг миний хувьд бол ийм аз тохиолдож байгаагүй. Бидний үед бүх төлбөрөө заавал төлөх шаардлагатай байлаа.

Таны хувьд орчин үеийн шүдний салбарт трэнд гэж хэлж болох ямар өөрчилөлт шинэчилэлтүүд харагдаж байна вэ?

Сүүлийн 20 жилийг авч үзвэл Америкийн шүдний салбар бүхэлдээ хувьсан өөрчилөгдлөө. Тухайлбал шүдний гажиг заслын салбар маш ихээр түгэн дэлгэрч байна. Хүүхэд насандаа төлбөрийн асуудлаас болж гажиг заслын зэмсэг зүүх боломжгүй байсан хүмүүс одоо ч оройтолгүйгээр шүдний гажигаа засуулах боломжтой болсон байна.

Хоёр дахь трэнд болж буй өөрчилөлт бол шүдний гоо сайхны эмчилгээ гэж хэлж болж байна. Орчин үед хүн болгон цасан цагаан шүдтэй болхыг хүсдэг болж. Иймд шүд цайруулах эмчилгээ болон шүдний гоо сайхны бусад төрлийн эмчилгээрүү маш их тэмүүлдэг болсон байна.

Мэдээж шүдний имплантыг дурдахгүй өнгөрч болохгүй. Сүүлийн жилүүдэд имплантын хөгжилтэй холбоотойгоор шүдний салбарын сургалт бүхэлдээ өөрчилөгдөж байна. 25 жилийн өмнө бид сургалтанд анх удаа имплантын тухай оруулсан бөгөөд тэр үед имплант хийлгэх өвчтөнүүдийн тоо маш цөөхөн байлаа. Гэтэл өнөөдөр бараг өвчтөн болгон имплантыг сонирхож асууж сурагладаг болсон байна. Сүүлийн жилүүдэд Америк улсын хувьд санхүүгийн маш том хямралуудад өртсөн ч уг хямралын үеэр имплантын захиалга огт буураагүй нь энэ салбар ямар их эрэлттэй байгааг харуулж байна.

Бас нэг асуудал нь шүдний эмчийн мэргэжлийг эмэгтэйчүүд маш ихээр сонирхох болсон явдал. Энэ талаар би дээр дурдсан.

Яагаад ийм олон шүдний эмч нар Нью-Йоркийн Их Сургуульд сурах Нью-Йорк хотод ажиллахаар ингэтлээ тэмүүлдэг юм бэ?

Үүнд дараах 3 шалтгаан байна. Хүмүүс яагаад эх орноосоо харь оронд гарах үндсэн шалтгаан нь нэгдүгээрт санхүүгийн асуудал, хоёрдугаарт янз бүрийн шашин хоорондын асуудал, гуравдугаарт ...хайр дурлал. Тухайлбал миний нэг Итали найз Гватемалиас ирсэн эмчтэй хайр сэтгэлийн асуудалтай болоод тэр оронд амьдрахаар хамтдаа явсан.

Яг Нью-Йоркийн хувьд бол энэ хот нь өөрөө олон үндэстнээс бүрдсэн мегаполис хот. Бараг дэлхийн бүх хэл дээр энэ хотын амьдрал буцалж байдаг. Иймд хүмүүс энд амьдрахдаа эрх чөлөө, тав тухыг мэдэрдэг. Тэдэнд өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх өргөн боломж нээгддэг. Иймд бидний давуу тал нь маш олон сонголтууд боломжийг тэдэнд өгч чаддаг явдал юм.

Америкийн хувьд их сургуулиудад улсын зүгээс хэр их дэмжлэг үзүүлдэг вэ? Сургалтын байгууллага санхүүгийн асуудалгүй оршин тогтноход өөр ямар төрлийн санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр шаардагддаг вэ? 

Чи манай сургуульруу орж ирэхдээ хувь хүмүүс болон байгууллагуудын маш том жагсаалтыг харсан байх. Тэд бол манай сургуулийн ивээн тэтгэгчид юм. Америкын иргэдийн хувьд сургалтын байгууллагад хандив өргөх нь нэр төрийн хэрэг гэж үздэг. Хэрэв ойр дотны хамаатан саднаа аюулт өвчнөөр алдсан бол уг өвчний оношлогоо эмчилгээний үйлсэд зориулан их сургуулиулдад хандив өргөх нь элбэг.

Бас нэг их сургуулиудад хандив өргөдөг томоохон уламжлал нь тус сургуулийн төгсөгчид юм. Тэд өөрийн сургуулийн ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс сургуульдаа хандив өргөдөг уламжлалтай.

Бид танай сургуульд ирэхдээ нэг анзаарсан зүйл нь та бүхэн зөвхөн шүдний эмч бэлтгэлгүй хажуугаар нь сувилагч, эрүүл ахуйч нарыг бэлтгэж байгаа явдал байлаа. Ямар учираас шүдний сургууль эдгээр мэргэжилтнүүдийг давхар бэлтгэх шаардлага гарсан тухай тайлбарлаж өгөөч.

Нэлээд олон жилийн өмнө манай сургууль өөртөө шүдний сувилагчийн салбар нээх боломж гарсан нь тухайн үедээ бол маш чухал шийдвэр байлаа. Бид жинхэнэ шүдний эмнэлгийн зориулалтын туслах мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн юм. Бид ерөнхий сувилагчаар бэлтгэгдсэн хүмүүсийг дахин шүдний салбарт сургаж бэлтгэх шаардлагагүй гэж үзсэний хувьд ийм анги нээсэн юм. Бид тухайн үед Шинэ Зеландын туршлагыг судлаж үзээд тэдний шүдний эрүүл ахуйч бэлтгэж гаргаад шүдний эмч очих дургүй алс холын мужуудад шүдний эмчээр илгээдэг арга туршлагыг хуулбарлан авсан юм. Тэд тухайн бүс нутгийн хүн амд амны хөндийн эрүүл мэндийн тусламжийг үзүүлдэг. Америкийн нийт иргэдийн 30% нь баталгаажих түвшинээс бага орлоготой гэдгийг огт мартаж болохгүй юм. Тэдэнд энэ мэргэжилтнүүдийн тусламж хэрэгтэй.   

Танай сургууль бол хэвлэмэл сурах бичгээс татгалзсан анхны сургууль. Энэ санаа чинь хэр амжилттай байгаа бол.

Одоо бол манай сургуульд үнэндээ нэг ч хэвлэмэл сурах бичиг байхгүй болсон. Бүх сурах бичиг электрон хэлбэрээр хадгалагдаж байна. Бид энэ чиглэлээр оюутнуудаа сургадаг. Манай сургуульд элсэн орсон оюутнуудын эхний хоёр долоо хоногийн сургалт сургалтын электрон эх үүсвэрүүдтэй хэрхэн ажиллах чиглэлд зориулагддаг. Компьютерээр тест шалгалт авах нь маш амархан бөгөөд түргэн хугацаанд явагддаг. Энэ нь багшийн зүгээс нөлөөлж болзошгүй субьектив нөлөөллийг таслан зогсоох давуу талтай. Уламжлалт аргаар шалгалт авах үед ихэнх хүмүүс тухайн хүний гадна үзэмж шалгалтын дүнд нөлөөлөх боломжтой гэж үздэг. Тухайлбал эмэгтэйчүүдийн оноо байнга илүү байх ч гэдэг юм уу. Тэгвэл компьютер үүнийг орлох болсоноор ийм маягийн субьектив нөлөөлөл байхгүй болсон.

Нью-Йоркийн Их Сургуулийн шүдний эмнэлэгийг үйл ажиллагааны хувьд эмчилгээ оношлогооны маш том төвүүдтэй зүйрлэж болно биз дээ.

Тиймээ манай их сургуулийн эмнэлэг бол хангалттай том эмнэлэг гэж болно. Их Сургуулийн эмнэлэгт нийтдээ 682 шүдний үзлэгийн машин суурилуулсан байгаа. Бид дадлагын сургалт эхлэмэгц оюутнуудыг 32-оор нь нэг бүлэгт болгон тасгуудад хувиарладаг.

Бидэнд үйлчлүүлэгчид хангалттай их бий. Бид жилд 400 000 гаран хүнд үйлчилдэг тул үйлчлүүлэгчдийн тоогоор бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдээс хамаагүй илүү гэж хэлж болно.

Оюутнууд яг бодит өвчтөн дээр дадлага хийж эхлэх үед хэн тухайн оюутны өмнөөс эмчилгээний хариуцлагыг үүрдэг вэ?

Эмнэлзүйн дадлага сургалтын хоёр дахь жилээс эхэлдэг. Эмнэлэгт зорин ирсэн өвчтөнүүдийг дадлагын багшруу илгээх бөгөөд тэрээр оюутны сургалтын бүх төлөвлөгөөг боловсруулж, сургалтыг гардан явуулж, хариуцлагыг өөртөө үүрдэг. Оюутнууд өөрийн харуцсан ажилбарыг гүйцэтгэсний дараа дадлагын багшаар заавал шалгуулах ёстой.

Манай эмнэлгийн 400 000 гаран үйлчлүүлэгчдээс тодорхой цөөн тооны үйлчлүүлэгчид оюутны сургалтанд оролцохыг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь сургалтын гол түшиц болж өгдөг.

Танай сургуульд аль салбар элсэн ороход хамгийн их өрсөлдөөнтэй салбарт тооцогддог вэ?

Хамгийн өрсөлдөөнтэй салбар бол “Шүдний гажиг засал”-ын сургалт юм. Энэ чиглэлэр элсэн ороход маш их өрөслдөөнтэй бөгөөд учир нь энэ мэргэжлийн салбар нь ойрын ирээдүйд хамгийн орлого өндөр шүдний салбарт тооцогдож байна. Жил бүр бид гажиг заслын чиглэлээр 12 эмч элсүүлж 3 жил сургадаг. Гэхдээ эдгээрийн 2 эмчийн квот нь гадаад оюутанд хамаардаг бөгөөд энэ жилийн хувьд Португали, Франц улсын 2 оюутан элсээд байна.

Оюутнуудын сургалт завсардуулах явдал хэр их гардаг бол. Шалтгаан нь юу байдаг бол.

Нийт элсэн орсон оюутнуудын 98% нь сургуулиа амжилттай төгсдөг. Гэвч үлдсэн 2% нь ямар нэг шалтгаанаар сурлагаас завсардах нь бий. Шалтгааны хувьд биеийн эрүүл мэндийн байдал, мэргэжлээ буруу сонгосондоо сэтгэл гутрах гэх мэт янз бүр байдаг. Харин муу сурсаны улмаас сургуулиас чөлөөлөгдөх явдал маш цөөхөн гэж хэлж болно.

Манай уншигчдад яавал сайн шүдний эмч болох талаар өөрийн зөвлөгөөг өгөөч.

Би өөрийн оюутнууддаа “Хэрэв чи байгаа хаана байгааг мэдэхгүй бол түүний голд нь ононо гэж мөрөөдөх ч хэрэггүй” гэж байнга хэлдэг. Хамгийн гол нь сайн эмч болохын тулд шаардлагатай мэдлэг, чадварыг бүрэн дүүрэн эзэмших хэрэгтэй.

 

“Dental club” сэтгүүлээс орчуулав


Tag:Ярилцлага

Бусад мэдээлэл:






avatar