Хүүхдийг хөхөөр хооллох нь шүдний эгнээний гажиг үүсэхээс урьдчилан сэргийлдэг
08-Jul-2015 1009 0.0 0

ADELAIDE, Australia: Нэлээд олон төрлийн судалгаанууд хөхөөр хооллолт нь хүний амьдралын турш шүдний өсөлт хөгжил, амны хөндийн өвчнүүдэд өртөхгүй тэсвэртэй байх зэргийг хамруулаад ер нь биеийн эрүүл мэндэд алсын хэтийн сайн үр нөлөөтэй болохыг батлан харуулсан байдаг. Тэгвэл энэ удаа University of Adelaide-ийн судлаачид хөхөөр хоололт нь шүдний гажиг үүсэхээс сэргийлдэг болох шинэ нотолгоог олж илрүүлсэн байна.

Судлаачид 5 настай 1303 хүүхдийн хөхөөр хоололт болон гажиг заслын эмчилгээний мэдээллийг түүвэрлэн авч судлаад хөхөөр хоололт нь шүд шүдлэлтийн улмаас үүсдэг анхдагч гажигаас хамгаалдаг болохыг олж тогтоожээ.

Судалгааны үр дүнгээс харахад хөхөөр хооллодог хүүхдүүдэд заалхай зуулт, орсгой зуулт болон шүдний эгнээний бусад төрлийн гажигуудын тархалт эрс бага байна. Хөхөөр хоололтын хугацааг 3-6 сар болон 6 сараас дээш гэж ангилаад энэ бүлгийн хүүхдүүдийг хөхөөр огт хооллож байгаагүй хүүхдүүдтэй харьцуулахад заалхай зуултын тархалт 33-44 хувь бага байсан байна. Түүнчилэн дээрх бүлгийн хүүхдүүдийг харьцуулахад шүдний гажигийн дунд болон хүндэрсэн төлөв байдал хөхөөр хооллодог хүүхдүүдэд 41-72 хувиар бага байсан гэнэ.

Судлаачид энэхүү нөхцөл байдал дээр үндэслээд хүүхдийг 6 сараас дээш хугацаагаар хөхөөр хооллох нь хүн амын дундах шүдний эгнээний гажигаас сэргийлэх маш чухал үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм гэж үзэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдүүдийг 6 сараас дээш хугацаагаар хөхөөр хооллохыг зөвлөдөг. Гэвч дэлхийн нийтийн хэмжээгээр нярай хүүхдүүдийн дөнгөж 38% нь л хөхөөр хооллодог гэсэн мэдээлэл байдаг байна. Иймд тус байгууллагын зүгээс 2025 он гэхэд эхний 6 сардаа хөхөөр хоолодог хүүхдүүдийн тоог ядаж 50%-д хүргэх гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэхүү судалгаа нь “Exclusive breastfeeding and risk of dental malocclusion” гарчигтайгаар Pediatrics journal-ын 7-р сарын дугаарт хэвлэгджээ.


Tag:судалгааны тойм, Шүдний гажиг, шүдний гажиг засал

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar