Эхчүүдийн амны хөндийн нян хүүхдийн биеийн эрүүл мэндэд ноцтой хор нөлөө учруулдагийг тогтоолоо
19-Jul-2015 2020 5.0 0

OULU, Finland: Уруул дээр нь энхрийлэн үнсэх, зайрмагны халбагаа хуваан хэрэглэх зэрэг өдөр тутам тохиолдох санамсаргүй үйлдлүүд нь хангалттай хор нөлөө учруулахуйц амны хөндийн бактериудыг хүүхдэд дамжуулж байдаг. Үүний эсрэг тэмцэх гол хүчин зүйл нь эрүүл мэндийн сайн мэдлэг гэдгийг  Финляндын судлаачид олж илрүүлсэн нь анхаарал татаж байна.

Хоол хүнс болон амны эрүүл ахуйн хэрэгсэлээр дамжин халдварлах амны хөндийн бактериуд нь ялангуяа хөлд орж буй насны хүүхдүүдийн шүдний цооролд томоохон хувь нэмэр оруулдагийг нэлээд олон төрлийн судалгааны үр дүнгээр батлагдсан байдаг. Эрүүл амьдралын зан төлөв нь амны хөндийн дийлэнх өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд томоохон үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Финляндын University of Oulu-ийн судлаачид Фин эхчүүдийн дунд энэхүү эрүүл амьдралын зан төлөвийн ялгаатай байдлыг судласан байна.

Судалгаанд 3-аас доош насны хүүхэд бүхий 313 эхчүүдийг хамруулж эрүүл мэндийн мэдлэг болон зан төлөвийг нь үнэлсэн байна. Судалгааны асуумжийн дагуу амны хөндийн эрүүл мэндэд нөлөөлөх өдөр тутмын үйлдлүүд буюу хоолны халбагаа хувааж хэрэглэх, тоглоомыг нь амаараа цэвэрлэх, уруул дээр нь үнсэх зэрэг мэдээллийг цуглуулж суурь мэдээлэл болгож эхчүүдийн шүдээ угаах байдал, тамхи татдаг эсэх, нас, боловсролын түвшин зэрэг мэдээллийг хавсаргажээ.

Эхчүүдээс хүүхдүүдэд бактери дамжин халдварлах хамгийн гол зүйл нь хүүхдийг уруул дээр нь үнсэх явдал байсан бөгөөд нийт оролцогчдын 38% нь энэ үйлдлийг хийдэгээ мэдэгдсэн байна. Оролцогчдын 14% нь хүүхдээ хооллох үедээ халбагаа хувааж хэрэглэдэг гэсэн байна. Түүнчилэн хүүхдийнхээ тоглоомыг амаараа цэвэрлэдэг гэж мэдээлсэн нэгэн байхад судалгаанд оролцогчдын цөөнх буюу 11% нь ямар ч тохиолдолд эхчүүдийн амнаас хүүхдэд бактери дамжин халдварладаггүй гэдэгт итгэдэг гэсэн байна.

Судалгааны эрэл хайгуулын дүнд эрүүл амьдралын зан төлөв нь эхчүүдийн нас болон боловсролын түвшингээс шууд хамаардаг болохыг олж тогтоосон байна. Ахимаг настай бөгөөд боловсролын түвшин өндөр эхчүүд зан төлөвийн хувьд дээд түвшинд байгаа нь өдөрт дор хаяж 2 удаа шүдээ угаадаг, тамхи татдаггүй зэргээс харагдаж байна.

Гэтэл нэг сонин зүйл нь бактерийг дамжуулах ноцтой эх үүсвэр болох халбагаа дамжуулах, уруул дээр нь үнсэх зэрэг нь эхчүүдийн нас болон боловсролын түвшинтэй бараг хамааралгүй эсвэл бага зэрэг хамааралтай байгаа нь ажиглагдсан байна. Судлаачдын үзэж байгаагаар эх болон хүүхдүүдийн өөр хоорондоо хайр энхрийлэлээ илэрхийлэх харилцаанд амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг чухал болохыг харуулж байна.    

Нэлээд олон төрлийн судалгаагаар нотлогдоод байгаагаар хүүхдийн шүдний цоорлыг үүсгэгч нян бактериуд тухайлбал Streptococcus mutans зэрэг нь хамгийн анх эхчүүдээс хүүхдэд дамжин халдварладаг байна. Иймээс хүүхдүүдийн сүүн шүд шүдлэх онцгой үе шат буюу 6-12 сартайд нь эхчүүдийн зүгээс бактери дамжуулах нөхцөл боломжийг бууруулж өгсөнөөр тухайн хоруу чанартай бактерийн үржих боломжийг багасгаж хүүхдийн цаашид шүдний цооролд өртөх эрсдлийг бууруулдаг болохыг тогтоогоод байна.

Энэ ойлголттой хамтатган Финляндын судлаачид энэ чиглэлээр эрүүл мэндийн мэдлэг боловсролыг илүү сайн олгох нь эхчүүдийн зүгээс хүүхдэд нян бактери дамжин халдварлахаас зайлсхийх чухал хүчин зүйл болохыг зөвлөж байна.

Энэхүү судалгаа нь  “Oral health behaviors and bacterial transmission from mother to child: An explorative study” гарчигтайгаар BMC Oral Health journal-ын 7-р сарын 3 өдөр онлайнаар хэвлэгдсэн байна.

 

 


Tag:судалгааны тойм, шүд цоорох өвчин, амны эрүүл ахуй

Бусад мэдээлэл:






avatar