“Хүмүүсийн амьдралд эерэг өөрчилөлт авчирахын төлөө зүтгэж явна”
31-Jul-2015 358 0.0 0

KIMBERLEY, Australia:  Шүдний эмч, гажиг засалч Dr John Owen болон шүдний сувилагч Jan Owen нар Австралийн баруун бүсийн төвөөс алслагдсан хөдөө орон нутагт шүдний тусламж үйлчилгээ хүргэх сайн дурын үйл ажиллагаа эрхэлдэг. Тэд 2009 онд Kimberley Dental Team хэмээх ашгийн бус байгууллага байгуулсан бөгөөд тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь бүс нутгийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэгдсэн шүдний үнэгүй тусламж үйлчилгээ юм.

Одоогоос 6 жилийн өмнө John болон Jan Owen нар Австралийн Kimberley мужийн Halls Creek хэмээх жижиг суурин газар зочилж очсон байна. Тус бүс нутгийн олон нийтийн хүсэлт, урилгын дагуу сургуулийн 133 Аброген хүүхдүүдэд шүдний үзлэг хийхэд хүүхдүүдийн 38% -д нь шүдний яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байсан бол 18%-д нь ойрын 6 сарын дотор зайлшгүй шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байсан байна. “Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь бараг л бүх л амьдралынхаа турш өдөр бүр өвдсөн шүдтэй байсаар ирсэн бөгөөд маш олон хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байлаа. Энэ бүхнийг хараад бид зөвхөн ганцхан удаа үзсэн төдийгөөр орхиод явчихаж чадаагүй юм. Бид үүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг ярилцаж зөвлөлдсөний дагуу өөрсдийнхөө мэргэжлийн ур чадваруудыг нэгтгэн хүмүүсийн амьдралд өөрчилөлт хийхээр шийдсэн юм” гэж  Jan Owen дурслаа. Тэд The Kimberley Dental Team-ийг 7 сайн дурын хүмүүсийн туслалцаатайгаар байгуулаад 2009 оны 8-р сард олон нийтэд шүдний тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор Kimberley мужид эргэн ирсэн байна. Тэд нийтдээ 68 шүдэнд эмчилгээ хийж 173 шүдийг шүд цоорох өвчний хүндрэл, гажиг заслын эмчилгээний болон шүдний хоршилт засах шаардлагаар авсан байна.

Тэд эрүүл мэндийн чиглэлийн судалгааг тус бүс нутгийн хүн ам дунд үргэлжлүүлэн хийж төвөөс алслагдсан жижиг суурингуудын аброген хүүхдүүд болон насанд хүрэгчдийн дунд шүдний өвчилөл их байгаа ч уг хүн амын бүлэгт чиглэгдсэн улсын болон хувийн секторын эмнэлгийн тусламж үйлчилгээ хангалтгүй байгааг олж илрүүлсэн байна.

Kimberley Dental Team-ийн захирал Dr Jilen Patel “Аброген хүүхдүүдийн дунд эмчилэгдээгүй шүдний өвчин болон буйлны үрэвсэлийн хувь маш өндөр байгаа бөгөөд алслагдсан бүс нутагт энэ нь бүр их байна. DMFT-ийн дундаж үзүүлэлт 8 болон түүнээс их байгаа нь тус иргэдийн дунд шүдний өвчлөл маш өндөр тархалттай байгааг харуулж байна. Түүнчилэн алслагдсан бүс нутагт ахмьдарч буй хүүхдүүдэд шүдний өвчний эсрэг хот суурин газарт амьдарч буй хүмүүсийн адил фторжуулсан ус хэрэглэх шүдний тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хандах боломж байхгүй төдийгүй эрүүл мэндийн мэдээлэл хомс байна ” гэж хэлж байна.

Одоогийн байдлаар Kimberley Dental Team-тэй шүдний мэргэжилтнүүд, багш нар, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэгч зэрэг төрөл бүрийн мэргэжлийн 300 гаран хүмүүс хамтран ажиллаж тус бүс нутагт амны хөндийн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус мэргэжлийн баг бүс нутагт жилдээ 2-3 удаа очиж үзлэг хийдэг бөгөөд үзлэгийн хугацаа 4 долоо хоног хүртэл үргэлжилдэг. 2009 оноос үйл ажиллагаагаа эрчимжүүлсэнээр одоогийн байдлаар нийт 20 гаран суурин газрын 1000 гаран хүнд хүрч үйлчилээд байна. 2014 онд тус багийн хүрээнд алслагдсан бүс нутгийн хүн амд 1 сая австрали доллартай тэнцэх хэмжээний шүдний үнэгүй тусламж үйлчилгээ хүргэснээ тэмдэглэсэн байна.

Сүүлийн 4 жилийн хугацаанд тус байгууллага Strong Teeth for Kimberley Kids нэртэй сургуулийн хүүхүдүүдэд зориулсан шүд угаах хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд тус хөтөлбөр нь хоол хүнсний хөтөлбөртэй хамтран хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал зуршил олгоход чиглэгдсэн байна. Үйл ажиллагааны хүрээнд тус  бүс нутгийн хүүхдүүдийн шүдний өвчилөл буурч байгаа нь 2010 оны байдлаар хүүхдүүдийн 78% нь шүдний яаралтай тусламж үйлчилгээ шаардлагатай байсан бол 2013 онд энэ нь 35% хүртэл буурсанаар харагдаж байна. “Шүдээ угаах нь сургуулийн хүүхдүүдийн өдөр тутам хийх дадал зуршил болсоноор ийм сайн үр дүн гарч байгааг би харж байна” гэж Dr John Owen тайлбарлаж байна.

“Шүдний салбарын сайн дурын үйл ажиллагаа нь уламжлалт байдлаараа ихэвчлэн шүдний өвдөлт, хүндрэлийг дарах яаралтай тусламжид гол анхаарлаа хандуулж урт удаан хугацааны өвчтөний хяналт, давтан үзлэг болон шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх ажиллагааг орхигдуулдаг. Kimberley Dental Team-ийн амны хөндийн эрүүл мэндийн тусламж, мэдлэг боловсрол олгох загвар нь энэ байдлыг харгалзан үзэж олон нийтэд ойр ажиллах чиг хандлагыг баримтласны хүчинд тухайн бүс нутгийн хүн амын амны хөндийн эрүүл мэндэд тогтвортой үргэлжилэх эерэг сайн үр дүнд хүрээд байна” гэж Kimberley Dental Team-ийн захирал Dr Jilen Patel үзэж байна.

 

 


Tag:менежемент, урьдчилан сэргийлэлт, шүд цоорох өвчин, сайн дурын үйл ажиллагаа

Бусад мэдээлэл:






avatar