Шүдний сойзоо байнга халдваргүйжүүлж байх шаардлагатайг судлаачид зөвлөж байна
27-Aug-2015 5.0 0

DAVANGERE, India: Шүдний сойз нь буруу хадгалсан тохиолдолд амны хөндийн гаралтай нян бактерийн зэрэгцээ тухайн орчиныхоо нян бактерийг өөртөө шингээж бохирдох боломжтой байдаг. Саяхан Энэтхэгийн хэсэг судлаачид төрөл бүрийн халдваргүйжүүлэх бодисууд шүдний сойзны нян бактерийн хуримтлалд хэрхэн нөлөөлж байгаа судалсан байна.

Судалгаандаа chlorhexidine gluconate болон sodium hypochlorite зэрэг халдваргүйжүүлэх бодисууд, стрептококк нян агуулсан ус, 5-12 насны 21 хүүхдийн шүдний сойзыг ашигласан бөгөөд хүүхдүүдийг өдөрт хоёр удаа шүдийг нь угаалгаад уг сойзыг 5 хоногийн дараа үнэлж үзсэн байна.

5 хоног үргэлжилсэн судалгааны явцад шүдний сойзнуудыг  Robertson’s cooked-meat broth орчинд 4-5 цаг байлгаад дараа нь тодорхой бүлгүүдэд хувааж тус бүрт нь өөр өөр халдваргүйжүүлэх бодисонд дүрж туршилт явуулсан байна. 1-р бүлэгт 0.2% chlorhexidine ашигласан бол 2-р бүлэгт 1% sodium hypochlorite, 3-р бүлэгт зөвхөн ус ашигласан байна. 24 цагийн дараа сойзнуудыг дахин Robertson’s cooked-meat broth-д байршуулаад дараа нь нян өсгөвөр хийсэн байна.

Судалгааны эцсийн үр дүнгээс харахад chlorhexidine халдваргүйжүүлэгч нь стрептококкийн төрлийн нян бактерийг 100% устгаж байсан бол sodium hypochlorite нян бактерийг 71% хүртэл устгаж чадсан байна. Тэгвэл зүгээр цэвэр ус нь нян бактерийн зөвхөн 14%-ийг л устгаж чадсан байна.

Иймд судалгааны үр дүнгээс chlorhexidine болон sodium hypochlorite нь үйлчилэл сайтай халдваргүйжүүлэх бодисууд болох нь харагдаж байна. Судлаачдын үзэж байгаагаар 3-р бүлгийн буюу зөвхөн усаар угаасан сойзнуудад нян үржих нь илүү байсан бөгөөд энэ нь сойзыг зөвхөн усаар угаах аль эсвэл агаараар үлээлгэж хатаах нь бохирдлоос сэргийлэхэд хангалттай бус болохыг харуулж байна.

Судалгааны үр дүнд үндэслэн судлаачид хувь хүн бүр өөрийн сойзыг тодорхой хугацааны давтамжтайгаар халдваргүйжүүлэх уусмал ашиглан халдваргүйжүүлж байх нь амны хөндийн эрүүл мэндийн арчилгаа болон биеийн ерөнхий эрүүл мэндийн байдалд ч маш чухал зүйл болохыг зөвлөж байна. Энэ удаагийн судалгаанд судлаачид амны хөндийн бүх төрлийн нян бактерийг нэлэнхүйд нь хамруулж чадаагүй ч цаашид бусад төрлийн бактери, мөөгөнцөр, вирус зэргийг хамруулан судалгааг үргэлжлүүлэх болно гэж төлөвлөж байна.  Мөн бусад төрлийн халдваргүйжүүлэх бодисуудын үр дүнг ч лавшруулан судлах болно гэлээ.

Бохир шүдний сойз нь маш олон төрлийн амны хөндийн асуудлуудын шалтгаан болдог бөгөөд тухайлбал түүнээс шалтгаалсан шүдний цоорол, буйлны үрэвсэл, амны хөндийн салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг өвчинүүд үүсч болно. American Dental Association зэрэг мэргэжлийн байгууллагууд олон нийтэд шүдний сойзоо 2-3 сар ашиглаад сольж байхыг зөвлөдөг.

Энэхүү судалгаа нь “Contaminated tooth brushes—potential threat to oral and general health”гарчигтайгаар Journal of Family Medicine and Primary Care сэтгүүлийн 7-р сарын 23-ы дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:амны эрүл ахуй, судалгааны тойм, Энэтхэг, шүдний сойз

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar