Глобалжиж буй ертөнц дахь Япон улсын Эрүүл мэндийн тогтолцоо
01-Sep-2015 989 0.0 0

Хүн амын дундах нөхөн үржихүйн зогсонгшил болон түргэн явагдаж буй насжилтын асуудлуудаас болоод дэлхийн 3 дахь том эдийн засаг болох Япон улс аль хэдийнэ ажиллах хүчний хомсдол хэмээх ирээдүйд маш том бэрхшээл дагуулах асуудалтай нүүр тулгараад байна. Япон улсын эрүүл мэндийн тогтолцоо нь энэ асуудлын сөрөг үр нөлөөг хүртэх хамгийн том салбаруудын нэгд тооцогдож байна.  Гэтэл эндээс өнөөг хүртэл яагаад гадаадын эмч мэргэжилтнүүд Япон улсад ажиллахад хүндрэл бэрхшээлтэй хэвээрээ байгаад байгаа юм бэ? гэсэн асуудал урган гарч байна.

Япон улсын эрүүл мэндийн тогтолцоонд ажиллаж буй ажиллах хүчний дөнгөж 1,6%-ийг л гадаадын мэргэжилтнүүд эзлэж байна. Гэвч энэ тоотой харьцуулбал гадаадын жуулчдын тоо жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа нь өнгөрсөн онд 13,4 сая жуулчин хүлээн авсан, 2030 онд 20 сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаагаас нь харагдаж байна. Япон улсын эрүүл мэндийн тогтолцоо нь гадаадын жуулчид хүлээн авахад Англи хэлний түвшин хангалтгүй байгаа байдал Япон хэлийг сурахад бэрхшээлтэй зэрэг асуудлууд нь улс орнуудын хооронд чөлөөтэй интеграцид ороход саад болсоор байна.

Олон улсын хэмжээнд тэргүүлэх боловсролын байгууллага болох EF Education First-ийн 2014 оны үнэлгээгээр Япон улс нь Англи хэлний түвшинээр 60 улсаас 26-р байранд орсон байна. Япон улсын эрүүл мэндийн тогтолцоон дахь хэлний бэрхшээлтэй асуудлууд нь Япон улсад амьдран сууж буй Японоор ярьдаггүй гадаадын иргэдийн хувьд эмнэлгийн байгууллагуудад хандахад тулгардаг бэрхшээлтэй томоохон асуудлуудын нэг байсаар байна.

Тулгамдаж буй эрэлт хэрэгцээ

Katsushika City, International Organization for Migration (IOM) болон Япон улсын Гадаад Хэргийн Яамны хамтран зохион байгуулсан “Foreign Nationals and Foreign Human Resources in the Field of Medical Care” хэлэлцүүлгийн үеэр Японы гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Yasuhide Nakayama “гадаадын иргэд олширч байгаа болон хөгшид настангууд мөн олширч байгаа нь анагаах ухааны асуудал маш чухал тулгамдсан асуудлуудын нэг болж байна” гээд “гадаадын хүний нөөцийн асуудал”-ын талаар бодолцож үзэхээ амласан байна.

Японы Shizuoka Prefecture-ийн Shimada City-ийн Афганистан гаралтай эмч Dr Khaled Reshad Токиогийн хэлэлцүүлгийн үеэр тус муж гадаадын эмч нарт зориулан богино хугацааны туршилтын боломж олгож байгаа талаар танилцууллаа. Түүний хэлж байгаагаар гадаадын оршин суугчид олширч байгаа ч хэлний асуудал гол бэрхшээл дагуулсан хэвээр байна гэлээ. Эрүүл мэндийн салбарын гол хүндрэл бэрхшээл ахмад настуудын салбарт илүү их тохиолдож байна. 2050 он гэхэд Япон улсын нийт иргэдийн 40% нь 65-аас дээш настангууд болно. Үүнээс цааш тус улсын хүн ам жилд 1%-аар буурах хандлагатай байна. Энэ нь 10 жилийн дотор гэхэд 300 000 эмнэлгийн ажилчидын хомсдолд орох эрсдэл дагуулж байна.

2008 онд Засгийн газраас Филлипин, Индонез, Вьетнам улсуудаас тодорхой тооны сувилагч асрагч авах зөвшөөрөл олгосон бөгөөд одоогийн байдлаар 2300 орчин сувилагч эмнэлгийн дунд мэргэжилтнүүд Японд сургалтанд хамрагдаад байна. Гэвч тэд гэрээ ёсоор бол Япон хэлний шалгалтандаа тэнцэхгүй л бол нутаг буцах ёстой. Одоогоор сувилагчдын 10,6% асрагчдын 36,3% нь Япон хэлнийхээ шалгалтыг даваад байна.

Их Британи улсын эмч нарын хувьд Японы эрүүл мэндийн даатгалын тогтолцооноос зөвшөөрөл авалгүйгээр эмчилгээ явуулах эрхтэй байдаг. Гэвч тэдний зөвшөөрөл нь Японд амьдарч буй гадаадын иргэдийг хувийн даатгалын дор эмчлэх эрхээр хязгаарлагддаг. Өнөөг хүртэл Япон улс нь гадаадын эмч мэргэжилтнүүдийг улс хоорондын гэрээний дагуу хязгаарлагдмал хүрээнд ажиллуулсаар ирсэний жишээ нь 1964 онд Их Британи улс Япон улсын хооронд байгуулсан гэрээ юм. Гэвч Токио хот дахь Их Британи улсын элчин сайдын яамны мэдэгдэж байгаагаар Япон улсын хэмжээнд зөвхөн 5 англи эмч л ажиллаж байгаа нь Их Британи улсад 58 япон эмч ажиллаж байгаатай харьцуулбал маш бага үзүүлэлт гэнэ. “Япон улсын эмчилгээний лиценз Их Британи улсад хүлээн зөвшөөрөгдсөн” гэж элчин сайдын яамны орлогч Julia Longbottom хэллээ. “Япон улсын эмч нарын хувьд зөвхөн стандарт Англи хэлний шалгалт өгөх л шаардлагатай бөгөөд энэ процесс нь дунджаар сар орчим л үргэлжилдэг” гэж тэрээр нэмж тайлбарлалаа.

Гэвч Англи эмч нарын хувьд японд ажиллах зөвшөөрөл авахын тулд өртөг өндөр, тэвчээр шалгасан шалгалтанд орох шаардлагатай болдог. Япон улсын Эрүүл Мэнд Нийгмийн хамгааллын яам шалгалтын асуултуудыг англи хэл дээр гаргахыг зөвшөөрдөггүй төдийгүй веб хуудсандаа ямар ч мэдээлэл байршуулдаггүй. Англиар ярьдаг эмч Японд оршин суугаа англиар ярьдаг өвчтөнийг үзэх зөвшөөрөл авахын тулд ч заавал Япон хэлний шалгалт өгөх шаардлагатай.

2014 оны 3 сараас Японд ажиллахаар мэдүүлгээ өгч эхэлсэн Английн нэгэн эмч BCCJ ACUMEN-д “Би 30 материалыг эхлээд мэргэжлийн орчуулгын газраар англи хэл дээр орчуулуулаад дараа нь түүнийгээ япон хэлрүү орчуулуулахад бараг 1000 фунт стерлингийн зардал гарсан. Хэрэв би Япон хэлнийхээ шалгалтыг даваад лицензээ авах болвол тэдэнд энийгээ англи хэлрүү орчуулж өг гэж шаардах болно” гэж хошигнон хэлсэн байна.

Түүнтэй адил нэгэн эмч Их Британийн дэлхийд алдартай анагаахын сургуулийг дүүргээд дараа нь олон улсын хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн MRCGP and MRCP хоёр төгсөлтийн дараах сургалтыг төгсөөд японд ажиллахыг хүсэлт гаргасан ч түүний боловсролыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Япон улсын Эрүүл Мэнд нийгмийн хамгааллын яамнаас түүнийг анагаахын сургуулийн дипломын жинхэнэ хуулбар, сургалтын хөтөлбөр, сургалтын цагийн ачаалал, орон тооны болон цагийн багш нарын тоо, тодорхойлолт авчирахыг шаардсан байна. “Миний төгссөн сургуулийн сургалт хариуцсан ажилтнууд өмнө ингэж их дэлгэрэнгүй зүйл шаардсан шалгаруулалттай тулгарч байгаагүй гэж гайхацгааж байсан” гэж тэрээр хэллээ. 2014 оны 12 сард тэрээр шалгалтаа давсан ч зөвшөөрлийг шууд олгоогүй бөгөөд дадлагажигчаар ажилласны 3 сарын дараа л ажиллах зөвшөөрлөө авсан байна. Тэрээр өнгөрсөн 6 сараас л жинхэнэ ажилдаа орсон гэж үзвэл анх мэдүүлэг өгсөнөөс 15 сарын дараа л ажлын зөвшөөрөл авсан байна.

“Хэрэв Японы засгийн газар гадаадаас өндөр чадвартай эмч мэргэжилтнүүд авах хүсэлтэй байгаа л юм бол одоо байгаа бидний эмч мэргэжилнүүдийн боловсролын байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж тэдэнд зөвлөж байгаа” гэж Их Британи улсын элчин сайдын орлогч Julia Longbottom хэлж байна.

Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын яамны хэвлэлийн төлөөлөгч энэ асуудал дээр зөвхөн “япон улсын үндэсний стратегийн тодорхой бүс”-үүдийн хүрээнд л эмч нарын зөвшөөрөл олгох асуудалд улс хоорондын гэрээг бага зэрэг сулруулж болох юм гэж хариулт өгч байна.

Япон улсын хэмжээнд тулгарч буй хэлний асуудлыг шийдэхийн тулд Япон улсын засгийн газраас орчуулагчдийг бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. 2020 оны Олимпийн наадмын үеэр Токио хотын захиргаанаас тус хотын харьяаны бүх эмнэлгүүдэд Англиар ярьдаг ажилтнуудыг бүтэн цагаар орчуулагчаар ажиллуулах болно гэж мэдэгдэж байна.

Япон улсын засгийн газар  Japan Institute for Global Health нэртэй think-tank институтыг байгуулсан бөгөөд анагаах ухааны чиглэлийн орчуулагчдад тулгуурласан mediPhone нэртэй утасны дуудлага орчуулах үйлчилгээг нэвтрүүлээд байна.  Япон улсын дотоод хэргийн яам дуу яриа таньж орчуулдаг программ хангамж туршиж байгаа бөгөөд тус программ нь Олимпийн наадамын үеэр гадаадын 10 хэл дээр шууд синхрон орчуулга хийх чадвартай болох гэнэ.

Гэвч Токиод нэлээд олон жил болсон Британи эмчийн үзэж байгаагаар орчуулга нь тийм ч хангалттай биш гэнэ. “Тэр орчуулагчийн тусламжтайгаар та зөвхөн нийт мэдээллийн 80%-ийг авч чадна. Гэвч анагаах ухааны зөвлөгөө өгнө гэдэг нь эмч болон өвчтөн нүүр нүүрээ харж ярилцах, эмч өвчтөний үйлдлээс их зүйлийг олж харах боломжтой юм” гэж тэрээр тайлбарлаж байна.

Гэвч бодит байдал дээр японы эмч болон эмнэлгийн дунд мэргэжилтнүүд гадаадын өрсөлдөгчидөдөө үүд хаалгаа нээж өгөх тийм ч дуртай биш байна.

    


Эх сурвалж: Japantoday.com


Tag:менежемент, Эрүүл мэндийн тогтолцоо, Япон

Бусад мэдээлэл:






avatar