Ухаалаг утсандаа Brush DJ app суулгаж шүдний өвчинөөс сэргийлэх боломжтой гэнэ
08-Sep-2015 0.0 0

PLYMOUTH, UK: Британийн шүдний эмч Ben Underwood-ийн хөгжүүлсэн The Brush DJ хэмээх ухаалаг утсанд зориулсан апп нь хүүхэд залуучуудыг өдөр тутамдаа амны хөндийн эрүүл ахуйг сахих, амны хөндийгөө арчилахад нь дэмжлэг үзүүлэхээр бүтээгдсэн гэнэ.  Brush DJ апп нь шүд угаах өдөр тутмын ажилбарыг хөгжимтэй холбож өгсөн төдийгүй өдөр тутмын амны хөндийн арчилгааны талаар хүүхдүүдэд зориулсан видео материалуудыг агуулдаг юм байна. Plymouth University-ийн судлаачид энэхүү апп-ыг судлаж үзээд амны хөндийн өдөр тутмын арчилгаа, амны хөндийн эрүүл ахуйн арчилгааны сэдэл төрүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байгааг илрүүлсэн байна.

Brush DJ нь App Store-т 2011 оны сүүлээр байршсан бол 2013 онд Шүдний эрүүл ахуй болон шүдний эмчилгээний чиглэлээр Best Dental Innovation шагналыг хүртсэн төдийгүй NHS Choices Health Apps Library-д сонгогдон баталгаажсан байна. 2015 оны 2-р сараас Brush DJ апп нь олон нийтэд нээлттэй болсноор дэлхийн 188 орны 197 000 төхөөрөмжид татагдан суусан байна. Энэхүү аппыг аль ч төрлийн шүдний сойзтой зохицуулан хэрэглэж болдог гэнэ.

Тус апп нь 2 минутын турш хөгжимийн ая тоглуулдаг бөгөөд аяыг өөрийн плейлистээс сонгох аль эсвэл санамсаргүй байдлаар уг төхөөрөмжийн өөрийн санах ой болон клауд эх үүсвэрээс сонгон сонсох боломжтой. Энэхүү 2 минутын хугацаа нь шүд угаахад зарцуулагдах хангалттай хугацаа юм. Тухайн апп дээрээ шүдээ угаах цагийг тохируулан сэрүүлэг тавих боломжтой төдийгүй шүдний эмчид очих цагаа ч мөн сонгон сануулах боломжтой гэнэ. Гэхдээ шүд угаах цагаа нэгэнт тохируулсан бол тохируулгыг 3 сар тутамд зөвхөн ганцхан удаа өөрчилөх боломжтой байна. Аппын гол тулгуур зарчим нь ердөө хүүхэд залуучуудад сонирхолтой, хөгжилтэй байхаар бүтээгдсэнд оршино.

Судлаачид Brush DJ-ийн хэрэглэгчдийн ойлголтын талаар судалгаа явуулсан зорилго нь амны хөндийн эрүүл мэндийн холбогдолтой смарт утсанд зориулсан апп –уудын ирээдүйн хөгжил дэвшилд зориулагдсан гэнэ. Судлаачид судалгааны тусгай асуумж бэлтгээд онлайн судалгаа явуулсан бөгөөд 189 хэрэглэгч уг асуумжийг бөглөсөн байна. Судалгаанд оролцогчдын 88% нь Brush DJ тэднийг шүдээ угаахад нь сануулж идэвхжүүлж өгдөг гэсэн бол нийт оролцогчдын 90% нь уг апп-ыг найз нөхөд болон гэр бүлийнхэндээ зөвлөсөн гэсэн байна.

Судалгаанаас авсан үр дүнг нэгтгэж үзээд судлаачид  Brush DJ апп нь хүүхэд залуучуудад амны хөндийн арчилгааны талаар сэдэл, идэхжүүлэлт төрүүлээд зогсохгүй амны хөндийн эрүүл ахуй, арчилгааны талаар үлэмж их мэдээлэл, мэдлэг олгож байна гэж үзсэн байна.

“Brush DJ апп нь хамгийн чухал сэдвүүд болох сэдэл төрүүлэх, боловсрол олгох, өвчтөний зовиур зэрэг асуудлуудад эерэгээр нөлөөлдөг нь энэхүү судалгаагаар тогтоогдсон бөгөөд цаашдын судалгаа нь энэ төрлийн апп-уудын үр нөлөөг сажруулах арга замыг илүү их нээж өгөх болно” гэж Plymouth University Peninsula Schools of Medicine-ы судалгааны багийн ахлагч Underwood хэлж байна.

“Шүд цоорох өвчин болон амны хөндийн бусад өвчин эмгэгүүд нь урьдчилан сэргийлэх боломж дээд зэрэг. Brush DJ зэрэг апп-уудыг ашиглан хүүхдүүдэд энэ төрлийн өвчинөөс сэргийлэх боломжтой эерэг үр дүнг харж байна. Их Британи улсын хувьд жил бүр 5-9 насны 26000 хүүхэд шүдний өвчний улмаас эмнэлгийн хаалга татаж байна. Амны хөндийн эрүүл ахуйн өдөр тутмын арчилгаанд Brush DJ зэрэг апп ашигласнаар энэ тоог үлэмж ихээр бууруулах боломжтой. Иймд энэхүү судалгаа нь бидэнд энэ төрлийн апп-ыг хөгжүүлэх, судалгааны аргачлал нь илүү өргөн хүрээг хамрах боломжийг олгож байна” гэж Plymouth University Peninsula School of Dentistry-ийн захирал Prof. Elizabeth Kay хэлж байна.

Энэхүү судалгаа нь The use of a mobile app to motivate evidence-based oral hygiene behaviour” гарчигтайгаар British Dental Journal-ийн 8-р сарын 28-ы дугаарт онлайнаар хэвлэгдсэн байна.


Tag:их британи, урьдчилан сэргийлэлт, шүд цоорох өвчин, амны эрүүл ахуй, smart app, шүдний өвчин

Бусад мэдээлэл:
Төстэй мэдээлэл:






avatar