Шүдний салбарын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн DENTSPLY болон Sirona Dental Systems компаниуд нэгдэхээ зарлалаа
17-Sep-2015 368 0.0 0

SALZBURG, Austria/YORK, Penn., USA: Дөнгөж өчигдөрхөн шүдний салбарын материал тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн гигантууд болох DENTSPLY International болон Sirona Dental Systems компаниуд нэг корпорацийн нэрэн дор нэгдэх эцсийн шийдвэрт хүрсэнээ зарлалаа. Тус хоёр компаниуд нь дэлхийн хэмжээнд өөрсдийн материал тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл борлуулалтын маш том сүлжээг үүсгэсэн тул тэдгээр дэд бүтцүүдээ нэгтгэснээр шүдний материал тоног төхөөрөмжийн салбарт хамгийн хүчирхэг бүтэц бий болох хүлээлт үүсээд байна.

Шинээр байгуулагдах компани нь хуучин нэршлүүдээ нэгтгэж DENTSPLY SIRONA нэртэй байхаар төлөвлөж байгаа гэнэ. Хоёр компани өөрсдийн хамгийн чухал төв оффисуудаа тус тусдаа хадгалан үлдэнэ. Харин DENTSPLY компаний New York хотод байх төв оффис нь шинээр байгуулагдах компаний төв оффис болох бол Австрийн  Salzburg хотод байх SIRONA фирмийн төв оффис нь гадаад харилцаа хариуцсан оффис болох гэнэ.

Гэрээ ёсоор одоогийн Sirona фирмийн CEO Jeffrey T. Slovin шинээр байгуулагдах DENTSPLY SIRONA компаний гүйцэтгэх захирлаар ажиллах бөгөөд захирлуудын зөвлөлийн гишүүн болох юм байна. DENTSPLY компаний CEO Bret W. Wise юу хийх нь тодорхойгүй байгаа бөгөөд ямар нэгэн чухал гүйцэтгэх албан тушаалд очих болов уу гэсэн таамаглал байна. Эдгээр чухал албан тушаалуудад хуучин удирдлагууд тавигдсан нь шинээр байгуулагдах компанид хоёр компаний стратеги төлөвлөгөө, корпорацийн соёлыг нэгтгэж илүү шинэ түвшинд гаргахад чухал үүрэгтэй гэж үзэж байна. Тус хоёр компани нэгдсэнээр тэдгээрийн борлуулалтын орлого 3,8 тэрбум долларт хүрэх юм байна.

DENTSPLY SIRONA-ийн нэгдлээр дэлхийн 120 оронд ажиллах мянга мянган худалдааны мэргэжилтнүүд, 600 гаран судлаачдаас бүрдсэн судалгаа шинжилгээний томоохон төв бүрэлдэн бий болж шүдний салбарын шинэ технологийн хөгжил дэвшилд нэн ялангуяа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй дижитал тоног төхөөрөмжийн хөгжилд үсрэнгүй дэвшил гаргасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болно гэж үзэж байна.

Хоёр компани нэгдэх ажиллагаа 2016 оны нэгдүгээр улирал гэхэд бүрэн дуусна гэж төлөвлөж байна.


Tag:шүдний тоног төхөөрөмж, гадаад үйл явдал, шүдний технологи, sirona, dentsply

Бусад мэдээлэл:






avatar