Хийжүүлсэн ундаа, чихэрлэг цайгаар хүүхдээ угжих нь хүүхдийн шүд цоорох өвчний томоохон шалтгаан болж байна
02-Oct-2015 435 0.0 0

AUCKLAND, New Zealand: Шинэ Зеланд улсын умард мужуудад хүүхдүүдийн дундах шүд цоорох өвчний тархалт нэмэгдэж байгааг New Zealand Herald сонин мэдээлж байна. Орон нутгийн эрүүл мэндийн газрын шүдний салбарын мэргэжилтнүүдийн мэдэгдэж байгаагаар түгшүүрийн харанга дэлдэж буй нэгэн томоохон шалтгаан нь хүүхдүүдээ сахарын өндөр агууламжтай ундааны төрөл буюу жүүс, хийжүүлсэн ундаа зэргээр угжих гэр бүлүүдийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа явдал гэнэ.

Northland мужийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Dr Neil Croucher тус бүс нутгийн хэмжээнд шүд цоорох өвчин түгшүүрийн хэмжээнд өндөр байгааг цохон тэмдэглээд хэрэв эцэг эх нь хариуцлагатай байсан бол энэ өвчинөөс зайлсхийх боломжтой байсныг анхаарууллаа.

Тэрээр чихэрлэг ундаагаар угжсан хүүхдүүд нь зайлшгүй шүдний эмнэлэгт очиж ерөнхий мэдээ алдуулалтын доор шүдээ авахад хүргэж байгааг хатуу анхааруулж байна. “Хүүхдийн шүд цоорох өвчний хамгийн хөнөөлтэй хэлбэр “угжны цооролд” өртөхгүй байх хангалттай арга зам бий. Энэ бол хүүхдийнхээ ам цангасан үед зөвхөн цэвэр усаар угжих явдал юм” гэж тэр хэллээ. “Хүүхдийг багаас нь чихэрлэг хоол хүнсэнд дасал болголгүйгээр ам цангасан үедээ ус болон сүү уугаал түүндээ баярладаг болгох нь зүйтэй юм” гэж тэрээр үзэж байна.

Dr Neil Croucher мөн эцэг эхчүүдийн хүүхдээ ундаагаар угжих болсон шалтгааныг үйлдвэрлэл худалдааны болон төрийн зохион байгуулалт зөв биш байгаатай холбон тайлбарлалаа. Сүүлийн 25 жилийн хугацаанд эрүүл мэндэд ашиг тустай эрүүл хоол хүнс тус улсын хэмжээгээр хангалттай өргөн сонголттой болсон. Гэвч эрүүл хоол хүнс тухайлбал сүү л гэхэд энгийн хийжүүлсэн ундаанаас 3-аас дөрөв дахин өндөр үнэтэй байгаа нь ундааг сонгох шалтгаан болж байна гэж тэрээр үзэж байна.

Энэхүү эрүүл бус сонголт хийх болсон шалтгааны ард бага орлогтой байх явдал их байна. Dr Neil Croucher эмчийн мэдэгдэж байгаагаар Kiwi иргэдийн хүүхдүүдийн 20%-ийг үзлэгт хамруулахад 80% нь шүд цоорох өвчинтэй байсан байна. “Шүдний цоорол хамгийн өндөр  байсан хүүхдүүдийн гэр бүлийн өрхийн орлого бага байсан бөгөөд тэдгээр бага орлоготой иргэдийн сонголт эрүүл хоол хүнс байх боломжгүй тул гэр бүлийн орлогын түвшин өвчлөлд нөлөөж байгааг харуулж байна” гэж тэрээр хэллээ.

Эрүүл хоол хүнсний хэрэглээ, эхний шүдийг цухуйж эхэлсэн цагаас нь шүднүүдийг фтортой оогоор өдөрт хоёр удаа тогтмол угаах зэрэг нь хүүхдийг шүд цоорох өвчинд өртөх магадлалыг хангалттай хэмжээнд бууруулж чадна гэж Dr Neil Croucher зөвлөж байна.

Шинэ Зеланд улсын хувьд хүүхдийг 18 нас хүртэл амны хөндийн ерөнхий үзлэг эмчилгээ үнэ төлбөргүй байдаг. Тус улсын Эрүүл Мэндийн Яамны тандалт судалгаагаар умард бүс нутгуудын 12-оос доош настай хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээнд хандах хандалт сүүлийн 3 жилийн турш жил бүр өсөн нэмэгдэж байна. 2014 оны байдлаар 14-өөс доош настай хүүхдүүдийн 83,8% нь шүдний эмчид очсон нь 2013 оны түвшинээс 2,5%-аар, 2007 оны түвшинээс 8,1%-аар ихэссэн харагдаж байна. Судалгаанаас Maori иргэдийн хүүхдүүдийн шүдээ авхуулах байдал нь бусад үндэстний хүүхдүүдээс 1,6 дахин их байгаа нь тогтоогдсон бөгөөд 20 хүүхдийн нэг нь шүд цоорох өвчний хүндрэлийн улмаас шүдээ авхуулсан байдаг гэнэ.


Tag:шинэ зеланд, хүүхдийн шүд, урьдчилан сэргийлэлт, шүд цоорох өвчин

Бусад мэдээлэл:






avatar