Данийн Копенгагений Их Сургуулийн судлаачид шүдний өнгө тодорхойлох дижитал систем болон уламжлалт аргуудыг хооронд харьцуулсан судалгаа хий
14-Oct-2015 0.0 0

COPENHAGEN, Denmark/SKOPJE, Macedonia: Шүдний өнгийг амьд мэт зөв гаргах гэдэг нь хиймэл шүдний зохиомжуудын хувьд, ялангуяа үүдэн бүлэг шүдний нөхөн сэргээх эмчилгээний үед гоо сайхны шаардлагын үүднээс маш чухал зүйл юм. Сүүлийн жилүүдэд компьютерийн технологид суурилсан шүдний өнгө тодорхойлох төрөл бүрийн системүүдийг хөгжүүлж байгаа ч эдгээрийг эмнэлзүйн нөхцөлд судалж үр дүнг нь тогтоосон судалгаа тийм ч өргөн хэмжээнд биш байгаа юм. Тэгвэл саяхан хийгдсэн нэгэн судалгаанд хоёр төрлийн шүдний өнгө тодорхойлох дижитал системийг нүдээр өнгө тодорхойлох уламжлалт аргатай харьцуулан үзсэн байна.

Энэхүү судалгааг Данийн Копенгагений Их Сургууль, Skopje-ийн Saints Cyril болон Methodius University Их сургуулиудын судлаачид хамтран 3Shape фирмийн TRIOS шүдний өнгө тодорхойлох систем, MHT-ийн SpectroShade компьютерт суурилсан спектрометр системүүдийг сонгон VITA Zahnfabrik компаний Toothguide 3D-MASTER уламжлалт өнгө тодорхойлолх системтэй харьцуулан судалсан байна.

Судлаачдын үзэж байгаагаар хүний нүдээр өнгө тодорхойлох нь олон өнгөний нийлэмжийн үед болон гадаад орчины хүчин зүйлсийн нөлөө тухайлбал өрөөний гэрэл, өвчтөний хувцас болон нүүрний будгийн улмаас шүдний өнгө өөрчилөгдсөнийг тодорхойлоход тийм ч сайн биш гэнэ. Эдгээр нөлөөллүүдээс ангижирахын тулд шүдний өнгө тодорхойлох ажилбарыг байгалийн гэрлийн дор өдрийн цагаар гүйцэтгэсэн байна. Өнгө тодорхойлохын өмнө өвчтөний уруулын будгийг арчиж цэвэрлээд , цайвар өнгийн хувцастай өвчтөний хувцасны гадуур саармаг өнгийн халат өмсгөн далдалсан байна.

Шүдний өнгө тодорхойлох ажилбарыг 22-62 насны 29 өвчтөний нийт 87 шүдэн дээр гүйцэтгэсэн бөгөөд өнгө тодорхойлох уламжлалт олон төрлийн аргуудаас баталгаатайг сонгохын тулд хоёр шүдний эмч шүд бүрийн өнгө тодорхойлоход төдийгүй аргачлал болгонд хамгийн шилдэг гэж үзсэн тус тусын өнгө тодорхойлогч табыг сонгон авчээ. Судалгааны үр дүнгээс компьютерт суурилсан шүдний өнгө тодорхойлох систем нь уламжлалт аргаас илүү болох нь тогтоогдсон байна. TRIOS системийн хувьд өнгөний chroma ба hue үзүүлэлтийг тодорхойлох дээд амжилтыг үзүүлсэн бол SpectroShade өнгө тодорхойлогч нь өнгөний value үзүүлэлтийг тодорхойлохдоо дээд зэрэг байсан байна. Гэсэн хэдий ч TRIOS өнгө тодорхойлогч болон уламжлалт өнгө тодорхойлох аргачлал, SpectroShade өнгө тодорхойлох систем болон уламжлалт өнгө тодорхойлох аргачлалын хооронд статистикийн хувьд ач холбогдол өгөхүйц ялгаа ажиглагдаагүй байна.

Судлаачдын үзэж байгаагаар энэхүү судалгаа нь шүдний салбарт компьютерт суурилсан дижитал өнгө тодорхойлогч системүүдийг ашиглах боломжтойг харуулсанаараа тус технологийн салбарын хүрээнд нэвтрэхэд дэмжлэг болох гэнэ. Судлаачид дүгнэлтэндээ эдгээр системүүдийн ирээдүйн дэвшил ололт нь клиникийн хувьд ялангуяа гоо сайхан, нөхөн сэргээлтийн үүднээс материалын сонголт болон шүдэлбэрийн дизайнд маш чухал нөлөө үзүүлэх болохыг тэмдэглэсэн байна.

Энэхүү судалгаа нь “Effectiveness of shade measurements using a scanning and computer software system: A pilot study” гарчигтайгаар International Journal of Oral and Dental Health-ын 4-р сарын 25-ы дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, VITA zahn, шүдний өнгө, shade guide, шүдний өнгөний өөрчлөлт

Бусад мэдээлэл:






avatar