Судлаачид имплантын халдвараас сэргийлэх шинэ төрлийн бүрхэвчийн технологийг хөгжүүлж байна
09-Nov-2015 315 0.0 0

BREMEN, Germany: Герман улсын хэмжээнд жил бүр нэг сая гаран шүдний имплант суулгадаг боловч тэдгээрийн нэлээд хувь нь нянгийн гаралтай халдварын улмаас амжилтгүй болж солих шаардлагатай болдог. Тэгвэл Германы Бремен хотын Үйлдвэрлэлийн технологи болон өндөр түвшний материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Fraunhofer Institute-ийн судлаачид энэхүү нянгийн халдвараас сэргийлэх боломж олгох имплантын гадаргуугийн плазма бүрхүүлийг хөгжүүлж байна. Энэхүү бүрхүүлийг одоогоор DentaPlas гэж нэрлэж байгаа бөгөөд имплантын орчимын эмгэг төрөгч нян бактериудыг мөнгөний ионы тусламжтайгаар устгадаг нь имплантын ашиглалтын хугацааг уртасгах давуу боломжийг олгож байна.

Нян бактерийн халдвар гэх асуудал нь имплантын хүндрэл гэсэн айдас түгшүүрийг дагуулдаг төдийгүй энэхүү халдварт голомтын улмаас эрүүний ясны эдийн нөхөн төлжих процесс алдагддаг. Ер нь бол имплант суулгах ажилбар нь халдварын гаралтай эмгэг төрөгчид болон хүний биеийн өөрийн эд эсийн хамгаалах чадварын хоорондын өрсөлдөөн дунд шийдвэрлэгддэг. Хэрэв нян бактериуд уг өрсөлдөөнд ялалт байгуулвал титанан имплантын гадаргуу дээр өөрсдийн биологийн бүрхэвчийг үүсгэн үүнийхээ тусламжтайгаар аитибиотокоос хамгаалдаг. Хэрэв имплантын гадаргууд нянгийн колонизаци үүсэх л юм бол үүний улмаас эдийн хариу урвал үрэвсэлээр илэрч энэ нь тухайн орчимын ясны эд шимэгдэж хатингарших шалтгаан болно.  

Иймд нянгийн гаралтай халдварын эрсдэлийг бууруулах имплант эмчилгээний үр өгөөжийг  урт хугацаанд дээшлүүлэх зорилгоор  Fraunhofer IFAM-ийн судлаачид имплантын салбарын үйлдвэрлэгчидтэй хамтран энэхүү шинэ төрлийн имплантын гадаргууг бүрхэгч материалыг гарган авсан байна. DentaPlas бүрхэвч нь нян бактерийн хөгжлийг таслан зогсоосноор ясны эд болон имплантын гадаргуу хоорондын оссеоинтэгрэшн үүсэх процессийг дэмжиж өгнө. “Бид  DentaPlas-ийг барзгар байдалтайгаар бүтээсэн бөгөөд уг бүтэц нь эсийн өслтийг дэмжээд зогсохгүй гидрофиль шинж чанартай плазма бүрхүүлтэй хавсарсанаар чийгийг өөртөө шингээх зорилготой юм” гэж  Fraunhofer IFAM-ийн төслийн менежер Dr Ingo Grunwald тайлбарлаж байна. Судлаачид уг плазма бүрхүүлийн дотор талд 100 нано хэмжээтэй мөнгөлөг нанобичил хэсгүүдийг суулгаж өгсөн байна. Мөнгөлөг бичил хэсгүүд нь имплант суулгасны хожуу хэдэн долоо хоногийн дараагаас задарч эхлэх бөгөөд имплантын орчимд нянгийн эсрэг үйлчилэлтэй мөнгөний ионуудыг тасралтгүй ялгаруулж нян бактериудыг устгадаг.

“DentaPlas систем нь 3 давхаргаас бүрдэх бөгөөд плазма давхаргуудаар хучигдсан голын давхарга нь мөнгөлөг давхарга юм. Ийнхүү мөнгөлөг бичил хэсгүүдийг плазма давхаргаар хучиж өгсөн нь эдтэй шууд шүргэлцвэл хордуулах аюултай мөнгөлөг хэсгүүдийг эдтэй шүргэлцэхээ сэргийлж өгсөнөөрөө ач холбогдолтой ” гэж уг материалыг хөгжүүлэгч Dr Dirk Salz материалын бүтцийн талаар тайлбарлалаа. Судлаачид мөнгөний концентраци болон мөнгөлөг давхаргын зузааныг тохируулан өөрчилөх боломжтой бөгөөд энэ нь оссеоинтэгрэншн үүсэхэд шаардагдах хугацаанд мөнгөний ионы ялгаралтыг тохируулах боломж олгож байна. Мөнгөлөг хэсгүүдийн нөөцлүүр дэх мөнгө ялгарч дуусмагц дахин мөнгөний ион ялгарахгүй болох бөгөөд энэ нь удаан хугацаанд мөнгөнөөс шалтгаалсан хордлогын нөлөөлөл үүсхээс сэргийлэх ач холбогдолтой.

Уг материалаар бүрсэн туршилтын имплантын гадаргуу дээр судлаачид DentaPlas бүрхүүл нь нянгийн эсрэг төдийгүй дээд зэргийн бионийцэл сайтай бөгөөд ариутгагддаг болохыг дэлгэн үзүүлсэн байна. DentaPlas бүрхүүлийн механик хүчин зүйлийн нөлөөнд тэсвэрт чанар болон ашиглалтын найдвартай байдлыг судлаачид гахайны доод эрүүнд суулгасан туршилтын имплантаар батлан харуулжээ. DentaPlas бүрхүүлт имплантын суулгалтын үед найдвартай байдлыг орчин үеийн ердийн шүдний багажуудын тусламжтайгаар туршиж үзсэн төдийгүй ачаалал даах сорилыг хийж гүйцэтгэсэн байна. Fraunhofer IFAM-ийн төслийн хамтрагч Bio-Gate компани туршилтын титан имплант дээр хийгдсэн бүх процессуудыг нягтлан үзэж өөрсдийн бүтэгдэхүүнд амжилттай нэвтрүүлж чадсан бөгөөд эмнэлгийн тоног төхөөржийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уг компани гурван давхаргат DentaPlas системийн албан ёсны үйлдвэрлэгч болж байгаа юм байна.

Хэдийгээр плазма бүрхүүлийн үзүүлэн танилцуулгыг сонирхсон хэн бүхэн одоо ч үзэж сонирхох боломжтой ч судлаачид энэхүү бүтээлийн албан ёсны танилцуулгыг 11-р сарын 16-19 хооронд Герман улсын Düsseldorf хотод болох MEDICA үзэсгэлэн яармагийн үеэр олон нийтэд хүргэх юм байна.


Tag:DentaPlas, имплантын гадаргуу, технологийн мэдээлэл, бүрхэвч материал

Бусад мэдээлэл:






avatar