Судлаачид нянгийн эсрэг хүчин чадалтай 3D хэвлэгч төхөөрөмжид зориулсан хуванцар материал хөгжүүлж байна
12-Nov-2015 0.0 0

GRONINGEN, Netherlands: Groningen Их Сургуулийн судлаачид нян бактеритай шүргэлсэн тохиолдолд тэдгээрийг 99% устгах хүчин чадалтай 3-D хэвлэгч төхөөрөмжид зориулсан шинэ төрлийн хуванцар материал бүтээгээд байна. Гэвч одоохондоо уг материалыг анагаах ухааны салбарт ашиглахын өмнө дэлгэрэнгүй судалгаа хийх шаардлагатай байгаа бөгөөд ирээдүйд ямар төрлийн төхөөрөмжүүдэд ашиглах талаар хэлэхэд хараахан эрт байна гэж үзэж байна.

Энэхүү материалыг гарган авахдаа нянгийн эсрэг үйлчилэлтэй аммоны давсыг шүдний салбарт хиймэл шүд үйлдвэрлэхэд ашигладаг хуванцар материалд суулгаж өгсөн байна. Эерэг цэнэгээр цэнэглэгдсэн уг давснууд нь сөрөг цэнэгтэй нянгийн гадаргууд сууж хөнөөх чадвартай гэж судлаачид уг механизмийг тайлбарлаж байна. Уг материалыг 3D хэвлэгч төхөөрөмжид суулгаж хэт ягаан туяагаар хатууруулж өгсөнөөр хиймэл шүд болон гажиг заслын төрөл бүрийн зэмсгүүдийг хэвлэн гаргах боломжтой болох юм байна.

Уг материалын нянгийн эсрэг шинж чанарыг туршихдаа Streptococcus mutans нян агуулсан шүлс бүхий зүйлээр уг материалыг бүрж 6 хоногийн турш байлгасан байна. Судлаачид уг материал нян бактерийг 99% устгасныг олж илрүүлсэн бол хяналтын байдлаар авсан аммоны давс агуулаагүй ижил төрлийн материал нь нян бактерийн зөвхөн 1%-ийг л устгасан байсан байна.

Groningen Их Сургуулийн Өндөр түвшний материал судлалын институтын захирал Prof. Andreas Herrmann-ы мэдэгдэж байгаагаар уг материал нь нян бактерийг шүргэлцсэн тохиолдолд шууд устгадаг боловч энэ нь хүний биеийн эсэд хор хөнөөлтэй биш гэнэ.

Хэдийгээр уг материалыг хүн дээр аваачихаас өмнө дэлгэрэнгүй судалгаа туршилт хийх шаардлагатай байгаа ч Prof. Andreas Herrmann-ы хувьд энэ материал нь эмнэлзүйн салбарт томоохон дэвшил авчирна гэсэн найдлага тавьж байна.

Аюулгүй байдлын талаас нь авч үзвэл уг материалыг зөвхөн нянгийн хор хөнөөлтэй тэмцэх зорилгоор шүдний салбарт имплант, хиймэл шүдний материалаар ашиглаад зогсохгүй шүднээс бусад салбарт өргөн хүрээнд хүүхдийн тоглоом үйлдвэрлэх, хүнсний баглаа боодлын зориулалтаар, ус юүлэх зэрэгт ашиглах боломжтой гэнэ.

Судлаачид уг материалын тухай “3D-printable antimicrobial composite resins” гарчигтайгаар the Advanced Functional Materials journal-ын 10-р сарын 9 дугаарт хэвлүүлсэн байна.


Tag:хуванцар, 3D хэвлэгч, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar