Ярилцлага: "Бид галзуу гоё санаа олохын тулд сэтгэхүйн цар хүрээгээ нээж задгай сэтгэх шаардлагатай "
16-Nov-2015 397 0.0 0

Имплант болон ясны эдийн хооронд холбоо үүсэх оссеоинтэгрэшний концепц одоогоос нэлээд хэдэн 10 жилийн өмнө шүдний салбарт анх нэвтэрсэн билээ. Тэгвэл өнөөдөр ортопед мэс засалч мөн инженер Dr Rickard Brånemark оссеоинтэгрэшний концепцийг үндэслэгч имплантын эцэг хэмээн нэрлэгддэг өөрийн аавын үйл хэргийг үргэлжлүүлэн имплант эмчилгээний концепцийг хиймэл эрхтний эмчилгээний салбарт нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна.  Европын Оссеоинтэгрэшний Холбооны Их Хурлын үеэр Dental Tribune сонины газраас түүнтэй оссеоинтэгрэшний ач тус, ойрын ирээдүйд гарах боломжуудын талаар ярилцсан ярилцлагыг орчуулан хүргэж байна.

Dental tribune: Dr Brånemark та оссеоинтэгрэшны концепцийг түлхүү ашиглаж буй хиймэл эрхтний эмчилгээний салбарын өнөөгийн хүрээд буй хөгжил дэвшлийн талаар бидэнд ойлголт өгөөч

Dr Rickard Brånemark: Өнөөдөр бидний хиймэл эрхтний салбарт ашиглаж буй энэхүү эмчилгээний аргачлалын суурийг аав маань тавьж өгсөн юм. Би түүний онолын концепцид тулгуурласан эд эрхтэн тайрах мэс заслын дараах имплант эмчилгээний шинэ аргачлалыг хөгжүүлж өнөөг хүртэл 25-30 жилийн турш уг эмчилгээгээ дагнан хийж гүйцэтгэсээр ирлээ.  1998 оноос би Brånemark Integration нэртэй өөрийн компанийг нээж аавтайгаа болон хиймэл эрхтний салбарын оссеоинтэгрэшний гол хөгжүүлэлтүүдийг хийсэн Integrum компанитай хамтран ажиллах болсон бол өнөөгийн байдлаар Gothenburg, Vienna, San Francisco болон Chicago-д төвтэй олон их суургуулиудтай хамтран ажиллаж олон үндэстний төлөөллийг хамруулсан хамтын ажиллагааг өрнүүлээд байна. Эд эрхтнийг тайрах мэс заслын дараа ашигладаг манай үйлдвэрийн имплантын системийг саяхан Америкийн US Food and Drug Administration (FDA) байгууллагаас хүлээн зөвшөөрч зөвшөөрөл олгосон бөгөөд бид одоогоор Сан Франциско хотод хиймэл эрхтний оссеоинтэгрэшний төв нээж Америкийн Батлан Хамгаалах яамтай нягт хамтран ажиллаж эхлээд байна. Учир нь дайны улмаас маш олон америк цэргүүд эд эрхтнээ тайруулах мэс засал хийлгэдэг тул тус улсын зүгээс манай үйл ажиллагааг маш их сонирхож бүх талаар дэмжлэг үзүүлж байна.

Таны хувьд энэ эмчилгээнд тулгарч буй гол бэрхшээл сорилтууд юу байна гэж үзэж байна вэ?

Ямар нэг зүйлийг ясны эдэд барьж тогтоох гэдэг асуудал нь оссеоинтэгрэшний технологийн хамгийн гол цөм хүчин зүйл юм.  Технологийн хувьд өнөөг хүртэл хөл дээрээ баттай тогтоогүй гэж үздэг ч гэсэн бидний хувьд үүнийг хэдэн сая шүдний имплант дээр туршиж шалгасан туршлага бий. Гэтэл энэхүү технологийг хиймэл эрхтний салбарт нэвтрүүлэхэд шүдний салбараас илүү бэрхшээл сорилтууд бидэнд тулгарч байна.  Тухайлбал өнөөдрийн байдлаар 20-50 жилийн турш биеийн идэвхтэй үйл ажиллагааны ачааллыг даах материал хараахан байхгүй байна. Иймд бид ийм материал гарган авахын тулд энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг түлхүү хийж материалын хөгжүүлэлт болон гадаргуугийн чиглэлээр ажиллаж байна. Энэ чиглэлээр тулгарч буй бас нэг чухал сорилт нь салс, зөөлөн эд, арьсанд тулгарч буй асуудлууд бөгөөд эдгээр нь бусдаасаа бүр илүү бэрхшээл сорилтыг дагуулж ч байж болзошгүй.

Бид Brånemark-ийн уламжлалт протоколтой маш төстэй гөлгөр гадаргуу дээр оссеоинтэгрэшн үүсгэх чиглэлээр ажиллаж буй бөгөөд энэ нь энэ нь яс болон хиймэл эдийн хоорондох аттачмент үүсгэх технологиос өөр зүйл юм. Өнөөгийн байдлаар маш олон бүлэг судлаачид имплантын гадаргуу болон ясны эдийн хооронд аттачмент холбоос үүсгэх чиглэлээр ажиллаж байгаа боловч ялангуяа хиймэл эрхтний салбарт энэ нь амжилтгүй болох нь элбэг байна.

Гэвч энд хамгийн гол чухал хүчин зүйл нь тухайн мэс заслыг хийж гүйцэтгэж буй эмчийн ур чадвараас их зүйл шалтгаална гэдэгтэй бид санал нэг байна.

Сүүлийн 6 жилийн турш та оссеоинтэгрэшний концепцийг электрод бүхий импланттай холбох чиглэлээр ажилласан гэж сонссон. Энэхүү төслийнхөө үр дүнгийн талаар бидэнд танилцуулаач

Тиймээ бид сүүлийн жилүүдэд эд эрхтнийг тайрах мэс заслын дараах хиймэл эрхтний дараагийн шинэ үеийн технологийг хөгжүүллээ. Оссеоинтэгрэшинд үндэслэсэн имплантын зэрэгцээгээр нэмэлтээр булчин болон мэдрэлийн эдүүдэд электрод холбож өгч тархины шууд удирдлагатайгаар үйл ажиллагаа гүйцэтгэх чадвартай хиймэл эрхтнүүдийг бүтээх боломжийг нээж өглөө. Энэ нь эд эрхтний алдагдсан үйл ажиллагааг сэргээж өгөхөд маш чухал хүчин зүйл юм.

Бидний бусдаас ялгарах гол давуу тал нь оссеоинтэгрэшн онолын концепц бөгөөд өрсөлдөгчид маань wireless болон бусад технологиудыг ашиглаж байгаа ч биеийн гаднаас авах wireless долгионууд нь хүний биед халдвар тархах гол шалтгаан болно гэдгийг авч үзэхгүй байх шиг байна. Харин бидний хувьд оссеоинтэгрэшн бүхий имплантаар дамжуулж эд эрхтэнд wireless долгионоор мэдээлэл хүргэх боломжтой гэж үзэж байна. Интэрнэтийн шилэн кабельтэй төстэй wireless долгионоор робот төстэй гарыг удирдах нь илүү хялбар бөгөөд үр дүнтэй байх юм.

Энэ технологийг ашилан бид одоогийн байдлаар нэг өвчтөнийг маш амжилттай эмчилээд байна. Одоогоор энэ чиглэлээр хийгдэж буй бидний судалгаа хэдийгээр эрт үедээ яваа ч бид гайхамшигтай ирээдүйг бүтээж чадна гэдэгтээ эргэлзэхгүй байна.

Ийм болохоор та оссеоинтэгрэшн бүхий хиймэл эрхтнүүд нь ойрын ирээдүйд уламжлалт хиймэл эрхтнүүдийг орлоно гэж үзэж байна уу.

Энэхүү эмчилгээ нь чихрийн шижин болон тамхи таталтаас шалтгаалсан цусны судасны гаралтай өвчнүүдийн үед цусны эргэлтийн дутмагшилын улмаас болж хөлөө тайруулсан хүмүүст зориулагдаагүй болно. Өнөөгийн байдлаар бараг эрхтэн тайрах эмчилгээний 90%-ийг ийм өвчтөнүүд эзлэж байна. Тэгвэл автын осол болон дайн байлдаан мөн яс болон булчингийн гаралтай хавларуудын улмаас эд эрхтнээ тайруулах зайлшгүй шаардлагатай болсон залуу хүмүүсийг эмчилэхэд энэхүү эмчилгээ нь чиглэгдэх юм.

Гэхдээ эмчилгээний технологи хөгжих тусам өвчтөний хувьд энэ нь одоо ч байгаа авагддаг хиймэл шүд зүүх үү, имплант хийлгэхүү гэсэн асуудалтай төстэй өвчтөний сонголтын л хэрэг болох юм. Үүний тулд тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Шүдний имплант шүдний салбарт нэвтэртэл 17 жилийн хугацааг зарцуулсан бол энэ технологи мөн өргөн хүрээнд нэвтэртлээ 10, 20 жил ч зарцуулж болох юм. Гэвч саяхан бид энэ технологийн чиглэлээр Америкийн хэмжээнд FDA-ийн зөвшөөрөл авч Батлан хамгаалах салбарт ашиглаж эхэлсэн нь технологийн хөгжилд хурд нэмэх томоохон дэмжлэг болж өглөө.

Ерөнхийдөө бол энэхүү эмчилгээний шинэ аргачилал нь уламжилалт хиймэл эрхтний эмчилгээнд маш олон давуу боломжуудыг олгож өгнө. Гэвч шүдний салбарт ч тэр анагаах ухааны салбарт ч тэр шинэ технологийн инноваци нэвтрэхэд саад болж буй хэт хуучинсаг үзэл хангалттай их байна. Бид галзуу гоё санаа олохын тулд сэтгэхүйн цар хүрээгээ нээж задгай сэтгэж өгөх шаардлагатай байна. Судалгаа ийм байх боломжтойг харуулж байна. Бид ойрын ирээдүйд байхгүй эд эрхтний мэдрэхүйн ажиллагааг дахин сэргээх хиймэл мэдрэхүйн системийг бүтээх болно. Үүний тулд шүдний болон анагаахын бусад салбарын мэргэжилтнүүд илүү их өөр хоорондоо нягт хамтран ажиллах хэрэгтэй байна. Хамтын хүчин чармайлтын дүнд маш том үр дүнд хүрэх боломжтойг шүдний салбар болон хиймэл эрхтний мэс заслын салбарыг хослуулан хамтран ажиллаж буй бидний жишээ харуулж байна. Ирээдүйд бид илүү их collaboration хөгжүүлэх хэрэгтэй боловч эдгээр хамтын ажиллагаа нь олон салбарыг хамтарсан байвал үр дүн нь улам их сайн байх болно.

Ярилцсанд баярлалаа

 


Tag:шүдний имплант, Ярилцлага, Rickard Brånemark

Бусад мэдээлэл:






avatar