АШУҮИС-ийн Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхмийн 20 жилийн ойн дурсамж ярилцлага
23-Nov-2015 0.0 0

МУ хүний гавьат эмч Анагаах ухааны  доктор, профессор, Н. Пүрэвжав

 

Г: Юуны өмнө НАСГЗТэнхим үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байгаад баяр хүргье.

П: Баярлалаа

Г: 20 жилийн өмнөх НАСГЗТэнхим талаар тухайн үед ямар системтэйгээр ажиллаж байв тэр талаар товчхон танилцуулаач?

П: Ернь тэнхим байна гэдэг чинь монгол улсад ямар нэгэн шинжлэх ухаан байна гэж ойлгох хэрэгтэй.  НАСГЗаслын шинжлэх ухааныг  монгол  улсад урьд нь зааж байсан эмч нартаа эзэмшүүлж байсан учраас уг сууриндээр НАСГЗТэнхимийг 1995 онд байгуулж байсан. Энэ байгуулах үйл явцаас өмнө манай ахмад үеийнхэн, СГЗаслын шинжлэх ухааныг оюутнууддаа, эмч нартаа заагаад, эмчилгээний арга барилыг нь эзэмшүүлээд ирсэн. Өөрөөр хэлбэл үүнээс өмнө шинжлэх ухаан байсан бөгөөд явдаг замаараа явж байсан. Тэрнээс биш шинжлэх ухаан байгаагүй байхад цоо шинээр шинжлэх ухааныг гаргаад ирсэн гэсэн үг биш юм. 1961 онд Анхны  шүдний эмчийг бэлтгэж эхлэхэд тухайн үед СГЗаслын шинжлэх ухааныг  зааж байсан хүмүүс гэвэл манай ахмад багш Цэрэндулам, ОХУ-н Ушаков гэж эрдэмтэн, доктор, проф Х.Цолмон багш, дараа нь миний үе залгаж байгаа. Би эдгээр багш нараасаа шинжлэх ухааны арга барилыг тодорхой хэмжээгээр эзэмшиж аваад  СГЗаслын шинжлэх ухааны салбарыг тэнхим болгож хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулсан гэх юмуу даа. /инээв/

Г: Таныг багшилж байхад ямар ямар багш нар хамт ажиллаж байв тэдний талаар...

П: 1961 онд Согог Гажиг Заслын хичээлийг зааж байсан Г.Цэрэндулам багш, дараагаар нь нүүр амны их эмчийг 5 жилээр бэлтгэж эхлэхэд Согог Гажиг Заслын хичээлийн лекцийг Цэрэндулам багш уншиж,  хичээлийг Х.Цолмон багш зааж байсан. Тэгээд би багш болж ирсэн. Ерөнхийдөө эх үүсвэр нь энэ гэж хэлж болно. Мөн ОХУ-г эрдэмтэдийг нэрлэхгүй байхын аргагүй юм. Е.И. Гаврилов, В.Н. Копейкин, А.И Дойников, дээр үеийн В.Ю. Курляндский түүнтэй нэг үеийн Ю.Г. Оксман зэрэг энэ бүх хүмүүсийн бий болгосон шинжлэх ухааныг монголын эмч нарт эзэмшүүлээд, монголын хөрсөнд буулгаж, хүн амынхаа шүд, амны хөндийн эрүүлжүүлэхэд, шүдтэй болгоход, эрүү нүүрийг засахад хэрэгжүүлсэн гэж ойлгож болноо.

Г: 20 жилийн дараа эргээд харахад НАСГЗТэнхим маань хөгжлийн хувьд хэр их ахиц дэвшилтэй болсон байв энэ талаар...?

П: Энэ бол асар их ахиц дэвшил биздээ. Яагаад гэхээр Согог гажиг заслын хичээлийг эхлээд 1 багш зааж байгаад дараа нь 2, 3 гэх мэтчилэн баг бүрэлдэхүүн нь өргөжих жишээтэй. Анх 1995 онд тэнхим байгуулахад Согог гажиг заслын хичээлийг АУ доктор, дэд профессор Х.Цолмон багш, АУ доктор, дэд профессор Одончимэг багш, АУ доктор, профессор Б. Амарсайхан, залуу багш нар Г.Энхтүвшин, Г.Гэрэлтзул, манай эмнэлэгт олон жил ажилласан клиникийн асар их туршлагатай н.Батаа, н.Янжмаа, гэх мэтийн ийм олон эмч багш нарын бүрэлдэхүүнтэйгээр  бүхэл бүтэн Улсын Клиникийн 1-р эмнэлэг дээр суурилан, ШЭНЭСТөвд  түшиглэн / тухайн үед шүдний технологийн лаборатори 2 хэсэг хуваагдан ажиллаж байсан. 1 нь 1-р эмнэлэг дээр нөгөөх нь ШЭНЭСТ дээр байрладаг байсан/ ажиллаж байв. Тэгэхээр ШЭНЭСТөв, 1-р эмнэлэг 2 бол манай согог гажиг  заслын тэнхим үүсч байгуулагдахад хамгийн их үр өгөөжөө өгсөн, түшиц нь болсон, манай үе үеийн эмч эрдэмтэд эндээс төрж гарсан ийм л  зүйл лдээ. Тийм учраас тэнхим байгуулагдахад уг хоёр газар маань бид нартай амьдралын хувьд, ажил үйлийн хувьд,  шинжлэх ухааны хувьд амин холбоотой ийм сайхан өвөг дээдсийн байгуулсан юмандээр бид нэр шинэчлэн  байгуулж байгаа. Тухайн үед 1 хүн зааж байсан хичээлийг 3 хүн заадаг болоод одоо манай тэнхим чинь согог гажиг заслын хичээлийг арав гаран багш  нар зааж байх жишээтэй. Эдгээрээс эрдмийн зэрэг цолтой хүмүүс бараг 100% байна. Энэ бол ахиц дэвшил юм. 20 жилийн хугацаанд  шинжлэх ухааны  хувьд ч маш их ахисан, эмчилгээ оношлогооны хувьд ч маш их ахисан, багш нарын зааж байгаа, эмч нарын бүтэц бүрэлдэхүүн ч тэр ахисан, материаллаг баазын хувьд маш их ахисан. Монгол улс бол Олон Улсын жишигт очиж, СГЗ-н ШУ-г  хөгжүүлж зүй тогтлыг нь авч явна гэж хэлж болноо.

Г: Ирээдүйд  тэнхимдээ хийхийг хүссэн, зорьсон зорилго...

П: /инээв/ ШУ бол хязгааргүй наслана, хязгааргүй үргэлжилнэ. Тэр ШУ ороод яваж байгаа хүмүүс мэдээж хүн төрөлхтнийхөө зүй тогтлоор явна ш дээ. Би бол энэ ШУ-г  дэлхий дээр байгаа хүний нүүр амны эрхтэн өөрчлөгдөөд, цоо шинэ бүтэцтэй л болдоггүйн бол  энэ ШУ асар их ололтыг олсон тэр нь монголд нэвтэрч байна. Жишээ нь 1960-аад оны үед мөрөөдөж, лекцэн дээр уншиж байсан имплант байна шд.  Би номон дээрээ 1990 онд анх бичиж байлаа. Тэр одоо амьдралд биелээд энд тэндгүй манай эмч нар имплант хийдэг болсон байна. Үүний дараа магадгүй ШУ-ны бас нэг дэвшил бол хүнийг дахин 3дах удаагаа шүдлүүлэх гэж байна. Ирээдүйн манай чиг хандлага бол тэр. 3дах удаагаа шүдлээд ямар нэг байдлаар гадны биет биш, согог заслын аппарат, зэмсгийг зүйлгүйгээр хүн өөрөө 3 дах удаагаа шүдлээд, шүд нь зажилах үйлийг хэвийн үргэлжлэх иймл болох байх. Би бол ийм л юмыг манай ШУ-ны ирээдүй гэж бодож байна.

Г: Одоогоос хойч үед  НАСГЗТ-д харъяалагдах багш нар болон эмч нарт  хандаж хэлэх, захих захиас юу байна?

П: Ерөнхийдөө  2 гол юм байна. 1-т миний барьдаг бодлого Гэхээр сайн эмч байж дараа нь сайн багш болноо гэдэг ийм бодлоготой. Намайг бол угаасаа тэгж бэлдсэн. Намайг эхлээд эмч болгоод хөдөө сумын салбарын эрхлэгчээр ажиллуулаад дараа нь 1-р эмнэлэгт авчраад,  тэгээд багш болгоод ингэж явуулсан. Иймээс энэ ШУ-г сайн авч явахын тулд манай багш нар маань маш сайн эмч нар болох ёстой. Эмч дээрээ суурилж байгаад дараа нь багш болно. Эмч болноо гэдэг чинь оношлогоо, эмчилгээнийхээ стэндартыг  олон улсын түвшинд номынхон дагуу барьж яваж чадаж байгаа эмчийг л орчин үеийн эмч гэнэ. Тэрнээс биш өөрсдөө халтуурддаг, өөрсдөө дураараа хувилбар оруулдаг, болж байгаа юм шиг ханддаг ийм эмч нарыг орчин үеийн эмч гэхгүй ээ. Энээс манай эмч нар зайлсхийх хэрэгтэй, татгалзах хэрэгтэй. Ийм эмч нарыг ажилуулах шаардлагагүй гэж үзэж байна. 2-т сургалт гэдэг чинь ШУ. Хүнд юм хэлээд юмыг ойлгуулж чаддаг тэр аргыг эзэмшсэн хүнийг багш гэдэг. Тэрнээс биш хичнээн мянган мэдээлэлээр буудаад 1 ч юм оюутны толгойд тогтоож чадахгүй бол тэр багш биш. Багш гэдэг чинь сурган хүмүүжүүлэх ухааныг эзэмшсэн, сурах аргыг эзэмшмсэн, МБСШУ болоод АШУҮИС-с барьж байгаа  сургалтын технологыг ягштал мөрдөж, юмаа хэлж ойлгуулдаг тийм багшийг л багш гэнэ. Тийм л сургалтын болон эмчилгээ оношлогооны технологыг зөв, жигд хослуулан бариад  явж байгаа тэр хүнийг л жинхэнэ эмч багш гэж хэлнэ.

Г: Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөр болон амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

П: Баярлалаа.

 

Хичээлийн туслах ажилтан, шүдний техникч Е. Баасанхүү

Г: Юуны өмнө НАСГЗТэнхим үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байгаад баяр хүргье.

Б: Баярлалаа.

Г: 20 жилийн өмнөх НАСГЗТэнхим талаар тухайн үед таны хийж байсан ажлын талаар товчхон танилцуулаач?

Б: Одоогоос 20 жил гэдэг чинь 1995 онд анх бөөн нэг байсанаа  сүүлдээ салбар салбараараа тусдаа салбарласан ерөнхийдөө Согог суурьтай  байсан. Тухайн үед би бүх салбаруудын лаборантаар ажиллаж байлаа. Хичээлд хэрэглэгдэх бүхий л багаж хэрэгсэл, материал зэргийг бэлтгэх, ариутгалаа өөрөө хийдэг байсан. Сүүлдээ хамтраад хийж  байгаад согог засал, эмчилгээ болон мэс засал, ариутгал гэх мэтээр хуваагдсан. Би өөрөө 1969 онд шүдний техникчийн анги төгссөн учраас яг энэ үед согог заслын тэнхмийнхээ лаборантаар ажиллаж байсан. Би чинь анх 19 настайдаа анагаахын дээдэд ирээд 62 настайдаа гарсан. 1969 оноос 2012 он хүртэл лаборант, хичээлийн туслах ажилтан гэж явдаг байлаа.

Г: Таныг ажиллаж байхад ямар ямар багш нар хамт ажиллаж байв тэдний талаар...

Б: Тухайн үед Н.Пүрэвжав багш, Д.Одончимэг багш, Х.Цолмон багш Б.Отгонбаяр багш нартайгаа хамт ажиллаж байсан даа.

Г: 20 жилийн дараа эргээд харахад НАСГЗТэнхим маань хөгжлийн хувьд хэр их ахиц дэвшилтэй болсон байв энэ талаар...?

Б: Мэдээж өөрчлөгдсөн. Байр суурь, боловсон хүчин, бүгд шинээр бий болсон. Сүүлд шинэ сургуультай болоод согог гажиг заслын багш нарын болон хичээлийн тусдаа өрөөтэй, үзлэгийн кабинеттэй болцгоосон. Нэг ёсондоо тусгаар тогтносон гэж хэлж болно доо. /инээв/ Ажиллаж байгаа боловсон хүчин эмч нар багш нар нь илүү чадварлаг, мэргэшсэн  мэргэжилтэн болж, орчин үеийн тоног төхөөрөмж хэрэглэж байгаа  гэх мэт... Манай тэнхмээс чинь гавъат багш 1, доктор, профессорууд олноороо төрөн гарлаа. Одоогоор ажиллаж байгаа багш нарын 80-90% нь эрдмийн зэрэг цолтой байх жишээтэй.

Г: Ирээдүйд  тэнхимдээ хийхийг хүссэн, зорьсон зорилго...

Б: Гадны өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад манай салбар хөгжлийн хувьд арай хоцрогдож байгаа ч ирээдүйд эн зэрэгцэн, тухайн орнуудтай нь хөл нийлүүлэн алхах тийм хэмжээнд хүрээнээ гэдэгт итгэж байгаа.

Г: Хүмүүст хандаж  20жилийн ойг  тохиолдуулан сэтгэгдлээ илэрхийлж үг хэлнэ үү гэж хүсэж байна.

Б: Надтай хамт ажиллаж тусалж дэмжиж байсан Н. Пүрэвжав багш, Б.Отгонбаяр багш, Б.Сапар, Д.Одончимэг багш,   Г.Ганжаргал,  Н.Цэнгэлсайхан болон сувилахуйн сургуулийн багш нартаа НАСГЗТэнхим  үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэнд хүргэхийн ялдамд цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсэн улам эрч хүчтэй мундаг доктор профессорууд болоорой гэж хүсье.

Г: Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөр болон амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Б: Баярлалаа.

 

 

Анагаах Ухааны магистр  Х. Дашцэрэн

Г: Юуны өмнө НАСГЗТэнхим үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байгаад баяр хүргье.

Д: Баярлалаа

Нүүр амны согог гажиг заслын тэнхим  байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тэнхимийнхээ бүх эрдэмтэн багш, эмч, оюутан, төгссөн шавь нартаа 20 жилийн ойн халуун мэнд хүргэе.

НАСГЗ салбарын үйл ажиллагаанд шүдний техникч гэдэг мэргэжил маш чухал үүргийг гүйцэтгэдэг. НАСГЗТэнхимийн гол хөдөлгөгч хүч бол шүдний техникчүүд байдаг. Шүдний техникчгүйгээр согог гажиг заслын салбарын үйл ажиллагаа явах боломжгүй юм.

Анхны шүдний техникчийг бэлтгэх суурь нь 1938 онд тавигдсан. Энэ үед ЗХУ-н эмч С. И. Карсовыг монголын Б. Ё. Ориг гэдэг хүн анх даган, шүдэлбэрийг хийж чаддаг болтлоо дагалдан ажилласан. Б. Ё. Ориг нь 1938-1982 он хүртэл зөвлөлтийн эмчээс суралцан шүдэлбэрийг хийдэг үүний зэрэгцээ  өөрөө хүмүүсийг дагалдуулан сургаж байсан. Ориг гуайн хөдөлмөрийг төр засаг үнэлэж төрийн одон медалаар шагнаж  тухайн салбарынхаа  шилдэг ажилтан нь  байсан ийм хүн юм билээ. Технологийн салбарыг үүсгэх, техникч гэдэг мэргэжлийг бий болгох энэ үйл ажиллагаанд энэ хүний оруулсан хувь нэмэр их, анхны суурийг нь тавьж өгсөн гэж үздэг.

Цаашид 1961 онд техникчийн анхны албан ёсны 6 сарын үнэмлэхтэй курсыг Эрүүл мэндийн яамны шийдвэрээр 17-20 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. 1966 онд давтан курсыг 3 сарын хугацаатай явуулж байсан. Энэ үеийн анхны техникчдээс дурьдвал: н.Норовсүрэн, н.Цэвээн, н.Довдон, н.Долгор, н.Ира гэх мэт

Тухайн үед: н.Лханаажав, А. В. Нугеряав, И. Н. Яковлюв нараар удирдуулж байв. Давтан курсын техникчдээс гэвэл Базаргүр, Долгор, Должин, Намхай, Жамбалсамбуу, Батдорж, Лувсанцэрэн, Содномбалжир, Өлзийхутаг зэрэг 20 гаран хүн төгссөн. Эдгээр хүмүүс нь саяхныг хүртэл Улсын Төв Нэгдүгээр эмнэлэгт техникчээ хийж байсан.  Эдгээр анхны болон давтан курсын техникчид нь  технологийн салбарыг хөгжихөд нэлээдгүй хувь нэмэр оруулсан.

Шүдний техникчийг бэлтгэх дараагийн үйл ажиллагаа нь 1965 онд АУДС-д  шүдний техникчийн 2 жилийн анги нээсэн. 1967 онд анхны дипломтой техникчид төгссөн. Үүнд: Дамбаа, Ганбаатар, Дугар, Бадамханд, Хоролсүрэн,  Дариймаа, Цэнд-Аюуш гэх мэтчилэн

1965-1993 он хүртэл н.Цагаан, н.Баянбат, н.Сосорбарам, н.Энх-Амгалан, н.Цэрэндулам, н.Мягмардорж, н.Ичинхорлоо зэрэг багш нарын бүрэлдэхүүнтэйгээр нийт 700 гаруй шүдний техникчдийг бэлтгэн ирсэн. 1993-1998 он хүртэл тухайн үеийн эрүүлийг хамгаалах яамны шийдвэрээр АУДС-н бүх дунд шатны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг ангийг түр хугацаагаар хаасан.

1998 онд АУКоллежын захирлын тушаалаар дипломын дээд боловсролын зэрэгтэй шүдний техникчийн 3 жилийн ангийг нээсэн. Энэ үед сургалтыг миний бие, Л.Лхагвасүрэн, Ч.Гантөмөр, Л.Нацагдорж, Э.Сүхбаатар, Д.Одонтуяа, Г.Эрдэнэ болон одооны ажиллаж байгаа багштайгаар явуулж 500 гаруй техникчдыг бэлтгэсэн.

1938 онд шүдний техникч гэдэг мэргэжил дөнгөж шинээр эхлэж байсан бол одоо эгнээндээ 1200 гаруй техникчдыг багтаасан том баг бүрэлдэхүүн болон  хөгжсөн байна.

2006 оны 9сарын 19 өдрийн Б20 тушаалаар шүдний технологийн тэнхимийг АУКоллежоос ЭМШУИС-н НАСС-н НАСГЗТэнхим руу шилжүүлсэн нь бас нэгэн түүхэн чухал үйл явдал юм. Энэ үед тэнхмийн эрхлэгчээр АУ-ны доктор Б. Сапарыг томилж, би, Э.Сүхбаатар, Б.Эрдэнэ, Д.Одонтуяа, Б.Батсүх шинэ залуу багш нар өдий болтол тэнхмийн харъяанд ажиллаж байгаа.

Энэ сургалтын хугацаанд багшилж буй боловсон хүчин, сургалтын техник хэрэгсэлүүд, сургалтын технологи, онол дадлагын өрөө тасалгаа, материаллаг бааз, ялангуяа дадлагын хичээлийн том лабораториуд  энгийнээс эхлээд нарийн хэмжээнд хүртэл байгуулагдаж дэлхийн жишигт ойртож ирсэн, техникчдын үйл ажиллагаа, урлах чадвар нь жилээс жилд өсөж, дэвшиж, дээшилж байгаа. Мөн төгсөлтийн дараах сургалтуудыг япон, солонгос, бусад орнуудтай хамтран явуулж техникчдын ур чадварыг дээшлүүлж байгаа. Энэ бүх үйл ажиллагаанд ахмад багш нар болон одоо ажиллаж байгаа багш нарын оруулсан хувь нэмэр маш их байдаг.

Мөн олон хувийн эмнэлэгүүд өндөр технологоор авагддаг, авагддаггүй шүдэлбэрүүдийг хийж, сүүлийн үед компьютероор програмчилж тусгай аппаратаар бэлтгэж гаргадаг цаг хугацаа хэмнэсэн ийм технологийг ашигладаг болоод байна. Сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийг чадамгай ашиглаж хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Г: Ирээдүйд  технологийн салбарт хийхийг хүссэн, зорьсон зорилгоосоо...

Д: Цаашид шүдний технологийн салбарыг хөгжүүлэхийн тулд хамгийн чухал зүйл нь ур чадварын лаборатоиудыг нарийн тоноглож, сайн зохион байгуулах, түшиц /бааз/ төв лабораторитой болох, төгсөлтийн дараах сургалтуудыг тасралтгүй, өндөр түвшинд явуулж техникчдыг байнга, тогтмол хамруулж байх хэрэгтэй. Ингэж байж сая олон улсын түвшинд хүрсэн, хүмүүсийн эрүүл мэндэд тохирсон шүдэлбэр болон багаж зэмсгийг үйлчлүүлэгчиддээ хийж өгөхийг цаанаасаа зүй ёсоор шаардаж байна.

Г: Одоогоос хойч үед  технологийн салбарыг төгсөн гарч байгаа техникч нарт, НАСГЗ-н эмч нарт  хандаж хэлэх, захих захиас юу байна?

Д: Тодорхой хэмжээний суурь мэдлэгийг эзэмшээд төгсөж байгаа багш ч бай, эмч ч бай, оюутан ч бай, техникч  ч бай гол нь өөрийнхөө онолоор болон дадлагаар олж авсан мэдлэгийг өөрийн болгож ажиллах нь хувь хүнээс өөрөөс нь л шалтгаална. Хүн аливаа зүйлд яаж хандана, бусдын эрүүл мэндэд яаж хандах нь өөрөөс нь л шалтгаалана. Тиймээс өөрийнхөө хүчин чармайлтыг 1т тавих хэрэгтэй.

Г: Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөр болон амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Д: Баярлалаа.

 

 

АУ-ны доктор, дэд профессор Д. Одончимэг

Г: Юуны өмнө НАСГЗТэнхим үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байгаад баяр хүргье.

О: Баярлалаа

Г: 20 жилийн өмнөх НАСГЗТэнхим талаар тухайн үед ямар системтэйгээр ажиллаж байв, Таныг багшилж байхад ямар ямар багш нар хамт ажиллаж байв тэдний талаар товчхон танилцуулаач?

О: 1995 онд  тухайн үед нүүр ам судлалыг Оюунбат багш хариуцаж байсан үе манай салбарт Цолмон багш, би, н.Базаррагчаа, Б.Амарсайхан, н.Сайханбилэг зэрэг багш нар байсан. Тухайн үеийн согог гажиг заслын салбарыг би хариуцаж байсан.

Г: 20 жилийн дараа эргээд харахад НАСГЗТэнхим маань хөгжлийн хувьд хэр их ахиц дэвшилтэй болсон байв энэ талаар...?

О: Тэнхим бол маш өндөр түвшинд ерөнхийдөө олон улсын жишигт хүрсэн гэж би үздэг. Гадаадад докторынхоо зэргийг хамгаалж ирсэн залуу багш нар бүгд тэнхмээ хөгжүүлье гэсэн үүднээс тэр түвшинд хүрэхийн төлөө маш их ажил хийж байгаа. Жишээ нь: Г.Ганжаргал багш, Ж.Отгонболд зэрэг багш нар нь төгсөлтийн дараах сургалтыг маш өндөр түвшинд, дэлхийн жишигт хүргэсэн байгаа. Түүгээрээ манай тэнхим маш өндөр түвшинд явж байгаа.  Эмнэлзүй дээр олон улсын стандартыг мөрдсөн гажиг засалын болон согог заслын эмчилгээ түүний технологийг эмнэлзүйд бүрэн хэрэгжүүлж чадаж байгаа.

Г: Ирээдүйд  тэнхимдээ хийхийг хүссэн, зорьсон зорилго...

Хамгийн түрүүнд нэгдүгээрт:  НА-ны Гажиг заслын тэнхмийг тусд нь байгуулах шаардлагатай

Хоёрдугаарт: бакалврын сургалт болон төгсөлтийн дараах сургалтыг багш нарын болон сургалтын хувьд ялгаатай явуулах хэрэгтэй. Төгсөлтийн дараах сургалтыг эмнэлзүйтэй уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байдаг. Иймээс төгсөлтийн дараах  бааз шаардлагатай байна. Одоо оюутнуудын эмнэлзүйн өрөө резиденс эмч нарын эмнэлзүйн өрөө давхцаад байгаа. Гэхдээ анх шүдний төв дээр байрлаж байсан бол одоо өөрсдийн байр, өрөөтэй болох тусмаа багтахгүй болоод байгаа тэгэхээр энэ байрны асуудлыг шийдчихвэл манайх сайхан болноо.

Г: Одоогоос хойч үед  НАСГЗТ-д харъяалагдах багш нар болон эмч нарт  хандаж хэлэх, захих захиас юу байна?

О: Гол нь энэ багшлах сонирхолтой, академик сургалтыг сонирхож байгаа хүмүүс бол сэтгэлээрээ ажиллана гэсэн үг. Багшийн цалин бол бага тэгэхээр цалинг нь бодохгүйгээр үнэхээр энэ ШУ-г хөгжүүлье гэсэн хүмүүс л ирээсэй гэж хүсэж байна.

Г: Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөр болон амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

О: Баярлалаа.

 

Ярилцсан НАСГЗ тэнхмийн резидент А.Гантуяа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Tag:20 жилийн ой, Ярилцлага, НАСГЗ тэнхим

Бусад мэдээлэл:






avatar