Их Британий судлаачид шүдний цоорлыг өвдөлтгүй нөхөн сэргээх “Electrically Assisted Enhanced Remineralisation” аргачлалыг хөгжүүлж байна
01-Dec-2015 409 0.0 0

King’s College London, London, UK- Шүдний эмч нар “шүд цоорсон байна” гэж хэлмэгц ихэнх хүмүүс дотроо зарсхиймээр эвгүй мэдрэмж төрүүлдэг мэдээ алдуулах тариа, өрмийн дуу, доргилт гэсэн таагүй мэдрэмжийг шууд төсөөлөн бодож сэтгэл дотор нуугдсан шүдний эмчилгээнээс айх далд айдас нь сэдэрдэг. Тэгвэл Их Британи улсын судлаачид саяхнаас EAER буюу “Electrically Assisted Enhanced Remineralisation” гэсэн шүдний эмчилгээний шинэ төрлийн аргачлалыг хөгжүүлээд байгаа бөгөөд энэхүү аргачлалын тусламжтайгаар цоорлын хөндийг хэт гүн болохоос өмнө ямар нэгэн өвчин намдаах тариа, өрөм хэрэглэхгүйгээр шүдийг нөхөн сэргээх боломжтой болсон байна.

Энэхүү өвчингүй эмчилэх эмчилгээний аргачлалын үед шүдний цоорлын хөндийг өрөм ашиглалгүйгээр багажаар цэвэрлэсний дараа цахилгаан гүйдлийн давтамжийн тусламжтайгаар идэвхжүүлсэн эрдэс бодисуудаар цоорлын хөндийг шүрших замаар дахин эрдэсжүүлдэг юм байна. Тодорхой даралтын улмаас цоорлын хөндийн гүнд нэвтэрсэн эрдсийн ионууд нь шүдний орчимын эрдсүүдтэй холбогдон холбоо үүсгэхийг  “remineralisation” буюу эрдэсжих процесс гэж нэрлэдэг. Шүдний эрдэсжилт нь шүлсэнд байх эрдэс минералиуд шүдний хатуу эдэд нэвтэрэх аль эсвэл зарим төрлийн хоол хүнсэнд агулагдах эрдэс бодисууд шүдний пааланд нэвтрэх замаар явагдаж шүдний бат бөх чанарыг бүрдүүлж байдаг. Дээрх аргачлалын үед энэхүү эрдэсжүүлэлтийн механизмыг ашигладаг юм байна.

King’s College London-ийн судлаач Dr. Rebecca Moazzez шүдэнд цоорол үүсэх ба түүнийг ломбодох ажилбарыг “чөтгөрийн тойрог”-той адилтган зүйрлэдэг бөгөөд шүдний ломбо нь нэг удаа тавиал үргэлж мөнх оршихгүй учир тодорхой хугацааны дараа дахин дахин өрөмдүүлэх ломбодуулах хэрэгцээ гардаг нь ийнхүү тасралтгүй цикл гэж хэлэх шалтгаан болдог гэнэ. Судлаачдын хөгжүүлж байгаа энэхүү шинэ төрлийн аргачлал нь одоогоор шүдээ угаах, гүн цоорлын хөндийг ломбодох зэрэг өдөр тутмын ажилбарыг орлох боломжгүй ч шүдний бага хэмжээний цоорлыг нөхөн сэргээж чадаж байгаагаараа ойрын ирээдүйд шүдний цоорлыг зогсоох шинэ төрлийн аргачлалыг нээх эх суурь нь болж чадна гэж үзэж байна.  


Tag:урьдчилан сэргийлэлт, EAER, шүд цоорох өвчин, технологийн мэдээлэл

Бусад мэдээлэл:






avatar