Шүдний эмч нар нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй мэргэжилтнүүд гэнэ
16-Dec-2015 1112 0.0 0

MELBOURNE, Australia: 11-р сарын 27-28-нд Австрали улсын Ричмонд хотод болсон “Where the Mind Meets the Mouth” конференцийн үеэр сэтгэл судлаач Dr Manjula O'Connor шүдний эмч нар нь гэр бүлийн хүчирхийлэлийг илрүүлэх боломжтой хамгийн чухал хүмүүс гэдгийг цохон тэмдэглэлээ.

Нүүрэндээ шарх авсан, эсвэл шүд нь ямар нэг хэмжээгээр гэмтэж бэртсэн тохиодолд хохирогчид ерөнхий эмчид хандахаасаа илүү шүдний болон нүүр амны эмч дээр ирэх нь элбэг. Иймд шүдний эмч нарт эмэгтэйчүүдэд тохиолддог эмгэнэлт байдал, гэр бүлийн хүчирхийллийг олж илрүүлэх чиглэлээр зааж сургах хэрэгтэй гэж тэрээр хэллээ.

“Нийт бэртэл гэмтлийн 75% нь нүүр, толгой, хүзүүний орчимд байдаг” гэж Dr Manjula O'Connor хэлж байна. “Хэрэв асуудлыг эрт олж илрүүлвэл түүнийг хэрхэн шийдэх хялбар арга замыг олох бөгөөд шүдний эмч нар бол эмэгтэйчүүдийн ямар нэг ичих, санаа зовох, эмээх зүйлгүйгээр очдог газар юм” гэж тэрээр хэллээ.

Австралийн Хүний эрх, Эрүүл мэндийн төвийн захирал, сэтгэлзүйн зөвлөх Dr Manjula O'Connor уг коференц дээрх өөрийн илтгэлдээ судалгааны баримт дээр тулгуурлан ихэнх хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүмүүс өөрийн хүчирхийлэгч хамтрагчаас оргож зугтах арга замыг байнга эрэлхийлж байдаг ба хэн нэгэн түүнд тусламж шаардлагатай байгаа эсэхийг асуугаасай гэж хүсч байдаг гэлээ. Иймд шүдний эмч нар хэрэв хэн нэгэн эмэгтэй хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэгтэй байвал түүнд тусламж үзүүлэхээс айх эмээх шаардлагагүй гэж үзэж байна.

“Шүдний эмч нар заавал сэтгэлзүйч шиг тэдгээр хүмүүст зөвлөгөө өгөх шаардлагагүй. Гол нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй түүн дээр ирвэл түүнийг ямар газар илгээх нь зөв бэ гэдгийг мэддэг л байх хэрэгтэй” гэж Dr Manjula O'Connor цохон тэмдэглэлээ.

Түүнчилэн тэрээр гэр бүлийн хүчирхийлэл, доромжлолд өртсөн хэн нэгэн ирвэл ямар арга хэмжээ авах талаар шүдний эмч нарт анхан шатны мэдлэг мэдээлэл олгох хэрэгтэй гэдгийг дурдлаа.

Конфренцийн явцад Австралийн Шүдний эмч нарын Холбооны гүйцэтгэх захирал Robert Boyd-Boland түүний хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. “Бид шүдний эмч нарт зориулан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд тусламж үзүүлэх сургалтыг тусгайлан зохион байгуулахад бэлэн байна” гэж тэрээр хэллээ.

Эмэгтэй хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэж үзэгдэх хүртлээ дунджаар дор хаяж 27 удаа ямар нэг хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн байдаг гэж Australian Associated Press агентлаг 11-р сарын мэдээлэлдээ дурдсан байна.

 


Tag:менежемент, гэр бүлийн хүчирхийлэл, Шүдний эмч

Бусад мэдээлэл:






avatar