МХЕГ-ын хяналт шинжилгээнд хамрагдсан эмнэлгүүдийн үзлэгийн орчин 100 хувь нянгийн бохирдолгүй, ариун байгаа болох нь тогтоогдлоо
04-Jan-2016 0.0 0

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шүдний эмнэлгүүдэд гуравдугаар улиралд хяналт шинжилгээ хийжээ.

Энэ нь цусаар дамжих халдвараас сэргийлэхийн тулд давтан хэрэглэх багаж, хэрэгслийн ариутгалын чанар, эмнэлгийн эд зүйлс, орчны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн үр дүн, эмнэлгийн усны чанар, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын идэвхийг лабораторийн шинжилгээгээр илрүүлэх зорилготой байв.

Хяналт шинжилгээнд нийслэлийн долоон дүүргийн 96, 20 аймгийн 105 эмнэлэг, 4 кабинет хамрагдсан байна.

205 эмнэлгээс ариун материал, агаар, халдваргүйтгэлийн бодис, усны дээж авч шинжлүүлэн, улсын байцаагчийн 248 дүгнэлт гаргажээ. Мөн эмнэлгийн ажилтнуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэгийг нь сайжруулах зорилгоор сургалт хийсэн байна.

Үзлэг, эмчилгээнд хэрэглэх ариун багаж, хэрэгслийн 566 сорьц буюу нийслэлд хяналт шинжилгээнд хамрагдсан эмнэлгүүд 100 хувь, аймгуудын 95 хувьд нянгийн бохирдолгүй, ариун гарчээ. Мөн ариутгал, халдваргүйтгэлийн бодисын дээжинд хийсэн шинжилгээгээр нийслэлд 100 хувь, орон нутагт 98 хувь нь халдваргүйжүүлэх үйлчилгээ үзүүлсэн ололттой.  

Гэхдээ эмнэлгийн байрандаа ариутгалын хэсэгтэй 73 эмнэлгийн 55 хувь бохир багаж,  материал хүлээн авах, угаалга, халдваргүйжүүлэлт хийх, хатаах, засварлах, боох, савлах, ариутгах, ариун багаж, материал хадгалах тусдаа өрөөгүй, агааржуулалтын системгүй байжээ. Энэ нь ариутгалын чанарт сөргөөр нөлөөлж байна гэсэн үг юм.

Ариутгалаа гэрээгээр хийлгэдэг эмнэлгүүд зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, хэрэглээгүй ариун багаж материалын хадгалах хугацааг баримтладаггүй, удаан хадгалдаг зэрэг нь мөн шүдний эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой халдварт өртөх нөхцөл бүрдүүлж байна. 

Цаашид шүдний эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг боловсруулж, батлуулах, цөөн ажилтантай клиникүүд /ялангуяа хувийн хэвшлийн эмнэлгүүд/ чанарын болон халдвар хяналтын баг, дотоод хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар бодлогын хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээг авч тодорхой болгохыг тусгасан албан тоотыг Эрүүл Мэнд, Спортын Яаманд хүргүүлжээ.


Tag:халдвар хамгаалал, дотоод үйл явдал, Шүдний эмнэлэг

Бусад мэдээлэл:






avatar