Хорт хавдрын 10 тохиолдлын 9 нь удам зүйн хүчин зүйлээс бус тухайн хүний амьдралын хэв маягаас шалтгаалдаг болохыг тогтоолоо
05-Jan-2016 396 0.0 0

New York, USA: Хэрэв хүнээс өөрөөс нь шалтгаалах хүчин зүйлс болон байгаль орчины шалтгаант хүчин зүйлс тухайлбал тамхи таталт, архи уух, наранд түлэгдэх, агаарын бохирдол зэргийг арилгаж чадах юм бол хавдрын өвчилөлийн  10 тохиолдлоос 9-ийг нь урьдчилан сэргийлэх боломжтойг саяхан хийгдсэн судалгаа харуулж байна. Судалгааны үр дүнгээс харвал хавдар үүсэхэд хувь хүний удам зүйн өгөгдлөөс бус гадаад орчиноос шалтгаалах хүчин зүйл хамгийн их нөлөөлдөг болох нь харагдаж буй бөгөөд эдгээр хүчин зүйлсийг арилгаж амьдралын хэв маягийг өөрчилсөнөөр уг өвчинөөс сэргийлэх боломжтой гэнэ.

Өмнө нь хийгдсэн олон судалгаагаар тохиолдлын байдалтай эсийн мутаци нь хавдар үүсэхэд маш чухал нөлөөтэй гэж үздэг байсан бол New York-ийн Stony Brook University-ийн судлаачдын хийсэн шинэ төрлийн судалгаагаар хадврын үүсэл нь эсийн мутациас илүүтэйгээр гадаад орчны шалтгаантай болохыг тогтоогоод байна.

Хэдийгээр зарим нэг ховор төрлийн хавдрууд нь удам зүйн шалтгаант эсийн мутацитай холбоотой бол хүн амын дунд тархалт өндөр ихэнх хавдрууд нь байгаль орчины хүчин зүйлсээс шалтгаалдаг болохыг судалгаагаар нотлоод байна. Stony Brook University-ийн хавдар судлаач Dr. Yusuf Hannun-ий хэлж байгаагаар бол дотоод шалтгаантай эрсдэлт хүчин зүйлс нь хавдар үүсэлтэнд маш бага нөлөөлөх бөгөөд тохиолдлын 10-30%-ыг л үүсгэдэг гэнэ. Энэхүү судалгааны үзэл баримтлал нь үүний өмнөх судалгаагаар хавдрын тархалт багатай орноос хавдарын тархалт ихтэй оронлуу цагаачилсан цагаач иргэдийн дунд хавдарт өртөх байдал өсөн нэмэгдэж байгаагаар батлагдаж байна. Иймд хавдар үүсэлтэнд байгаль орчины гаралтай хүчин зүйлс нь биологийн блон удламшлын гаралтай хүчин зүйлсээс илүү гэж үзэх үндэслэл болж байгаа юм.

Кэмбрижийн Их Сургуулийн Хавдрын тархвар судлалын профессор Paul Pharoah “Энэхүү судалгааны үр дүн нь хавдрын эмчилгээнд ямар нэг нөлөө үзүүлэхгүй боловч хэрэв бид тухайн өвчнийг үүсгээд байгаа гадаад орчины шалтгаант хүчин зүйлсийг мэдэх юм бол хавдраас сэргийлэх боломжтой гэдгийг бидэнд ойлгуулж байгаагаараа ач холбогдолтой юм” гэж хэлсэн байна.

Олон төрлийн судалгаагаар зарим төрлийн хавдрууд нь бусдаасаа илүү гадаа орчины шалтгаант хүчин зүйлээр үүсгэгддэг нь тогтоогдсон бөгөөд шулуун гэдэсний хавдруудын 75% нь хоол хүнснээс шалтгаалж, арьсны хавдрын 86% нь наранд түлэгдсэнээс, хүзүү толгойн хавдруудын 75% нь архи болон тамхины хэрэглээнээс шалтгаалдаг.

Их Британийн Хавдар судлалын төвийн мэдээгээр дэлхийн хэмжээнд 2012 оны байдлаар хавдрын улмаас нас барсан өвчтөний тоо 8,2 саяд хүрээд байна. Дэлхийн хэмжээнд авч үзвэл хавдрын улмаас нас барж буй өвчтөнүүдийн дийлэнх хэсэг нь Хүний хөгжлийн индексээр бага болон дунджаас доогуур үзүүлэлттэй орнуудад тохиолдож байна. Амь насаа алдаж буй байдлыг авч үзвэл хавдрууд дотроо уушиг, элэг, ходоод, хоол боловсруулах замын хавдрууд өндөр хувь эзлэж байна.

Энэхүү судалгаа нь “Substantial contribution of extrinsic risk factors to cancer development” гарчигтайгаар Nature сэтгүүлийн 12-р сарын 16-ы дугаарт хэвлэгдсэн байна.


Tag:судалгааны тойм, толгой хүзүүний хавдар

Бусад мэдээлэл:






avatar