Судлаачид тариурын зүү ашиглахгүй мэдээ алдуулах шинэ төрлийн аргачлалыг хөгжүүлж байна
22-Jan-2016 652 0.0 0

SÃO PAULO, Brazil: São Paulo Их Сургуулийн судлаачдын хийж буй судалгааны эрэл хайгуулын үр дүн тариурын зүүнээс айдаг дэлхийн сая сая иргэдийн хувьд тааламжтай мэдээлэл болох нь гарцаагүй. Судлаачид бичил цахилгаан гүйдлийн тусламжтайгаар мэдээ алдуулах эмийн бодисыг амны хөндийд зүү ашиглахгүйгээр нэвчүүлэх шинэ төрлийн аргачлалыг хөгжүүлж байгаа гэнэ. Улмаар энэ аргачлал нь тун удахгүй ердийн тариурын аргаас илүү үр дүнтэй эмийн бодисыг хүний биед нэвчүүлэх боломж олгохыг судлаачид мэдэгдэж байна.

“Сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай судалгааны групп зарим арьс болон нүдний өвчнүүдийн үед эмийн бодисыг биед нэвчүүлэх шинэ төрлийн аргачлалын хөгжүүлэлтэн дээр ажиллаж байна” гэж São Paulo Их Сургуулийн Эм судлалын тэнхмийн дэд профессор, уг судалгааны төслийг санаачлагчдын нэг Dr. Renata Fonseca Vianna Lopez судалгааны явцаа тайларлаж байна.

“Арьс болон нүд нь эмийн бодисыг шаардлагатай хэсэгт үр дүнтэй хүргэхэд бүтцийн хувьд нэлээд бэрхшээл дагуулдаг тул бид эдгээр эрхтнүүдэд нанотехнологи ашиглан хэт авианы тусламжтайгаар эмийн бодис нэвчүүлэх аргачлал дээр төвлөрөн ажиллаж байна” гэж тэрээр хэллээ.

Судлаачид судалгаандаа prilocaine hydrochloride болон  lidocaine hydrochloride гэсэн хоёр төрлийн мэдээ алдуулагчийг ашигласан бөгөөд эдгээр мэдээ алдуулагчаас бүрдсэн гель хэлбэртэй мэдээ алдуулагчийг амны салстад түрхсэний дараа тэр хэсэгт бичил цахилгаан гүйдэл нэвчүүлсэн байна.

Судалгааны анхны туршилтыг гахайн амны салстад гүйцэтгэсэн бөгөөд туршилтаар эмийн бодис маш үр дүнтэй удан хугацаанд үйлчилж байгаа нь тогтоогдсон байна. Судлаачдын мэдэгдэж байгаагаар бичил цахилгаан гүйдлийн нөлөөгөөр prilocaine hydrochloride хүний биед илүү сайн нэвчиж байгаа нь тогтоогдсон байна.

Энэхүү судалгааны үр дүн дээр үндэслэн судлаачид амны хөндийд тусгайлан зориулсан бичил цахилгаан гүйдэл нэвчүүлэх төхөөрөмжийг яг одоо хөгжүүлж байгаа гэнэ. Хэдийгээр ойрын хугацаанд эмнэлзүйн туршилт судалгааг үргэлжлүүлэн хийх шаардлагатай байгаа ч урьдчилсан үр дүнгээс харахад энэхүү шинэ технологи нь нүүр амны салбар төдийгүй анагаах ухааны бусад салбарт ч ашиглаж болох маш үр дүнтэй аргачлал болохыг судлаачид батлаж байна.

“Тариурын зүй ашиглахгүй эмийн бодисыг хүний биед нэвчүүлэх аргачлал нь эмнэлгийн өртөг зардлыг хэмнэх төдийгүй өвчтөний тав тухай байдалд нэмэртэйгээс гадна тариурын зүүгээр дамжих халдварыг бууруулахах өндөр ач холбогдолтой” гэж  Dr. Renata Fonseca Vianna Lopez үзэж байна. “Энэ аргачлал нь дэлхийн өнцөг буланд байгаа мянга мянган хүмүүст илүү аюулгүй бөгөөд үр дүнтэй шүдний эмчилгээнд хамрагдах боломж олгоно” гэж тэрээр нэмж хэллээ.

Тариурын зүүнээс айх айдас нь зөвхөн шүдний эмчилгээ үйлчилгээний хүртээмжийг хязгаарлаад зогсохгүй хүүхэд болон насанд хүрсэн хүмүүст хийгдэх вакцинжуулалтад хамрагдахгүй байх гол шалтгаан болдог гэнэ. 2012 онд Канад улсад 1907 гэр бүлийн дунд хийгдсэн судалгаагаар насанд хүрэгчдийн 24% хүүхдүүдийн 63% тариурын зүүнээс айдаг болох нь тогтоогдсон байна.

Энэхүү судалгаа нь “Needle-free buccal anesthesia using iontophoresis and amino amide salts combined in a mucoadhesive formulation,” гарчигтайгаар Colloids and Surfaces B: Biointerfaces сэтгүүлийн 12-р сарын дугаарт нийтлэгдсэн байна.


Tag:мэдээ алдуулалт, судалгааны тойм, needle-free

Бусад мэдээлэл:






avatar