Үүдэн шүдний гоо сайхан ба эстетикийн геометрийн болон сэтгэлзүйн онолын үндэслэлүүд
04-Feb-2016 0.0 0

Нүүрний гоо сайхныг тодорхойлох ид шидтэй томьёололыг олохоор сүүлийн 5000 жилийн турш уран бүтээлчид, эрдэмтэн мэргэд, философичид эрэл хайгуул хийсээр ирсэн байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нүүрний гоо сайхныг маргаангүй тодорхойлчих боломжтой томьёо, хууль, дүрэм журам байхгүй болох нь улам тодорхой болсоор байна. Хэдийгээр маш олон таамаглал, үзэл бодол, шинэ санаачилгууд байгаа ч тэдгээрийг ерөнхийд нь геометрийн, сэтгэлзүйн, ойлголтын онолууд гэсэн 3 бүлэгт хуваан авч үзэх боломжтой.

Гоо сайхны тухай ойлголтын гарал үүсэл

Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн эртний гоо сайхныг тодорхойлох гэсэн оролдлого МЭӨ 3000 жилийн үед Эртний Египтд хийгдсэн байдаг. Тухайн цаг үед математикчид аливаа зүйлийн гоо сайхныг тодорхойлоход шаардлагатай жишиг харьцааг нээсэн байна.  Египтийн гурвалжин хэмээх энэхүү шинэ санаа урлаг, уран сайхан, архитектурын бүтээлд гүн шингэсэн бөгөөд Египетийн алдарт Пирамидууд, Сфинкст ч тусгагдсан байдаг.

Хамгийн анх гоо сайхны математик томьёололыг онолын хувьд баталсан хүн нь Фифагор хэмээх эрдэмтэн бөгөөд  МЭӨ 530 онд Алтан дугаар (golden number, Φ) концепцийг дэвшүүлж түүний урвуу утгыг Алтан харьцаа (golden proportion (GP) гэж тодорхойлсон.

Гоо сайхныг тодорхойлох Геометрийн онолууд

Аливаа биетийн хэлбэр дүрс болон өөр хоорондын харьцаанд үндэслэсэн олон төрлийн геометрийн онолууд нүүр амны гоо сайхны салбарт бий. Үүдэн 6 шүдний гоо сайхны математик аргачлалыг боловсруулсан зохиогчдыг дурдахад:

  Williams (1914) Шүдний хэлбэрийг хамгийн анх дөрвөлжин, гурвалжин, зууван хэлбэртэй гэж ангилсан

Lombardi (1973) Үүдэн 6 шүдний өргөний прогрессийг алтан харьцаа (GP)-тэй харьцуулан үүдэн талаас тодорхойлсон анхны эрдэмтэн

Preston (1993) Алтан харьцаа (GP)-г сөргүүлэн тавьж төвийн үүдэн шүднээс, хажуугийн болон соёо шүд хүртэл үүдэн шүднүүдийн өргөний натурал буюу амьд прогрессийг тодорхойлсон.

 Gillen (1994) Хоншоорын төвийн үүдэн шүдэнд тулгуурлан Алтан харьцаа (GP)-нь үндэслэлгүй болохыг батлан харуулсан.

Snow (1999) Хоншоорын үүдэн 6 шүд нь өөр хоорондоо алтан шүтэлцээ (golden percentage)-д оршдогийг баталсан.

Ward (2001) Үүдэн 6 шүдний тогтмол recurring esthetic dimension (RED-ийг тодорхойлсон.

Radlinsky (2009) Хоншоорын шүдний эгнээний нумын тахийлтын golden coefficients-ийг нээсэн.

Дээрх онолууд нь судлаачидын цуврал байдлаар хийгдсэн олон төрлийн судалгаануудын үр дүнд батлагдсан бөгөөд хоншоорын үүдэн шүдний хувьд шүдний салбарын олон ном хэвлэлд дурдагддаг Алтан харьцаа (GP) үндэслэлгүй болохыг харуулсан байдаг. Олон судлаачид Алтан харьцаа (GP) нь зөвхөн хүн амын 10%-д л хамаарах үзүүлэлт тул түүнийг гоо сайхны стандарт болгож авч үзэх нь утгагүй гэж үздэг.  

Гоо сайхныг тодорхойлох Сэтгэлзүйн онолууд

Дараах судлаачид шүдний хэлбэр, төрх, өнгийг тухайн хүний сэтгэлзүйн онцлогтой харьцуулан авч үзсэн байдаг.

White (1874) Хүний хувийн зан чанар болон шүдний хэлбэр дүрсийг хамаатуулсан “зан чанарын онол”-ыг дэвшүүлсэн

Frush and Fisher (1958) Шүдний хэлбэр, дүрс, шүдний эгнээнд байрших байдал нь тухайн хүний нас, хүйс, хувийн зан чанараас хамаарах онолыг дэвшүүлсэн.

Rufenacht (1990) Нүүрний болон биеийн хэлбэр дүрс морфологи нь тухайн хүний сэтгэлзүйтэй хамтран шүдний хэлбэр дүрс, хэмжээг тодорхойлох morphopsychological concept-ийг дэвшүүлсэн.

Ahmad (2001) хувь хүний сэтгэл хөдлөл болон дотоод ухамсараас гарах шийдвэр нь зан чанар болон математик тооцооллоос илүүтэйгээр гоо сайханд нөлөөлдөг тухай synaesthetic perception дэвшүүлсэн.

Гэвч ихэнх сэтгэлзүйн онолууд нь шинжлэх ухааны өндөр хэмжээний судалгаа шинжилгээгээр баталгаажаагүй боловч шинжлэх ухааны хувьд хувь хүний сэтгэл зүйн байдал болон сэтгэл хөдлөл гоо сайханд нөлөөлж болох талаар хангалттай тайлбар байхгүй ч үүнийг үгүйсгэдэггүй.  Иймд шүдний гоо сайхны эмчилгээний төлөвлөгөө боловсруулахдаа сэтгэлзүйн асуудлыг тусгаж үзэх нь бий.

 

              

 


Tag:эмнэлзүйн практик, шүдний гоо сайхан

Бусад мэдээлэл:






avatar